Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2019/00328

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 22 өдөр Дугаар 101/ШШ2019/00328 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-4, Экспресс тауэр, 9 дүгээр давхар, Улаанбаатар-210644 хаягт байрлах П Д ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 25 дугаар гудамж, 1204 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Даваасүрэнгийн У /регистрийн дугаар: /-т холбогдох,

 

15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, хариуцагч Д.У , хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, гэрч Э.Оюунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Э.Оюунаа нь П Д ХХК-тай 17203010000182 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж өөрийн өмчлөлийн 7738УБП улсын дугаартай, ZVW305424041 аралын дугаартай, приус-30 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан.

2018 оны 01 дүгээр сарын 06-нд Э.Оюунаа нь 7738УБП улсын дугаартай, приус-30 тээврийн хэрэгслийн буферийг засуулахаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мастер авто кузов засварын газрын түрээслэгч Д.У т өгсөн.

Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө 7738УБП улсын дугаартай, приус-30 маркийн тээврийн хэрэгсэл Мастер авто кузов засварын газраас хулгайд алдагдаж, уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс 180600634 дугаар хэрэг үүсгэж өнөөдрийг хүртэл гэмт хэргийн эзэн холбогдогчийг олоогүй, мөрдөн байцаах ажиллагаа явуулан шалгаж байна.

П Д ХХК нь 17203010000182 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийн нөхөн төлбөрт 15,000,000 төгрөгийг даатгуулагч Э.Оюунаагийн нэр дээрх ХААН банкны 5179002065 дансанд шилжүүлсэн.

Мөн Э.Оюунаа нь Даваасүрэн овогтой Ууганбилагт холбогдуулан 16,500,000 төгрөг гаргуулах авахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 101/ШЗ2018/10378 дугаартай захирамж гарсан.

П Д ХХК нь Иргэний хуулийн 123, Даатгалын тухай хуулийн 8.7 болон 17203010000182 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9.1-д заасны дагуу даатгагч даатгалын нөхөн төлбөрт олгосон зардлаа буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэнэ гэж заасан байдаг бол, 43.3-т нэг талын хүсэл сонирхлын илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлийг бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн гэж үзнэ гэж заасан байдаг.

Иргэн Э.Оюунаа нь 7738УБП улсын дугаартай тээврийн хэрэгслээ засуулахаар Мастер авто кузов засварын газрын түрээслэгч Д.У т өгч, Д.У нь тус тээврийн хэрэгслийг засахаар хүлээн авсан.

Тиймээс тус иргэдийн хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэж болох бөгөөд Д.У нь 7738УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлах Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг мөн тус тээврийн хэрэгслийг Хадгалах үүргийг Э.Оюунаагийн өмнө хүлээсэн байна.

7738УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл Мастер кузов засварын газраас хулгайд алдагдсан тул Д.У нь Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д заасны дагуу хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй байна.

П Д ХХК нь 17203010000182 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9.1, Иргэний хуулийн 123, Даатгалын тухай хуулийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбоотой гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу даатгуулагч Э.Оюунаагийн даатгалын нөхөн төлбөрт олгосон 15,000,000 төгрөгийг иргэн Д.У ээс нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Урьд нь тус байранд авто засварын газар ажилладаг байсан ба би тус байранд хувиараа засварын газар түрээслэн ажиллуулаад нэг жил болж байна. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр урп буфер нь эвдэрч хагарсан эвдрэлтэй 77-38УБП улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл засвар хийлгэнэ гэж орж ирэхээр нь би гэмтлийг нь үзээд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр засаж дуусгахаар тохирч урьдчилгаанд 60,000 төгрөг авч хугацаанд нь гаргахын тулд урп буферийг нь задалж нааж замаскдаад 07 өдрийн шөнөө будах гэж байтал тог тасраад 24 цаг өнгөртөл 1 цаг гаран хүлээгээд ирэхгүй болохоор нь засварын газраа хаагаад гаднаас нь бат бэх цоожоор цоожлоод явсан юм. Харин намайг хаагаагүй байхад миний зүс таних мэндийн зөрүүтэй явдаг нэгнийх нь нэрийг сайн мэдэхгүй 2 залуу машинаа янзлуулна гэж ирсэн. Ингэхдээ халамцуу байсан учир би машиныг нь үзээд дараа ир гэж хэлээд хаалгаа цоожлоод гарахад тэр хоёр хам хаалцаж гараад тэндээс салцгаасан. Би гэртээ харьж амраад өглөө 09-10 цагийн хооронд ажил дээрээ ирэхэд гаражийн цоожийг хөшиж онгойлгосон хаалга нь хагас онгорхой дотор нь байсан приус-30 машин байхгүй байсан учир би тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдээд цагдаагаас бүрэлдэхүүнтэй хүмүүс ирээд үзлэг шалгалт хийгээд зургийг нь аваад явсан. Би шөнө ирсэн 2 согтуу залууг өөр нэг хүнтэй сэжиглэж байгаагаа мэдүүлсэн. Тэнд байсан бүх хүмүүсийг дуудаж шалгаж байгаа. Одоо энэ хэрэг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр эзнийг олж тогтоохоор шалгаж байгаа. Би очиж асуухаар шалгаж байна л гэсэн хариу өгдөг. Би засварын газартаа байнгын байрлаж ашилаж амьдардаггүй, ажиллах амрах цагийн хуваарьтай ажилладаг, тэр өдөр маргааш машиныг гаргана гээд шөнө 24 цаг өнгөртөл ажиллаж будахад бэлэн болгосон байсан. Гаражийг бат бэх цоожоор тогтмол цоожлоод явдаг юм. Хулгайч цоожийг нь арматур төмрөөр хөшиж онгойлгоод аваад явсан байсан. Үүнд би буруугүй, ийм юм болно гэж ч бодоогүй. Харин цагдаагийн байгууллага буруутай этгээдийг нь тогтоож хохирлыг нь барагдуулахаар эрүүгийн журмаар шалгаж байгаа. Иймд эрүүгийн хэргийг шалгаж дуусаад эцсийн хариу гартал П Д ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тээврийн хэрэгслийг Э.Оюунаагаас 3 хоногийн хугацаатайгаар засвар хийхээр хүлээж авсан нь үнэн. Хадгалалтын гэрээний үүрэг зөрчсөн гэж нэхэмжлэгч тал ярьдаг. Ямар нэгэн гэрээний үүрэг зөрчсөн зүйл байхгүй. Хариуцагч болон Э.Оюунаа нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй. Машин хадгалах болон ажил гүйцэтгэх гэрээ албан ёсоор хийгдээгүй. Хариуцлага тооцсон гэрээ байхгүй. Д.У нь тухайн авто засварын газраа цоожлоод явсан. Гэтэл тэр шөнө хулгай ороод Э.Оюунаагийн тээврийн хэрэгслийг хулгайлсан байсан. Энэ талаар Д.У маргааш нь Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн байгуулалга Э.Оюунааг хохирогчоор байцаасан. Мөн сэжиглэж байгаа хоёр этгээдийг Д.У цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа. Машин алдагдахын өмнөх орой нь хоёр согтуу хүн ирээд хаалгаа цоожлоход нь хамт гарсан байдаг. Энэ талаараа цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хэргийг Цагдаагийн байгууллага 2018 оны 01 сарын 09-ний өдөр гомдлыг хүлээн аваад хэрэг бүртгэлтийн дугаар өгөөд хэрэг нээгдээд ажиллагаа хийгдэж байгаа. Үүнээс хойш Э.Оюунаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. П Д Э.Оюунаад 15 сая төгрөгийг төлснөөр нөхөн төлбөрөө Д.У ээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Д.У төлөх ёстой юу үгүй юу гэхээр эргэлзээтэй. Энэ дээр Эрүүгийн журмаар шалгаад гэмт этгээдийг олж тогтоогоод П Д ХХК нь Цагдаагийн байгууллагад иргэний нэхэмжлэгчээр орох хуулийн заалт байгаа. Тийм учраас ИХШХШТХ-ийн 65.1.8-д зааснаар энэ хэрэг маргааныг шийдвэрлэх боломжгүй. Цагдаагийн байгууллагаас хоёр удаа албан тоот өгсөн байдаг. Би өөрөө Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хандаж энэ талаар албан ёсоор хүсэлтээ өгөөд Цагдаагийн байгууллага надад энэ хэргийн талаар эрүүгийн хэрэг үүсгээд эзэн холбогдогчийг нь олж тогтоохоор мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байна гэдэг тодорхойлолт 2018 оны 03 сард, мөн 12 сард гаргаж өгсөн. Нэхэмжлэлтэй зайлшгүй холбоотой хэрэг дээр гэм буруутай этгээдийг олохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа учраас Д.У ийг гэм буруутай гэж үзэж 15 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нөгөө талаар хавтас хэрэг материалтай танилцахад нотлох баримтын тухайд учир дутагдалтай зүйлүүд байсан. Өөрөөр хэлэх юм бол автомашины үнэлгээ байгаа. Энэ дээр ямар нэгэн гарын үсэг, баталгаат тамга тэмдэг байхгүй, хорон хувь байгаа. Зах зээлийн үнэлгээ гарын үсэг байхгүй байгаа. Зах зээлийн үнэлгээ нь болохоор 2012 онд үйлдвэрлэгдсэн Приус-20 маркийн автомашин 2017 онд ямар үнэтэй байх талаар шүүхэд хүснэгт гаргаж өгсөн байдаг. Энэ нь болохоор хаанаас хэн гаргаж өгсөн, хавсралт юм уу юу юм, ийм ойлгомжгүй гарын үсэг байхгүй зах зээлийн хоёр янзын үнэлгээ хавтас хэрэгт байгаа. Даатгалын эрсдэл дээр 100 хувь олгоно гэж байгаа боловч хаанаас авсан юм бэ, ямар ч тамга тэмдэг баталгаагүй ийм баримтууд гаргаж өгсөн байсан. Худалдах худалдан авах гэрээ гэж байгаа. Энэ дээр авто машин 2005 онд үйлдвэрлэгдсэн гэж бичсэн байсан. Арлын дугаар нь таарч байгаа. 2017 оны 06 сарын 14-ний өдөр н.Дайриймаа автоландаас худалдаж авч байсан юм байна билээ. Ингээд үзэхээр 2012 оны тээврийн хэрэгсэл 2017 онд орж ирсэн гээд 15 сая төгрөгөөр үнэлэгдлээ гэдэг үнэлгээ гарсан боловч энэ үнэлгээ баталгаажаагүй. Ингээд үзэхээр нөхөн төлбөрийн үнийн дүн болох 15 сая төгрөг бодитой юу үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Э.Оюунаад 15 сая төгрөг олгочихсон. Энэ үнэлгээнүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа. Зах зээлийн үнэлгээн дээр өөр өөр үнийн дүнтэйгээр авагдсан байгаа. 2012 онд үйлдвэрлэгдсэн гэж бичигдсэн боловч 2005 онд үйлдвэрлэгдсэн байна. Яг үнийн дээр өөр өөр үнийн дүн авагдсан байдаг. Тийм учраас 15 сая төгрөгийг нэхэмжлэгч байгууллага гэм буруутай Д.У ээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Энэ асуудалтай холбоотой хэргийг Цагдаагийн байгууллагаар шийдэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П Д ХХК нь хариуцагч Д.У т холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгогдсон 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.У нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, өөрийн түрээслэн үйл ажиллагаа явуулдаг авто кузов засварын газартаа Э.Оюунаагийн өмчлөлийн 77-38УБП улсын дугаартай, ZVW305424041 аралын дугаартай, приус-30 маркийн тээврийн хэрэгслийг буферийг засварлахаар, үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцож, тухайн тээврийн хэрэгслийг засварын газартаа авч үлдсэн болох нь зохигч талуудын тайлбар, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Тухайн тээврийн хэрэгслийн буферт засвар хийхэд тээврийн хэрэгсэлд засвар хийхээр талууд хэлэлцэн тохиролцож, засварын газарт тээврийн хэрэгслийг үлдээхийг хариуцагч санал болгосон, улмаар засварын ажлыг хийсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зохигч талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хариуцагч Д.У нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д заасны дагуу хадгалалтын гэрээний үүрэгт хүлээнэ. Тодруулбал, хадгалагч тал буюу Д.У нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.6, 424 дүгээр зүйлийн 424.1-д тус тус зааснаар, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй.

Хариуцагч Д.У ийн хадгалалтад байсан Э.Оюунаагийн өмчлөлийн 77-38УБП улсын дугаартай, ZVW305424041 аралын дугаартай, приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан, улмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 14м1/1510, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 30к1/8250 дугаартай албан бичгүүд зэргээс үзэхэд хариуцагч Д.У нь 7738УБП улсын дугаартай, приус-30 маркийн тээврийн хэрэгслийг хадгалалах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч П Д ХХК нь даатгуулагч Э.Оюунаагийн өмчлөлийн 77-38УБП улсын дугаартай, ZVW305424041 аралын дугаартай, приус-30 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17203010000182 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг даатгуулагч Э.Оюунаад нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан Нөхөн төлбөр олгох тухай тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 30/1802013 дугаартай тушаал, нөхөн төлбөрийн шийдвэр, Автотээврийн хэрэгслийн иж бүрэн нөхөн төлбөрийн маягт, даатгуулагч Э.Оюунаагийн эзэмшдэг Хаан банкны 5179002065 дугаар дансанд 15,000,000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн тухай тус компанийн Депозит дансны хуулга, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2018/10378 дугаар захирамж, гэрч Э.Оюунаагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ., даатгалын гэрээний 9.1.-д Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн даатгагч аливаа хохирлыг нөхөн барагдуулах хугацаанд буруутай этгээдээс төлбөрөө нэхэмжлэх эрхтэй... гэж зааснаар нэхэмжлэгч П Д ХХК нь шаардах эрхтэй.

Хэдийгээр, 77-38 УБП улсын дугаартай, приус-30 маркийн автомашин хулгайд алдагдсан гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 14м1/1510, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 30к1/8250 дугаартай албан бичгүүд хэрэгт авагдсан боловч хариуцагч Д.У нь даатгуулагч Э.Оюунаагийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг засварлах үедээ хадгалах үүргээ дээр дурдсанаар биелүүлээгүй буруутай гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Даагалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Д.У ээс 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П Д ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У ээс 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П Д ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА