Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2020/02390

 

 

 

 

 

2020 07 01

101/ШШ2020/02390

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 0 дүгээр байранд байрлах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа, ЖДҮХС  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 0 тоотод оршин суух Дарьганга овогт О.Б /РД:0/,

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Зээрд овогт Б.Ц /РД:0/,

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Хатгин овогт Г.Ч /РД:0/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 102,919,925 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагч О.Б, хариуцагч Б.Ц, Г.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч О.Б нь ЖДҮХСгаас 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 2014/37 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хүүтэй Хөнгөн блок төслийн зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд Б.Ц, Ц.Энхтуяа, Г.Ч нарын өмчлөлийн 0 дугаартай 132.22 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 132,290,697 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 19.341.767 төгрөг, нийт 151.632.464 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 1654 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна

Иймд зээлийн үндсэн төлбөр 67,709,302 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 547,660 төгрөг, алданги 34,645,963 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 102,919,325 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Хэдийгээр барьцааны гэрээг 2014 оны 12 сарын 26-ны өдөр байгуулсан огноотой боловч улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ 2015 оны 01 сарын 09-ний өдөр бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас 2015 оны 01 сарын 07-ны өдөр барьцаанд тавих итгэмжлэл авсан. Итгэмжлэл авсанаас хойш барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

 

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2014/37 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийн зээл авсан болно. Уг зээлийг барьцаа хөрөнгийн эзэд болох эгч Г.Ч, ах Б.Ц нар нь авч хэрэглэсэн. 2014 оны 12 сарын 26-нд уг 200,000,000 төгрөг нь миний Хаан банк дахь 0 тоот дансанд орж ирсэн ба маргааш нь буюу 2014 оны 12 сарын 27-нд Г.Чгийн дансанд 190,000,000 төгрөг, ах Энхболдын дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Уг зээлийг барьцаа хөрөнгөний эзэд болох Г.Ч, Б.Ц нар нь хариуцах ёстой. Би уг зээлийн гэрээний дагуу авсан мөнгөнөөс нэг ч төгрөг өөртөө аваагүй. Г.Ч, Б.Ц нарын гуйлтаар би өмнөөс нь зээлийн гэрээ байгуулж өгсөн юм. Тухайн үед Г.Ч, Б.Ц нар нь ЖДҮХС хүмүүсийг таньдаг байсан тул өөрсдийнхөө нэрээр зээл авч болохгүй байсан тул миний нэрээр зээл авсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Г.Ч, Б.Ц нараас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Намайг гуйж миний нэрээр зээлийн гэрээ байгуулахдаа өөрсдийн хөрөнгийг барьцаанд тавих эрхтэй итгэмжлэлийг хийж өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар нь байхгүй байхад барьцааны гэрээ байгуулах боломж ч байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Ч, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Ц, Г.Ч нар нь ЖДҮХС нэхэмжлэлтэй хариуцагч С Батболдод холбогдох хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 19 ны өдөр дугаар 101/322020/05436 тоот захирамжаар иргэн Б.Ц, Г.Ч нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Ц, Г.Ч нар нь нэхэмжлэгч ЖДҮХС хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учрууулаагүй, үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл ажиллагаа хийгээгүй юм. Б.Ц, Г. Чимгээ нар нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээний харилцаанд оролцоогүй, гэрээнд нэр нь байхгүй, гарын үсэг зураагүй, зээлийн төлбөрийг хүлээн авсан болон ямар ч үүрэг хүлээсэн баримт бичиг, нотлох баримт байхгүй байхад шүүх Б.Ц, Г.Ч нарыг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

ЖДҮХС захирал Б.Баттүвшин нь иргэн О.Бтой зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан байна.2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлдэгч О.Бын хувийн дансанд 200,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн байна. О.Б нь ЖДҮХС зээлийн барьцаанд иргэн Б.Ц Г.Ч бидний өмчлөлийн 0 мкв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг барьцаанд тавьсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч О.Бод дээрхи орон сууцыг барьцаалах эрхийг олгоогүй юм. Барьцааны гэрээг 2014 оны 12 сарын 26-ны өдөр байгуулсан. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас барьцаанд тавих эрхийг 2015 оны 01 сарын 07-ны өдрийн итгэмжлэлээр олгосон. Хуульд заасан журмын дагуу итгэмжлэл олгогдоогүй байхад барьцааны гэрээ байгуулсан нь үндэслэлгүй, хууль зөрчсөн байна. Иймд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас хариуцагч О.Б, Б.Ц, Г.Ч, Ц.Энарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102,919,925 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч,

Хариуцагч Б.Ц, Г.Ч нар нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.  

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан болон хариуцагч О.Б нар 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг Хөнгөн блок төслийг санхүүжүүлэх зорилгоор жилийн 3.3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлэхээр тохирчээ /хх-ийн 12-18 дугаар тал/. 

Түүнчлэн зохигчид уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Б.Ц, Г.Ч, Ц.Энарын өмчлөлийн 0 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг барьцаалсан байна /х.х-ийн 13-17 хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

 

Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч О.Бын тус шүүхэд өгсөн хариу тайлбарт тус тус дурдсанаар зохигчид зээлийн гэрээний зүйл болох 200,000,000 төгрөгийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй. Үүнтэй холбоотой бичгийн нотлох баримт хэрэгт мөн авагдсан. /хх-ийн 36 дугаар тал/ 

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна.

Тус гэрээгээр хариуцагч О.Б нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хүүгийн хамт 2019 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.

 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ. 

Гэтэл хариуцагч буюу зээлдэгч О.Б нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс 132,290,697 төгрөг, зээлийн хүүгээс 19,341 төгрөгийг төлсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагч О.Б нь зээлийн төлбөрийг Б.Ц, Г.Ч нар төлөх үүрэгтэй гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаанд Б.Ц, Г.Ч нар оролцоогүй тул түүний энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй.

 

Зохигчид зээлийн гэрээний үндсэн үүрэг 67,709,302 төгрөг, хүүгийн төлбөр 547,660 төгрөг үлдсэн үйл баримтад маргаагүй, хэн аль энэ талаар тайлбарласан. Иймд хариуцагч О.Боос үндсэн үүрэг 67,709,302 төгрөг, хүүгийн төлбөр 547,660 төгрөг, гэрээний 6.1.1-т зааснаар алдангид 34,645,963 төгрөг нийт 102,902,925 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд олгох нь зүйтэй байна. 

 

Гэрээний хугацаа 2019 оны 11 дугаар сарын 11-ний өдөр дууссан ба үүнээс хойш гүйцэтгээгүй үндсэн үүргээс алданги тооцоход 34,645,963 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Гэвч нэхэмжлэгч нь нотариатын зардалд 17,000 төгрөг төлж хохирсон шаардлагаа баримтаар нотлоогүй. Хэрэгт нотариатын зардалтай холбоотой баримт авагдаагүй. Иймд нэхэмжлэгчийн нотариатын зардалд нэхэмжилсэн 17,000 төгрөгт холбогдох хэсгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан. 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасан. 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь Б.Ц, Г.Ч, Ц.Энарын өмчлөлийн хөрөнгө байна.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж, мөн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус зааснаар үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд талууд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Хариуцагч Б.Ц, Г.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулах үед өмчлөгч нар нь барьцаалах эрхтэй итгэмжлэл олгоогүй байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нараас 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр О.Бод зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, барьцаалбар үйлдэх, гэрээг НУБГазарт бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах, үүнтэй холбоотой эрх зүйн үйлдэл хийх эрхийг О.Бод олгожээ. /хх-ийн 24 дүгээр тал/

 

Уг итгэмжлэлийг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллага 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр барьцаалбарыг бүртгэж баталгаажуулсан байна. Хэдийгээр хэрэгт авагдсан барьцааны гэрээнд улсын бүртгэгчийн бүртгэлийн дардас дахь он сар өдөр тал гарсан байдлаар авагдсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч Б.Ц, Г.Ч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь улсын бүртгэгчийн дардас 2015.01.09-ний өдөр дарагдсан үйл баримтад маргаагүй.

 

Гагцхүү барьцааны гэрээг 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн огноотой атлаа дараа нь нөхөж улсын бүртгэлд бүртгүүлсэн, барьцааны гэрээг бүртгэлд бүртгүүлэхээс өмнө зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч О.Б нь авчихсан байсан нь хууль зөрчсөн гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

Хэдийгээр барьцааны гэрээг талууд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан байх боловч 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн хуульд зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг зээлдэгч нь авах цаг мөчид барьцааны гэрээг улсын бүртгүүлсэн байх хэлбэрийн шаардлага байхгүйгээс гадна зээлийн гэрээний талууд хожим ч гэрээний үүргийг баталгаажуулж барьцааны гэрээ байгуулах эрх нь нээлттэй.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.  

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан. 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 17,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Ц, Г.Ч, Ц.Энарт холбогдох шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.Боос зээлийн гэрээний үүрэгт 102,902,925 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч Ц.Энь насанд хүрээгүй этгээд ба Б.Ц, Г.Ч нарын дундаас төрсөн хүүхэд бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар эх Г.Ч нь хуульд зааснаар төлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч О.Боос 102,902,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,000 төгрөг болон хариуцагч Б.Ц, Г.Ч, Ц.Энарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Ц, Г.Ч, Ц.Энарын өмчлөлийн 0 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Б.Ц, Г.Ч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Боос улсын тэмдэгтийн хураамжид 672,464 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Г.Чгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,157,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ