Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 136/ШШ2021/00244

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 136/ШШ2021/00244

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М. тоотод оршин суух О/РД:М./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.. тоотод оршин суух Д-дхолбогдох,

М.захиралын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал /1051//цахимаар/, хариуцагч С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат /0419/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оноос эхлэн М.захирлын сонгон шалгаруулалтад тэнцэн томилогдон ажилласан. С-н захирал нь Боловсролын тухай хуулиар сонгон шалгаруулалтанд орж, аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан томилогдон, чөлөөлөгддөг байсан ба 2020 онд уг хуульд өөрчлөлт орсноор аймаг чөлөөлж, тухайн харьяалах нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх эрх сумын засаг даргад шилжсэн байдаг......сумын тухайн үеийн засаг дарга Мхөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 2020 оны 07 сарын 09-ний өдөр ажилд томилсон захирамж гаргасан байдаг. Шинээр томилогдсон Д С 2021 оны 05 сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар намайг ажлаас халсан.

Улсын онцгой комиссын шийдвэр гарч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөдөлгөөн хязгаарласан үе 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 17 цаг 10 минутын үед сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Сайнсанаа гэнэт аймгаас таны ажлыг шалгах комисс ирсэн одоо зөвлөлийн хүмүүсээ аваад ир гэж хэлсэн. Бид боловсролын 100 жил угтсан үзэсгэлэн самбарын зураг авахуулах ажилтай сургууль дээр байсан тул хурдан цуглаад очсон. Гэтэл танай багш ажилчдын өргөдөл гомдлын дагуу аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд Санхүүгийн хяналт, аудитын албаны удирдамжаар 2019, 2020 оны үйл ажиллагаанд шалгалт хийнэ гэлээ. Тухайн шалгалтын талаар болон удирдамжийг өмнө нь танилцуулж мэдэгдээгүй. Хяналт шалгалт хийж ажлын алдаа дутагдал, зөрчлийн илрүүлэн ажлыг сайжруулж болно. Гэтэл өргөдөлд бичсэн гэх зүйлс нь ховын шинжтэй, байгууллагын дотоод зарим хэсэг бүлэг хүн, ажлын шаардлагыг дарамт шахалт гэж ойлгож Одончимэг захиралыг ёс зүйгүй, дарамтлагч мэтээр бичсэн мөн санхүүгийн зарим зүйлийг асууж тодруулах, ил тод тайлагнаагүй гэж буруутгасан тухай тэр уулзалт дээр дурдагдаж байлаа. Байгууллагынхаа ажлаа сайжруулах гэж, ойлгомжгүй байгаа зүйл байвал эхлээд С-н захиргаанаас тодруулаад, хангалтгүй байвал харьяалах орон нутгийн захиргаанд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх зарчим, хууль ёс байдаг. Гэтэл байгууллагын доторх хэдэн хамаатан садан, найз нөхөд хэсэг бүлэг хүмүүс, гаднаас нь нам эвсэл улс төрийн үзэл санаа шингээж турхиран захирал чинь чамайг яаж загнасан, дарамталсан гэж асууж, чиглүүлэн элдэв хов цуглуулан өргөдөл болгон бичиж, хууль дүрэм зөрчсөн гэж шалгалт хийж байгаа нь байгууллагын болон миний ажил албан үүргээ хараат бус явуулах эрхэд халдсан гэж үзэж байна. С-н захирал нь холбогдох хууль журмууд болон Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлээр эрх, үүрэг хүлээж өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, суралцагчдад ая тухтай орчинд боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй чанартай олгох, багш ажилчдыг тасралтгүй хөгжүүлэх, чадавхжуулах, тэдний нийгмийн баталгаа, ажиллах орчинг сайжруулахад төрийн бодлого, санхүүжилт болон хандив тусламжийг зөв үр ашигтай чиглүүлж, зарцуулан шийдвэр гаргадаг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах мөн багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох зэрэг эрх, үүрэг бүхий удирдах ажилтан. Гэтэл өргөдөл, гомдол шийдвэрлэж байгаа нэрийн дор хууль бус хяналт шалгалт хийж, хамт олныг айдаст автуулан тэднийг нэг нэгээр нь дуудан захирлыг буруутгах асуултыг хөтлөн тавьж, байцаан хэлээгүй зүйлийг хэлсэн, хийгээгүй зүйлийг хийсэн болгон, ажлын шаардлагыг мушгин гуйвуулан ярьсан хэлсэн зүйлийг нь бичин авч, түүнийгээ бидит үнэн зөвийг нягтлалгүй нотлосон гэрч болон нөгөө тал захирал Одончимэгийн тайлбарыг тухайн асуудал бүр дээр аваагүй, зөвхөн өргөдөл гаргагчийн хэлснээр нотлон дүгнэлт гаргаж ёс зүйгүй 33 хүн хамтран ажиллахгүй гэсэн яриагаар ажлаас халах дүгнэлт гаргасан байна. өдгөдлийг танилцуулж тайлбар авахгүй, ёс зүйн зөвлөлөөр авч хэлэлцэхгүй хэт нэг талыг барьж буруутгасан гэж үзэж байна.

Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч, албаны дарга О-н дараах 1 албан шаардлага, 8 актуудын тухайд холбогдох албан хаагчдад танилцуулан зармыг зөвшөөрч, заримд нь хариу тайлбар гаргасан байгаа.

2021 оны 04 сарын 09-ний өдрийн 24/01-03 дугаар хандивын хөрөнгөөр авсан хөрөнгийг данс бүртгэлд тусгах тухай албан шаардлагаар хандивын хөрөнгөөр 360 метр 8,460,000 төгрөгийн хулдаасыг дансанд бүртгэхээр,

Мөн өдрийн 24/01-59 дугаар үндэслэлгүйгээр зарцуулсан хүнсний материалын үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн актаар дотуур байрны хүүхдийн хоолны цэсэнд багтаагүй чангаанз, чавгаар компод хийсэн 134,500 төгрөгийг тогооч А-р, 192,600 төгрөгийг тогооч Ш-р төлүүлхээр,

24/01-58 дугаар дутуу төвлөрүүлсэн түрээсийн орлогыг төсөвт нөхөн төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн актаар спорт заалны болон үдийн цайны байрны түрээсийн орлогоос дутуу төвлөрүүлсэн 352,485 төгрөгийг холбогдох дансанд төвлөрүүлхээр,

24/01-57 дугаар үндэслэлгүйгээр олгосон үр дүнгийн мөнгөн урамшууллыг төсөвт нөхөн төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн актаар үр дүнгийн мөнгөн урамшууллыг хавсралтад дурдагдсан багш, ажилчдаар төлүүлж төсвийн орлого болгох, 2019 онд 8 хүний 2,099,281 төгрөг, 2020 онд 24 хүний 3,092,191 төгрөг буюу нийт 5,840,407 төгрөг оруулахаар,

24/01-56 дугаар үндэслэлгүйгээр олгосон үр дүнгийн мөнгөн урамууллыг төсөвт нөхөн төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн актаар үр дүнгийн урамшууллын 434,205 төгрөгийг Ерөнхий боловсролын С-н захирал Оээр төлүүлж, төсвийн орлого болгохоор,

24/01-55 дугаар илүү олгосон цалинг төсөвт нөхөн төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн актаар бичиг хэрэг, архивын ажилтаны цалинг ТҮ-4-1 тогтоосон байхад ТҮ-2-2 цалинжуулан архивын хавсарсан нэмэгдэл олгосон иймд олгосон 402,002 төгрөгийг Д.Эрдэнэзулайгаар, 740,194 төгрөгийг Н.Уртнасангаар төлүүлж, нийт 1,142,196 төгрөгийг төсвийн орлого болгохоор,

24/01-54 дугаар хандиваар авсан мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг төсөвт төвлөрүүлэх тухай улсын ахлах байцаагчийн актаар хандивын үлдэгдэл болох бэлэн байгаа 372,230 төгрөгийг төсвийн орлого болгохоор,

24/01-53 дугаар хүлээж аваагүй байж авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж, үндсэн хөрөнгийн дансанд бүртгэсэн хөрөнгийн үнийг төсөвт төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн актаар 2019 оны эцэст 12 сарын 19-ний өдөр аймгаас гэнэт мөнгө хуваарилан шаардлагатай зүйлээ тендэр яаралтай зарлан ав гэсний дагуу сумын Засаг даргад хүсэлт тавин тендэр зарлуулан эрэгтэй технологийн кабинетийн ширээ сандал, тоног төхөөрөмж худалдан авалт хийгдэж, манай С-н ажлын хэсэг 2020 оны 01 сарын 24-ний өдөр ирсэн зүйлийг хүлээж авсан. Тэр үед корона гээд хил хаасан байсан тул 3 юниматын машин нь ирээгүй, захиалсан байгаа дараа нь авчирч өгөхөөр тохиролцсон байсан учир жилийн эцсийн тооллогоор нярав, нягтлан нар өр авлага үүсгээгүй бүртгэж явсан байдаг. Гэтэл 3 машины 6,210,000 төгрөгийг захирал, нягтлан, нярав нараар төлүүлж, төсвийн орлого болгох акт тавигдсан. Бид удаа дараа хэлж байсан ба Монголд тэр 3 машин байхгүй гээд хугацаа алдсан ба тухайн Альянс трейд ХХК өгөхгүй гээгүй, манайх гадагшаа захиалсан гэсээр 4 сард авчирч өгсөн байгаа болно,

24/01-52 дугаар хамт олны шийдвэргүйгээр дур мэдэн зарцуулсан малын үнийг төсөвт төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн актаар хамт олны зугаалга, эмнэлгийн ой, шинэ жил зэрэгт зарцуулсан 6 малын үнэ 360,000 төгрөгийг захирал, нягтлан, нярав нараар төлүүлж төсвийн орлого болгохоор шийдвэрлэсэн.

Эдгээр акт нь төсвийн болон хандивын мөнгийг шамшигдуулан үр ашигггүй зарцуулж, хувьдаа ашиглан төрийг, хэн нэгнийг хохироосон зүйл байхгүй ба байгууллагын төсөв зориулалтын дагуу зарцуулагдсан болно.

Төрийн албанд цаашлаад энэ нийгэмд хууль дүрэм ижил тэгш, шударга үйлчлэхгүй болж, зарим хэсэг нь хууль бус зүйл хийж олон хүний ажил амьдрал хохироож, дарангуйлж, төрийн мөнгийг үр ашиггүй шамшигдуулж байх, зарим хэсгийг нь өргөдөл гомдол нэрийн дор дарамтлан шалгаж, ажил сайжруулах алдаа дутагдлыг засахаас илүү, ажлаас халдаг жишиг тогтоож болохгүй гэж үзэж байна. О би ажлаас халахад үндэслэл болгосон хөдөлмөрийн гэрээн дэх заалтуудын зөрчлийг гаргаагүй бөгөөд зөрчил болохыг тогтоогоогүй гэж үзэж байгаа тул хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхээр гомдол гаргаж байна гэв.

Хариуцагч Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оийн нэхэмжлэлтэй.....сумын Засаг даргад холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Боловсролын тухай хуулийн сум дүүргийн Засаг даргын бүрэн эрх гэсэн 31 дүгээр зүйлд 31.1.12 гэсэн заалт нэмэгдэж, 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон. Уг заалтын дагуу сумын Засаг дарга нь аймгийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын С-н захиралыг томилох, аймгийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхтэй болсон. Уг бүрэн эрхийн дагуу.....сумын Засаг дарга 2020 оны 07 сарын 09-ний өдөр Оийг үргэлжлүүлэн ажиллуулахаар Б/09 тоот захирамж гарган.....сумын ерөнхий боловсролын С-н захиралаар томилсон байдаг......сумын ерөнхий боловсролын С-н захиралаар ажиллаж байсан О нь аймгийн Засаг даргатай 2019 оны 02 сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт аж ахуйн нэг, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй гэж заасан. Иймд.....сумын ерөнхий боловсролын С-н захиралаар ажиллаж байсан Оийн аймгийн Засаг даргатай 2019 оны 02 сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ Боловсролын тухай хуульд өөрчлөлт орсон үндэслэлээр цуцлагдаагүй, хүчин төгөлдөр хэвээрээ үлдсэн бөгөөд уг хөдөлмөрийн гэрээний ажил олгогч тал нь.....сумын Засаг дарга болж өөрчлөгдсөн.

Оийн хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3.2-д эцэг эх, багш, ажиллагсад, суралцагчидтай зүй бус, ёс зүйгүй харьцсан нь бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдсон, хохирогчоос гомдол гаргасан, мөн 11.3.4-д мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр санхүүгийн зөрчил дутагдалтай болон санхүүгийн акт тавигдсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох ноцтой зөрчилд тооцохоор заасан байна. О нь хөдөлмөрийн гэрээний 11.3.2, 11.3.4-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдсон тул түүнийг сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 06-ны өдрийн Б/06 тоот захирамжаар ажлаас халсан болно. түүнийг ажлаас халсан захирамжид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.8, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 43 дугаар зүйл, 79 дүгээр зүйлийн 79.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, 43 дугаар зүйл, 94 дүгээр зүйлийн 94.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Хөдөлмөрийн гэрээний 11.2.5, 11.3.2, 11.3.4, 12.5, 12.6, Боловсрол соёл урлагийн газрын даргын 2021 оны 05 сарын 06-ны өдрийн 111 тоот албан бичгүүдийг үндэслэл болгосон. Сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 06-ны өдрийн Б/06 захирамжийн 1 дэх заалтад.....сумын ерөнхий боловсролын С-н захирал О нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, үүрэгт ажилдаа хайнга хандан, хариуцлага алдаж, төсөв санхүү, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 8 акт, нэг албан шаардлага, шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, 33 багш ажилтан цаашид хамтарч ажиллахгүйгээр илэрхийлж, гарын үсгээр баталгаажуулсан тул 2021 оны 05 сарын 07-ны өдрөөс эхлэн С-н захирлын үүрэгт ажлаас халсугай гэж заасан болно.

.....сумын засаг даргаар уламжлан сумын ерөнхий боловсролын С-н нэр бүхий багш, ажилчдаас Р.Одончимэгтэй холбоотой гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 03 сарын 18-ны өдрийн А/142 дугаар захирамж гарч, уг захирамжаар.....сумын ерөнхий боловсролын С-н хүний нөөцийн томилгоо, ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллаж буй байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдсэн. Хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёл урлагийн хяналтын улсын байцаагч, санхүү хяналт дотоод аудитын албаны дарга, аймгийн Засаг даргын Тамыгн газрын хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Боловсрол соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн нар, ажлын хэсгийн ахлагчаар Аймгийн засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга ажилласан.

Аймгийн Засаг даргын 2021 оны А/142 дугаар захирамжийн хүрээнд санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 04 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалтыг тус албаны улсын ахлах байцаагч, албаны дарга Х.Оюунтуяа ахлан Дотоод аудитор Т.Анхчимэг, З.Давааням нар хийж 8 акт, 1 албан шаардлага бичиж дүгнэлт гаргасан байна. Шалгалтаар давхардсан тоогоор 30 хүнтэй холбоотой 24,712,641 төгрөгийн төлбөр, зөрчлийг илрүүлж, орон нутгийн төвийн орлого болгохоор 15,746,614 төгрөгийн, буцааж олгуулахаар 71,822 төгрөгийн Улсын ахлах байцаагчийн төлбөрийн 8 акт тогтоож, 8,460,000 төгрөгийн материалыг данс бүртгэлд тусгуулахаар улсын ахлах байцаагчийн 1 албан шаардлага бичигдсэн байна. Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 04 сарын 13-ны өдрийн 122 тоот албан бичгээр 2021 оны 04 сарын 09-ний өдрөөр огноолсон.....сумын ерөнхий боловсролын С-н 2019, 2020 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын танилцуулгыг сумын Засаг даргад ирүүлсэн. Энэ танилцуулгад дурдагдсан санхүүгийн зөрчил, дутагдал гарсан болон санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актууд бичигдсэн явдал нь Оийн хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3.4-д заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр санхүүгийн зөрчил дутагдалтай болон санхүүгийн акт тавигдсан гэдэг нөхцөл буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил болсон тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг дүгнэхгүйгээр цуцалсан нь үндэслэлтэй болсон. Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 24/01-57 дугаартай актад дурдсанаар Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.5 дахь заалт, Боловсрол Шинжлэх ухааны сайдын 2013 оны А/293 тоот тушаалаар батлагдсан ерөнхий боловсролын С-н багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмын 3.2, 3.3 дахь заалтуудад заасны дагуу ажил үүргийн биелэлт, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн үр дүнгийн мөнгөн урамшуулах олгох ёстой байхад 2019 онд 3 удаа, 2020 онд 3 удаа тэр дундаа 2020 оны 12 сарын 18-ны өдрийн А/54 тоот тушаалаар багш, ажилчдад тухайн сард хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайлан байхгүй байхад үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн зөрчил гаргасан нийт дүнгээрээ үр дүнгийн урамшуулалтай холбоотой 5,840,407 төгрөгийн зөрчил гаргасан байна. Мөн санхүүгийн хяналт, аупитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 24/01-58 дугаартай актад дурдсанаар сумын ерөнхий боловсролын С-н нэмэлт орлогын дансанд 2019 онд нийт 2,933,630 төгрөгийн түрээсийн орлого төвлөрснөөс орон нутгийн орлогын дансанд 1,114,330 төгрөгийг төвлөрүүлж, 352,485 төгрөгийг 2021 оны 04 сарын 09-ний өдөр акт бичигдэх хүртэл шилжүүлээгүй байсан зөрчил илэрсэн байна. Мөн 24/01-54 дугаартай актад дурдсанаар 2019 оны 05 сарын 27-ны өдөр багш ажилчдын хурал хийж сурагч бүрээс 30,000 төгрөг хурааж, С-н анги тэнхимийг тохижуулахаар болж нийт 10,250,000 төгрөг хуримтлуулан 8,460,000 төгрөгөөр хулдаас авч 1,417,770 төгрөгөөр засвар үйлчилгээ хийж үлдсэн 372,230 төгрөгийг 2021 оны 04 сарын 09-ний өдөр акт бичигдэх хүртэл нэмэлт санхүүжилтийн дансанд тушаалгүй нэр бүхий хүмүүсийн гар дээр дамжуулан байршуулсаар байсан зөрчил илэрсэн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өргөдлийг танилцуулж тайлбар авахгүй ёс зүйн зөвлөлөөр авч хэлэлцэхгүй хэт нэг талыг барьж буруутгасан гэжээ. Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйл буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн 12.4-д ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн талаар холбогдох ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гарсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болохоор заасан боловч 12.6-д хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бас зөөсөн байдаг. О нь хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3.2-д заасан буюу эцэг, эх, багш, ажиллагсад, суралцагчидтай зүй бус, ёс зүйгүй харьцсан нь бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдсон ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээний 12.4-д заасан ёс зүйн зөвлөлийн дүгнэлт шаардлагагүй байсан. Тухайлбал аймгийн Засаг даргад гаргасан өргөдөлд С-н захирал О нь ажлын байранд дарамт шахалт үзүүлдэг, хэл амаар доромжилдог, хамт олны дунд таагүй уур амьсгал үүсгэдэг, ялгаварлан гадуурхдаг, удирдлагын харилцаа, хандлагаас болж хүмүүс тогтворгүй ажиллаж байна гэсний дагуу ажлын хэсэг С-н багш, ажилчидтай ганцаарчилсан ярилцлага хийхэд багш Ч.Мөнх-Эрдэнэ, Э.Ариунбаяр, дотуур байрны жижүүр Ц.Ариунбаяр нарын өргөдөлдөө дурдсан О нь багш, ажиллагсадтай зүй бус, ёс зүйгүй харьцсан тухай гомдол нь үнэн зөв болох нь тоогтоогдсон. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд С-н нийт 36 багш, 20 ажилтнаас 26 багшийн 22 нь буюу 84.6 хувь, 16 ажилчдын 12 буюу 75 хувь нь С-н захирал О ёс зүй, харилцаа хандлагын зөрчилтэй гэж мэдүүлсэн ба С-н 33 багш, ажилтнаас захирал Отэй цаашид хамтарч ажиллахгүйгээ илэрхийлж гарын үсгээ зурж баталгаажуулсан баримт байсан. О нь ноцтой зөрчил гаргасан нь холбогдох баримтуудаар нотлогдсон тул.....ерөнхий боловсролын С-н захиралаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэж ажил олгогчийн хувьд дүгнэсэн болно......сумын засаг даргын 2021 оны 05 сарын 06-ны өдрийн Оийг ажлаас халах тухай Б/06 дугаар захирамжийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О Д-дхолбогдуулан М.захиралын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт Ерөнхий боловсролын С-н захирлыг төрийн үйлчилгээний албан тушаал байхаар мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгээр үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоохоор хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хэргийн харьяалал зөрчөөгүй байна гэж үзэн хянан шийдвэрлэв.

Оийн дээрх нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргаан байх бөгөөд тэрээр мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч О нь 2013 оны 03 сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Засаг даргын Б/13 тоот захирамжаар М.захиралаар томилогдож /хх14-15 тал/,

2018 оны 06 сарын 21-ний өдрийн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар ерөнхий боловсролын С-н захиралыг томилж, чөлөөлөх эрхтэй сүбьект нь аймгийн Засаг байсныг сумын Засаг дарга болгосон, уг заалтыг 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөлт орж Оийг Дорноговь аймгийн Засаг даргын 2020 оны 06 сарын 26-ны өдрийн А/493 дугаар захирамжаар ажлаас чөлөөлж, /хх-16-17 тал/,

Дорноговь аймгийн.....сумын Засаг даргын 2020 оны 07 сарын 09-ний өдрийн Б/09 дүгээр захирамжаар.....сумын Ерөнхий боловсролын С-н захиралын ажилд томилсон /хх-18 тал/ үйл баримт тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Засаг дарга Отэй 2019 оны 02 сарын 20-ны өдөр хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан гол нөхцөлийг тохиролцсон, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Боловсролын тухай хуульд С-н захиралыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрх бүхий этгээд өөрчлөгдсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч Оийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд дээрх хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр байна.

Дорноговь аймгийн.....сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Оийг хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, үүрэгт ажилдаа хайнга хандан, хариуцлага алдаж, төсөв санхүү, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 8 акт, 1 албан шаардлага, шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, 33 багш ажилтан цаашид хамтарч ажиллахгүйгээ илэрхийлж, гарын үсгээр баталгаажуулсан тул гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилсан.

"ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил тус бүр нь тогтоогдсон байх шаардлагатай.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.5-д албан тушаалтай холбогдсон ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон нөхцөлд хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцохоор заасан. Дээрх зөрчил гарсан болохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм, 2 дугаар хавсралт Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам-д заасны дагуу тогтоосон байхыг шаардана. Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 03 сарын 18-ны өдрийн А/142 дугаар ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг ёс зүйн зөрчлийг шалгаж тогтоох эрхтэй ёс зүйн зөвлөл биш байх тул түүний.....сумын Ерөнхий боловсролын сургуульд хийсэн хяналт шалгалтын илтгэх хуудсыг ёс зүйн зөрчил үйлдсэнийг тогтоосон гэж үзэхгүй.

Мөн түүнчлэн "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг,

"ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болсон үйл баримт буюу үйлдэл эс үйлдлийг тогтоосон байх шаардлагатай. Ийнхүү тогтоосон ажилтны гэм буруутай үйлдэл эс үйлдэл нь гэрээний нэг тал болох ажил олгогчид гэрээ буюу хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох юм.

Тухайлбал ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ямар зөрчлийг хэзээ хэрхэн гаргасныг шалган тогтоосон, эд хөрөнгө хариуцсан этгээдийн хувьд түүний мэдэлд олгосон эд хөрөнгөтэй холбоотой ажил олгогчийн итгэл алдсан ямар буруутай үйлдэл хэзээ хийсэн нь хэрхэн яаж тогтоогдсон гэх зэрэг үйл баримтыг хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө шалгаж тогтоосон байх бөгөөд шүүхэд маргаан үүссэн тохиолдолд түүнийгээ шүүхэд ирүүлж татгалзлаа нотлох үүрэгтэй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 24/01-03 дугаар Хандивын хөрөнгөөр авсан хөрөнгийг данс бүртгэлд тусгах тухай албан шаардлага, мөн өдрийн 24/01-59 дугаар Үндэслэлгүйгээр зарцуулсан хүнсний материалын үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай 24/01-58 дугаар Дутуу төвлөрүүлсэн түрээсийн орлогыг төсөвт нөхөн төлүүлэх тухай 24/01-57 дугаар Үндэслэлгүйгээр олгосон үр дүнгийн мөнгөн урамшууллыг төсөвт нөхөн төлүүлэх тухай, 24/01-56 дугаар Үндэслэлгүйгээр олгосон үр дүнгийн мөнгөн урамууллыг төсөвт нөхөн төлүүлэх тухай, 24/01-55 дугаар Илүү олгосон цалинг төсөвт нөхөн төлүүлэх тухай, 24/01-54 дугаар Хандиваар авсан мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг төсөвт төвлөрүүлэх тухай, 24/01-53 дугаар Хүлээж аваагүй байж авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж, үндсэн хөрөнгийн дансанд бүртгэсэн хөрөнгийн үнийг төсөвт төлүүлэх тухай, 24/01-52 дугаар Хамт олны шийдвэргүйгээр дур мэдэн зарцуулсан малын үнийг төсөвт төлүүлэх тухай улсын ахлах байцаагчийн акт нь захирамжид дурдсан улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 сарын 09-ний өдрийн 8 акт, 1 албан шаардлага мөн болох, дээрх улсын байцаагчийн албан шаардлага, актуудын хүчин төгөлдөр байдлыг талаар талууд маргахгүй байна. Харин дээрх актуудад заасан зөрчлүүд бүгд нэхэмжлэгчид хамааралгүй гэж маргаж байна.

Д нэхэмжлэгч Оийг ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээнд заасан ямар сахилгын зөрчлийг, хэзээ гаргасан талаар дурдаагүй, мөн түүнчлэн Дотоод хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлагад дурдсан ямар зөрчилд холбогдуулан сахилгын арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй, захирамжид дурдсан улсын байцаагчийн 8 акт нь зөвхөн От холбогдуулж гаргаагүйгээс гадна, актад дурдсан зарим зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн байх тул Оийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Оийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогоосон тул түүнд ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлоход 1 өдрийн цалин 76,576,7 төгрөг байна. Иймд 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 97 хоногийн ажилгүй байсан хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,427,948.69 төгрөгийг Дорноговь аймгийн.....сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан От олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Оийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг Дорноговь аймгийн.....сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дас улсын тэмдэгтийн хураамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлиийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 70,200+133,797=203997 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан О/РД:М./-ийг М.захиралаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 7,427,948.69 төгрөгийг.....сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж От олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Оийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг.....сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгасугай.

3. Нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч Дас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 203,797 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ