Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/00624

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/00624

 

 

 

П Д- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00328 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П Д- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.У-т холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт олгогдсон 15 000 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, Г.Лхгавасүрэн, хариуцагч Д.У-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч П Д- ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөрО.Ю нь П Д- ХХК-тай 17203010000000 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж өөрийн өмчлөлийн 7738УБП улсын дугаартай, ZVW305424041 арлын дугаартай, приус-30 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулсан. 2018 оны 01 дүгээр сарын 06-ндО.Ю нь 7738УБП улсын дугаартай, приус-30 тээврийн хэрэгслийн буферийг засуулахаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Мастер авто кузов засварын газрын түрээслэгч Д.У-т өгсөн. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөр шилжих шөнө 7738УБП улсын дугаартай, приус-30 маркийн тээврийн хэрэгсэл Мастер авто кузов засварын газраас хулгайд алдагдаж, уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэс 180600634 дугаар хэрэг үүсгэж өнөөдрийг хүртэл гэмт хэргийн эзэн холбогдогчийг олоогүй, мөрдөн байцаах ажиллагаа явуулан шалгаж байна. П Д- ХХК нь 17203010000000 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийн нөхөн төлбөрт 15.000.000 төгрөгийг даатгуулагч Э.Оюунаагийн нэр дээрх ХААН банкны 5179002065 дансанд шилжүүлсэн. МөнО.Ю нь Даваасүрэн овогтой Ууганбилагт холбогдуулан 16.500.000 төгрөг гаргуулах авахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 101/ШЗ2018/10378 дугаартай захирамж гарсан. П Д- ХХК нь Иргэний хуулийн 123, Даатгалын тухай хуулийн 8.7 болон 17203010000000 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9.1-д заасны дагуу даатгагч даатгалын нөхөн төлбөрт олгосон зардлаа буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй. 7738УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл Мастер кузов засварын газраас хулгайд алдагдсан тул Д.У- нь Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-д заасны дагуу хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй байна. П Д- ХХК нь 17203010000000 тоот авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9.1, Иргэний хуулийн 123, Даатгалын тухай хуулийн 8.7-д Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбоотой гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу даатгуулагч Э.Оюунаагийн даатгалын нөхөн төлбөрт олгосон 15.000.000 төгрөгийг иргэн Д.У-ээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.У- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Урьд нь тус байранд авто засварын газар ажилладаг байсан ба би тус байранд хувиараа засварын газар түрээслэн ажиллуулаад нэг жил болж байна. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр урп буфер нь эвдэрч хагарсан эвдрэлтэй 00-00УБП улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл засвар хийлгэнэ гэж орж ирэхээр нь би гэмтлийг нь үзээд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр засаж дуусгахаар тохирч урьдчилгаанд 60.000 төгрөг авч хугацаанд нь гаргахын тулд урп буферийг нь задалж нааж замаскдаад 07 өдрийн шөнөө будах гэж байтал тог тасраад 24 цаг өнгөртөл 1 цаг гаран хүлээгээд ирэхгүй болохоор нь засварын газраа хаагаад гаднаас нь бат бэх цоожоор цоожлоод явсан юм. Харин өглөө 09-10 цагийн хооронд ажил дээрээ ирэхэд гаражийн цоожийг хөшиж онгойлгосон хаалга нь хагас онгорхой дотор нь байсан приус-30 машин байхгүй байсан учир би тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдээд цагдаагаас бүрэлдэхүүнтэй хүмүүс ирээд үзлэг шалгалт хийгээд зургийг нь аваад явсан. Одоо энэ хэрэг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр эзнийг олж тогтоохоор шалгаж байгаа. Үүнд би буруугүй, ийм юм болно гэж ч бодоогүй. Иймд эрүүгийн хэргийг шалгаж дуусаад эцсийн хариу гартал П Д- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Даагалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Д.У-ээс 15.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П Д- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-ээс 232.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П Д- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.У- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.У- би иргэн Даариймаагийн авто засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Мастер засварын газар" нэртэй газарт авто засварын үйл ажиллагаа явуулж байсан юм. Бид н.Даариймаагаас орчны аюулгүй байдлыг хангуулахаар ажлын байрны гадна дотно хяналтын камер тавиулах талаар удаа дараа хэлж шаардсан боловч тавиж өгөөгүй юм. н.Даариймаа болон бидний хооронд түрээсийн гэрээ хийсэн хэдий боловч гэрээнд ажлын бус амралтын үед орчны аюулгүй байдал бүрэн бүтэн байдлыг хэн хэрхэн хариуцах талаар тодорхой заагаагүй. 2018 оны 1-р сарын 6-ны өдөр урд буфер нь эвдэрч хагарсан эвдрэлтэй 00-00 дугаарын приус 30 маркийн тээврийн хэрэгсэлийг тус засварын газар авчирсан. 1 дүгээр сарын сарын 07-ны өглөө нь 9-10 цагийн үед ажилдаа ирэхэд гражийн цоожийг хөшиж онгойлгоод приус-30 машиныг хулгайд алдагдсан байсан. Одоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсээд буруутай этгээдийг нь олж тогтоохоор шалгаж байгаа. Би Э.Оюунаагийн машиныг хадгалах зорилгоор амаар болон бичгээр гэрээ хийж Оюумаатай харилцан тохиролцож тээврийн хэрэгслэлийг нь хүлээж аваагүй. Харин үл таних хоёр эрэгтэй хүн уг тээврийн хэрэгслэлийг засуулахаар авчирч өгсөн. Энэ талаар шүүх хуралд мэдүүлсэн байгаа. Би өөрийгөө хохирлыг хариуцах буруутай этгээд биш гэж үзэж байна. Энэ нэхэмжлэлтэй холбоотой эрүүгийн журмаар шалгаж байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй оолгож шийдэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч П Д- ХХК нь хариуцагч Д.У-т холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгогдсон 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Д.У- нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Э.Оюунаагийн өмчлөлийн 00-00УБП улсын дугаартай, ZVW305424041 аралын дугаартай, приус-30 маркийн автомашины буферийг засварлах ажил гүйцэтгэхээр тохиролцсон боловч түүний үйл ажиллагаа явуулдаг авто кузов засварын газраас уг автомашин хулгайд алдагдаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа талаар зохигчдын тайлбар, гэрч Э.Оюунаагийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтууд, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 14м1/1510, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 30к1/8250 дугаартай албан бичгүүд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7. дах хэсэгт Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасан ба буруутэй этгээдийг олж тогтоох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс тодорхойлж ирүүлсэн байхаас гадна автомашин хулгайд алдагдсан явдалд хариуцагч Д.У- буруутай болохыг эрх бүхий байгууллагаас тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шүүх уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Мөн анхан шатны шүүх хариуцагч Д.У- нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.6, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирлыг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2019/00328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8., 117 дугаар зүйлийн 117.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч Д.У-т холбогдох даатгалын нөхөн төлбөрт олгогдсон 15 000 000 төгрөг гаргуулах тухай П Д- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Н.БАТЗОРИГ