Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 202/МА2021/00026

 

 

 

 

 

О.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 136/ШШ2021/00244 дүгээр шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: И овогт О-ын О-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргад холбогдох,

 

Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Ж-ны давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О зайнаас цахимаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э зайнаас цахимаар, хариуцагчийн төлөөлөгч С.Ж зайнаас цахимаар, хариуцагчийн өмгөөлөгч Б.М зайнаас цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.О  шүүхэд  ирүүлсэн нэхэмжлэл болон анхан шатны

шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2013 оноос эхлэн Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцэн томилогдон ажилласан. Сургуулийн захирал нь Боловсролын тухай хуулиар сонгон шалгаруулалтад орж, аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан томилогдон, чөлөөлөгддөг байсан ба 2020 онд уг хуульд өөрчлөлт орсноор аймаг чөлөөлж, тухайн харьяалах нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх эрх сумын Засаг даргад шилжсэн байдаг. Айраг сумын тухайн үеийн Засаг дарга Л.М хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажилд томилогсон захирамж гаргасан байдаг.

Шинээр томилогдсон Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга С.Ж 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар намайг ажлаас халсан. Улсын онцгой комиссын шийдвэр гарч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөдөлгөөн хязгаарласан үе 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 10 минутын үед сумын Засаг дарга тамгын газрын мэргэжилтэн С гэнэт аймгаас таныг шалгах комисс ирсэн одоо зөвлөлийн хүмүүсээ аваад ир гэж хэлсэн. Бид боловсролын 100 жил угтсан самбарын зураг авахуулах ажилтай сургууль дээр байсан тул хурдан цуглаад очсон. Гэтэл танай багш ажилчдын өргөдөл, гомдлын дагуу аймгийн Засаг даргын захирамжийн хүрээнд Санхүүгийн хяналт, аудитын албаны удирдамжаар 2019, 2020 оны үйл ажиллагаанд шалгалт хийнэ гэлээ. Тухайн шалгалтын талаар болон удирдамжийг өмнө нь танилцуулж мэдэгдээгүй. Хяналт шалгалт хийж ажлын алдаа дутагдал, зөрчлийг илрүүлэн ажлыг сайжруулж болно.

Гэтэл өргөдөлд бичсэн гэх зүйлс нь ховын шинжтэй, байгууллагын дотоод зарим хэсэг бүлэг хүн, ажлын шаардлагыг дарамт шахалт гэж ойлгож О захирлыг ёс зүйгүй, дарамтлагч мэтээр бичсэн мөн санхүүгийн зарим зүйлийг асууж тодруулах, ил тод тайлагнаагүй гэж буруутгасан тухай тэр уулзалт дээр дурдагдаж байлаа. Байгууллагынхаа ажлаа сайжруулах гэж, ойлгомжгүй байгаа зүйл байвал эхлээд сургуулийн захиргаанаас тодруулаад, хангалтгүй байвал харьяалах орон нутгийн захиргаанд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх зарчим, хууль ёс байдаг. Гэтэл байгууллагын доторх хэдэн хамаатан садан, найз нөхөд хэсэг бүлэг хүмүүс, гаднаас нь нам эвсэл улс төрийн үзэл санаа шингээж турхиран захирал чинь чамайг яаж загнасан, дарамталсан гэж асууж, чиглүүлэн элдэв хов цуглуулан өргөдөл болгон бичиж, хууль дүрэм зөрчсөн гэж шалгалт хийж байгаа нь байгууллагын болон миний ажил албан үүргээ хараат бус явуулах эрхэд халдсан гэж үзэж байна.

Сургуулийн захирал нь холбогдох хууль журмууд болон Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлээр эрх, үүрэг хүлээж өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, суралцагчдад ая тухтай орчинд боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй чанартай олгох, багш ажилчдыг тасралтгүй хөгжүүлэх, чадавхжуулах, тэдний нийгмийн баталгаа, ажиллах орчинг сайжруулахад төрийн бодлого, санхүүжилт болон хандив тусламжийг зөв үр ашигтай чиглүүлж, зарцуулан шийдвэр гаргадаг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх, тайлагнах мөн багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцох зэрэг эрх, үүрэг бүхий удирдах ажилтан. Гэтэл өргөдөл, гомдол шийдвэрлэж байгаа нэрийн дор хууль бус хяналт шалгалт хийж, хамт олныг айдаст автуулан тэднийг нэг нэгээр нь дуудан захирлыг буруутгах асуултыг хөтлөн тавьж, байцаан хэлээгүй зүйлийг хэлсэн, хийгээгүй зүйлийг хийсэн болгон, ажлын шаардлагыг мушгин гуйвуулан ярьсан хэлсэн зүйлийг нь бичин авч, түүнийгээ бодит үнэн зөвийг нягтлалгүй нотолсон гэрч болон нөгөө тал захирал О-ийн тайлбарыг тухайн асуудал бүр дээр аваагүй, зөвхөн өргөдөл гаргагчийн хэлснээр нотлон дүгнэлт гаргаж ёс зүйгүй 33 хүн хамтран ажиллахгүй гэсэн яриагаар ажлаас халах дүгнэлт гаргасан байна.

Өргөдлийг танилцуулж тайлбар авахгүй, ёс зүйн зөвлөлөөр авч хэлэлцэхгүй хэт нэг талыг барьж буруутгасан гэж үзэж байна. Төрийн албанд цаашлаад энэ нийгэмд хууль дүрэм ижил тэгш, шударга үйлчлэхгүй болж, зарим хэсэг нь хууль бус зүйл хийж олон хүний ажил амьдрал хохироож, дарангуйлж, төрийн мөнгийг үр ашиггүй шамшигдуулж байх, зарим хэсгийг нь өргөдөл гомдол нэрийн дор дарамтлан шалгаж, ажил сайжруулах удаа алдаа дутагдлыг засахаас илүү, ажлаас халдаг жишиг тогтоож болохгүй гэж үзэж байна. О.О би ажлаас халахад үндэслэл болгосон хөдөлмөрийн гэрээн дэх заалтуудын зөрчлийг гаргаагүй бөгөөд зөрчил болохыг тогтоогоогүй гэж үзэж байгаа тул хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхээр гомдол гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.О-ийн хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3.2-д эцэг эх, багш, ажиллагсад, суралцагчидтай зүй бус, ёс зүйгүй харьцсан нь бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдсон, хохирогчоос гомдол гаргасан, мөн 11.3.4-д мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр санхүүгийн зөрчил дутагдалтай болон санхүүгийн акт тавигдсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох ноцтой зөрчилд тооцохоор заасан байна. О.О нь хөдөлмөрийн гэрээний 11.3.2, 11.3.4-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдсон тул түүнийг сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 тоот захирамжаар ажлаас халсан болно. Дорноговь аймгийн Засаг даргад Айраг сумын Засаг даргаар уламжлан сумын ерөнхий боловсролын сургуулийн нэр бүхий багш, ажилчдаас О.О-тэй холбоотой гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/142 дугаар захирамж гарч, уг захирамжаар Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн хүний нөөцийн томилгоо, ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллаж буй байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгдсэн.

Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 122 тоот албан бичгээр 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр огноолсон Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн 2019, 2020 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын танилцуулгыг сумын Засаг даргад ирүүлсэн. Энэ танилцуулгад дурдагдсан санхүүгийн зөрчил, дутагдал гарсан болон санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актууд бичигдсэн явдалд нь О.О-ийн хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3.4-д заасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр санхүүгийн зөрчил дутагдалтай болон санхүүгийн акт тавигдсан гэдэг нөхцөл буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил болсон тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг дүгнэхгүйгээр цуцалсан нь үндэслэлтэй болсон.

Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйл буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн 12.4-д ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн талаар холбогдох ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гарсан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болохоор заасан боловч 12.6-д хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар бас заасан байдаг. О.О нь хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3.2-д заасан буюу эцэг, эх, багш, ажиллагсад, сурагчидтай зүй бус, ёс зүйгүй харьцсан нь бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдсон ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээний 12.4-д заасан ёс зүйн зөвлөлийн дүгнэлт шаардлагагүй байсан. Айраг сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн О.О-ийг ажлаас халах тухай Б/06 дугаар захирамжийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул О.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөдөлмөрийн тухай хуулийн мөрдөгдөх зарчим хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтан ажил олгогч хоёрын эрх үүргийг тодорхойлох үндсэн заалтуудыг заах ёстой хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. Өөрөөр хэлбэл Айраг сумын Засаг дарга болон ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа албан ёсоор байгуулагдаагүй. Энэ үүргийг биелүүлээгүй хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг ноцтой зөрчсөн гэж үзсэн Хөдөлмөрийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэх боломж нөхцөл үүсээгүй.

Ажил олгогч буюу Айраг сумын Засаг дарга нь албан тушаалаар олгосон үүргээ биелүүлээгүй байж гэнэтийн шалгалт явуулсан. Уг нь энэ шалгалтаар үйл ажиллагаа нь хуульд зааснаар ноцтой зөрчигдөж байна уу, үгүй юу гэдгийг тогтоож өгөөч гэсэн чинь ажлын хэсгийн шалгалт нь О.О-ийг ажлаас чөлөөлөх тухай шалгасан байна. Хэрвээ сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол энэ актуудад дурдагдсан баримтууд нь ноцтой биш. Ноцтой зөрчил гаргасан гэдгийг тогтоохын зэрэгцээ энэ актуудад дурдагдсан баримт нь дотоод аудитын хугацаанаас нь 1 жил өнгөрсөн сахилгын зөрчил авах хуулийн боломжит хувилбар хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагуудыг дэмжиж байгаа тул бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хөдөлмөрийн гэрээ нь байгаа. Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажлаас халагдах хүртэл нь цалин хангамж болон бусад юмаа авч байсан. Хариуцлага болоод ирэхээр байгуулаагүй гэж ярьж байна. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаад энэ гэрээгээ өөрөө нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж шүүхэд өгсөн нь хэрэгт байгаа. Чөлөөлж байгаа захирамжууд болон томилж байгаа захирамжуудад чөлөөлж байгаатай холбоотой өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга ажлаас чөлөөлөгдвөл хөдөлмөрийн гэрээг дахиж шинээр байгуулна, дуусгавар болгоно гэдэг үг үсэг ороогүй зөвхөн хуульд ийм өөрчлөлт орсонтойгоор томилж байна гэсэн үг. Энэ дээр гэрээ байгуулагдаагүй гэдэг хууль зүйн үр дагавар үүсэхгүй. 58-р актад дурдсанаар энэ актыг 04 дүгээр сарын 09-ний өдөр буюу тэр акт бичигдэх хүртэл зөрчил нь үргэлжилж байсан дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл яг тэр акт бичигдэх хүртэл данс бүртгэлдээ бүртгээгүй байгаа зөрчил нь үргэлжилж байна. Зөрчил үргэлжилж байгаа тохиолдолд хугацаа дууссан юм байна, чи 2020 оны асуудал ярилаа гэдэг байдлаар авч үзэх боломжгүй.

Гэрээнд зааснаар гэрчийн мэдүүлгээр хохирогчоор тогтоогдсон бол ноцтой зөрчил гэж үзнэ гэдэг учраас үүнтэй холбоотой баримт материалууд авагдсан тэгэхээр ийм зөрчил байгаа гэж харж байна. Тиймээс сумын Засаг даргын гаргасан захирамж хуулийн үндэслэлтэй болсон” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан И овогт О-ын О-ийг Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 7,427,948.69 төгрөгийг Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж О.О-т олгож,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Айраг сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгаж,

 

Нэхэмжлэгч О.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 203,797 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохиг анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Ж давж заалдсан гомдолдоо болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэрийн 9 дүгээр талд “Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга нэхэмжлэгч О.О-ийг ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээнд заасан ямар сахилгын зөрчлийг, хэзээ гаргасан талаар дурдаагүй, мөн түүнчлэн Дотоод хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлагад дурдсан ямар зөрчилд холбогдуулан сахилгын арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй, захирамжид дурдсан улсын байцаагчийн 8 акт нь зөвхөн О.О-т холбогдуулж гаргаагүйгээс гадна, актад дурдсан зарим зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн байх тул О.Одончимэгийн урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв” гэжээ.

О.О нь хөдөлмөрийн гэрээний 11.3.2, 11.3.4-д заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан нь Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 8 акт, шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул сумын Засаг даргын 2021-05-06-ны өдрийн Б/06 тоот захирамжаар түүнийг ажлаас халсан. Ажлаас халсан захирамжид хөдөлмөрийн гэрээний 11.3.2, 11.3.4 дэх заалтуудыг үндэслэл болгож дурдсан, мөн үндэслэл болгосон санхүүгийн 8 актыг ишлэл болгож дурдсан, халсан үндэслэл болон санхүүгийн актуудын талаар дэлгэрэнгүй хариу тайлбар шүүхэд гаргасан байхад шүүх хариуцагч нь О.О-ийг ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээнд заасан ямар сахилгын зөрчлийг, хэзээ гаргасан талаар дурдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Ажлаас халсан захирамжид Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 8 актаар тогтоогдсон зөрчил бүрийг дэлгэрэнгүй бичих ёстой байсан мэтээр шүүх дүгнэж байгаа нь мөн адил үндэслэлгүй байна. Ажлаас халсан захирамжийн үндэслэл болж байгаа, зөрчлийг тогтоосон санхүүгийн актуудыг ишлэл болгосон тохиолдолд ажлаас халсан захирамжид зөрчлүүдийг нэг бүрчлэн тоочиж бичих шаардлага байхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд ийм шаардлага хуульчлагдаагүй билээ. Энэ тохиолдолд хариуцагчийн хариу тайлбарыг шүүх нухацтай авч үзэх ёстой байсан.

Хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд амаар гаргасан хариу тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д зааснаар нотлох баримтаар үнэлэгдэх ёстой. Шүүх энэ хэргийг үндэслэлтэй хянан шийдвэрлэхийн тулд дан ганц ажлаас халсан захирамжид юу бичигдсэн талаар биш, уг захирамж болон хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь бодитой эсэх, тогтоогдсон эсэх, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил мөн эсэх талаар дээрх акт болон шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтэд дурдагдсан зөрчил нэг бүрт нь холбогдуулж дүгнэх ёстой байсан. Хэрэв нэхэмжлэгчийг буруутгаж байгаа зөрчлүүдийн аль нэг нь л бодитой, тогтоогдсон бол нэхэмжлэгчийг ажлаас халсан захирамжийг шүүх хэвээр үлдээх ёстой. Гэтэл шүүх ингэж нэг бүрчлэн дүгнэлгүй хэт ерөнхий ганцхан дүгнэлт хийсэн байна.

Хариуцагчийн хариу тайлбарт Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2021-04-09-ний өдрийн 24/01-52, 24/01-53, 24/01-54, 24/01-55, 24/01-57, 24/01-58 дугаартай 6 акт болон мөн өдрийн 24/01-03 дугаартай албан шаардлагад дурдагдсан зөрчлүүд нэхэмжлэгчийн шууд болон шууд бус буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж тайлбарласаар байхад шүүх “улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлагад дурдсан ямар зөрчилд холбогдуулан сахилгын арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй” гэж дүгнэсэн нь мэдэн будилсан, хариу тайлбартай огт танилцаагүй шинжтэй дүгнэлт болсон байна.

Мөн шүүх “захирамжид дурдсан улсын байцаагчийн 8 акт нь зөвхөн О.О-т холбогдуулж гаргаагүйгээс гадна, актад дурдсан зарим зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байна.

Дээрх санхүүгийн актуудад дурдагдсан зөрчлүүд нь нэхэмжлэгчийн шууд болон шууд бус оролцоотойгоор үйлдэгдсэнээс гадна нэхэмжлэгч нь байгууллага удирдаж байсны хувьд өөрийн байгууллагад ямар нэг санхүүгийн зөрчил дутагдал гаргахгүй, гаргуулахгүй, санхүүгийн акт тавиулахгүй байх хэмжээнд сахилга, хариуцлагатай ажиллах үүрэгтэй байсан. Хэрэв энэ үүргээ зөрчвөл түүний хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3.4-д заасан “Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр санхүүгийн зөрчил дутагдалтай болон санхүүгийн акт тавигдсан” гэдэг нөхцөл буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах “ноцтой зөрчил” бий болсонд тооцох, ажлаас халах ёстой бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас халсан захирамжийн нэг үндэслэл нь энэ байсан. Энэхүү ноцтой зөрчлийг гаргасанд тооцох хугацаа нь санхүүгийн акт бичигдсэн өдрөөс эхлэн тоологдох ёстой бөгөөд санхүүгийн акт нь хүчингүй болсон тохиолдолд уг зөрчлийг үйлдээгүйд тооцох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь тэдгээр санхүүгийн актууд хүчин төгөлдөр хэвээрээ байхад шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж чадсангүй.

Шүүх актад дурдсан зарим зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн гэж дүгнэсэн боловч аль актын аль зөрчлийн талаар ингэж дүгнэж байгаа талаараа бичээгүй, тодорхойгүй дүгнэлт хийсэн нь алдаа болсон.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3.4-д заасан “санхүүгийн акт тавигдсан” гэдэг ноцтой зөрчил бий болсноос хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэх үндэслэлгүй байсан. Хариуцагч нь хариу тайлбартаа санхүүгийн акт бичигдэх хүртэл үргэлжилсээр байсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй зөрчлүүдийн талаар доорх байдлаар бичсэн байсан.

  • Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2021-04-09-ний өдрийн 24/01-57 дугаартай актад дурдсанаар, Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.5 дахь заалт, БШУСайдын 2013 оны А/293 тоот тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмын 3.2, 3.3 дахь заалтуудад заасны дагуу ажил үүргийн биелэлт ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох ёстой байхад 2019 онд 3 удаа, 2020 онд 3 удаа, тэр дундаа 2020-12-18-ны өдрийн А/54 тоот тушаалаар багш, ажилчдад тухайн сард хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайлан байхгүй байхад үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн зөрчил гаргасан, нийт дүнгээрээ үр дүнгийн урамшуулалтай холбоотой 5,840,407 төгрөгийн зөрчил гаргасан байна.
  • Мөн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2021-04-09-ний өдрийн 24/01-58 дугаартай актад дурдсанаар, сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэмэлт орлого төвлөрснөөс орон нутгийн орлогын дансанд 1,114,330  төгрөгийг төвлөрүүлж, 352,485 төгрөгийг 2021-04-09-нд акт бичигдэх хүртэл шилжүүлээгүй байсан зөрчил илэрсэн байна.
  • Мөн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2021-04-09-ний өдрийн 24/01-54 дугаартай актад дурдсанаар, 2019-05-27-ны өдөр багш ажилчдын хурал хийж, сурагч бүрээс 30,000 төгрөг хурааж, сургуулийн анги, тэнхимийг тохижуулахаар болж, нийт 10,250,000 төгрөг хуримтлуулан 8,460,000 төгрөгөөр хулдаас авч, 1,417,770 төгрөгөөр засвар үйлчилгээ хийж, үлдсэн 372,230 төгрөгийг 2021-04-09-нд акт бичигдэх хүртэл нэмэлт санхүүжилтийн дансанд тушаалгүй нэр бүхий хүмүүсийн гар дээр дамжуулан байршуулсаар байсан зөрчил илэрсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн энэ тайлбарын талаар тодорхой дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

            Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021-09-29-ний өдрийн 136/ШШ2021/00244 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.М давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүх маргаанд хамааралтай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Шүүхээс Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга нэхэмжлэгч О.О-ийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар сахилгын зөрчлийг хэзээ гаргасан талаар дурдаагүй мөн дотоод аудитын албаны Улсын ахлах байцаагчийн акт албан ёсоор дурдсан нь ямар зөрчилд холбогдуулан сахилгын арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй.

Захирамжид дурдсан улсын байцаагчийн 8 акт нь зөвхөн О.О-т холбогдуулж гаргаагүйгээс гадна, актад дурдсан зарим зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн байх тул О.О-ийн урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн. Захирамжид дурдсан улсын байцаагчийн 8 акт нь зөвхөн О.О-т холбогдуулж гаргаагүйгээс гадна, актад дурдсан зарим зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дээрх санхүүгийн актуудад дурдагдсан зөрчлүүд нь нэхэмжлэгчийн шууд болон шууд бус оролцоотойгоор үйлдэгдсэнээс гадна нэхэмжлэгч нь байгууллага удирдаж байсны хувьд өөрийн байгууллагад ямар нэг санхүүгийн зөрчил дутагдал гаргахгүй, гаргуулахгүй, санхүүгийн акт тавиулахгүй байх хэмжээнд сахилга, хариуцлагатай ажиллах үүрэгтэй байсан.

Хэрэв энэ үүргээ зөрчвөл түүний хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3.4-д заасан “Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр санхүүгийн зөрчил дутагдалтай болон санхүүгийн акт тавигдсан” гэдэг нөхцөл буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах “ноцтой зөрчил” гэж заасан байдаг. Энэхүү ноцтой зөрчлийг гаргасанд тооцох хугацаа нь санхүүгийн акт бичигдсэн өдрөөс эхлэн тоологдох ёстой бөгөөд санхүүгийн акт нь хүчингүй болсон тохиолдолд уг зөрчлийг үйлдээгүйд тооцох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь тэдгээр санхүүгийн актууд хүчин төгөлдөр хэвээрээ байхад шүүх энэ талаар зөв дүгнэлт  гаргаагүй учраас эдгээр санхүүгийн актуудыг хүчин төгөлдөр байна гэж үзнэ. Шүүх актад дурдсан зарим зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн гэж дүгнэсэн боловч аль актын аль зөрчлийн талаар ингэж дүгнэж байгаа талаараа бичээгүй, тодорхойгүй дүгнэлт хийсэн. Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3.4-д заасан “санхүүгийн акт тавигдсан” гэдэг ноцтой зөрчил бий болсноос хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэх үндэслэлгүй байсан. Хариуцагч нь хариу тайлбартаа санхүүгийн акт бичигдэх хүртэл үргэлжилсээр байсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй зөрчлүүдийн үргэлжилж байгаад санхүүгийн акт тавигдсанаар таслан зогсоогдсон гэдэг тайлбарыг хэлж байна. Иймд зөрчил тус бүр дээр нь бичсэн байгаа. Тухайлбал Улсын яллагч, байцаагчийн 24/01-57 дугаартай актад дурдсанаар, Засгийн газрын 2019 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 2.5 дахь заалт, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны А/293 тоот тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмын 3.2, 3.3 дахь заалтуудад заасны дагуу ажил үүргийн биелэлт ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох ёстой байхад 2019 онд 3 удаа, 2020 онд 3 удаа, тэр дундаа 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/54 тоот тушаалаар багш, ажилчдад тухайн сард хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайлан байхгүй байхад үр дүнгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн зөрчил гаргасан, нийт дүнгээрээ үр дүнгийн урамшуулалтай холбоотой 5,840,407 төгрөгийн зөрчил гаргасан байна. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 6 сарын хугацаанд хоцроод шийдвэр гаргасан байдаг. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэж байна. Мөн Улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/01-58 дугаартай актад дурдсанаар, сумын Ерөнхий боловсролын сургуулийн нэмэлт орлого төвлөрснөөс орон нутгийн орлогын дансанд 1,114,330  төгрөгийг төвлөрүүлж, 352,485 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 09-нд акт бичигдэх хүртэл шилжүүлээгүй байсан зөрчил илэрсэн байна. Энэ үед зөрчил нь үргэлжлээд явж байсан. Мөн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/01-54 дугаартай актад дурдсанаар, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр багш ажилчдын хурал хийж, сурагч бүрээс 30,000 төгрөг хурааж, сургуулийн анги, тэнхимийг тохижуулахаар болж, нийт 10,250,000 төгрөг хуримтлуулан 8,460,000 төгрөгөөр хулдаас авч, 1,417,770 төгрөгөөр засвар үйлчилгээ хийж, үлдсэн 372,230 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр  акт бичигдэх хүртэл нэмэлт санхүүжилтийн дансанд тушаалгүй нэр бүхий хүмүүсийн гар дээр дамжуулан байршуулсаар байсан зөрчил илэрсэн нь актаар таслан зогсоогдсон. Энэ гурван актад дурдсан нөхцөлүүдээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна тиймээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй. О.Одончимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.3.4-д заасан “Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр санхүүгийн зөрчил дутагдалтай болон санхүүгийн акт тавигдсан” гэдэг нөхцөл буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах “ноцтой зөрчил” гэж үзнэ гээд заасан. Мөн 12 дугаар зүйлийн 12.6 дээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Иймд зөрчил тогтоогдсон гэж үзнэ. Ноцтой зөрчил гаргасан байхын бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар цуцална гэдэг заалтын дагуу Засаг дарга захирамжаа гаргаж ажлаас чөлөөлсөн. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 136/ШШ2021/00244 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

            Нэхэмжлэгч О.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2013 оноос Айраг сумын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж эхэлсэн. Гомдол гаргасны үндсэн дээр 2018 онд эргэж ажилд томилогдсон. 2018 оны 09 сард ажлаа авснаас хойш хуульд нэмэлт өөрчлөлт орж сумын Засаг даргад томилох, чөлөөлөх эрх нь шилжсэн. Тухайн хуулиар захирлын эрх үүрэг дээр нэмэлт өөрчлөлтүүд орсон. Энэ хуулийг хэрэгжүүлээд аймгийн Засаг дарга сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг чөлөөлж захирамж гаргасан байдаг. Энэ захирамжийн хүрээнд бусад сумдын захирал, эрхлэгчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажил үүрэгтэй нь танилцаад зөвшилцөж, тохиролцож ажиллаж байсан. Ажлаас халах үндэслэл нь тодорхой улс төрийн зорилготой намайг халах гэж нэг хүнээр өргөдөл бичүүлээд, хуйвалдаад тэрийг аймгийн Засаг дарга руу явуулан томилолт, акт гаргуулж, хяналт шалгалтад оруулаад 8 акт 1 албан шаардлага гарсан байдаг. Би улсын төсвийг захиран зарцуулах дээр гарын үсэг зурж хариуцаж байгаа хүний хувьд өөрөө захирлын үүргийг шамшигдуулсан, буруу зүйлд зарцуулсан, цалингийн сангаас мөнгө авсан, ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын хүрээнд өөртөө болон бусдад давуу байдал олгох байдал гаргаагүй. Тухайн актууд нь дандаа эзэнтэй байсан. Хамт олондоо танилцуулж тухайн актыг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Энэ актууд 200,000-300,000 төгрөгийн хооронд байсан учир тухайн ажлыг хийж байсан ажилчдаас алдаа гаргасан, Би аваад шамшигдуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Тиймээс танилцсан гэдэг дээр зурсан болохоос зөвшөөрсөн гэдэг дээр гарын үсэг зуруулаагүй. Давж заалдах гомдол дээр гаргаж байгаа зүйлд санхүүгийн акт нь таслан зогсоох хүртэл үргэлжилж байсан ноцтой нөхцөл бүрдсэн гэж ярьсан. С.Ж дарга Засаг дарга болоод 5, 6 сар болоход надтай нэг ч удаа уулзаж байгаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулах буюу сургууль дээр асуудал ямар байгааг яриагүй, цаагуураа манай ажилчдаас дуудаж уулзаад байсан. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа 3 актыг онцолж байна. Нэг дэх акт нь 12 дугаар сарын 18-ны өдөр А/14 захирлын тушаалтай үр дүнгийн урамшууллын тухай байхаас гадна, энэ нь жилийн эцсийнх байсан. Ковид гараад аймагт тэг зогсолт хийсэн энэ цаг үед ажилчдын тайланг цахимаар авч уншаад үнэлгээний комисс нь өөрсдөө үнэлээд, дараа тайлангуудаа хэвлээд архивт өгөөрэй гэсэн даалгавартайгаар ажил үүргээ явуулсан. Архив бичиг хэргийн ажилтан тайлангуудыг  нэхэж аваагүй, багш ажилчид нар мартсан байсан. Тайлан байгаагүй гэдэг шалтгаанаар акт тавигдсан байдаг. 2019, 2020 оны нийлбэр дүнгийг 50 хувилаад багш ажилчдын гаргасан нийлбэр актын төлбөр байдаг. Үүнийг багш ажилчид тайлангаа өгөөгүй нь бид нарын буруу  гэж үзээд өөрсдөө энэ санхүүгийн актаа зөвшөөрөөд төлөөд явж байгаа. Хоёр дахь актын хувьд түрээсийн орлогыг төвлөрүүлэх байсан орлогоос 352,485 төгрөгийг төвлөрүүлээгүй байна гэсэн акт одоо хүртэл үргэлжилж байна. Энэ нь цэвэр нягтлангийн буруу. Нягтлангийн өөрийн үүрэг гэж байгаа энэ үүргийнхээ дагуу тухайн үед орж ирсэн түрээсийн төлбөрүүдийг дансандаа аваад орж ирсний 50 хувийн аймгийн дансанд 50 хувийн  сургуулийн дансанд хувааж төвлөрүүлэх журамтай. Энэ үүргийг дутуу гүйцэтгэсэн. Би хянаж үзээгүй байсан, жилдээ манай сургууль өр авлагагүй гардаг. Гурав дахь акт нь багш ажилчид өөрсдийн хүчээр эцэг эхийн дэмжлэгээр сургуулиа зассан. Зарим хүүхдүүд өгөөд, зарим нь өгөхгүй байсан учир бид нар зээл хийж байгаад засварын материал аваад хичээлийн шинэ жил эхлэхэд засварын ажлыг дуусгаж бэлэн болгосон. Сургуулийн засвар хийгдээд, ангиуд цувуулан өгсөөр байгаад тухайн үед хаан банкны хамтын данс  нээгээд нярав, нягтлангийн гарын үсэг, багш нарын оролцоотой комиссоор томилоод захиран зарцуулаад үлдэгдэл 372,230 төгрөг байсныг бид нар идээгүй, тухайн үед нярав захиргаанд ажилд ороод нярав би энэ мөнгийг яах вэ гэхээр нь би 08 дугаар сард амарсан байсан учир манаачид өгчих гэхэд өгсөн байсан. Хэзээ хэрэг болох тэр хүртлээ хурааж байсан болохоос идсэн зүйл байхгүй. Энэ 3 актыг хугацаа үргэлжилж байсан гэж үзэж байгаа юм байна. Тухайн зүйлд тохируулсан арга хэмжээ гэж байдаг үүнийг бодолцох байх гэж бодож байна. Би бүх актыг хүлээн зөвшөөрөөгүй. Зөвшөөрөөгүй актдаа тайлбар өгсөн байгаа. Эдгээр зүйлээс үзэхэд боловсролын салбарт 20 гаруй жил ажиллахдаа хэзээ ч мөнгө идье гэж бодож байгаагүй харин ч яаж үр ашигтай, чанартай, юм авахдаа өөртөө хувцас авах гэж байгаа юм шиг ханддаг байсан. Давж заалдах гомдолд дурдагдаж байгаа эдгээр зүйлүүдээр намайг буруутгаж байгаа бол би гомдолтой байна. Үнэхээр ноцтой, шамшигдуулсан, ажлаас халах хэмжээний зөрчил үү гэдгийг шүүгч болон хууль дүрэм тодорхой үнэлдэг гэж итгэдэг. Толгойгүй юм нь дээр гарын үсэг зуруулж хүний нэр төр, ажил амьдралд халдсан үйлдэл болсон. Давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг үнэлж шударга зөвөөр, бодитой, амьдралд ойроор шийдвэрлэж шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

           

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар дүгнэлт гаргалаа. Актуудаар тогтоогдсон зөрчлүүд нь гол үндэслэл болсон. Давж заалдсан гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэсэн заалт байдаг. Хариуцагчийн хувьд О.О-т хандаж гаргасан анхны шийдвэр нь ажлаас халах шийдвэр байхаас гадна С.Ж-ы ажлаас чөлөөлөх тушаалын гол үндэслэл нь актууд байсан. Энэ нь комбинац байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Улсын их хурлын гишүүний ярианаас үүсээд Аймгийн Засаг дарга руу хэдэн хүнд өргөдөл гаргангуут аймгийн Засаг дарга маш хурдан хорио цээрийн онцгой дэглэмийг зөрчиж ажлын хэсэг байгуулж Айраг сум руу явуулсан. Энэ талаар анхан шатны шүүх хурал дээр яригдсан. Энэ актуудын он сарыг үзэхээр 24/01-54 дугаартай акт, 24/01-57 дугаартай акт, 24/01-58 дугаартай бүх актууд нь жилийн өмнөх байсан. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхэд дурдагдсан, шийдвэрлэсэн зүйл заалтууд зөв юм. Сахилгын зөрчил гаргаснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн бол ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа бол арга хэмжээ авч болохгүй гэсэн хуулийн заалт байгаа. Энэ нь 1 жил 6 сараас доошгүй хугацаанд буюу хэрэг болсноос хойш 1 сарын дотор арга хэмжээ авна. Тэгэхээр хариуцагч талаас акт тавиулснаар зөрчилд тооцож алдаа дүгнэгдэж байгаа гэсэн тайлбар гаргаж байна. Захирал үүнийг сахилгын зөрчил гэж үзэж байгаа бол захирлын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар энэ ажилчдын цалин, нийгмийн хангамжийг сайжруулах хамтын гэрээгээр зөвшилцүүлсэн. Гэтэл үүнийг сахилгын зөрчил, ноцтой зөрчил гэж үзэж хүнийг ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байна. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг,  40  дүгээр зүйлийн 1.5 дахь хэсгийг баримталсан байдаг. Аль зөрчлийг буруутай үйл ажиллагаа, аль зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэж байгааг ялгаж зааглаагүй байна. Актуудыг авч үзээд захирал, ажил олгогч дүгнэлт хийгээд энэ зөрчлийг ноцтой зөрчил гэнэ, энэ зөрчлийг сахилгын зөрчил гэнэ гэж тогтоогоогүй учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 136/ШШ2021/00244 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянавал нэхэмжлэгч О.О нь Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байгаад Дорноговь аймгийн Айраг сумын засаг дарга С.Ж-ы 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Айраг сумын ерөнхий  боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас  халагджээ.

 

 Улмаар нэхэмжлэгч О.О Айраг сумын Засаг даргад холбогдуулж  Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга С.Ж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...багш ажиллагсад, суралцагчидтай зүй бус, ёс зүйгүй харьцсан нь нотлогдсон, ...мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр санхүүгийн зөрчил дутагдал гаргасан нь тогтоогдож акт тавигдсан, ...багш, ажилчид цаашид хамтран ажиллахгүйгээ илэрхийлж гарын үсгээр баталгаажуулсан, ...хөдөлмөрийн гэрээнд заагдсан ноцтой зөрчлүүдийг гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ ... Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга нэхэмжлэгч О.О-ийг ажлаас халахдаа хөдөлмөрийн гэрээнд заасан ямар сахилгын зөрчлийг хэзээ гаргасан талаар дурдаагүй, мөн түүнчлэн дотоод хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн акт, албан шаардлагад дурдсан ямар зөрчилд холбогдуулан сахилгын арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй, захирамжид дурдсан улсын байцаагчийн 8 акт нь зөвхөн О.О-т холбогдуулж гаргаагүйгээс гадна, актад дурдсан зарим зөрчил Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахт хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл  ногдуулах хугацаа хэтэрсэн байна” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  нэхэмжлэгч О.О-ийг Дорноговь аймгийн Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 7.427.948.69 төгрөгийг Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж О.О-т олгох, О.О-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Айраг сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгахаар тус тус шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга С.Ж анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаанд холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчаар тогтоогдоогүй этгээдэд холбогдуулан буюу Айраг сумын Ерөнхий боловсролын сургуульд хариуцуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болно  гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч О.О-ийг ажлаас халах тухай тушаалыг /1хх-19/ 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан ба уг тушаалыг нэхэмжлэгчид гардуулан өгсөн хугацааны талаар зохигчид маргаагүй, улмаар нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан ...тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэснийг зөрчөөгүй.

 

Нэхэмжлэгч О.О нэхэмжлэлийн шаардлагаа Дорноговь аймгийн Засаг дарга Т.Э-тэй хугацаагүйгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ,  Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд томилсон болон ажлаас халсан тухай шийдвэрүүд,  өөрийнхөө нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021-06-18-ны “ ...ажлаас халагдсан гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэх агуулга бүхий 01/1426 тоот албан бичиг,  Дорноговь аймгийн Боловсролын газрын үнэлгээгээр нэхэмжлэгч О.О-ийн 2020 оны 3, 4-р улирлын үр дүнгийн урамшууллын үнэлгээ, хувь нь 40%-иар тогтоогдсон тухай,  үр дүнгийн урамшуулалд тавигдсан актын дагуу төлбөрийг төлбөр тавигдсан багш нар хүлээн зөвшөөрч төлж байгаа тухай тайлан, сургуулийн нягтлан Б.М-ы зүгээс хяналт шалгалтаар гарсан 8 акт, албан шаардлага хэрэгжиж байгаа тухай гаргасан тайлбар,  О.О-т холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурорын 5/85 тоот тогтоол зэрэгт тус тус үндэслэсэн.

 

Хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын засаг дарга С.Ж тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал О.О-ийг ажлаас халах тухай шийдвэрийг гаргахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, 43 дугаар зүйл,  94 дүгээр зүйлийн 94.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалт, аймгийн засаг дарга, сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.5, 11.3.2, 11.3.4, 12.5, 12.6, Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 111 тоот албан бичгээр ирүүлсэн санал зэргийг баримталсан байна.

 

Мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай шүүхэд гаргасан татгалзлаа Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны А/142 дугаар захирамжийн дагуу Айраг сумын Ерөнхий боловсролын сургуульд хяналт шалгалт хийхээр томилогдсон ажлын хэсгийн илтгэх хуудас, Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн 2019, 2020 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга, Дорноговь аймгийн Засаг даргаас Айраг сумын Засаг даргад сургуулийн захирал О.О-т хуулийн дагуу зохих арга хэмжээ авч, эргэн танилцуулахыг даалгасан тухай албан бичиг, Айраг сумын Засаг даргаас Дорноговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Ч.О-т Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.О-ийг ажлаас чөлөөлөх санал ирүүлэхийг хүссэн тухай албан бичиг, Дорноговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Айраг сумын Засаг даргад сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.О-ийг ажлаас чөлөөлөхийг хүссэн санал бүхий албан бичиг, Дорноговь аймгийн засаг дарга Ц.Э-ээс Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.О-тэй хугацаагүйгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хяналт шалгалтын явцад гарсан 8 акт, 1 албан шаардлага зэрэгт тус тус үндэслэсэн байна.

 

Нэхэмжлэгч О.О-ийн эрхэлж байсан Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал тул анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасанд тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. Үүнд:

 

1. Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны А/142 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсгийн хяналт шалгалтын илтгэх хуудас /1-р хх-ийн 42-56/, Дорноговь  аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны хяналт шалгалтын танилцуулга /1-р хх-ийн 57-84/, санхүүгийн албан шаардлага, актууд зэрэгт үндэслэн Дорноговь аймгийн Засаг дарга О.Б-аас Айраг сумын Засаг даргад сургуулийн захирал О.О-т арга хэмжээ авч, эргэн танилцуулахыг 2021 оны 04 дүгээр сарын 22-нд даалгасан /1-р хх-ийн 33/-ы дагуу Айраг сумын Засаг дарга С.Ж Дорноговь аймгийн Боловсролын газрын дарга Ч.О-т Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал О.О-ийг ажлаас нь чөлөөлөх санал /1-р хх-ийн 34-35/ хүсэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн ба Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ч.О нэхэмжлэгч О.О-ийг Айраг сумын сургуулийн захирлын ажлаас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөхийг дэмжсэн санал /1-р хх-ийн 36/-ыг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсний үндсэн дээр Айраг сумын Засаг дарга 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр О.О-ийг Айраг сумын сургуулийн захирлын үүрэгт ажлаас халсан тухай захирамж /1-р хх-ийн 37-38/ гаргасан нь  тогтоогдсон байна.

 

  Энэ  нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар Сумын засаг дарга “...аймгийн Боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн захирал ... г томилох,  тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг ... -ийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх “ гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй.

 

Өөрөөр хэлбэл ийнхүү Боловсролын тухай хуульд зааснаар үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн дүн нь ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас халах үндэслэл болох, мөн нэхэмжлэгч О.О нь Дорноговь аймгийн Боловсролын газрын үнэлгээгээр 2020 оны 3, 4 дүгээр улиралд 40 хувийн үзүүлэлттэй байсны гадна  ажил олгогч буюу хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга нь 2021 оны ажлын гүйцэтгэл, гэрээний хэрэгжилтийг дүгнээгүй атлаа “... хяналт шалгалтын материал, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн...” гэсэн /1хх-35/ нь дээрх хуульд нийцээгүй гэж үзнэ. 

 

2. Дорноговь аймгийн Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотоод журмын 13.4-т ёс зүйн зөрчилд  “Боловсрол соёл, шинжлэн ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан ёс зүйн хэм хэмжээг тооцно” гэж заажээ /1хх-103/.

 

Боловсрол соёл, шинжлэн ухаан, спортын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-д болон 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар “...аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, нутгийн захиргааны болон орон нутгийн хүүхэд хамгаалал, боловсролын байгууллагын төлөөлөл бүхий 7-9 хүний бүрэлдэхүүнтэй “Ёс зүйн зөвлөл” байх,  3 дугаар зүйлийн 3.4.1-д зааснаар “...удирдах ажилтан ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдлыг тус зөвлөлийн дарга хүлээн авч 30 хоногийн дотор шалгаж дүгнэлт гарган холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэх”, 3.4.4-д зааснаар “зөвлөлийн дүгнэлтэд үндэслэн эрх бүхий албан тушаалтан ... холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэхээр”   байжээ.

 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 6.1-д “Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана.” 6.3-т “Ёс зүйн зөвлөл нь ... зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид ... хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана” гэж тус тус заажээ.

 

Гэтэл ажил олгогч буюу хариуцагч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга нэхэмжлэгч О.О-тэй холбоотой гомдлуудыг Дорноговь аймгийн Засаг даргад уламжилж,  аймгийн засаг дарга  2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/142 дугаар захирамж гаргаж “Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүний нөөцийн томилгоо, эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, бүртгэл санхүү, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллаж буй байдалд хяналт шалгалт хийх” гэсэн ажлын хэсгийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж түүний ажлыг шалгаж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн /1-р хх 53-56/,  Айраг сумын Засаг дарга С.Ж түүнд үндэслэн тус сумын сургуулийн захирал О.О-ийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн шийдвэрээ гаргасан нь  дээрх ёс зүйн дүрмүүдэд нийцээгүй, ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг хянан шалгаж шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар томилсон 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”, “Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам”-ын  дагуу болон “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасны дагуу байгуулагдсан “Ёс зүйн зөвлөл”-ийн гишүүд болох нь тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх “...Дорноговь аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/142 дугаар ажлын хэсэг байгуулах тухай захирамжийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийг ёс зүйн зөрчлийг шалгаж тогтоох эрхтэй ёс зүйн зөвлөл биш байх тул түүний Айраг сумын Ерөнхий боловсролын сургуульд хийсэн хяналт шалгалтын илтгэх хуудсыг ёс зүйн зөрчил үйлдсэнийг тогтоосон гэж үзэхгүй” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй бөгөөд нэгэнт ёс зүйн зөрчлийг хянан шалгаж шийдвэрлэх талаарх дээрх хууль тогтоомжид заасан журмын дагуу хийгдээгүй хяналт шалгалтын дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “... шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан ... нотлох баримт ...” гэж үзэхгүй юм.

 

3. Аймгийн Засаг даргын 2021 оны А/142 дугаар захирамжийн хүрээнд Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 04 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалтыг Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, албаны дарга Х.О ахлан дотоод аудитор Т.А, З.Д нар хийж

 

-2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/01-03 дугаар албан шаардлага /1хх-174/ “Хандивын хөрөнгөөр авсан хөрөнгийг данс бүртгэлд тусгай тухай” албан шаардлага буюу 2019 оны 05-р сарын 27-ны өдрийн багш, ажилчдын нийтийн хурлаар сургуулийн анги, тэнхимийг тохижуулах шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, 1 сурагч тус бүрээс 30000 төгрөгийг хурааж,  нийт 10250000 төгрөгийг хуримтлуулсан, 8460000 төгрөгөөр  хулдаас авсан боловч уг хулдаасыг данс, бүртгэлд тусгаагүй гэх үндэслэлээр,

 

-2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/01-52 дугаар акт /1хх-177/ “Хамт олны шийдвэргүйгээр дур мэдэн зарцуулсан хөрөнгийн /малын/ үнийг төсөвт төлүүлэх тухай”  буюу ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор бус, хамт олны хурлаар хэлэлцүүлэлгүй 2019 оны 09 сарын 13-ны өдөр А/36 дугаар тушаалаар Эрүүл мэндийн төвийн ойн арга хэмжээнд 1 толгой ямааг,  хичээлийн шинэ жилийн нээлтэд 2 толгой ямаа, 2019 оны 12 сарын 20-ны өдөр А/63 дугаар тушаалаар байгууллагын хэрэгцээнд гэж 3 толгой ямааг, 2019 оны 12 сарын 06-ны өдөр А/51 дүгээр тушаалаар Солонгос улсын төлөөлөгчид зориулж 1 толгой хонийг тус тус зарцуулахаар дур мэдэн шийдвэрлэсний дагуу нярав 2019/12/30-ны өдөр 6 ямааг бөөн дүнгээр нь шаардах хуудасгүйгээр зарлагадаж зарцуулсан,

 

-2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/01-53 дугаар акт /1хх-180/ “Хүлээж аваагүй байж, авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж, үндсэн хөрөнгийн дансанд бүртгэсэн хөрөнгийн үнийг төсөвт төлүүлэх тухай” буюу 2019 оны 12 сарын 24-ний 53 тоот төлбөрийн хүсэлтээр “Учрал Альянс Трэйд” ХХК-ны ... дансанд  30.348.000 төгрөгийг тоног төхөөрөмж, эд хогшлын үнэ гэж шилжүүлсэн боловч ... нийт 6210000 төгрөгийг 5 ширхэг тоног төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл тухайн компаниас аваагүй байж, авсан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж, тайлан балансад орлогоор бүртгэсэн, 

 

-2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/01-54 дүгээр акт /1хх-248/ “Хандиваар авсан мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг төсөвт төвлөрүүлэх тухай” буюу 2019 оны 05-р сарын 27-ны өдрийн багш, ажилчдын нийтийн хурлаар сургуулийн анги, тэнхимийг тохижуулах шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, 1 сурагч тус бүрээс 30000 төгрөгийг хурааж,  нийт 10250000 төгрөгийг хуримтлуулсан, 8460000 төгрөгөөр  хулдаас авсан, 1417770 төгрөгөөр засвар үйлчилгээ хийж, үлдсэн 372230 төгрөгийг нэмэлт санхүүжилтийн дансанд тушаагаагүй,

 

-2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/01-55 дугаар акт /1хх-183/ “Илүү олгосон цалинг төсөвт нөхөн төлүүлэх тухай” буюу ... 2019.01.02-ны өдрийн Б/01 тушаалаар  архив бичиг хэргийн ажилтан Н.У-д ... 2019 онд 657.950 төгрөгийн цалин илүү олгож, байгууллагаас 84244 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, ... номын санч Д.Э-д ... 2019 онд 357335 төгрөгийн цалин илүү олгож, байгууллагаас 44667 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, 2019.03.25-ны өдрийн Б/23 тоот тушаалаар С.Б-г цахилгаанчнаар ажилд авахдаа ...2019 онд 71822 төгрөгийн цалин дутуу олгосон, 

 

-2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/01-56 дугаар акт /1хх-189/ “Үндэслэлгүйгээр олгосон үр дүнгийн мөнгөн урамшууллыг төсөвт нөхөн төлүүлэх тухай” буюу ... аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Айраг сумын ЕБС-ын захирал О.О-т 1 сарын хугацаагаар үндсэн цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байхад Айраг сумын Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар ... О.О-т үр дүнгийн мөнгөн урамшууллыг 40%-иар тооцон олгосон, 

 

-2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/01-57 дугаар акт /1хх-191/ “Үндэслэлгүйгээр олгосон үр дүнгийн мөнгөн урамшууллыг төсөвт нөхөн төлүүлэх тухай” буюу ... сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/29, 09 дүгээр сарын 24-нйи өдрийн А/39, 12 дугаар сарын 18-ны өдрийн А/61, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/28, 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/39, 12 дугаар сарын 18-ны өдрийн А/54 тушаалуудаар байгууллагын багш ажилчдад тухайн сард хийсэн ажлын гүйцэтгэлийн тайлан байхгүй байхад үр дүнгийн урамшууллыг олгохоор шийдвэрлэж ... нийт 5.840.407 төгрөгийг үндэслэлгүйгээр олгосон,

 

-2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/01-58 дугаар акт /1хх-196/ “Дутуу төвлөрүүлсэн түрээсийн орлогыг төсөвт нөхөн төлүүлэх тухай” буюу  ... сургуулийн нэмэлт орлогын дансанд 2019 онд нийт 2.933630 төгрөгийн түрээсийн орлого төвлөрүүлснээс орон нутгийн орлогын ... дансанд 1.114330 төгрөгийг төвлөрүүлж, 352.485 төгрөгийг дутуу төвлөрүүлсэн,

 

-2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/01-59 дугаар акт /1хх-199/ “Үндэслэлгүйгээр зарцуулсан хүнсний материалын үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай”  буюу ... 2019 оны 05 сарын 24, 27, 2019 оны 09 сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 сарын 8-ны өдөр, 2019 оны 10 сарын 21-ний өдрөөс 2019 оны 10 сарын 25-ны өдөр, 2019 оны 11 сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 сарын 01-ний өдөр, 2019 оны 12 сарын 02-ны өдрөөс 2019 оны 12 сарын 08-ны өдөр, 2019 оны 12 сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 сарын 22-ны өдрүүдэд дотуур байрны хүүхдийн хоолны цэст багтаагүй хүнсний материал болох чангаанз, хар чавга, хатаасан жимс зэрэг нийт  327.100 төгрөгийг үндэслэлгүйгээр зарцуулсан гэсэн агуулга бүхий актууд тус тус гарсан байна.

 

Эдгээр санхүүгийн хяналт шалгалтын үр дүнд гарсан албан шаардлага, актуудыг хянан үзвэл  Айраг сумын сургуулийн захирал О.О нь илтэд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хувьдаа завшсан зэргээр албан тушаалаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй буюу хэдийгээр эдгээр зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор заасан “мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр санхүүгийн зөрчил, дутагдалтай болон санхүүгийн акт тавигдсан” гэсэнд хамаарч байх боловч зөрчлийн шинж чанар нь ноцтой шинжийг агуулаагүйн гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар ...-ын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэснийг зөрчсөн.

 

Тухайлбал дээр дурдсан Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/01-52, 24/01-53, 24/01-54, 24/01-55, 24/01-58, 24/01-59 дугаартай актуудад дурдсан зөрчил үйл баримт нь цаг хугацааны хувьд 2019 онд гарсан буюу зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байхад ажил олгогч эдгээр актыг үндэслэн ажилтныг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.

 

Хариуцагч тал Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 24/01-54, 24/01-57, 24/01-58 дугаартай актуудад дурдагдсан зөрчлүүд хяналт шалгалтаар илрэх хүртэл үргэлжилж байсан гэсэн агуулга бүхий гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж үзэв.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар уг 6 сарын хугацааг сахилгын зөрчил гаргаснаас хойш гэж тодорхой заасан байх бөгөөд 24/01-54 дүгээр актад дурдсан хандиваар авсан мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг төсөвт төвлөрүүлээгүй зөрчил 2019 оны 5 сард, 24/01-58 дугаар актад дурдсан дутуу төвлөрүүлсэн түрээсийн орлогыг төсөвт төлөөгүй зөрчил нь мөн 2019 онд гарсан, харин 24/01-58 дугаартай актад дурдсан зарим зөрчил буюу актад дурдсанаар цаг хугацааны хувьд сүүлийн зөрчил 2020 оны 12 сард гарсан байх боловч  энэ нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Энэ нь актад дурдсанаар зөрчлийн шинжийг “...багш ажилчдад тухайн сард хийсэн ажлын гүйцэтгэлийн тайлан байхгүй байхад үр дүнгийн урамшууллыг олгосон ...” гэсэн агуулгатай байх ба Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/293 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам”-д зааснаар хийсэн ажлаа багш өөрөө үнэлж, тавьсан зорилгоо биелүүлсэн байдлаа журамд заасан шалгуур үзүүлэлтийн биелэлт, үр дүнгээ заах аргын нэгдэлдээ тайлагнаж, багшийн өөрийн үнэлгээг сургуулийн захирлын шийдвэрээр байгуулагдсан багш, ажилтан, эцэг эх, заах аргын нэгдлийн ахлагч, сургалтын менежерээс бүрдсэн баг магадлан баталгаажуулж үр дүнг тооцдогоос болон багш нарын хувьд тайлангаа бичгээр нөхөж ирүүлээгүй, архивлаагүй нь цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмтэй холбоотой гэсэн нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд  энэхүү зөрчил сургуулийн захирлыг шууд ажлаас халах сахилгын ноцтой зөрчил гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “...Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын буюу 2021 оны 03, 04, 05 дугаар саруудын хөлс /1-р хх-ийн 209/- өөр тооцож, нэхэмжлэгчийн  1 өдрийн цалинг 76,576,7 төгрөг гэж тогтоосон байх ба  2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 97 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,427,948.69 төгрөгийг гаргуулан О.Одончимэгт олгохоор шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй болсон.

 

Иймд эдгээр үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэлээ.

 

Харин нэхэмжлэгч О.О нь Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргад  холбогдуулж, түүнийг хариуцагчаар зааж шүүхэд нэхэмжлэл /гомдол/ гаргасан байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Айраг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т заасан  “хариуцагч гэж ... нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэсэнд нийцсэнгүй.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болсон тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн 1, 2 дугаар заалтуудын “Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулиас” гэснийг “Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга” гэж тус тус зөвтгөн өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 136/ШШ2021/00244 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... Айраг сумын Ерөнхий боловсролын сургуулиас ...” гэснийг,

 

“Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргаас” гэж,

 

 2 дугаар заалтын “... Айраг сумын Ерөнхий боловсролын сургуульд ...” гэснийг,

 

 “Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргад” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.    

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                            А.САЙНТӨГС