Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0850

 

 

 

 

 

 

 

 

 

2022 11 15 128/ШШ2022/0850

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н Ш****** ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Л****** ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.О******** ,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М******** ,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д********* нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2***** дугаартай дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дугаар шийдвэрийн Н Ш****** ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Л****** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О******** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******** , С.Д********* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 8** дугаар шийдвэрээр Архангай аймгийн Ц***** сумын Г*** ийн аманд байрлах 114 гектар талбай бүхий MV-00**** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Н Ш****** ХХК-д шилжүүлж шийдвэрлэсэн байна.

1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2***** дугаартай дүгнэлтээр ...MV00**** дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухай компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв гэжээ.

1.3. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дугаар шийдвэрээр ..Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь ..... 2***** дугаар дүгнэлтээр тогтоогдож байх тул ашигт малтмалын MV-00**** дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсугай гэжээ.

1.4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 43** дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2***** дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4** дүгээр шийдвэрийн Н Ш****** ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4** дүгээр тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 43** дугаар захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н Ш****** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Л****** гийн гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэн.

1.6. Н Ш****** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2***** дугаартай дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

1.7. Н Ш****** ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дугаар шийдвэрийн Н Ш****** ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Н Ш****** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Л****** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Н Ш****** " ХХК нь Архангай аймгийн Ц***** сумын нутагт орших "Г*** ийн ам" нэртэй, MV-00**** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. "Н Ш****** " ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр "Алтан дорнод Монгол" ХХК-иас MV-00**** тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээг хийсэн бөгөөд, шилжүүлэгч талын татварын асуудлаас болоод хойшлогдсоор байсан ч "Г*** ийн ам" нэртэй 114,46 гектар талбай бүхий MV-00**** тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг ТR-00**** дугаарт бүртгэн хянаж үзээд ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2. 49.6.1-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  8** дүгээр шийдвэрээр "Н Ш****** " ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн болно. Харин нэхэмжлэгчийн MV-00**** тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 4** дүгээр шийдвэрээр цуцалсан байх бөгөөд тухайн шийдвэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2***** дугаартай дүгнэлтэд үндэслэн гаргасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 "иргэн, хуулийн этгээдийн хариу эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" бол захиргааны акт хууль бус байхаар мөн заасан. Тухайн тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай 209/05 дугаартай дүгнэлтийг гаргах хуульд заасан үндэслэл буюу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар дүгнэлт гаргах нөхцөл бүрдээгүй байхад буюу нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаагаа явуулаагүй, байгаль орчныг бохирдуулсан хортой нөлөө үзүүлсэн асуудал байхгүй, орон нутгийн байгууллагаас ирүүлсэн санал нь нөхөн сэргээх болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй холбоогүй байхад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар байгаль орчинд хортой нөлөө учруулсан, байгалийн баялгийг бохирдуулсан, муутгасан, гэмтээж сүйтгэсэн, мөн сөнөөж мөхөөх үйлдэл эс үйлдэхүй бодитоор бий болсон буюу эдгээр нөхцөл байдал бий болсны улмаас байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа гэсэн хуулийн заалтыг үндэслэж дүгнэлт гаргасан манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт болсон. Тодруулбал,

Байгаль орчны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д "...байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх-ээр, 27 дугаар зүйлийн 1.10-т ... /улсын байцаагч/ хууль тогтоомж, технологийн зөрчил гаргаж байгаль орчинд хохирол учруулсан аж ахуйн нэгж, байгууллагын лиценз, зөвшөөрөл, ... эрхийг хүчингүй болгуулах, үйл ажиллагааг түр болон бүрмөсөн зогсоох саналаа тухайн эрх олгосон байгууллагад тавьж шийдвэрлүүлэх-ээр тус тус зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөө үзүүлсэн нь мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчаас зохих журмын дагуу явуулсан хяналт, шалгалтаар тогтоогдсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан "дүгнэлт" гаргах үндэслэл болохоор байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж тус тус заасныг баримтлан дүгнэлт гаргах ёстой байсан ч хуульд заасан ажиллагааг огт хийлгүйгээр Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгийн дагуу тухайн өдөртөө нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар дүгнэлт гаргасан нь анхнаасаа үндэслэлгүй илт хууль бус болох нь тодорхой байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 201905 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О******** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг аваад үзэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан. Гэтэл манайх үйл ажиллагаа явуулаагүй. Хор нөлөө үзүүлэх байтугай үйл ажиллагаа явуулж амжаагүй байхад цуцалсан. Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дах заалтыг үндэслэх үндэслэл байхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэсэн заалт байгаа. Сонсох ажиллагаа хийх нь нийтийн ашиг сонирхолд яаж нөлөөлөх нь тодорхойгүй байна. 05 дугаар дүгнэлтийн тухайд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1 гэсэн заалтыг баримталсан. Энэ заалтууд нь бодит байдал дээр хэрэгжих болон хэрэгжээгүй зүйл заалтууд байгаа. Хуулийн үндэслэл бүрдээгүй байхад акт гаргасан. Иймд хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байгаа. Илт хууль бус захиргааны актын тухайд хууль зүйн үндэслэл нь бодит байдал дээр тогтоогдоогүй байгаа. Ашигт малтмал газрын тосны газраас хуульд заасан 7 үндэслэл тогтоогдоогүй байна гэсэн. Илт хууль бус захиргааны актад 7 үндэслэл тогтоогдсон байх шаардлага байхгүй. Хариуцагчаас байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гээд манай тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдэг. Нотлох баримтын тухайд шүүхээс баримт шаардахад ямар ч үндэслэл бүхий баримтууд өгөөгүй. Үндэслэл бүхий тайлбар гаргаж чадаагүй. Засаг даргын санал дээр нэхэмжлэгч компани нь байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байгаа тул цуцална уу гэсэн санал хүргүүлсэн байдаг. Яам болохоор үзүүлэх эрсдэлтэй гэж үзээд цуцалсан. Бодит байдал дээр үзүүлэх эрсдэл ч байхгүй, үзүүлж байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус шүүхэд "Н Ш****** " ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2***** дугаар дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2***** дугаар "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт"-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, "Санал хүргүүлэх тухай" Архангай аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 02/975 тоот албан бичгийг тус тус үндэслэн "Н Ш****** " ХХК-ийн эзэмшдэг MV-00**** тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

"Санал хүргүүлэх тухай" Архангай аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 02/975 тоот албан бичгээр MV-00**** дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Н Ш****** " ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа нь эрсдэлтэй байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэж уламжилсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах, 56.1 Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална: 56.1.5 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан; гэж заасны дагуу хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2***** дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх дүгнэлтээ гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1 мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэл болгосон. Мөн Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 915 дугаар албан бичгийг үндэслэж тусгай зөвшөөрлийг цуцалж ашигт малтмалын газар луу албан бичиг явуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль орчныг хамгаалах, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх гэж хуульд тодорхой заагаад өгсөн. Нэхэмжлэгч компанийн ашиглаж байгаа газрын тухайд нэлээн олон лицензтэй газар байгаа. Өргөдөл, гомдол удаа дараа ирдэг. Байгаль орчны яамнаас ажлын хэсэг гараад Архангай аймгийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар нэлээн хэдэн аж ахуйн нэгж албан бичиг хүргүүлсэн. Илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нийцэхгүй байна. Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар захиргааны байгууллагаас цуцлах дүгнэлт ирсэн бол дүгнэлт гаргах нь хууль зүйн үндэслэлтэй байгаа. Иймд дээрх дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Сонсох ажиллагааны тухайд Захиргааны ерөнхий хуулийн 28 дах заалтыг барьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д********* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

Н Ш****** " ХХК-ийн "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дүгээр шийдвэрийн "Н Ш****** " ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. Архангай аймгийн Ц***** сумын нутагт орших "Г*** ийн ам" нэртэй 114.46 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ-00**** дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага анх 2002 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгожээ. Ашигт малтмалын ашиглалтын МВ-00**** дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч "Н Ш****** " ХХК-ийн талаар орон нутгаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаартай албан бичгийг төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн байна. Уг албан бичигт "Архангай аймгийн Ц***** сумын нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын ашиглалтын МВ-00**** дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч "Н Ш****** " ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь хэсэгт заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т заасны дагуу холбогдох дүгнэлт гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү" гэж дурджээ. Байгаль орчин, Аялал жуулчлалын яам 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2***** дугаар бүхий дүгнэлтийг гаргасан байна.

Хоёр. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2***** дугаар бүхий "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" дүгнэлтийг манай байгууллагад ирүүлжээ. Уг дүгнэлтэд "Н Ш****** " ХХК-ийн эзэмшдэг MB-00**** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв" гэсэн байна

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан. Дээрх хуулийн заалтыг үндэслэн манай байгууллагын Кадастрын хэлтсийн /тухайн үеийн нэрээр/ даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дугаар шийдвэр гарсан.

Гурав. Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т "нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол", мөн 28.1.2-т "гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол" сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан.

Дөрөв. Тус компани нь дээрх тусгай зөвшөөрлийг манай байгууллагын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дугаар шийдвэрээр цуцалсантай холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлжээ.

Тав. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт ямар тохиолдолд илт хууль бус болох талаар нарийвчлан зохицуулсан. Энэ зохицуулалтын нэг ч заалтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дүгээр шийдвэр зөрчөөгүй байна. Иймд "Н Ш****** " ХХК-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж заасан. Хуульд заасан үндэслэл байсан гэдэг нь өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан. Тухайн үед эдгээр компаниуд байгаль орчинд хортой нөлөө үзүүлж байна гээд саналаа ирүүлсэн. Ингээд Засаг даргын саналыг үндэслэж тухайн үеийн байгаль орчны яам үйл ажиллагаа явуулаагүй байсан мөртлөө нисдэг тэрэг хөлслөөд газар дээр нь очоод Ц***** ийн сумаар яваад тухайн нутгийн хүмүүс дагаж яваад хортой нөлөөлж болзошгүй гэсэн. Яагаад гэвэл тэнд голын ай сав газар байгаа. Хажууд нь маш их мод байдаг. Модтой устай газар байгаа мөн малын бэлчээр байхгүй болж, голын горьдлогод нөлөөлж байгаль орчин нөхөн сэргээдэхгүй гээд тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дах үндэслэл тогтоогдохгүй гэдэг үндэслэл байхгүй. Яам хортой нөлөөлж байгаа талаар дүгнэлтээ гаргасан бөгөөд байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсвэл төлөвлөөгөө биелүүлээгүй гэдэг хоёр л зохицуулалт байгаа. Иймд илт хууль бус байх ямар ч үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Н Ш****** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2***** дугаартай дүгнэлт, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дугаар шийдвэрийн Н Ш****** ХХК-д холбогдох хэсгийг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

- ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд огт үйл ажиллагаа явуулж байгаагүй, дүгнэлт гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад илт хууль бус дүгнэлт гаргаж, улмаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг бүрдүүлсэн,

- уг актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй гэх агуулгаар тайлбарлан маргасан.

1.1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 43** дугаар захирамжаар Н Ш****** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс/хуучин нэрээр/-т холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2***** дугаартай дүгнэлт, Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дугаар шийдвэрийн Н Ш****** ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй.

1.2. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Н Ш****** ХХК нь дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах хугацаагаа сэргээлгэх талаарх хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй тухайдаа мөн маргаагүй.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Н Ш****** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/-г байгаль орчин хортой нөлөөлөх гэж тодорхойлсон байх ба 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын байгаль орчныг хамгаалах талаарх бүрэн эрхэд хамаарахаар заажээ.

4. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан байна.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл болгож буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь "иргэн, хуулийн этгээдийн хариу эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн заалт нь хариуцагч захиргааны байгууллагуудаас, тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Байгаль орчинд хортой нөлөөлж байгаа талаарх дүгнэлт гаргах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах эрх хэмжээг тус тус хуулиар олгогдоогүй нөхцөлд хамаарна.

6. Харин маргааны тохиолдолд дүгнэлт гаргах эрх хэмжээ нь хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яаманд, тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээ нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох хуулиар олгогдсон байх тул нэхэмжлэгч талын ... шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагчаас зохих журмын дагуу явуулсан хяналт, шалгалтаар тогтоогдсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан "дүгнэлт" гаргах үндэслэл болохоор байгаа хэмээн тайлбарлан маргасан ба Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01**** тоот албан бичигт Архангай аймгийн Ц***** сумын Орхон багийн нутаг Г*** ийн ам гэх газар ашигт малтмалын ашиглалтын MV-00**** тоот тусгай зөвшөөрөл эзэмшиж буй Н Ш****** ХХК нь тусгай зөвшөөрөлтэй талбай дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй, Н Ш****** ХХК-ийн үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой иргэд, байгууллагаас гомдол хүсэлт ирээгүй, шалгалт хийгдэж байгаагүй... гэсэн байх боловч хариуцагч нь холбогдох дүгнэлтийг гаргахдаа хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүй нь уг дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохоос бус дүгнэлт гаргах хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээг хязгаарлах үндэслэл болохгүй.

8. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11***** тоот албан бичигт ... Н Ш****** ХХК-ийн эзэмшиж байсан MV-00**** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 48.6 дугаар зүйлд заасны дагуу уулын ажлын төлөвлөгөө, тайланг манай газарт ирүүлж байгаагүй... гэсэн, нэхэмжлэгч талаас ашиглалтын үйл ажиллагаа эрхлээгүй гэж тайлбарласан нь мөн л хариуцагч захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх нөхцөл болохоос бус захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл биш юм.

9. Харин ч маргааны тохиолдолд 2***** дугаартай дүгнэлт болон 4** дугаартай шийдвэрийг тус тус бодит байдалд хэрэгжүүлэх боломжтой байна.

10. Хариуцагч захиргааны байгууллагуудаас холбогдох дүгнэлт болон шийдвэрийг гаргахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд урьдчилан мэдэгдэж, сонсох ажиллагаа хийсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч энэ нь уг шийдвэрүүдийг гаргах хариуцагч нарын эрх хэмжээг үгүйсгэх үндэслэл биш тул нэхэмжлэгч нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2***** дугаартай дүгнэлт болон Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дугаар шийдвэрийн Н Ш****** ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Байгаль орчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н Ш****** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2***** дугаартай дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4** дугаар шийдвэрийн Н Ш****** ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ