Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 01807

 

 

 

 

 

 

 

 

 

Х.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02373 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.У-ийн хариуцагч Д.Ц-д холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

 

Х.У ийг орон сууцнаас албадан гаргуулж, чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Х.У,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Ц-тай 10 000 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Б.Х нь "Сэлэнгэ Стандарт" ХХК-ийг төлөөлж Худалдаа хөгжлийн банкаас 350 000 000 төгрөгийн зээлийг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр авсан. Уг зээлээ Б.Х нь 2011-2012 онуудад төлөөгүй. Ингээд зээлийн батлан даагч иргэн Д.Ц нь түүний өмнөөс 2013 оны 4 дүгээр сард 371 634 432 төгрөгийг төлж барагдуулсан. Гэвч Д.Ц нь "Сэлэнгэ Стандарт" ХХК-иас 371 634 432 төгрөгтөө 340 030 000 төгрөгийн үнэ бүхий “Сэлэнгэ Стандарт” ХХК-ийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд болох газар эзэмших эрх, услалтын систем, техник тоног төхөөрөмжүүд, 368 000 000 төгрөгийн үнэ бүхий төмс, мөн хүү Х.Б-ийн өмчлөлд байх Сонгинохайрхан дүүрэгт байрлах 3 өрөө орон сууц, эхнэр Д.Оюунбилэг, охин Х.Атартуяа нарын өмчлөлийн Сүхбаатар дүүрэгт байрлах 3 өрөө орон сууц, мөн миний өмчлөлд байх Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 39А байрны   тоотод байрлах 54 м.кв, 2 өрөө орон сууцуудыг тус бүр нь 10 000 000 төгрөгөөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь аав Б.Х-ын Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн гэрээний барьцаанд байсан юм. Мөн уг зээлийн барьцаанд Д.Ц ийн өмчлөлийн 363 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүний нөхөр Ч.Бямбаагийн өмчлөлийн 2 өрөө орон сууц тус тус батлан даалтын гэрээгээр барьцаалагдсан байсан. Д.Ц нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа ...би таны өмнөөс өрийг чинь төлж барагдууллаа, өрөө төлөх хүртэл эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлчих, “Сэлэнгэ Стандарт” ХХК-ийн бүх хөрөнгийг үнэлгээ хийж зарна, бид өөрсдийн өрийг барагдуулаад илүү гарсан хөрөнгийг тань буцааж өгнө, бид зарахгүй ээ гэж хэлсэн. Ийнхүү Д.Ц нь Худалдаа хөгжлийн банкны өр төлбөрт 371 634 432 төлсөн боловч биднээс 1 553 030 000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг авсан атлаа миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 39А байрны   тоотод байрлах 54 м.кв, 2 өрөө орон сууцыг авсан нь үндэслэлгүй байна. Миний өмчлөлийн 2 өрөө орон сууцыг “Сэлэнгэ Стандарт” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, гүйцэтгүүлсэн нь буруу юм. Хариуцагч Д.Ц нь маргаан бүхий Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 39А байрны   тоотод байрлах 54 м.кв, 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний барьцаанд авсан атлаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар өөрийн өмчлөлдөө авч, дараа нь өөр этгээдэд худалдан борлуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т заасныг тус тус зөрчиж байна.  Д.Ц г миний өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан болохыг 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсаны дараа буюу 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ түүний нэр дээр гарах үед мэдсэн. Худалдаа хөгжлийн банкнаас зээл авсан этгээд нь Б.Х ба түүний төлөх өр төлбөрийг Д.Ц хэдийгээр барагдуулсан боловч тэрээр миний өмчлөлийн орон сууцыг өөрийн өмчлөлд авах эрхгүй. Анхнаасаа орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориг агуулаагүй байсан. 10 000 000 төгрөгийн үнэтэй орон сууц гэж хаана ч байхгүй. Д.Ц нь орон сууцны үнэ 10 000 000 төгрөг төлсөн болохоо баримтаар нотлоогүй, дүр үзүүлж уг гэрээг байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн татварыг Д.Ц төлсөн. Гэтэл хуулиараа худалдагч төлөх үүрэгтэй. Үнэхээр энэ гэрээг байгуулсан бол татварыг Х.У төлөх байсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээ байгуулах байсан. Одоог хүртэл уг орон сууцанд Х.У амьдарч, ашиглалтын зардлын хөлсийг төлсөөр байгаа. Орон сууцыг худалдан авсан гэх  Д.Ц Ж.Ану, Д.О, Г.Э нар орон сууцанд орж үзээгүй. Үнэхээр худалдан авсан бол хүн авах гэж байгаа орон сууцаа үзэж, шалгаж авах байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-т тус тус зааснаар 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж уг орон сууцны өмчлөгчөөр Х.У ийг тогтоож өгнө үү. Гуравдагч этгээдээс гаргасан орон сууц чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага нь үндэслэлгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Иймд бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, нөхөр Ч.Бямбаагийн хамт иргэн Б.Х-ын Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн өр төлбөрийг төлж барагдуулсан. Тухайн үед банкны зээлийн барьцаанд тавьсан байсан Х.У-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 39А байрны   тоотод байрлах 54 м.кв, 2 өрөө орон сууцыг Б.Х-ын өр төлбөрт тооцож авсан. Уг орон сууцыг Х.У нь банкны зээлийн барьцаанд барьцаалахыг хүлээн зөвшөөрсөн байсан. Түүний аав Б.Х өр төлбөрөө төлж чадахгүйд хүрч, би өмнөөс нь өрийг нь төлсөн. Ингээд надад Б.Х нь өр төлбөртэй үлдсэн ба үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож надад охин Х.Уранчимэгийнхээ өмчлөлийн орон сууцыг барьцаалахаар тохиролцсон юм. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бидний хооронд үүссэн өмнөх авлагын маргасан асуудлаар Б.Хатанмагсартай эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Эвлэрлийн гэрээний дагуу өр авлагыг тооцож үзэхэд Б.Х нь 155 000 000 төгрөгийн өглөгтэй, үлдсэнийг нь хүлээн зөвшөөрч 2019 оны 3 дугаар сардаа багтааж дуусгахаар тохиролцсон. Иргэн Б.Х нь 2019 оны 5 дугаар сарын сүүлээр 155 000 000 төгрөгнөөс 25 000 000 төгрөг барагдуулаад байна. Иймд эвлэрлийн гэрээний дагуу 155 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй бол эвлэрлийн гэрээний 4-т заасны дагуу дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд үл маргах журмаар Х.У-ийн байрыг борлуулсан болно. Тухайн үед барьцааны гэрээ гэж байгуулдаг талаар мэдэхгүй байсан тул худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Надад төлөх өр төлбөрөө Б.Х нь төлөхгүй байсан тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Х.У-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 39А байрны   тоотод байрлах 54 м.кв, 2 өрөө орон сууцыг С.Үүрцайхад худалдах эрхтэй итгэмжлэл өгсөн. Би С.Үүрцайхад 70,000,000 төгрөгийн өртэй байсан. Уг өрөндөө тооцож дээрх орон сууцыг өгсөн. Би С.Үүрцайхад орон сууцыг худалдан борлуулах эрхтэй итгэмжлэлийг л өгсөн. Цаашаа хэн гэдэг ямар хүнд худалдсан талаар огт мэдэхгүй. Сүүлд энэ маргаан гарах үед орон сууцыг цаашаа өөр хүмүүс дамжуулан худалдан авсан талаар мэдсэн. Б.Х нь зээл авахад зээлийн барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гэж намайг гуйж эд хөрөнгийг маань зээлийн барьцаанд барьцаалчихаад, сүүлдээ зээлээ төлж чадахгүй болж би өмнөөс нь зээлийг нь төлж тусалсаныхаа төлөө өнөөдөр би ингээд шүүхэд дуудагдаад байж байна. Мэдээгүй байхад орон сууцны өмчлөх эрхийг өөр этгээд рүү шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Анх уг орон сууцыг 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд барьцаалж, зээлээ төлж чадахгүй бол уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах талаар Х.У нь сайн мэдэж байсан. Б.Х нь Д.Ц-тай эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр өр төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд Х.У-ийн орон сууцыг үл маргах журмаар гаргуулахаар тохиролцсон. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар ямар эрх зүйн хамгаалалт хүсээд байгаа нь тодорхойгүй. Гэрээний үүрэгтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хэлцлийн үр дагаврыг яаж арилгуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Одоо уг орон сууцны өмчлөгч нь Г.Э байгаа тул нэхэмжлэгч Х.У нь уг орон сууцтай холбоотой шаардлага гаргах эрхгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   дугаар зүйлийн  .2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад тухайлан гаргах тайлбар байхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон тайлбартаа: 2018 онд П.О аас Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39а байр,   тоотод байрлах орон сууцыг худалдаж авсан. П.Оргилбаяр нь надаас 200 000 000 төгрөг зээлж, зээлээ төлж чадаагүй тул өр төлбөрт тооцуулан дээрх 2 өрөө орон сууцыг надад өгсөн. Гэтэл уг орон сууцанд П.Оргилбаяр нь амьдардаггүй, Х.У амьдардаг болох нь худалдан авсны дараа мэдсэн. Би анх орон сууц чөлөөлүүлэхээр П.Оргилбаярт холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Х.У ийг амьдардаг болохыг мэдсэн. Ингээд судалж явсаар Б.Х гэх хүн Д.Ц-д өртэй байгаад уг өрөндөө дээрх орон сууцыг Д.Ц-д өгсөн болохыг мэдсэн. Д.Ц нь цаашаа Ж.Ану гэх хүнд, Ж.Ану нь П.Оргилбаярт, П.Оргилбаяр нь надад худалдсан байсан. Х.У нь өөрийн хүсэлтээр аавынхаа зээлсэн Худалдаа хөгжлийн банкны зээлэнд барьцаанд тавьсан байсан. Энэ маргаан үүсч, асуудал гарч ирэх үед судалж явсаар Б.Хатанмагсартай очиж уулзахад ...миний охины байр байгаа юм, би өөрийн зээлийн төлбөрт барьцаалснаас ийм асуудал үүсчихлээ. Би байрны мөнгийг чамд өгье, охиноо гудамд гаргамааргүй байна гэсэн. Би ийм маргаантай, хэл амтай орон сууцыг цаашид авах сонирхолгүй болсон тул үнэхээр надад байрны мөнгийг өгөх юм бол би өмчлөх эрхийг нь буцаан өгөхөд татгалзахгүй гэсэн. Ингээд 70 000 000 төгрөгөөр тохиролцсон боловч надад 20 000 000 төгрөг өгч, үлдэх төлбөрөө төлөөгүй. Иймд би орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй. Би одоо уг орон сууцны хууль ёсны өмчлөгч атлаа өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй, Х.У нь уг орон сууцанд амьдарсаар байна. Иймд Х.У ийг орон сууцнаас албадан гаргуулж, чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч Д.Ц-д холбогдох 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39а байр,   тоотод байрлах 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Х.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39а байр,   тоотод байрлах 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас Х.У ийг албадан гаргаж, уг орон сууцыг чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч  Х.У ээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж гуравдагч этгээд Г.Энхтайванд олгож,

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2019/15336 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх бөгөөд энэ нь хүчин төгөлдөр бус гэрээ болохыг тогтоосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан үндэслэл нь анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгөө худалдах зорилгыг агуулаагүй, харин барьцаалах байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгыг агуулж байсныг тодорхой хэлсэн. Мөн хариуцагч Д.Ц үүнийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан, шүүгчийн асуултад хариулахдаа ч гэсэн хэлсэн байдаг. Гэтэл гуравдагч этгээд болох Г.Э нь шүүхэд гаргасан тайлбартаа “Би Д.Оргилбаярт мөнгө зээлсэн, зээлсэн мөнгөнийхөө барьцаанд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалж худалдах худалдан авах гэрээг хийсэн” гэдгээ тодорхой хэлдэг. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө Г.Энхтайванд ирэхдээ дээрх Х.Уранчимэг, Д.Ц нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцааласны адилаар Д.Оргилбаярын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа болгосон хөрөнгө юм. Анхан шатны шүүх нэг ижил үйл баримтыг харилцан адилгүй үнэлсэн нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Тодруулбал Х.У болон Д.Ц нарын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ Иргэний хуулийн 171.3 дахь хэсгийг үндэслэсэн атлаа Д.О болон Г.Э нарын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ. Хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагч талын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзэхэд  Х.У ээс Д.Ц д, Д.Ц аас Ж.Ануд, Ж.Анугаас Д.Оргилбаярт, Д.Оргилбаяраас Г.Энхтайванд өмчлөх эрхийг шилжүүлсэн худалдах худалдан авах гэрээ хэлцлүүд нь зөвхөн зээлийн гэрээний үүргийн гүйцэлийг хангах буюу барьцааны зориулалттай байсан байна. Тодруулбал хэргийн 1 дүгээр хавтасны 188 дугаар талд дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 70 000 000 төгрөгт дүйцүүлэн барьцаалсан, зээлээ буцаан төлсөн нөхцөлд эд хөрөнгийг буцаан шилжүүлэхээр тохиролцсон бичгийн хэлцэл байсаар байна. Энэ маргаан бүхий хэлцэлтэй хүсэл зориг, агуулга, хэлбэр гээд бүх талаараа ижил буюу нэг арга барилаар хийгдсэн гэж үзэж байна.

Мөн Д.О болон Г.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ нь цаг хугацааны хувьд нэг өдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр байна. Энэхүү 2 гэрээнд зааснаар 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зээлийг зээлдэгчид шилжүүлсэн гэх заалт байна. Нөгөө талаар манай улсад үл хөдлөх эд хөрөнгийн асуудал нийгэмд тулгарсан томоохон асуудал болсоор ирсэн. Одоо ч хэвээрээ байна. Гэтэл Г.Э нь үнэхээр амьдрах, түрээслэх, түүний үр ашгийг хүртэл зорилгоор байр худалдаж авсан бол яагаад тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн биеэр эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан үзэж, чанар байдал, эрхийн доголдлыг нь шалгалгүйгээр зөвхөн гаднаас нь хараад худалдах худалдан авах гэрээг хийсэн нь ихэд ойлгомжгүй байдаг. Иймээс Г.Э нь Д.Ц ийн нэгэн адил үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх тул мөн адил Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байтал анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу олж авсан гэдэг нь үндэслэлгүй байна. Шүүх “Д.О болон Г.Э нар нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг 30 сая төгрөгөөр байгуулж, орон сууцны өмчлөгчөөр бүртгэгджээ” гэж дүгнэсэн. Гэтэл гуравдагч этгээд нэхэмжлэгчийн аав болох Б.Хатанмагсартай уулзаад танай охины байрыг 70 сая төгрөгөөр авсан, та надад 70 сая төгрөг өгөөд охиныхоо байраа эргүүлээд ав гэсэн санал тавьж улмаар 20 сая төгрөгийг авсан байдаг. Мөн хариуцагч Д.Ц шүүх хуралдаан дээр одоо энэ 50 сая төгрөгийг нь Г.Энхтайванд өгөөд байраа эргүүлээд авчихвал болчих юм байна гэсэн тайлбарыг үл ойшоосон, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Ц-д шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж дүгнэсэн1. Мөн хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хэд хэдэн этгээдээр дамжин хэлцэл хийж гуравдагч этгээдийн нэр дээр гэрчилгээ гарсан байгаа талаар тодорхой дүгнэлтийг хийсэн. Гэрч Ж.Анугийн мэдүүлгээр зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг зээл төлөгдөж дуусмагц зээлдэгчийн заасан этгээдийн нэр дээр шилжүүлэх зорилгоор дахин худалдах худалдан авах гэрээг хийсэн гэх мэдүүлэгийг шүүгч шинжлэн судалж дүгнээгүй, орхигдуулсан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заасан. Иймээс анх Д.Ц-тай хийсэн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тохиолдолд Д.Ц аас Ж.Ануд, Ж.Анугаас Д.Оргилбаярт, Д.Оргилбаяраас Г.Энхтайванд барьцаа хөрөнгийн зориулалтаар шилжүүлсэн гэрээ, хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэгчийн зүгээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын хүрээнд гэрчүүдийг асуулгах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтийг анхан шатны шүүхиин шүүгч Э.Солонго хангаж шийдвэрлэсэн. Гэтэл гэрчээр дуудагдсан этгээдүүдээс С.Үүрцайх, Д.О нар нь иргэний үнэмлэхэнд бичигдсэн хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн үндэслэлээр шүүгч Цолмонгэрэл нь оролцогчийн зүгээс хэн ч хүсэлт гаргаагүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу захирамжид өөрчлөлт оруулж дээрх 2 гэрчийг асуух боломжгүй болгосон. Шүүгчийн захирамжид гомдол гарган шийдвэрлүүлэхэд дахин хаягийг нь олж тогтоон хүсэлт гаргах эрх нь нээлттэй гэж шийдвэрлэсэн. Ийнхүү С.Үүрцайх, Д.О нарын гэрийн хаягийг олж шүүхэд дахин гэрчээр асуух хүсэлт гаргахад Г.Бямбажаргал шүүгч нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангалгүйгээр хэрэг маргааныг шийдвэрлэсэнд ихэд гомдолтой байна. Д.Оргилбаярыг гэрчээр асуулгах хүсэлт гаргахад гуравдагч этгээдийн зүгээс би наад нөхөрт чинь залилуулсан, цагдаад өгсөн, цагдаагийн байгууллага олохгүй байхад та нар яаж олох вэ дээ гэж удаа дараа хэлж, эсхүл Д.Ц-д залилуулчихлаа, С.Үүрцайх, Д.Оргилбаярыг танина, гэх мэтээр олон талын байр сууринаас хандаж байсан. Өөрөөр хэлбэл хариуцагчийн талд байгаа эсэх, эсхүл нэхэмжлэгчийн талд байгаа эсэх, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг учир нь ер ойлгогдохгүй сандарсан байдалтай байсан. Хэрэг маргааннд гуравдагч этгээдээр Г.Энтайваныг оролцуулах үед Г.Энтайван нь “С.Үүрцайх миний найз байгаа юм. С.Үурцайх, Д.Ц хоёроос энэ байрыг худалдаж авсан юм” гэж тайлбарлаж байснаас үзэхэд анхнаасаа хариуцагчийг таньдаг байсан, энэ үл хөдлөх эд хөрөнгийн талаар бүрэн дүүрэн мэдэж байсан гэдгээ өөрийн амаар хэлсэнээр тодорхой байна. Нэхэмжлэгчийн зүгээс энэ үйл баримтыг нь тодруулах зорилгоор Г.Энхтайван, Д.О нарын хооронд болсон Баянгол дүүргийн шүүхийн маргааны нэхэмжлэл, шүүхэд гаргаж байсан тайлбар зэргээс гуравдагч этгээдийн ямар байр суурьтай байгааг, Цагдаагийн байгууллага болон өөр шүүхэд нэхэмжлэл, тайлбар гаргахдаа ямар байр суурь илэрхийлж байсан зэргийг баримтаар тогтоолгохоор нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцаах, эсхүл өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.У нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Гуравдагч этгээд Г.Э нь нэхэмжлэгч Х.У т холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 8-11, 12, 13- , 17-28 дугаар тал дах зээл болон барьцааны гэрээ зэрэг баримтаар “Сэлэнгэ стандарт” ХХК нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 350 000 000 төгрөг зээлж авсан ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тус компанийн хөрөнгө болон газар эзэмших эрх, услалтын систем, техник тоног төхөөрөмж болон Х.Б-ийн өмчлөлийн 3 өрөө орон сууц, Х.У-ийн өмчлөлийн 2 өрөө орон сууц Д.Оюунбилэг, Х.Атартуяа нарын 2 өрөө орон сууц, Д.Ц ийн өмчлөлийн амины орон сууцыг тус тус барьцаалсан болох нь тогтоогдож байна.

 

Дээрх зээлийн гэрээг үндэслэж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай Х.Баянмөнх, Х.Уранчимэг, Д.Оюунбилэг, Х.Атартуяа, Ч.Бямбаа, Д.Ц нар нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан зээлийн батлан даалтын гэрээг байгуулж, уг гэрээний дагуу “Сэлэнгэ стандарт” ХХК нь зээлийн үүргийг гүйцэтгэхгүй бол түүний үүргийг хариуцах үүрэг хүлээсэн байна.

 

Хэргийн 2 дугаар хавтасны 137-138 дугаар тал дах баримт болон талуудын тайлбараас үзэхэд “Сэлэнгэ стандарт” ХХК нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгээгүйгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Д.Ц ийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар нийтэд зарласан тул батлан даагч Д.Ц нь тус компанийн өмнөөс 371 634 500 төгрөгийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна. Иймд зээлийн үүргийн талаарх үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Ц-д шилжсэн гэж үзнэ.

 

Д.Ц нь “Сэлэнгэ стандарт” ХХК-тай өр төлбөр барагдуулах гэрээг 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан байх ба уг гэрээгээр “Сэлэнгэ стандарт” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулсан тохиолдолд нэр дурьдсан 3 газар эзэмших эрх болон 6 үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ц ийн мэдэлд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон бөгөөд үүнд “Сэлэнгэ стандарт” ХХК-ийн захирал Б.Х-ын охин Х.У-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-А байрны тоот 54 м.кв 2 өрөө орон сууцыг зээлийн төлбөрийг төлөх баталгаа болгож Д.Ц ийн мэдэлд шилжүүлэн өгөх, уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах, захиран зарцуулах эрхийг олгосон байна. /1хх-236-237/

 

Ийнхүү өр төлбөр барагдуулах гэрээг үндэслэж 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Х.У нь Д.Ц-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулж уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-А байрны тоот 54 м.кв 2 өрөө орон сууцыг 10 000 төгрөгөөр худалдсан бичгийн гэрээний дагуу уг орон сууц Д.Ц ийн өмчлөлд шилжиж улсын эрхийн бүртгэлд тэрээр өмчлөгчөөр бүртгэгджээ.

 

Талуудын хэн аль нь худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 2 өрөө орон сууцыг барьцааны гэрээ байсан, худалдах худалдан авах гэрээ байгуулах сонирхол байгаагүй гэж тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүх зээлийн батлан даалтын гэрээ, өр төлбөр барагдуулах гэрээний агуулга болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж Х.Уранчимэг, Д.Ц нарын хооронд байгуулсан гэрээ нь зээлийн барьцааны гэрээ байх тул орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан тухайн хэлцлийн хувьд үүсэх ёстой эрх зүйн үр дагаврыг үүсгэх зорилгогүйгээр дүр үзүүлж хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэлцэл хүчин төгөлдөр бус бол мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан боловч Д.Ц нь Х.У тэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрийн өмчлөлд 2 өрөө орон сууцыг шилжүүлэн авсны дараа уг орон сууцыг “Сэлэнгэ стандарт” ХХК-ийг зээлээ төлөөгүй гэх үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ж.Ануд 20 000 000 төгрөгөөр худалдаж, Ж.Ану нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгөөр Д.Оргилбаярт, 2018 оны 8 дугаар сарын 09-ны өдөр Д.О нь 30 000 000 төгрөгөөр Г.Энхтайванд худалдаж, одоо уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Э бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-66, 74-76, 80-84, /

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэх ба өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болж Г.Э өмчлөгч болжээ. Ийнхүү маргаж буй 2 өрөө орон сууц Д.Ц ийн өмчлөлд бодитой байхгүйгээс хэлцлээр шилжүүлсэн зүйлийг буцаах боломжгүй болсон тул шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй талаар зөв дүгнэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэснийг дараах байдлаар залруулах боломжтой. Үүнд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.У-ийн хариуцагч Д.Ц-д холбогдуулан гаргасан 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39а байрны   тоот хаягт байрлах 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас маргаж буй орон сууцны үнийг мөнгөн хэлбэрээр шаардахад шүүхийн энэ магадлал саад болохгүй.

 

Хэргийн үйл баримтаар Г.Э нь Х.У-ийн зээлийн барьцаанд бариулсан орон сууцыг Д.Ц бусдад дамжуулан худалдсаныг эхнээс мэдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймээс эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар тооцдог тул Г.Энхтайваныг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж шүүх зөв дүгнэжээ.

 

Бие даасан шаардлагын тухайд:

Г.Э нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Д.У гийн хууль бус эзэмшлээс гаргуулахыг шаарджээ. Х.У нь уг орон сууцыг өнөөг хүртэл эзэмшиж, улмаар орон сууцыг ашиглалтын зардлыг төлж байгаа нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Г.Э нь маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-А байрны тоот 54 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Х.Уранчимэг, Д.Ц нарын хооронд маргаж буй 2 өрөө орон сууцыг худалдах,  худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээг шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасан дүр үзүүлж хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тогтоосон боловч уг хэлцлийн үр дагаврыг арилгаж буцаах боломжгүй Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Г.Э нь өмчлөгч болсон, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул энэ үеэс Х.У-ийн эзэмшил хууль бус болно. Иймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар Х.У нь эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах эрхээ алдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Иймд Г.Э нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн үл хөдлөх хөрөнгийг Х.У-ийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Анхан шатны шүүх гуравдагч этгээд Г.Энхтайваны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Х.У-ийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39-А байрны тоот 54 м.кв 2 өрөө орон сууцыг чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Г.Э, Д.О нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар талуудын хэн аль нь шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн “ижил үйл баримтыг харилцан адилгүй үнэлсэн, Д.О, Г.Э нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн, гуравдагч этгээд маргаан бүхий орон сууцыг хууль ёсны дагуу олж авсан гэж тус тус дүгнэсэн нь буруу” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Гэрч Ж.Анугийн мэдүүлгийг үнэлсэнгүй гэсэн гомдол гаргасныг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь гэрчийн мэдүүлгийг эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй, өөр бусад нотолгооны хэрэгслээр давхар нотлогдсон тохиолдолд үндэслэлтэй гэж үзэх юм. Мөн шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан баримтыг үнэлж гэрчээр С.Ү, Д.О нарыг асуулгах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзнэ. 

Нэхэмжлэгч нь Д.Ц-тай Х.У-ийн хийсэн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон тохиолдолд маргаж буй 2 өрөө орон сууцыг Д.Ц аас Ж.А-д, Ж.А-аас Д.О-т, Д.О-аас Г.Э-д шилжүүлсэн гэрээ хэлцлүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн      7.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02373 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг "Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.У-ийн хариуцагч Д.Ц-д холбогдуулан гаргасан 2013 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39а байрны   тоот хаягт байрлах 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  2 дугаар зүйлийн  2.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн  7 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.НЯМБАЗАР                                                                                   

                          ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ