Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/MA2017/0286

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0286 

Улаанбаатар хот

 

 

  Э.Дистогосын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Э.Дистогосын  нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Дистогосын “Мфикс Капитал” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109450 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue sky” хотхоны 44В байрны зоорийн давхарын 113 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Э.Дистгосыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг түүний нэр дээр эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

“Мфикс Капитал” ХХК-нийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109450 дугаартай гэрчилгээг үйлчлэлийг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 8023 дугаар захирамжиг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээрх Ү-2206014411 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэл болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109450 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох шаардлагыг шийдвэрлэсэн тухайд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Э.Дистогос нь 113 тоот авто зогсоолын үнийг бүрэн төлснөөр тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон байна” гэж дүгнэсэн атлаа энэхүү эрхээ баталгаажуулж бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэж, нотлох баримтыг буруу үнэлсэн.

Нэхэмжлэгч Э.Дистогос нь “Мфикс капитал” ХХК-тай 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 165 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан ба авто зогсоолын төлбөрийг 2010 оны 05 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж барагдуулснаар түүний өмчлөх эрх үүссэн болохыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03353 дугаар захирамжаар тогтоосон.

Гэтэл улсын бүртгэлийн байгууллага нь иргэн Э.Дистогосыг тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх үүссэнээс хойш буюу 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлэх эрхгүй этгээд болох “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг.

Анхан шатны шүүх “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэх Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээний 3.1-д “..205 авто зогсоол” гэж заасан байх тул 205 авто зогсоол нь 2007 оноос барьцааны зүйл байсан гэж буруу дүгнэсэн.

Учир нь дээрх 205 ширхэг авто зогсоол нь нэгдүгээрт, 2007 онд бие даасан үл хөдлөх хөрөнгө бий болж улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан, хоёрдугаарт, улсын бүртгэлд анх удаа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр авто зогсоол тус бүрээр шинээр бүртгэгдэж, гэрчилгээ олгосны үндсэн дээр 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Капитрон банк” ХХК нь “Мфикс капитал” ХХК-тай шинээр Зээлийн барьцааны гэрээ байгуулж, авто зогсоолуудыг зээлийн барьцаанд бүртгүүлснээр зээлийн барьцааны эрх үүссэн нь цаг хугацааны хувьд иргэн Э.Дистогосын өмчлөх эрх үүссэнээс хойш болсон үйл баримт атал анхан шатны шүүх огт анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүхийн барьцааны эрх үүссэн гэж дүгнэж буй “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээнд заасан 205 авто зогсоол нь улсын бүртгэлд барьцааны эрхээр бүртгэгдээгүйгээс гадна хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтад байдаггүй ба дээрх гэрээнд улсын бүртгэгчийн тамга тэмдэг дарагдаагүй болно.

Иймд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэрээ, хэлцэл байх тул хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй ба 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ нь шинэчлэн байгуулсан гэрээ бус шинээр байгуулсан гэрээ болно.

2. Улсын бүртгэлийн байгууллага нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр 205 авто зогсоолыг бүртгэхдээ өмчлөгч болохыг нь баттай нотолсон баримт бичиг байхгүй, үл хөдлөх эд хөрөнгүүдийн тухайд гуравдагч этгээдүүдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгааг мэдсээр атлаа мэдүүлгийг хүлээн авахаас татгалзалгүй, барьцаанд зориулсан бүртгэл хийсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “Мэдүүлэгт тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргана” гэж заасан атал “Блью Скай” хотхоны 120 айлын орон сууц, 205 автомашины зогсоолыг зөвхөн нэг компанийн нэр дээр банкны барьцаанд барьцаалуулах зорилгоор бөөнд нь бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед “Мфикс капитал” ХХК-ийн өмч хөрөнгөөр бий болсон гэдгийг баттай нотлох баримтыг шаардан авч, нягтлан шалгалгүйгээр бүртгэсэн.

Хариуцагчийн тухайн үед үйл ажиллагаандаа мөрдөж байсан Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 55 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5.2-т “Уг барилга нь нэг өмчлөгчтэй, эсвэл хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж баригдсан эсэхийг нягтлан үзэх”, мөн журмын 4.5.3-д “Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тодорхой тусгасан “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-ыг, улсын мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянана” гэж заасныг зөрчиж, гүйцэтгэгч барилгын компанийн нэр дээр бүртгэл хийсний улмаас тухайн үл хөдлөх хөрөнгийг захиалсан, худалдан авсан олон иргэдийн өмчлөх эрх шууд хөндөгдөж, хохирсон.

Зүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах боломжтой байсан атал барьцаанд зориулсан худал бүртгэлийг хийж иргэдийг хохироосон.

Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллага “Мфикскапитал” ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг анх удаа олгосны дараа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон нь дээрх журмын 4.10-д “Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгүүлснээс хойш тухайн барилгыг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах хүртэл гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж бүртгэсэн.

Анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Блью  Скай” хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Э.Дистогосыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг Э.Дистогосын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах шаардлагыг шийдвэрлэсэн тухайд:

Анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Учир нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй иргэн Э.Дистогосыг 113 тоот авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэлүүд дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хавсарган мэдүүлэг гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.”

Хариуцагч байгууллага нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх ёстой атал түүнийг биелүүлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудыг огт хэрэглэлгүй орхигдуулж, зөвхөн “Капитрон банк” ХХК-ийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан.

Эцэст нь хариуцагч байгууллагын хууль зөрчсөн, буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Э.Дистогос төлбөрийг нь бүрэн төлсөн авто зогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ авч чадахгүйд хүрч, улмаар “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээний оролцогч бус, банкны өмнө ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй атлаа заавал “Капитрон банк” ХХК-ийн зөвшөөрлийг авах шаардлагатай болгож буй анхан шатны шүүхийн шийдвэр нь Э.Дистогосын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийг нь хязгаарласан, зөрчсөн үйлдэл болж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд “Мфикс капитал” ХХК нь “Капитрон банк” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 дугаартай “Зээлийн гэрээ” болон “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулан, барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх” нөхцөлтэй 7000 м.кв талбайтай 205 ширхэг авто зогсоолыг барьцаалсан Т07/141 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулжээ.

Улмаар “Мфикс капитал” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэй “Блю скай” хотхоны 44В дугаартай дуусаагүй барилгыг, 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй маргаан бүхий 113 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулж, 2007 оны 12 дугаар сарын 25, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “Капитрон банк” ХХК-тай “Зээлийн барьцааны гэрээ”-г шинэчлэн байгуулж, маргаан бүхий авто зогсоолыг зээлийн барьцаанд дахин барьцаалсныг бүртгэлийн байгууллага эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Харин нэхэмжлэгч Э.Дистогос нь дээрх 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн болон 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Блю скай” хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот авто зогсоолыг худалдахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хэдийгээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03353 дугаар захирамжаар Э.Дистогосын “Мфикс капитал” ХХК-д холбогдуулан гаргасан “авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталснаар Э.Дистогос нь дээрх 113 тоот авто зогсоолын өмчлөгч болсон байх боловч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Мфикс капитал” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь, 2007, 2010 онуудад бүртгэлийн байгууллагаас тус компанийн гаргасан мэдүүлгийг үндэслэн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үед Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, иймд дээрх бүртгэлтэй холбогдуулан хариуцагчийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх”, 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Э.Дистогос нь дээрх иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу маргаан бүхий 113 тоот авто зогсоолыг өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох “Капитрон банк” ХХК-ийн зөвшөөрлийг заавал авах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр барьцаалсан “Капитрон банк” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй.

Иймд хариуцагч Э.Дистогосын өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 /Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно/, 18.1.8 /улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох/, 18.1.10 /Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 /Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө/, 14.1.9 /мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол/, 19 дүгээр зүйлийн 19.2, 28 дугаар зүйлийн 28.1 /Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид “ипотек” гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ/-д заасантай тус тус нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “улсын бүртгэлийн байгууллага 205 авто зогсоолыг зөвхөн нэг компанийн нэр дээр банкны барьцаанд барьцаалуулах зорилгоор бөөнд нь бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед “Мфикс капитал” ХХК-ийн өмч хөрөнгөөр бий болсон гэдгийг баттай нотлох баримтыг шаардан авч, нягтлан шалгалгүй бүртгэсэн” гэх боловч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд болон мэдүүлэг гаргагч нь мэдүүлж байгаа эрхийн нотлох баримт, хавсаргах баримт бичгийг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг мэдүүлэг гаргагч нөхөн төлөхөөр заасан байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д зааснаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байхаар зохицуулсан байхад шүүх “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109450 дугаартай гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 8023 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 1 дэх заалтад хуулийн нэр болон бичиглэл, үг, үсгийн алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг тус тус оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 66 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дахь заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Дистогосын ““Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014411 дугаарт бүргэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000109450 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Блю скай” хотхоны 44В байрны зоорийн давхрын 113 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Э.Дистогосыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолыг Э.Дистогосын нэр дээр эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, “3, 4, 5” дахь заалтын дугаарыг “2, 3, 4” болгон өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                       

 

 

                                        ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

            ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

 

            ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

 

                        ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН