Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/01221

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.З-, Б.Э- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01790 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.З-, Б.Э- нарын хариуцагч Д.Б-, Б.А--, “Ө” ХХК, Л.Х- нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт нийт 15,364,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч Л.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхбаяр, хариуцагч “Ө” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.З-, Б.Э- нар “Ө” ХХК-тай 2012 оны 05, 06 сард “Орон сууцны барилга захиалах гэрээ” байгуулж, урьдчилгаа төлбөрт Б.Э- 6,000,000 төгрөг, Б.З- 8,200,000 төгрөг төлсөн. Барилгын ажил зогсож орон сууц ашиглалтад ороогүй, урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2016 оны 06 сарын 27-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш орон сууцыг бариулж байсан Д.Б-, түүний хүү Б.А-- нар огт олдохоо байсан тул эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж 2019 оны 01 сарын 04-ний өдөр шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа явуулж 2019 оны 06 сарын 10-ны өдөр олдсон. Ингээд эдгээр хүмүүстэй уулзахад барилгын суурийг Үндэсний дээд сургуульд зарсан байсан. Гэрээний 4.1.3-т худалдан авагч нь 31 захиалагчид өгөх ёстой мөнгийг өгнө гэж заасан байсан. Гэвч үүнээс хойш утасны дугаараа дахин сольж, гэрийн хаалгаа онгойлгохгүй өдий хүрсэн. Дээрх байдлаар нэхэмжлэгч нар 2012 оноос хойш урьдчилгаанд төлсөн мөнгөө авч чадахгүй 8 жилийн хугацаанд хохирч явна. Энэ хугацаанд улс орны эдийн засагт хүртэл өөрчлөлт орж мөнгөний ханш нэмэгдэх зэрэг олон үр дагавар гарсан.

Иймд орон сууц захиалгын гэрээний 3.4-т зааснаар хугацаа хэтэрсэн cap тутамд 0.1 хувийн торгууль төлнө гэсний дагуу 2013 оны 01 сараас 2019 оны 10 cap дуустал нийт 82 сарын торгууль болон урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөө нэхэмжилж байна. Тодруулбал, Б.З-гийн хувьд үндсэн төлбөр 8,200,000 төгрөг, торгууль 672,400 төгрөг, Б.Э-гийн хувьд үндсэн төлбөр 6,000,000 төгрөг, торгууль 492,000 төгрөг, нийт 15,364,400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч нарын хөндөгдсөн эрх ашгийг хамгаалж өгнө үү.

Барилгыг “Ө” ХХК хүлээн авсан. Нэхэмжлэгчээс өгсөн мөнгө барилгын суурьд зарцуулагдсан. Энэ талаар Прокурорын 2016 оны 1392 дугаартай тогтоолд тусгасан. Барилгын суурийг Л.Х- худалдаж авсан. “Ө” ХХК шилжүүлэн авсан учраас энэ маргааны хариуцагч гэж үзэж байна. Б.А--, Д.Б- нар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний тал учраас хариуцагчаар татан оролцуулсан. Урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгө компанид ороод алга болоогүй тухайн барилгын сууринд зарцуулагдсан гэж үзэж байна. Хариуцагч Б.Н-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Б-, Б.А-- нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Б.З-, Б.Э- нар нь “Ө” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байдаг. “Ө” ХХК нь 1 үүсгэн байгуулагч, 1 гишүүнтэй, компанийн үүсгэн байгуулагч н.Хандсүрэн 2016 оны 07 сарын 15-ны өдөр нас барсан. Тус компанийн эрхийг 2018 оны 05 сарын 29-ний өдөр Б.Н- гэрээний дагуу шилжүүлэн авсан. Барилгын суурийг 2018 оны 05 сарын 29-ний өдөр Л.Х- худалдаж авсан. Барилгын суурь худалдан авах гэрээний 4.1.3-д ... Худалдан авагч нь 31 захиалагчид өгөх ёстой мөнгийг өгнө гэж үүрэг хүлээсэн тул Б.З-, Б.Э- нарын нэхэмжлэлийн хариуцагч нь Л.Х- юм. Д.Б-, Б.А-- нар хариуцагч биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Хариуцагч Л.Х- хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Б.З- нь “Ө” ХХК-тай орон сууцны барилга захиалах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу орон сууц хүлээлгэн өгөх үүргийг “Ө” ХХК хүлээсэн тул энэхүү асуудлын хариуцагч нь тус компани гэж үзэж байна. “Ө” ХХК нь улсын бүртгэлд бүртгэлтэй, нэхэмжлэлийн дагуу хариуцагчаар татагдсан байх тул Л.Х-ыг хариуцагчаар татсаныг хүчингүй болгож өгнө үү. Энэхүү иргэний хэргийн хариуцагч биш тул гэрээний нарийн асуудалд орж тайлбар өгөх боломжгүй байна. Мөн “Ө” ХХК-тай харилцан хамааралгүй.

Иймд дээрх асуудлыг “Ө” ХХК хариуцах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч “Ө” ХХК-ийн тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нар 2012 оны 06 сарын 06-ны өдрийн орон сууц захиалах гэрээний дагуу Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандсан. Энэ тохиолдолд гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой. Гэрээний 3.3-т 2012 оны 04 дүгээр улиралд, нөгөө нь 2013 оны 01 дүгээр улиралд хүлээлгэж өгнө гээд гэрээний хугацаа дуусгавар болох огноог заасан ба гүйцэтгэгч хугацаандаа хүлээлгэж өгөөгүй. Гэрээний хугацаанд шүүхэд хандах ёстой. Шүүхэд 2020 онд нэхэмжлэл гаргаж, цагдаагийн байгууллагад 2016 онд хандсан байдаг. Гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг ба хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байгаа тул гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Худалдах, худалдан авах гэрээг компанийн хувьцаа эзэмшигч Д.Б- болон Б.Н- нарын хооронд байгуулсан. Компанийн эрхийг шилжүүлэхдээ ямар нэгэн өр төлбөргүй компани шилжүүлнэ гэж гэрээнд заасан.

Иймд компанийн өр төлбөрийг тухайн үеийн захирал Д.Б- хариуцах ёстой гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Б-аас 6,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлээс 492,000 төгрөгт холбогдох шаардлага болон нэхэмжлэгч Б.З-гийн 8,872,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас нэхэмжлэлийн хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Б.З-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Б.З- нь “Ө” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт 8,200,000 төгрөг өгсөн бөгөөд тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт тооцон өгсөн 8,200,000 төгрөг, гэрээнд заасан алданги болох 672,400 төгрөг нийт 8,872,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах бүхий шаардлага гаргасан. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ цаашид хэрэгжиж, биелэгдэх боломжгүй болсноор гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд гэрээгээр шилжүүлэн авсан зүйлсээ харилцан буцаан өгөх үүрэгтэй атал анхан шатны шүүхийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Б-аас 6,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ Д.Б-, Б.Н- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 сарын 29-ний өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Д.Б-, Л.Х- нарын хооронд байгуулсан 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 01 дугаартай “Барилгын суурь худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.1.10-т заасныг тус тус үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Учир нь нэхэмжлэгч нар нь орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн төлбөрийг шаардаж байгаа, уг орон сууцны суурийг Д.Б- нь Л.Х-д худалдсан бөгөөд уг орон сууцанд захиалга өгсөн 31 захиалагчийн урьдчилгаа төлбөрийг худалдан авагч Л.Х- хариуцахаар тохиролцсон нь Д.Б- болон Л.Х- нарын хооронд байгуулсан 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 01 дугаартай Барилгын суурь худалдах, худалдан авах гэрээ” 4.1.3-т худалдан авагч нь 31 захиалагчид өгөх ёстой мөнгийг өгнө/-д нарийвчлан заасныг анхаарч үзээгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.З-, Б.Э- нар нь хариуцагч Д.Б-, Б.А--, Л.Х-, Б.Н- нарт холбогдуулан гэрээний үүрэгт 8,872,400 төгрөгийг Б.З-д, 6,492,000 төгрөгийг Б.Э-д тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /1хх1-2/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ө” ХХК-ийн хамтран хариуцагчаар татан оролцуулж /1хх 93-95/, хариуцагч Б.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. /1хх 193/

 

Хариуцагч нарын хэн аль нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг ба хариуцагч Д.Б-, Б.А-- нарын хувьд “...барилгын суурь худалдан авах гэрээний дагуу 31 захиалагчид өгөх ёстой мөнгийг Л.Х- хариуцахаар заасан” гэж /1хх 71/ тайлбарладаг бол Л.Х- нь “...“Ө” ХХК-тай гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг тус компани хариуцах ёстой” гэж /1хх 111/, “Ө” ХХК-ийн хувьд “компанийн эрх шилжүүлэх гэрээгээр ямар нэгэн өр төлбөргүй компанийг шилжүүлэхээр заасан ба тухайн үеийн захирал Д.Б- компанийн өр төлбөрийг хариуцах ёстой, мөн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгч нарын шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” /2хх 32-33/ гэх агуулгаар тус тус татгалзлаа тайлбарлажээ.

 

Зохигчдын дээрх тайлбар, хэрэгт авагдсан 2012/12, 2012/18 дугаартай “Орон сууцны барилга захиалах гэрээ”-нүүд /1хх 5-10/, “Ө” ХХК-ийн “Кассын орлогын ордер”, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн “Орлогын маягт” /1хх 13-15/ гэсэн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлбэл, Б.Э- нь “Ө” ХХК-тай 2012 оны 05 сарын 21-ний өдөр байгуулсан гэрээгээр Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр давхар, 2 өрөө, 46.24 мкв талбай бүхий, нийт 60,112,000 төгрөгийн орон сууцыг, Б.З- нь 2012 оны 06 сарын 06-ны өдрийн гэрээгээр мөн хаягийн 3 дугаар давхар, 2 өрөө 44.78 м.кв талбайтай, нийт 58,214,000 төгрөгийн орон сууцыг тус тус захиалан бариулах, гүйцэтгэгч “Ө” ХХК нь орон сууцыг 2012 оны 04 болон 2013 оны 01 дүгээр улиралд багтаан захиалагч нарт хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Орон сууцны урьдчилгаа төлбөрт Б.Э- 6,000,000 төгрөг, Б.З- нь 8,200,000 төгрөг төлсөн, гүйцэтгэгч тал орон сууцыг захиалагч нарт хүлээлгэн өгөөгүй буюу гэрээ хэрэгжээгүй үйл баримт тогтоогдсон байна.

 

Мөн нэхэмжлэгч Б.Э- нь “Ө” ХХК-ийн захирал Д.Хандсүрэн, түүний нөхөр Д.Б-, нягтлан бодогч Д.Дуламсүрэн нарт холбогдуулан “орон сууц ашиглалтад ороогүй үндэслэлээр урьдчилгаа төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгийг алдангийн хамт буцаан гаргуулах” тухай өргөдлийг 2014 оны 08 сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсанаар эрүүгийн 2014260003597 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 06 сарын 27-ны өдрийн 1392 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол,  тухайн эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Э-д холбогдох баримтуудаар тогтоогдож байна. /1хх240-247, 2хх5-12/

 

Талууд дээрх тогтоогдсон үйл баримтын талаар маргаагүй харин гэрээнүүдийн дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх гэрээний гүйцэтгэгч тал болох “Ө” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хэнд байгаа эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгч нар нь “Ө” ХХК-тай 2012 оны 05, 06 сард байгуулсан “Орон сууцны барилга захиалах гэрээ”-ний дагуу орон сууц нэхэмжлээгүй, уг гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон үндэслэлээр урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгөө шаардсаныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ. Энэ тохиолдолд талууд гэрээгээр шилжүүлэн авсан зүйлээ харилцан буцаах үүрэгтэй тул энэхүү үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 05 сарын 29-ний өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”, “Барилгын суурь худалдан авах гэрээ” /1хх73-77/,  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх101-102/ зэргээр гүйцэтгэгч компани “Ө” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар 2006 оны 03 сарын 16-ны өдрөөс Д.Хандсүрэн, 2018 оны 04 сарын 05-ны өдрөөс Д.Б-, 2019 оны 03 сарын 04-ний өдрөөс Б.Н- нар улсын бүртгэлд бүртгэгдсэн, Д.Б- нь Б.Н-тай байгуулсан “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний 3.5, Л.Х-тай байгуулсан “Барилгын суурь худалдан авах гэрээ”-ний 3.1.10-т тус тус зааснаар хувьцаа худалдан авахаас өмнөх иргэн, ААН төрийн байгууллагад төлөх төлбөрийг, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргаан гарсан тохиолдолд түүнийг мөн орон сууц захиалах гэрээтэй холбогдох асуудлыг хариуцах үүргийг хүлээсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Д.Б-ыг “Ө” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувиар дээрх гэрээнүүдэд зааснаар орон сууц захиалах гэрээтэй холбоотой асуудал болон өр төлбөрийг хариуцах, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Б.Э-гийн төлсөн урьдчилгаа төлбөр 6,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч нэхэмжлэгч Б.З-гийн нэхэмжлэлийн шаардлагыг “2012 онд гэрээ байгуулагдсанаас хойш 7 жилийн дараа хариуцагч нарыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэсэн зохицуулалтад нийцээгүй болжээ.   

 

Дээр дурдсанаар гүйцэтгэгч талын орон сууц захиалах гэрээтэй холбогдох асуудал болон бусдад төлөх төлбөрийг Д.Б- хариуцах үүргийг хүлээсэн нөхцөл байдал тогтоогдсон тул тэрээр нэхэмжлэгч нарын төлсөн урьдчилгаа төлбөр болох нийт 14,200,000 төгрөгөөр хөрөнгөжих үндэслэлгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Э-д 6,000,000 төгрөг Б.З-д 8,200,000 төгрөгийг тус тус  төлөх үүрэгтэй.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас торгууль гэх үндэслэлээр шаардсан Б.З-гийн 672,400 төгрөг, Б.Э-гийн 492,000 төгрөг, нийт 1,164,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь, гэрээний талуудын торгуулийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй буюу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тооцохоор бус харин сар тутамд тооцох талаар тохирсон байхаас гадна үүрэг гүйцэтгүүлэгч тал гэрээнээс татгалзсан тохиолдолд анз шаардах эрхгүй юм. Иймд алданги гаргуулна гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01790 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Б-аас 6,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д, мөн хариуцагч Д.Б-аас 8,200,000 төгрөгийг гаргуулж Б.З-д тус тус олгож, Б.Э-гийн нэхэмжлэлээс 492,000 төгрөг, Б.З-гийн нэхэмжлэлээс 672,400 төгрөг гаргуулах тухай шаардлагыг болон хариуцагч Л.Х-, “Ө” ХХК, Б.А-- нарт холбогдох нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг...” гэснийг “...228,950 төгрөг...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.  

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 07 сарын 08-ны өдөр төлсөн 146,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО                                                    

                           ШҮҮГЧИД                                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР