Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00245

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022           03            03                                          001/ХТ2022/00245

 

 

 

“ЖДҮХС” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02390 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1797 дугаар магадлалтай,

 

“ЖДҮХС” УТҮГ-ын нэхэмжлэлтэй

О.Б, Б.Ц, Г.Ч, Ц.Э нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 102,919,925 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2014.12.26-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Ц, Г.Ч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02390 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч О.Боос 102,902,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖДҮХСд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,000 төгрөг болон хариуцагч Б.Ц, Г.Ч, Ц.Э нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.Ц, Г.Ч, Ц.Э нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дугаар хороо, Зайсан хороолол Ар зайсан гудамж 96 дугаар байр 709 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Б.Ц, Г.Ч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1797 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02390 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтын “17 000 төгрөг” гэснийг “17 000 төгрөгт” гэж өөрчилж “болон хариуцагч Б.Ц, Г.Ч, Ц.Э нарт” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагч Б.Ц, Г.Ч нар хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Б.Ц, Г.Ч нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамж, 96 дугаар байрны 709 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, 132.22 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар О.Бын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Зээлийн гэрээ 2014.11.11-ний өдөр, барьцааны гэрээ 2014.12.26-ны өдөр байгуулагдсан байгаа нь Б.Ц, Г.Ч, Ц.Энхтүлга нар 2015.01.07-ны өдөр О.Бод итгэмжлэл олгохоос өмнөх үйл явдал бөгөөд 2014.11.11-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хариуцагч нар мэдээгүй байна. Үүнээс үзвэл 2014.12.26-ны өдөр барьцааны гэрээ байгуулахдаа О.Б нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байна. Түүнчлэн О.Б нь өөрт олгосон итгэмжлэлийг ашиглаж өөрийнхөө авсан зээлийн гэрээний үүргийн барьцааг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Мөн анхан шатны шүүхээс “зээлийн барьцааны гэрээг бүртгүүлсэн болохоо нотолж чадаагүй хариуцагчийн зүгээс бүртгүүлээгүй талаар маргаагүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байхаас гадна хэрэгт авагдсан бичгийн баримттай нийцэхгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. ЖДҮХС УТҮГ нь О.Б нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 102,919,925 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл, хариуцагч нар нь 2014.12.26-ны өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

5. Анхан шатны шүүх хариуцагчаас 102,902,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 17,000 төгрөгийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрт 1 дэх заалтын “17 000 төгрөг” гэснийг “17 000 төгрөгт” гэж “болон хариуцагч Б.Ц, Г.Ч, Ц.Э нарт” гэснийг хасч өөрчлөлт оруулан шийдвэрлэснийг хариуцагч нар эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

 

6. Хяналтын журмаар гомдол гаргасны дараа хариуцагч нар төлбөрийг төлж барагдуулсан талаар нэхэмжлэгч ЖДҮХСгаас 2022.02.25-ны өдрийн 1/0266 дугаар албан бичиг, мөн 102,902,925 төгрөгийн зээлийг төлсөн баримтыг ирүүлжээ.

 

7. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар үндсэн үүргээ биелүүлсэн тул барьцааны үүрэг дуусгавар болсон байна.

 

8. Мөн хариуцагч Б.Цгээс “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

 

9. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/02390 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1797 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч О.Б, Б.Ц, Г.Ч, Ц.Э нараас 102,902,925 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “ЖДҮХС” УТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА

 

               ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

 

                                                                                  П.ЗОЛЗАЯА

 

                                                                                  Д.ЦОЛМОН

 

                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД