Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2023/0079

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Н”  ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0850 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч О.Оюунгэрэл,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа,

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Н”  ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э..,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Х...

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д...

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У..,

 

Хэргийн индекс: 128/2022/0572/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0850 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Байгаль орчны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н”  ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/05 дугаартай дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 419 дугаар шийдвэрийн “Н”  ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Л... дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан ...” гэж заасан.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/05 дугаартай дүгнэлт, ... Ашигт малтмалын шийдвэрийг бичихийг тус тус Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан. Нутгийн захиргааны саналд хэний хэдний ямар өдрийн албан бичигт “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлүүдийг дурдаагүй, дурдагдаагүй буюу хуульд зааснаар дүгнэлт гаргах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад Байгаль орчин аялал жуулчлалын яам нь 2019/05 дугаартай цуцлах дүгнэлт гаргасан.

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа огт явуулаагүй байхад байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй гэж гаргасан дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх илт хууль бус болох үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Байгаль орчныг хамгаалах хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Тухайн орон нутагт байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулж болно” гэж зааснаар “Н”  ХХК-ийн байгаль орчинд хортой нөлөөлж нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндсөн эсэх, явуулах ямар үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөх, байгаль орчинд хортой нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх, уг үнэлгээгээр хортой нөлөөлж болзошгүй талаар шалгаж тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад дээрх Засаг даргын саналд үндэслэн тухайн өдөрт нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасныг баримтлан “байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй ” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Кадастрын хэлтэст хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0850 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “Н”  ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/05 дугаартай дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 419 дугаар шийдвэрийн” Н” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, “...дүгнэлт гаргах эрх хэмжээ нь хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын яаманд, тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээ нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тус тус холбогдох хуулиар олгогдсон байх тул нэхэмжлэгч талын ... шийдвэрүүдийг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Н”  ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/05 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 419 дугаар шийдвэрийн “Н”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2022/4367 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийддэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “...хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн...” гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 474 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.

5. Үүнээс үзвэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолоор “маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байхад “Н” ХХК-аас дахин уг асуудлаар маргаж, тухайн актуудыг “илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас шүүх татгалзахаар заасныг анхан шатны шүүх зөрчсөн байна.

6. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэг захиргааны актыг “хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байхад дахин тухайн актыг “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасан “хугацаа үл хамаарах” төрлөөр дахин шаардлага гаргасныг шинээр гаргасан нэхэмжлэл гэж үзэх үндэслэлгүй, уг заалт нь ийм боломж олгосон зохицуулалт биш юм.

7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0850 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/05 дугаартай дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 419 дугаар шийдвэрийн” Н” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий “Н”  ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн                  давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

              ШҮҮГЧ                                                              Т.ЭНХМАА

 ШҮҮГЧ                                                              С.МӨНХЖАРГАЛ