Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/02373

 

 

 

 

 

 

 

 

2020 06 30

101/ШШ2020/02373

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Харагчууд овогт Х.У /РД:0/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Боржигон овогт Д.Ц /РД:0/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: 0 тоотод оршин суух, Боржигон овогт Г.Э /РД:0/,

 

2013 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Х.Уийг орон сууцнаас албадан гаргуулж, чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, хариуцагч Д.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-Э, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Э, гэрч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Цтай 10,000,000 төгрөгийн үнэ бүхий Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Миний аав Б.Х нь "С С" ХХК-ийг төлөөлж Худалдаа хөгжлийн банкаас 350,000,000 төгрөгийн зээлийг 2008 оны 05 сарын 23-ны өдөр авсан. Уг зээлээ аав Б.Х нь 2011-2012 онуудад төлж чадахгүйд хүрсэн. Ингээд зээлийн батлан даагч иргэн Д.Ц нь түүний өмнөөс 2013 оны 4 сард 371,634,432 төгрөгийг төлж барагдуулсан.

Гэвч Д.Ц нь "С С" ХХК-иас 371,634,432 төгрөгтөө 340,030,000 төгрөгийн үнэ бүхий С С ХХК-ийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд болох газар эзэмших эрх, услалтын систем, техник тоног төхөөрөмжүүд, 368,000,000 төгрөгийн үнэ бүхий төмс, мөн хүү Х.Баянмөнхийн өмчлөлд байх Сонгинохайрхан дүүрэгт байрлах 3 өрөө орон сууц, эхнэр Д.О охин Х.Аа нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэгт байрлах 3 өрөө орон сууц, мөн миний өмчлөлд байх 0 тоотод байрлах 54 м.кв, 2 өрөө орон сууцуудыг тус бүр нь 10 000 000 төгрөгөөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь аав Б.Хын Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн гэрээний барьцаанд байсан юм. Мөн уг зээлийн барьцаанд Д.Цгийн өмчлөлийн 363 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүний нөхөр Ч.Бгийн өмчлөлийн 2 өрөө орон сууц тус тус батлан даалтын гэрээгээр барьцаалагдсан байсан.

Д.Ц нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа ...би таны өмнөөс өрийг чинь төлж барагдууллаа, өрөө төлөх хүртэл банкны зээлийн барьцаа, батлан даалтад тавьж байсан бүх эд хөрөнгө болон С С ХХК-ийн бусад эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг бидний нэр дээр шилжүүлчих, С С ХХК-ийн бүх хөрөнгийг үнэлгээ хийж зарна, бид өөрсдийн өрийг барагдуулаад илүү гарсан хөрөнгийг тань буцааж өгнө, та санаа зоволтгүй, таны хүүхдүүд орон сууцандаа тайван амьдарч байж болно, биднийг уг орон сууцуудыг зарчихна гэж санаа зовох хэрэггүй, бид зарахгүй ээ гэж хэлсэн.

Ийнхүү Д.Ц нь Худалдаа хөгжлийн банкны өр төлбөрт 371,634,432 төлсөн боловч биднээс 1,553,030,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг авсан атлаа миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 39А байрны 26 тоотод байрлах 54 м.кв, 2 өрөө орон сууцыг авсан нь үндэслэлгүй байна. Миний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг С С ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, гүйцэтгүүлсэн нь буруу юм.

Хариуцагч Д.Ц нь маргаан бүхий 0 өрөө орон сууцыг зээлийн гэрээний барьцаанд авсан атлаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар өөрийн өмчлөлдөө авч, дараа нь өөр этгээдэд худалдан борлуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг тус тус зөрчиж байна.

Д.Цг миний өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан болохыг 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсаны дараа буюу 2013 оны 5 сарын 15-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ түүний нэр дээр гарах үед мэдсэн.

Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан этгээд нь Б.Х ба түүний төлөх өр төлбөрийг Д.Ц хэдийгээр барагдуулсан боловч тэрээр миний өмчлөлийн орон сууцыг өөрийн өмчлөлд авах эрхгүй. Анхнаасаа орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориг агуулагдаагүй байсан. 10,000,000 төгрөгийн үнэтэй орон сууц гэж хаана ч байхгүй. Д.Ц нь орон сууцны үнэ 10,000,000 төгрөг төлсөн болохоо баримтаар нотлоогүй, дүр үзүүлж уг гэрээг байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн татварыг Д.Ц төлсөн. Гэтэл хуулиараа худалдагч төлөх үүрэгтэй. Үнэхээр энэ гэрээг байгуулсан бол татварыг Х.У төлөх байсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээ байгуулах байсан. Одоог хүртэл уг орон сууцанд Х.У амьдарч, ашиглалтын зардлын хөлсийг төлсөөр байгаа. Орон сууцыг худалдан авсан гэх Д.Ц, Ж.А, Д.О, Г.Э нар орон сууцанд орж үзээгүй. Үнэхээр худалдан авсан бол хүн авах гэж байгаа орон сууцаа үзэж, шалгаж авах байсан.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т тус тус зааснаар 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж уг орон сууцны өмчлөгчөөр Х.Уийг тогтоож өгнө үү.

Гуравдагч этгээдээс гаргасан орон сууц чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага нь үндэслэлгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие, нөхөр Ч.Бгийн хамт иргэн Б.Хын Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн өр төлбөрийг төлж барагдуулсан. Тухайн үед банкны зээлийн барьцаанд тавьсан байсан Х.Уийн өмчлөлийн 0 м.кв, 2 өрөө орон сууцыг Б.Хын өр төлбөрт тооцож авсан. Уг орон сууцыг Х.У нь банкны зээлийн барьцаанд барьцаалахыг хүлээн зөвшөөрсөн байсан. Түүний аав Б.Х өр төлбөрөө төлж чадахгүйд хүрч, би өмнөөс нь өрийг нь төлсөн. Ингээд надад Б.Х нь өр төлбөртэй үлдсэн ба үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож надад охин Х.Уийнхээ өмчлөлийн орон сууцыг барьцаалахаар тохиролцсон юм.

2019 оны 02 сарын 20-ны өдөр бидний хооронд үүссэн өмнөх авлагын маргасан асуудлаар Б.Хтай эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Эвлэрлийн гэрээний дагуу өр авлагыг тооцож үзэхэд Б.Х нь 155,000,000 төгрөгийн өглөгтэй, үлдсэнийг нь хүлээн зөвшөөрч 2019 оны 03 сардаа багтааж дуусгахаар тохиролцсон. Иргэн Б.Х нь 2019 оны 05 сарын сүүлээр 155,000,000 төгрөгнөөс 25,000,000 төгрөг барагдуулаад байна. Иймд эвлэрлийн гэрээний дагуу 155,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй бол эвлэрлийн гэрээний 4-т заасны дагуу дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд үл маргах журмаар Х.Уийн байрыг борлуулсан болно.

Тухайн үед барьцааны гэрээ гэж байгуулдаг талаар мэдэхгүй байсан тул худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Надад төлөх өр төлбөрөө Б.Х нь төлөхгүй байсан тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Х.Уийн өмчлөлийн 0 тоотод байрлах 54 м.кв, 2 өрөө орон сууцыг С.Үад худалдах эрхтэй итгэмжлэл өгсөн. Би С.Үад 70,000,000 төгрөгийн өртэй байсан. Уг өрөндөө тооцож дээрх орон сууцыг өгсөн. Би С.Үад орон сууцыг худалдан борлуулах эрхтэй итгэмжлэлийг л өгсөн. Цаашаа хэн гэдэг ямар хүнд худалдсан талаар огт мэдэхгүй. Сүүлд энэ маргаан гарах үед орон сууцыг цаашаа өөр хүмүүс дамжуулан худалдан авсан талаар мэдсэн. Б.Х нь зээл авахад зээлийн барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гэж намайг гуйж эд хөрөнгийг маань зээлийн барьцаанд барьцаалчихаад, сүүлдээ зээлээ төлж чадахгүй болж би өмнөөс нь зээлийг нь төлж тусалсаныхаа төлөө өнөөдөр би ингээд шүүхэд дуудагдаад байж байна.

Мэдээгүй байхад орон сууцны өмчлөх эрхийг өөр этгээд рүү шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анх уг орон сууцыг 2008 оны 5 сарын 23-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд барьцаалж, зээлээ төлж чадахгүй бол уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах талаар Х.У нь сайн мэдэж байсан. Б.Х нь Д.Цтай эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр өр төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд Х.Уийн орон сууцыг үл маргах журмаар гаргуулахаар тохиролцсон. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар ямар эрх зүйн хамгаалалт хүсээд байгаа нь тодорхойгүй. Гэрээний үүрэгтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хэлцлийн үр дагаврыг яаж арилгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Одоо уг орон сууцны өмчлөгч нь Г.Э байгаа тул нэхэмжлэгч Х.У нь уг орон сууцтай холбоотой шаардлага гаргах эрхгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад тухайлан гаргах тайлбар байхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Э шүүхэд гаргасан тайлбар болон шаардлагадаа:

Миний бие 2018 онд П.Оаас 0 тоотод байрлах орон сууцыг худалдаж авсан. П.О нь надаас 200,000,000 төгрөг зээлж, зээлээ төлж чадаагүй тул өр төлбөрт тооцуулан дээрх 2 өрөө орон сууцыг надад өгсөн. Гэтэл уг орон сууцанд П.О нь амьдардаггүй, Х.У амьдардаг болох нь худалдан авсаны дараа мэдсэн. Би анх орон сууц чөлөөлүүлэхээр П.От холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Х.Уийг амьдардаг болохыг мэдсэн. Ингээд судалж явсаар Б.Х гэх хүн Д.Цд өртэй байгаад уг өрөндөө дээрх орон сууцыг Д.Цд өгсөн болохыг мэдсэн. Д.Ц нь цаашаа Ану гэх хүнд, А нь О, О нь надад худалдсан байсан. Х.У нь өөрийн хүсэлтээр аавынхаа зээлсэн Худалдаа хөгжлийн банкны зээлэнд барьцаанд тавьсан байсан. Энэ маргаан үүсч, асуудал гарч ирэх үед судалж явсаар Б.Хтай очиж уулзахад ...миний охины байр байгаа юм, би өөрийн зээлийн төлбөрт барьцаалснаас ийм асуудал үүсчихлээ. Би байрны мөнгийг чамд өгье, охиноо гудамд гаргамааргүй байна гэсэн. Би ийм маргаантай, хэл амтай орон сууцыг цаашид авах сонирхолгүй болсон тул үнэхээр надад байрны мөнгийг өгөх юм бол би өмчлөх эрхийг нь буцаан өгөхөд татгалзахгүй гэсэн. Ингээд 70,000,000 төгрөгөөр тохиролцсон боловч надад 20,000,000 төгрөг өгч, үлдэх төлбөрөө төлөөгүй. Иймд би орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй. Би одоо уг орон сууцны хууль ёсны өмчлөгч атлаа өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй, Х.У нь уг орон сууцанд амьдарсаар байна. Иймд Х.Уийг орон сууцнаас албадан гаргуулж, чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Х.У нь хариуцагч Д.Цд холбогдуулан 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39а байр, 16 тоотод байрлах 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Г.Эгаас нэхэмжлэгч Х.Ут холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулж, чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч үгүйсгэсэн.

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.У нь 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Д.Цтай орон сууц худалдах, худалдах авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Х.У нь 0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч Д.Ц нь орон сууцны үнэд 10,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-ийн 82 дугаар тал/

 

Дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж буй үндэслэлээ нэхэмжлэгч тайлбарлахдаа ...эцэг Б.Хын Худалдаа хөгжлийн банкинд төлөх зээлийн төлбөрийг Д.Ц нь төлж барагдуулсан. Эцэг Б.Х нь Д.Цд өртэй үлдсэн ба уг зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцыг барьцаалсан гэж тайлбарлаж, Иргэний хуулийн 156 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж байгаа тохиолдолд уг гэрээг бичгээр байгуулж, түүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар тусгайлан заасан зохицуулалтыг зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь заалтад тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, уг хэлцлийн үр дагаврыг арилгаж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж шаардсан.

 

Талууд Худалдаа хөгжлийн банк ХХК-иас С С ХХК нь 350,000,000 төгрөг зээлж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэр бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаа, батлан даалтын гэрээгээр тус тус хангахаар тохиролцсон. Б.Х нь С С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ба түүний Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлөх зээлийн төлбөрийг Д.Ц төлж барагдуулсан үйл баримтад хэн аль нь маргаагүй ба эдгээр үйл баримтыг агуулсан бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан. /1-р хх-ийн 8-28, 231-232 дугаар тал/

 

Хариуцагч Д.Ц нь Б.Хын өмнөөс Худалдаа хөгжлийн банк ХХК-д зээлийн гэрээний үүргийг төлсөнтэй холбоотойгоор талууд өмнө уг банкинд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг Д.Цд төлөх өр төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалахаар тохиролцож, үүний дотор талуудын маргааны зүйл болох 0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц багтсан байна. Талууд мөн уг үйл баримтад маргаагүй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Хуулийн уг зохицуулалт нь аливаа хуулийн хориглох хэм хэмжээ зөрчсөн буюу хуулиар зөвшөөрөгдөөгүй хэм хэмжээг зөрчсөн байхыг шаарддаг. Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн хориглох хэм хэмжээ зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь гэрээнд тавих хэлбэрийн шаардлага ба хориглосон хэм хэмжээ биш болно.

 

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтад өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн бол хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан. Энэ нь хэлцэл хийгч тал ямар нэг эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй, хэлцлийн ямарваа нэг үр дагаврыг бий болгох зорилгогүй байдаг. Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Х.У нь өөрийн өмчлөлийн орон сууцыг эцэг Б.Хын авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хангуулахаар Д.Цд барьцаалах зорилготой байсан болох нь тогтоогдсон тул түүнийг хэлцэл байгуулж, ямар нэг эрх, үүрэг хүлээх сонирхолгүй байсан гэж үзэхгүй. Барьцааны гэрээний талууд нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3 дахь заалтад тус тус зааснаар талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж тодорхойлсон нь үндэслэлгүй.

 

Маргааны зүйл болох орон сууцыг Д.Ц нь 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн өмчлөлд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн авч, Б.Хыг зээлийн төлбөрөө төлөөгүй үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ж.Ануд 20,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, Ж.Ану нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгөөр Д.О-т, 2018 оны 08 сарын 03-ны өдөр Д.О нь 30,000,000 төгрөгөөр Г.Эд худалдаж, одоо уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Э бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 66-118 дугаар тал/

 

Дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд зохигчид орон сууцыг худалдах, худалдан авах зорилгоор бус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байжээ. Иймээс худалдах худалдан авах гэрээнээс үүсэх үр дагавар буюу орон сууцны өмчлөх эрхийг зээлдүүлэгч Д.Цгийн нэр дээр шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байна.

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийхийг хуулиар зөвшөөрөөгүй, энэ нь үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчвөл түүний гүйцэтгэвэл зохих үүрэгт үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийг шууд шилжүүлэн авах боломжгүй байдагтай холбоотой. Иймээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ гэж үзэх боломжгүй.

Нөгөө талаар зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр барьцааны эрх үүссэн буюу орон сууцыг  барьцааны зүйл болгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Зохигчид худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх боловч барьцаа нь үүрэг гүйцэтгэгч үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж үнээс шаардлагаа хангуулах эрх бөгөөд уг эрх нь талуудын хооронд хуульд заасан журмаар буюу Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулагдсан нөхцөлд хэрэгжих боломжтой.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Гэвч нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Д.Цд шилжсэн болохыг мэдсэн гэх тайлбарыг гаргасан. Түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрх өөр этгээдэд шилжсэн болохоо мэдсээр атлаа тухайн үедээ түүнтэй холбоотой шаардлага гаргаж, эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч Х.У нь 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ орон сууцны өмчлөх эрх Д.Цд шилжиж байгааг мэдсэн гэх атлаа бодитоор өөр этгээд орон сууц авсан гэж бодоогүй, барьцааны гэрээний үүрэгт байгаа гэж бодсоор ирсэн гэх тайлбар нь үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар аливаа эрх зүйн чадвар, чадамжтай иргэн бусадтай эрх зүйн харилцаанд орохдоо түүнээс гарах үр дагаврыг мэдэхгүй гэх үндэслэлгүй.

Түүнчлэн маргааны зүйл болох орон сууц нь хэд хэдэн этгээдийн өмчлөлд дамжин худалдан борлуулах замаар шилжсэн, одоо иргэн Г.Эы өмчлөлд бүртгэлтэй байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт тус тус зааснаар шаардах эрх нь нээлттэй болно.

Нэхэмжлэгч Х.У нь 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш орон сууцанд бодитоор оршин сууж, ашиглалтын зардлыг төлж байсан нь түүнийг маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр сэргээн тогтоох үндэслэл болохгүй.

Гуравдагч этгээд Г.Э нь 2018 оны 08 сарын 03-ны өдөр Д.О-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгөөр маргааны зүйл болох орон сууцыг худалдан авч, өмчлөгчөөр тус өдөр бүртгэгджээ. /1-р хх-ийн 99-100 дугаар тал/

Тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтад зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Г.Э нь Д.О-ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар тус тус олж авсан, хууль ёсны өмчлөгч байна.

Маргааны зүйл болох орон сууцыг Г.Э нь өөр этгээд болох Х.Уийн өмчлөлийн орон сууц байсан болохыг мэдэх боломжгүй байсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.

Харин Х.Уийн хувьд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах эрхээ алдсан байна.

Иймд орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Г.Э учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах, мөн хуулийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж Х.Уийг орон сууцнаас албадан гаргаж, орон сууцыг чөлөөлж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гуравдагч этгээд Г.Э нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, төлбөр барагдуулсан баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтээ дэмжээгүй, дээрх хүсэлтүүдээсээ тус тус татгалзсан болно. /1-р хх-ийн 41-42 дугаар тал/

Мөн шүүх хуралдаанд зохигчдоос шинээр гаргаж өгсөн нотлох баримттай /нэхэмжлэгчээс 3 хуудас, хариуцагчаас 4 хуудас/ талууд танилцаж, түүнтэй холбоотой тусгайлан хугацаа авч танилцах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, татгалзан гаргах эрхийг тайлбарлахад шүүх хуралдаан даргалагчаас татгалзахгүй болохоо мэдэгдсэн. Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа шүүх хуралдаан даргалагчаас татгалзах хүсэлт гаргасныг татгалзлын шатанд уг хүсэлтээ гаргаагүй тул шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж хэргийг хэлэлцүүлсэн болохыг дурдаж байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч Д.Цд холбогдох 2013 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Х.Уийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 0 өрөө орон сууцнаас Х.Уийг албадан гаргаж, уг орон сууцыг чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Уээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд Г.Эд олгосугай.

 

4.Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2019/15336 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ