Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/00378

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        01          25                                     101/ШШ2022/00378         

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, 38,176,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээний үүрэгт 32,834,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Э” ХХК нь “А” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №20181112/01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрээний дагуу “Э” ХХК нь нэг бүрийн үнэ нь 180,000 төгрөгийн үнэ бүхий нийт 442 ширхэг хаалгыг үйлдвэрлэж, угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, “А” ХХК нь ажлын хөлсөнд 79,560,000 төгрөг /ажлын нийт хөлснөөс 76,352,000 төгрөгт бартерын байр оролцуулан тооцохоор тохирсон/-ийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлөх үүргийг хүлээсэн.

Манай компанийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №20181112/01 тоот гэрээний дагуу 442 ширхэг дотор модон хаалгыг үйлдвэрлэж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Т апартментэд 282 ширхэг хаалга, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо 66 айлын орон сууцанд 154 ширхэг модон хаалгыг үйлдвэрлэж, угсарч суурилуулан захиалагч талд хүлээлгэн өгснөөр гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Үлдсэн 6 ширхэг хаалгаа ирж авахыг  хариуцагчид шаардсан боловч эдний зүгээс үлдсэн хаалгаа ирж аваагүй, өдий хүрсэн.

Гүйцэтгэгчийн зүгээс хаалгыг зарлагын баримт үйлдэн захиалагчид  хүлээлгэн өгч байсан бөгөөд эдгээр баримтыг ажил хүлээлцсэн акт гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2.4-т “Гэрээ баталгаажсанаар захиалагч тал 2 хоногт багтаан урьдчилгаа төлбөрийг шилжүүлнэ. Урьдчилгаа төлбөр гүйцэтгэгчийн дансанд орсон болон бартерийн хөрөнгийн нэр шилжсэн өдрөөс ажил эхэлсэнд тооцно” гэж заасан боловч “А” ХХК нь 76,352,000 төгрөгийн үнэлгээ бүхий Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Апартмент 5 хотхоны 3 давхрын 0 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гүйцэтгэгч талд гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ажлын хөлс болох Баянзүрх дүүргийн 0 хороо, Апартмент 5 хотхоны 3 давхрын 0 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч “А” ХХК-д даалгаж өгнө үү.

Мөн тус гэрээний 7.2-т “төлбөрийг тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд шилжүүлээгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги гүйцэтгэгчид төлж барагдуулна” гэж заасан. Үүний дагуу хугацаа хэтрүүлсний алдангийг 2019 оны 07 сараас 2019 оны 11 сар хүртэл 166 хоногоор тооцож, 76,352,000 төгрөгийн 1 хоногийн алдангийг 229,056 төгрөг болно.

Дээрх хугацааны алданги 38,176,000 төгрөгийг хариуцагч “А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Н.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу “Э” ХХК нь нэг бүрийн үнэ нь 180,000 төгрөгийн үнэ бүхий нийт 442 ширхэг хаалгыг үйлдвэрлэж, угсарч суурилуулах, “А” ХХК нь ажлын хөлсөнд 79,560,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Уг ажлын хөлс 76,352,000 төгрөгийн 94,66 хувийг бартераар, 5,34 хувийг бэлэн тооцоогоор төлөх байсан.

Үүний дагуу 1м.кв-ыг 1,600,000 төгрөгөөр тооцоод 47,72 м.кв талбайтай байрыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх байсан ба байр 76,352,000 төгрөгийн үнэтэй байсан. Уг орон сууц нь гэрээ байгуулахад баригдаж байсан, ашиглалтад ороогүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т бартерийн гэрээг нэмэлтээр хийнэ гэж заасны дагуу “Э” ХХК нь 2018.11.23-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г “М” ХХК-тай байгуулсан.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь тус орон сууцны захиалгын гэрээг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Т.Г-тэй “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, орон сууцны 1м.кв-г 1,700,000 төгрөгөөр үнэлэн 81,124,000 төгрөгөөр худалдсан байсан.

Гэрээ байгуулагдах үед энэ орон сууц ашиглалтад ороогүй, баригдаж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сард ашиглалтад орсон, 2019 оны 03 дугаар сард “Э” ХХК-ийн хүсэлтээр тус компанийн цааш нь худалдсан айл болох иргэн Т.Г-ийг орон сууцанд нүүлгэн оруулсан.

“Э” ХХК-ийн зүгээс №20181112/01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүргээ гүйцэтгээгүй мөн төлбөр тооцооны асуудлыг бүрэн дуусгаагүй боловч манай компани 2 компанийн хамтын ажиллагааг хүндэтгэн “Э” ХХК-ийн цааш худалдсан айл болох Т.Г-ийг орон сууцанд нүүн орохыг зөвшөөрч, хоёр компанийн харилцааг эвийн шугамаар шийдэх хүсэлтэй байсан.

Гэвч нэхэмжлэгч нь манайхтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Уг орон сууцны гэрчилгээг №20181112/01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нөхцлийг хангасны дараа шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэдгийг удаа дараа утсаар болон биеэр уулзан мэдэгдэж байсан.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-т ажлыг иж бүрэн шаардлагад нийцүүлэн хийж дуусган акт үйлдэнэ гэж заасан бөгөөд актыг үйлдэхдээ 2 талын төлөөллийг байлцуулан, гарын үсгийг зуруулсан байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгчээс ирүүлсэн  зарлагын баримтыг ажил хүлээлцсэн акт гэж үзэхгүй. Эдгээр зарлагын баримтад манай компанийн төлөөлөгчийн гарын үсэг байхгүй, зарим баримтууд буюу 19,31 талд авагдсан болон 36,39 талд авагдсан баримтууд давхардсан, түүнээс гадна 34 талд авагдсан баримт нь 7 ширхэг эвдэрсэн хаалганыхаа баримтыг хүлээлгэж өгсөн мэтээр ирүүлсэн баримт байна. Зарлагын баримт дах хаалгыг тоолж үзэхэд 380 ширхэг хаалганы тоо гарч байх ба  ажил дууссан байх ёстой хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс 48 ширхэг хаалгыг манайд нийлүүлсэн байна.

Хаалга нийлүүлсэн хугацааг 2019 оны 06 сар гэж байх боловч гэрээгээр  2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд бүх хаалга нийлүүлэгдчихсэн байх ёстой байсан. Үлдэгдэл 6 ширхэг хаалгыг ав гэж нэхэмжлэгчийн зүгээс манайд хандаж байгаагүйгээс  гадна хаалгыг очиж авах үүрэг манайд байхгүй, тэгээд ч нэхэмжлэгч  өөрөө хаалгаа авчирч, суурилуулах үүрэг хүлээсэн.

Түүнээс гадна Цайзын барилгад 154 ширхэг хаалга нийлүүлсэн гэх боловч гэрээгээр 147 ширхэг хаалга нийлүүлэхээр тохирсон, илүү хаалга нийлүүлсэн гээд байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн гэрээгээр нэхэмжлэгч нь 442 ширхэг хаалга нийлүүлэх үүрэгтэй боловч 409 ширхэг хаалга нийлүүлж, үүний зөрүү 5,940,000 төгрөгийг буцааж өгөөгүй болно.  

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нийлүүлсэн хаалганы 00-н өрөөнд суурилуулах хаалганд агааржуулалтын нүх суурилуулаагүй, хаалганы ирмэгийг наагаагүй зэрэг чанарын шаардлага хангаагүй байсан тул 00-н өрөөний 1ш хаалганд 5,000 төгрөг, хаалганы ирмэг наагдаагүй 1ш хаалганд 1,000 төгрөгөөр тооцож нийт 1,514,000 төгрөгийн үнийн дүнг бууруулах хүсэлтийг нэхэмжлэгчээс  амаар болон тооцооллын хүснэгтэн дээр тусгаж ирүүлснийгээ буцааж  шилжүүлээгүй.

Гэрээгээр 442 ширхэг хаалгыг 60 хоногийн дотор хаалгыг нийлүүлж, суурилуулах үүргийг нэхэмжлэгч хүлээсэн байсан боловч түүний 2018.04.19-ний өдөр нийлүүлж дууссан гэх тайлбараар хугацааг тоолоход гэрээгээр тохирсон хугацаанаас 5 сар өнгөрсөн байна.

Түүнээс гадна манай орон сууцыг улсын комисс хүлээж авах гэж байхад “Э” ХХК нь хаалгаа дутуу нийлүүлсэн байсан ба хаалгыг нь суурилуулах хүн ирээгүйгээс захирал Б.У нь хаалга угсардаг хүн хайсан боловч тэр хүн нь олдоогүй, хаалгыг суурилуулж чадаагүй, бид өөрсдөө дутуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн нэхэмжлэгчээс нийлүүлсэн хаалга нь манай захиалсан өөрийнх нь үйлдвэрлэсэн хаалга биш Хятад улсаас оруулж ирсэн, эсхүл 100 айлын захаас  авч нийлүүлсэн хаалга байсан.

Оршин суугчдыг гомдлын дагуу нэхэмжлэгч байгууллага хаалгыг янзалсан боловч чанарын шаардлага хангахуйц байдлаар засварлаагүй байсан.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд бартерын гэрээг өөр этгээдтэй байгуулсан, хариуцагчид дээрх орон сууцны өмчлөл байхгүй учир өмчлөлийг шилжүүлэх боломжгүй юм. Хэрэв нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлбэл бартерийн гэрээ байгуулсан “М” ХХК нь байрыг Т.Г-т шилжүүлээд өгөх боломжтой. Гэтэл энэ хэргийн оролцогч “М” ХХК биш байна.

“А” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, бартерийн орон сууцыг, бэлэн мөнгөөр хийх төлбөрөө бүрэн төлж дуусгасан бөгөөд байрны гэрчилгээг өгөхгүй гэж хэлээгүй, гагцхүү дутуу хаалгаа нийлүүлэх, доголдолтой хаалга бүхий айлын гомдлыг барагдуулах шаардлага тавьсан.  

Иймд “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар “А” ХХК нь татагдах үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Э” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Н.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Э” ХХК-тай №20181112/01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан бөгөөд нэг бүр нь 180,000 төгрөгийн үнэ бүхий нийт 442 ширхэг хаалгыг үйлдвэрлэж, угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний төлбөрт 47.72 м.кв орон сууцыг 1 м.кв нь 1,600,0000 төгрөгөөр тооцож, 76,352,000 төгрөг бүхий орон сууц, үлдэгдэл 3,208,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцож, төлбөрийг бүрэн шилжүүлсэн.

Гэрээний 3.2-т бартерийн гэрээг нэмэлтээр байгуулна гэсний дагуу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрээнд заагдсан Апартмент  хотхоны 4-р ээлжийн 3 давхарын 47,72 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны захиалгын гэрээг “Э” ХХК нь “М” ХХК-тай байгуулсан бөгөөд гэрээ байгуулах үед орон сууц ашиглалтад ороогүй байсныг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан.

Уг орон сууц нь 2019 оны 1 дүгээр сард ашиглалтанд орсон бөгөөд “Э” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Т.Г-т “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээний дагуу 1 м.в-ыг 1,700,000 төгрөг, нийт 81,124,000 төгрөг, хүүний төлбөрт 4,318,020 төгрөг, нийт 85,442,020 төгрөгөөр худалдсан байсан.

“Э” ХХК-ийн хүсэлтийн дагуу Т.Г-т 2019 оны 3 дугаар сард “М” ХХК нь орон сууцыг хүлээлгэн өгч,  акт үйлдсэн.

Бидний байгуулсан гэрээгээр Т апартмент, Цайз буюу 66 айлын орон сууцанд 147, нийт 442 ширхэг хаалгыг нийлүүлнэ гэж тохирсон боловч “Э” ХХК нь Т Апартмент орон сууцанд 282 ширхэг хаалга, 66 айлын орон сууцанд 127 ширхэг хаалга, нийт 409 ширхэг хаалгыг үйлдвэрлэж, угсарч суулгасан.

Гэтэл гэрээгээр Цайзын барилгад 147 ширхэг гэсэн байтал 154 ширхэг хаалга нийлүүлсэн гэх, мөн 6 ширхэг хаалгыг ирж аваагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. Учир нь гэрээгээр “Э” ХХК хаалгыг үйлдвэрлээд, авчирч, суурилуулах үүрэг хүлээсэн байтал манайхыг очиж аваагүй гэдэг үнэнд нийцэхгүй байна.

Түүнээс гадна манай орон сууцыг улсын комисс хүлээж авах гэж байхад “Э” ХХК нь хаалгаа дутуу нийлүүлсэн байсан ба хаалгыг нь суурилуулах хүн ирээгүйгээс захирал Б.У нь хаалга угсардаг хүн хайсан боловч тэр хүн нь олдоогүй, хаалгыг суурилуулж чадаагүй, бид өөрсдөө дутуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн нэхэмжлэгчээс нийлүүлсэн хаалга нь манай захиалсан өөрийнх нь үйлдвэрлэсэн хаалга биш Хятад улсаас оруулж ирсэн, эсхүл 100 айлын захаас авсан хаалганууд байсан.

“Э” ХХК нь гэрээний хавсралтанд заасан хаалганы агааржуулалтын нүхийг суурилуулаагүй, мөн нийлүүлсэн хаалганы ирмэгийг наагаагүйгээс хаалганы хуулга хуулрах асуудал үүссэн зэргээр гэрээний 5.6-д заасан “гүйцэтгэгч нь захиалагчийн хүсэл сонирхол нийцэхүйц хэмжээ, дизайны дагуу захиалгыг гүйцэтгэж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй” гэдгийг зөрчсөн.

Мөн үйлдвэрлэл гэрээт хугацаанд зааснаас удааширч, суулгалт удаан хугацааны туршид чанарын шаардлага хангаагүй байдлаар хийгдсэн зэргээс шалтгаалж талуудын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.1-т “Гэрээ баталгаажсанаас хойш 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ” гэж заасныг, 5.11-т “гүйцэтгэгч нь энэхүү гэрээнд заасан ажлыг иж бүрэн, шаардлагад нийцүүлэн хийж дуусган акт үйлдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй...” гэж заасныг тус тус зөрчсөн.

“Э” ХХК-ийн зүгээс захиалагч талд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тухай “Ажил хүлээлцсэн акт”-ын дагуу хүлээлгэж өгөөгүй.

Зарлагын баримтыг ажил хүлээлцсэн акт гэж үзэх боломжгүй, уг баримтын  хүлээн авсан талд гарын үсэг зурагдаагүй, зарим баримтыг 2 дахин хуулбарласан, огноо, тоо нь засварласан байхаас гадна эдгээр баримтаар 380 ширхэг хаалганы тооцоо гарч байгаа боловч бид хүлээж авсан 409 ширхэг хаалга дээр маргаагүй.

Нийлүүлсэн хаалганы чанар байдлын талаар одоог хүртэл орон сууц захиалагчдаас гомдол мэдүүлдэг бөгөөд гэрээний 7.7-д “гэрээт ажлын баталгаат хугацаа 36 cap байх бөгөөд баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэлийн эвдрэл гэмтлийг /хавтас, хроп, налешка, титэм, босго/ гүйцэтгэгч тал өөрийн зардлаар засварлан хэвийн байдалд оруулна” гэж заасныг зөрчин орон сууц захиалагч нарын дунд “А” ХХК-ийн нэр хүндийг унагасан үйлдэл гаргаж байна.

Иймд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.1-т ажил хүлээлгэн өгөх хугацааг гэрээ баталгаажсанаас хойш 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж заасны дагуу 2019/01/12-ны өдрөөс 2019/07/15-ны өдөр хүртэлх 184 хоногийн алдангийг 1 хоногийн 0,3 хувиар тооцож, хугацаа хэтрүүлсний алдангид 25,380,000 төгрөг, дутуу нийлүүлсэн хаалганы төлбөр 5,940,000 төгрөг, хаалганы агааржуулалтын нүх суурилуулаагүй, хавтасны ирмэг наагаагүй зэргээс шалтгаалсан 1,514,000 төгрөг, нийт 32,834,000 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А “ ХХК-ийн “Э” ХХК-д холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна.

-“Э” ХХК нь "А” ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №20181112/01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан бөгөөд нэг бүрийн үнэ нь 180,000 төгрөгийн үнэ бүхий нийт 442 ширхэг хаалгыг үйлдвэрлэж, угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, “А” ХХК нь ажлын хөлсөнд 79,560,000 төгрөг /ажлын нийт хөлснөөс 76,352,000 төгрөгт бартерийн байр оролцуулан тооцохоор/ тохиролцсон болно.

Манай компани №20181112/01 тоот гэрээний дагуу 442 ширхэг дотор модон хаалгыг үйлдвэрлэж Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо Т апартментэд 282 ширхэг хаалга, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 66 айлын орон сууцанд 154 ширхэг хаалга, нийт 436 ширхэг дотор модон хаалгыг үйлдвэрлэж, угсарч суурилуулан захиалагч талд хүлээлгэн өгсөн.

Захиалагч “А” ХХК нь анх гэрээний дагуу 442 ширхэг хаалганы захиалга өгсөн бөгөөд 436 хаалгыг хүлээн авсан бөгөөд үлдэгдэл 6 ширхэг хаалгыг өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй, хүлээн авахаас татгалзсаар байгаа болно.

“Э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн, 442 ширхэг хаалгыг үйлдвэрлэж, 436 хаалгыг угсарч суурилуулсан бөгөөд үлдэх 6 ширхэг хаалга нь манай компанийн үйлдвэр дээр бэлэн байгаа болно. “А” ХХК нь 6 ширхэг хаалгаа хүлээн авахгүй байгаа нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул гэрээт ажлыг дутуу хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор нэхэмжилж буй 5,940,000 тегрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

-2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №20181112/01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ"-ний 2.4-т “Гэрээ баталгаажсанаар захиалагч тал 2 хоногт багтаан урьдчилгаа төлбөрийг шилжүүлнэ. Урьдчилгаа төлбер гүйцэтгэгчийн дансанд орсон болон бартерийн хөрөнгийн нэр шилжсэн өдрөөс ажил эхэлсэнд тооцно” гэж тодорхой заасан байгаа болно.

“А” ХХК-тай байгуулсан гэрээний 2.4-т урьдчилгаа төлбөр гүйцэтгэгчийн дансанд орсон болон бартерийн хөрөнгийи нэр шилжсэн өдрөөс ажил эхэлсэнд тооцохоор байсан бөгөөд бартерийн хөрөнгийн нэрийг шилжүүлээгүй байсан боловч “Э” ХХК-ийн зүгээс гэрээний хамтын ажиллагаагаа хүндэтгэн гэрээт ажлыг хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн.

Гэтэл “А” ХХК нь төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа болно. Түүнчлэн гэрээнд заасны дагуу гэрээт ажлын төлбөр бүрэн төлөгдсөний дараа ажлыг эхлүүлэхээр заасныг үл харгалзан гэрээт ажлыг хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн байтал манай компаниас алданги нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа тул алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

-Түүнчлэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиалагч талын нэр хүндийг унагасан үйлдэл огт гаргаагүй бөгөөд оршин суугчдаас дотор талын модон хаалга халцарсан, цоож гацсан эвдэрсэн, зарим гарсан доголдлыг засаж хэвийн байдалд оруулан оршин суугчдад хүлээлгэн өгсөн болно.

Манай компанийн зүгээс “А” ХХК-д зөвхөн дотор модон хаалгыг үйлдвэрлэн хийж гүйцэтгэсэн бөгеөд гадна хаалгатай холбоотой ямар нэгэн ажлыг хийгээгүй болно.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дотор хаалганы агааржуулалтын нүх, хавтасны ирмэгтэй холбоотой 1,514,000 төгрөгийн зардал гарсныг “Э” ХХК нь “А” ХХК-д төлөхөө өмнө нь илэрхийлсэн болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дотор хаалганы хавтасны ирмэг болон агааржуулалтын нүх суурилуулахтай холбогдон гарсан зардал болох 1,514,000 төгрөгийг зөвгшөөрч байгаа бөгөөд дутуу нийлүүлсэн хаалганы төлбөр 5,940,000 төгрөг, алданги 25,380,000 төгрөгийг тус тус зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Ж-т олгосон итгэмжлэл, “Э” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, гэрээт ажлын тооцоолол, “Э” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан №20181112/01 дугаартай хаалга нийлүүлэх “Ажил гүйцэтгэх гэрээ”, хаалганы түүвэр, “Э” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан №А-5/03/10 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”, Т.А-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зарлагын баримтууд, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2021/02739 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, “Э” ХХК-ийн хаалганы тооцоолол, “Э” ХХК-ийн 2021.11.02-ны өдрийн 21/141 дугаар “А” ХХК-д хүргүүлсэн шаардлага, “Монгол шуудан” ХК-ийн баримт зэрэг баримтуудыг, /1 хх-ийн 1-45,82, 2 хх-ийн 31-32/,

Хариуцагчаас “А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, Ц.М-д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Н.Б-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  “Э” ХХК болон “А” ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, хаалганы түүвэр, 2019.03.29-ний өдөр 3 давхрын 47,72 м.кв 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх акт, ХААН банкны 2019.01.22-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, “А” ХХК-д хаалга нийлүүлэх гэрээт ажлын тооцоолол, орон сууцны засвар үйлчилгээний саналын хуудас, Б.Э-д олгосон итгэмжлэл, 2019.01.14-ний өдрийн 2019/32 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”, 2019.06.05-ны өдрийн 2019/165 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”, “Э” ХХК болон Т.Г нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, гэрээний хавсралт, “А” ХХК-ийн  гүйцэтгэх захирлын 2021.07.21-ний өдрийн №РТ-21/007 дугаар тушаал, тооллогын тайлан, Т.Г-ийн хүсэлт, “А” ХХК-ийн 2021.10.21-ний өдрийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны дотор модон хаалга тооллогын тайлан, “А” ХХК-ийн  гүйцэтгэх захирлын 2021.10.18-ны өдрийн №Т-21/001 дугаар тушаал, “А” ХХК-ийн 2021.11.04-ний өдрийн АБ-21/033 дугаар “Э” ХХК-д хүргүүлсэн хариу зэрэг баримтуудыг  /1хх-ийн 48-51,77-86, 94-136, 156, 167-178, 185-192, 222-224, 2 хх-ийн 33-34/ тус тус шүүхэд ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах, алданги 38,176,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, 32,834,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

 

Зохигч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК /гүйцэтгэгч/, хариуцагч “А” ХХК /захиалагч/-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №20181112/01 дугаар бүхий “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх ба гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Т Апармент 295 ширхэг хаалга, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 66 айлын орон сууц 147 ширхэг хаалга, нийт 442 ширхэг модон хаалгыг захиалагчийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж, тээвэрлэн нийлүүлж, угсарч суурилуулан, гэрээний хавсралт №1-д заасан хэмжээ, загвар хийцлэлээр чанар стандартын дагуу хийж гүйцэтгэн, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч нь ажлыг хүлээн авч хөлс төлөхөөр тохиролцжээ.

 

/1хх-ийн 11-13/

 

Талууд гэрээний талаар маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д: “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан  ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 442 ширхэг хаалга нийлүүлэхээс 436 ширхэг хаалга нийлүүлсэн, 6 ширхэг хаалгыг хариуцагч хүлээж аваагүй, бартериар нийлүүлсэн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Апартмент  хотхоны 3 давхрын 0 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй, энэхүү үүргээ биелүүлээгүй тул гэрээний 7.2-т заасны дагуу 2019.07.15-ны өдрөөс 2020.10.29-ний өдрийг хүртэлх 129 хоногийн алданги 38,176,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж тайлбарласан. 

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тохиролцсон тоо, хэмжээнээс дутуу хаалга нийлүүлсэн, нийлүүлсэн хаалга нь чанарын доголдолтой байсан, гэрээний дагуу ажлыг актаар хүлээлгэн өгөөгүй, ажлын төлбөрт бартерийн орон сууц, бэлэн мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, бартерийн байрны өмчлөгч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т ажил хүлээлгэн өгөх хугацааг гэрээ баталгаажсанаас хойш 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, 3.1-т нэгж үнэ 180,000 төгрөг, нийт хөлс 79,560,000 төгрөг, төлбөр тооцооны хэлбэрийг 94,66 хувийн бартер, 5,34 хувийн бэлэн хэлбэртэй байх, 3.2-т бартерийн гэрээг нэмэлтээр хийхээр тусгасан байна.

 

Дээрх гэрээнд заасны дагуу “Э” ХХК /захиалагч/ нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “М” ХХК /гүйцэтгэгч/-тай №А-5/03/10 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулж, гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, баригдаж буй “Апартмэнт” хотхоны 4 дүгээр ээлжийн 66 айлын орон сууцны 0 давхрын 47,72 м.кв талбайтай, 0 тоот орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг, түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, орон сууцны 1 м.кв талбайн худалдах үнэ 1,600,000 төгрөг, нийт үнэ 76,352,000 төгрөг /төлбөрийг модон хаалга нийлүүлэхээр тохиролцсон/ байх ба төлбөр төлөх хугацааг 2018 оны 11 сарын 23-ны өдөр гэжээ.

/1хх-ийн 14-17/  

 

Үүнээс гадна “Э” ХХК /худалдагч/ нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Т.Г /худалдан авагч/-тэй байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах 19/01 дугаартай гэрээ”-ээр биет байдлын, эрхийн зөрчилгүй, Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Апарт” хотхоны, 4 дүгээр ээлжийн 66 айлын орон сууцны 0 дугаар давхрын 47,72 м.кв, 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, 1 м.кв талбайн үнэ 1,700,000 төгрөг, нийт үнэ 81,124,000 төгрөг, худалдан авагч нь урьдчилгаа төлбөр болох 40,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр ХААН банк Б.У 0 тоот дансанд шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг 18 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, хувь лизинг буюу хавсралт 1-д заасан хуваариар төлөх, худалдан авагч төлбөрийг төлж барагдуулмагц орон сууцны гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр гаргаж өгөхөөр  тохиролцсон байна.

/1 хх-ийн 175-178/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч 442 ширхэг модон хаалгыг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч ажлын хөлс 79,560,000 төгрөгийг төлөх, үүнээс 94,66 хувийг бартериар, 5,34 хувийг бэлэн байдлаар төлөхөөр тохиролцсон байх ба уг гэрээний 3.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь “М” ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан, “М” ХХК нь 2 өрөө орон сууцыг, нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.Г-т 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн, энэ талаар акт үйлдсэн,  

хариуцагч “А” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,208,000 төгрөгийг “Э” ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна.

/1хх-ийн 86, 94/

 

“М” ХХК нь Т.Г-т орон сууцыг хүлээлгэн өгсөн актад “Э” ХХК нь гэрээнд заагдсан ажлыг дуусгаж, актаар хүлээлгэж өгч, 2 тал тооцоо дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөх талаар тусгажээ.

/1 хх-ийн 86/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.11-т “гүйцэтгэгч нь энэхүү гэрээнд заасан ажлыг иж бүрэн, шаардлагад нийцүүлэн хийж дуусган акт үйлдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй. Ажлыг хүлээлгэн өгөхөөс өмнө захиалагчийн хүсэлтээр шаардлагатай засвар, өөрчлөлтийг харилцан тохиролцож оруулж болно”, 6.1-т “гүйцэтгэгч нь захиалагч талд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тухай ажил хүлээлцсэн актыг үйлдэнэ. Уг актад 2 тал гарын үсэг зурж, баталгаажуулна”, 7.2-т захиалагч нь энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоногт тутамд шилжүүлээгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги гүйцэтгэгчид төлж барагдуулна” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хэргийн 18-43 дугаар талд авагдсан зарлагын баримтыг ажил хүлээлцсэн акт гэж тайлбарласан боловч эдгээр зарлагын баримтад 2 тал гарын үсэг зураагүй, хүлээлгэн өгсөн талд гарын үсэг зурсан боловч хүлээн авагч талд гарын үсэг зурагдаагүй, зарим баримт давхардсан, баримтыг хуулбарласан, огноо, тоог засварласан зэргээс үзэхэд гэрээний 5.11, 6.1-т “гүйцэтгэгч нь захиалагч талд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тухай ажил хүлээлцсэн актыг үйлдэнэ, актад 2 тал гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасантай нийцсэн гэж үзэхээргүй байна.  

 

/1хх-ийн 18-19,24-25,29,31,34-36, 38-39, 41/

 

Хэрэгт авагдсан “М” ХХК-ийн орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Т.Г-т хүлээлгэн өгсөн акт,

Хариуцагч “А” ХХК-иас 3,208,000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч “Э” ХХК-д шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтаар хариуцагч нь гэрээний 3-т заасан төлбөрийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгчид шилжүүлсэн, өөрөөр хэлбэл гэрээгээр тохирсон үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон 79,560,000 төгрөгийн 94,66 хувь буюу 76,352,000 төгрөгийн бартерийн хөрөнгө, 5,34 хувь буюу 3,208,000 төгрөгийг хүлээн аваагүй гэх, түүнчлэн гэрээнд заагдсан ажлыг дуусгаж, ажил хүлээлцсэн талаар 2 талын гарын үсэг баталгаажуулсан акт үйлдсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2019/32 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-нд Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 66 айлын орон сууцны зориулалттай барилгын захиалагч нь “М” ХХК гэж,

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2019/165 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-нд Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 133 айлын орон сууцны зориулалттай барилгын захиалагч, ашиглагч, өмчлөгч нь “А” ХХК гэж тус тус тусгагджээ.   

 

/1хх-ийн 167-174/

 

Дээр дурдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ээр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, “Апартмэнт” хотхон, 66 айлын орон сууцны зориулалттай барилгын захиалагч нь “М” ХХК, тэрээр орон сууц захиалгын гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, “Апартмэнт” хотхон, 66 айлын орон сууцны 3 давхрын 47,72 м.кв талбайтай, 0 тоот орон сууц, түүнтэй холбоотой баримт бичгийг “Э” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна.

 

Үүнээс үзэхэд Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Апартмент хотхоны 0 давхрын 0 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх үүргийг хариуцагч “А” ХХК-д даалгах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч “А” ХХК-д холбогдох, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Апартмент хотхоны 0 давхрын 0 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах, алданги 38,176,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

“А” ХХК нь дутуу  нийлүүлсэн хаалганы төлбөр 5,940,000 төгрөг, хаалганы агааржуулалтын нүх суурилуулаагүй, хавтасны ирмэг наагаагүй зэрэг доголдол засварлахад шаардагдах 1,514,000 төгрөг, гэрээний 2.1-т заасан 184 хоногийн хугацаа хэтрүүлсний алдангид 25,380,000 төгрөг, нийт 32,834,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэжээ.

  

Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээгээр гүйцэтгэгч буюу “Э” ХХК нь 442 ширхэг модон хаалгыг үйлдвэрлэж, тээвэрлэн нийлүүлж, угсарч суурилуулах, захиалагч буюу “А” ХХК нь ажлыг хүлээн авч тохирсон хөлс төлөхөөр тохиролцсон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсантай зохигч маргаагүй. 

 

“Э” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хаалганы агааржуулалтын нүх суурилуулах, хавтасны ирмэг наагаагүй доголдол засварлахад шаардагдах 1,514,000 төгрөгийг зөвшөөрч, гэрээний дагуу 442 ширхэг хаалга нийлүүлэхээс 436 ширхэг хаалга нийлүүлсэн, захиалагч нь 6 ширхэг хаалгыг хүлээж аваагүй тул дутуу нийлүүлсэн хаалганы төлбөр 5,940,000 төгрөг, алданги 25,380,000 төгрөгийг тус тус зөвшөөрөхгүй гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Э” ХХК нь 436 ширхэг хаалга хүлээлгэн өгсөн гэж, хариуцагч “А” ХХК нь 409 ширхэг хаалга хүлээн авсан гэж маргасан.   

 

“А” ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Т Апартмент орон сууц 133 айлтай, 0 тоот хаалга суулгуулаагүй, нийт 282 ширхэг модон хаалга, Апартмент хотхоны 4 дүгээр ээлж буюу 66 айлын орон сууцанд 127 ширхэг модон хаалга, нийт дээрх 2 барилгад 409 ширхэг модон хаалга суурилуулсан талаарх тооллогын тайланг, холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлжээ.

/1хх-ийн 185-191/

 

Дээрх баримтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, 2 талын төлөөлөл бүхий тооллогын комисс гаргаж, суурилуулсан хаалганы тоог гаргах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2021/11826 дугаар захирамжаар хангаж, тооллогын дүнг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлэхийг талуудад даалгасан.

 

/1хх-ийн 194-200/

 

Зохигч талууд захирамжид заасан хугацаанд тооллогын дүнг шүүхэд ирүүлээгүй тул шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/17520 дугаар захирамжаар тооллогын дүнг шүүхэд ирүүлэх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байхаар дахин тогтоож өгсөн.  

 

/1 хх-ийн 220-215/

 

Шүүгчийн захирамжийн дагуу “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2021.10.18-ны өдөр №Т-21/001 дугаартай тушаалаар, Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар байранд “Э” ХХК-иас нийлүүлж, суурилуулсан хаалганы тоо хэмжээг тоолох тооллогыг “Э” ХХК-тай хамтран 2021.10.21-ний өдөр тоолж, тооллогын дүнг 2021.10.22-ны өдөр шүүхэд танилцуулахаар шийдвэрлэжээ.  

 

Үүний дагуу “А” ХХК-иас 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хаалга тоолох талаар “Э” ХХК-ийн захирал Б.У-т мэдэгдсэн боловч тэрээр оролцох боломжгүй талаар мэдэгдсэн болохыг тусгаж, уг байранд 127 ширхэг модон хаалга суурилуулсан талаарх тооллого хийсэн талаарх баримтыг ирүүлсэн байна.

/1хх-ийн 222-224/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2 талыг оролцуулан хаалгыг тоолох тухай дээрх хүсэлтээсээ татгалзсаныг шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2022/02463 дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн болно.

/2 хх-ийн 50-51/

 

“Э” ХХК-иас ирүүлсэн зарлагын баримт, “А” ХХК-иас ирүүлсэн тооллогын тайлан зэрэг баримтаар “Т Апартмент” орон сууцанд 282 ширхэг модон хаалга, “Апартмент” хотхоны 4 дүгээр ээлж буюу 66 айлын орон сууцанд 127 ширхэг модон хаалга, нийт 409 ширхэг модон хаалга суурилуулсан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Тодруулбал “Э” ХХК нь 436 ширхэг хаалгыг “А” ХХК-д нийлүүлсэн гэх тайлбараа Ибаримтаар нотолсонгүй.

 

Үүнээс үзэхэд “Э” ХХК нь гэрээгээр тохиролцсон 442 ширхэг модон хаалганаас 409 ширхэг модон хаалга нийлүүлж, 33 ширхэг модон хаалга нийлүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

/1ширхэг хаалга х180.000төгрөгх33ширхэг=5,940,000төгрөг/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-т гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэггүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги захиалагч талд төлж барагдуулна гэж заажээ.

   

“Э” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 5,940,000 төгрөг гэж үзэх бөгөөд гэрээний 7.1-т заасан алдангийг 2019.01.12-ны өдрөөс 2019.07.15-ны өдөр хүртэлх 184 хоногоор тооцоход 3,278,880 төгрөг болохоор байна.  

/5,940,000төгрөгх0,3%=17,820төгрөгх184хоног=3,278,880төгрөг/

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т: “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу “Э” ХХК-иас алдангид 2,970,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.  

 

Иймд “Э” ХХК-иас түүний зөвшөөрч буй хаалганы агааржуулалтын нүх суурилуулах, хавтасны ирмэг наагаагүй доголдол засварлахад шаардагдах 1,514,000 төгрөг, дутуу нийлүүлсэн хаалганы үнэ 5,940,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 2,970,000 төгрөг, нийт 10,424,000 төгрөг гаргуулан “А” ХХК-д олгож, “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 22,410,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар

хариуцагч “А” ХХК-д холбогдох, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, Апартмент хотхоны 0 давхрын 0 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах, алданги 38,176,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

“Э” ХХК-иас 10,424,000 төгрөг гаргуулан “А” ХХК-д олгож, “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 22,410,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 181,734 төгрөг гаргуулан хариуцагч “А” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 888,540 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,120 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ