Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00677

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ү трейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/00378 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Э.Ү трейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Д.С.Р.С ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэхийг даалгах, алдангид 38,176,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Э.Ү трейдинг ХХК-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 32,834,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Э.Ү трейдинг ХХК нь А.Д.С.Р.С ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 20181112/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу нэг бүр нь 180,000 төгрөгийн үнэ бүхий нийт 442 ширхэг дотор модон хаалгыг үйлдвэрлэн, угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, А.Д.С.Р.С ХХК нь уг ажлын хөлс 79,560,000 төгрөг /76,352,000 төгрөгийн үнийн дүнд орон сууц өгөх/-ийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Тайлбарлавал, 442 ширхэг дотор модон хаалгыг үйлдвэрлэж 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд 282 ширхэгийг нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Тэлмүүн апартментэд, 154 ширхэгийг нь мөн дүүргийн 16 дугаар хороо 66 айлын орон сууцанд тус тус угсарч суурилуулан захиалагч талд хүлээлгэн өгсөн. Ийнхүү захиалагч талд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх тухай бүрдээ зарлагын баримт үйлддэг байсан бөгөөд үүнийг ажил хүлээлцсэн акт гэж үзнэ.

Гэтэл захиалагч тал үлдсэн 6 ширхэг хаалгаа хүлээн авдаггүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-т Гэрээ баталгаажсанаар захиалагч тал 2 хоногт багтаан урьдчилгаа төлбөрийг шилжүүлнэ. Урьдчилгаа төлбөр гүйцэтгэгчийн дансанд орсон болон бартерийн хөрөнгийн нэр шилжсэн өдрөөс ажил эхэлсэнд тооцно гэж заасан боловч А.Д.С.Р.С ХХК нь 76,352,000 төгрөгийн үнэлгээ бүхий Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Апартмент 5 хотхоны 3 давхрын 10 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гүйцэтгэгч талд гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу ажлын хөлс болох Баянзүрх дүүргийн 16-р хороо, Апартмент 5 хотхоны 3 давхрын 10 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Э.Ү трейдинг ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч А.Д.С.Р.С ХХК-д даалгаж өгнө үү.

Мөн тус гэрээний 7.2-т төлбөрийг тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд шилжүүлээгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алданги гүйцэтгэгчид төлж барагдуулна гэж заасан. Үүний дагуу хугацаа хэтрүүлсний алдангийг 2019 оны 07 сараас 2019 оны 11 сар хүртэл 166 хоногоор тооцож, 76,352,000 төгрөгийн 1 хоногийн алдангийг 229,056 төгрөг, энэ хугацааны алданги 38,176,000 төгрөгийг хариуцагч А.Д.С.Р.С ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Талуудын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Э.Ү трейдинг ХХК нь нэг бүрийн үнэ нь 180,000 төгрөгийн үнэ бүхий нийт 442 ширхэг хаалгыг үйлдвэрлэж, угсарч суурилуулах, А.Д.С.Р.С ХХК нь ажлын хөлсөнд 79,560,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Уг ажлын хөлс 76,352,000 төгрөгийн 94,66 хувийг бартераар, 5,34 хувийг бэлэн тооцоогоор төлөх байсан. Үүний дагуу 1 м.кв-ыг 1,600,000 төгрөгөөр тооцоод 47,72 м.кв талбай бүхий 76,352,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх байсан. Уг орон сууц нь гэрээ байгуулахад баригдаж байсан, ашиглалтад ороогүй гэдгийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т бартерийн гэрээг нэмэлтээр хийнэ гэж заасны дагуу Э.Ү трейдинг ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г Монголиан Айдиа девелофмент фанд ХХК-тай байгуулсан. Нэхэмжлэгч Э.Ү трейдинг ХХК нь тус орон сууцны захиалгын гэрээг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Т.Ганцэцэгтэй Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, орон сууцны 1 м.кв-ыг 1,700,000 төгрөгөөр үнэлэн 81,124,000 төгрөгөөр худалдсан байсан. Гэрээ байгуулагдах үед энэ орон сууц ашиглалтад ороогүй, баригдаж байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сард ашиглалтад орсон, 2019 оны 03 дугаар сард Э.Ү трейдинг ХХК-ийн хүсэлтээр тус компанийн цааш нь худалдсан айл болох иргэн Т.Ганцэцэгийг орон сууцанд нүүлгэн оруулсан.

Э.Ү трейдинг ХХК-ийн зүгээс 20181112/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргээ гүйцэтгээгүй мөн төлбөр тооцооны асуудлыг бүрэн дуусгаагүй боловч манай компани зүгээс хоёр компанийн хамтын ажиллагааг хүндэтгэн Э.Ү трейдинг ХХК-ийн цааш худалдсан айл болох Т.Ганцэцэгийг орон сууцанд нүүн орохыг зөвшөөрч, хоёр компанийн харилцааг эвийн шугамаар шийдэх хүсэлтэй байсан. Гэвч нэхэмжлэгч нь манайхтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Уг орон сууцны гэрчилгээг 20181112/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний нөхцөлийг хангасны дараа шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэдгийг удаа дараа утсаар болон биечлэн уулзан мэдэгдэж байсан. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-т Гүйцэтгэгч нь энэхүү гэрээнд заасан ажлыг иж бүрэн, шаардлагад нийцүүлэн хийж дуусган акт үйлдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй... гэж заасан бөгөөд актыг үйлдэхдээ 2 талын төлөөллийг байлцуулан, гарын үсгийг зуруулсан байх ёстой.

Гэтэл нэхэмжлэгчээс ирүүлсэн зарлагын баримтыг ажил хүлээлцсэн акт гэж үзэхгүй. Эдгээр зарлагын баримтад манай компанийн төлөөлөгчийн гарын үсэг байхгүй, зарим баримтууд буюу хэргийн 19, 31 талд авагдсан болон 36, 39 талд авагдсан баримтууд давхардсан, түүнээс гадна 34 талд авагдсан баримт нь 7 ширхэг эвдэрсэн хаалганыхаа баримтыг хүлээлгэж өгсөн мэтээр ирүүлсэн баримт байна. Зарлагын баримтуудад дурдагдсан хаалгыг тоолж үзэхэд 380 ширхэг хаалганы тоо гарсан, ажил дууссан байх ёстой хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс 48 ширхэг хаалгыг манайд нийлүүлсэн байна.

Хаалга нийлүүлсэн хугацааг 2019 оны 06 сар гэж байх боловч гэрээгээр 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд бүх хаалгыг нийлүүлэхээр тохирсон. Үлдэгдэл 6 ширхэг хаалгыг ав гэж манай талд мэдэгдэж байгаагүй, хаалгыг очиж авах үүрэг манайд байхгүй. Нэхэмжлэгч талаас хаалгыг авчирч, суурилуулах үүрэг хүлээсэн. Түүнээс гадна Цайзын барилгад 154 ширхэг хаалга нийлүүлсэн гэх боловч гэрээгээр 147 ширхэг хаалга нийлүүлэхээр тохирсон, илүү хаалга нийлүүлсэн гээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн гэрээгээр нэхэмжлэгч нь 442 ширхэг хаалга нийлүүлэх үүрэгтэй боловч 409 ширхэг хаалга нийлүүлж, үүний зөрүү 5,940,000 төгрөгийг буцааж өгөөгүй болно.

Нэхэмжлэгч Э.Ү трейдинг ХХК-ийн нийлүүлсэн хаалганы 00-н өрөөнд суурилуулах хаалганд агааржуулалтын нүх суурилуулаагүй, хаалганы ирмэгийг наагаагүй зэрэг чанарын шаардлага хангаагүй байсан тул 00-н өрөөний 1ш хаалганд 5,000 төгрөг, хаалганы ирмэг наагдаагүй 1ш хаалганд 1,000 төгрөгөөр тооцож нийт 1,514,000 төгрөгийн үнийн дүнг бууруулах хүсэлтийг нэхэмжлэгчээс амаар болон тооцооллын хүснэгтэн дээр тусгаж ирүүлснийгээ буцааж шилжүүлээгүй.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн бөгөөд бартерын гэрээг өөр этгээдтэй байгуулсан, хариуцагчид дээрх орон сууцны өмчлөл эрх байхгүй. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлбэл бартерийн гэрээ байгуулсан Монголиан Айдиа девелофмент фанд ХХК-аас орон сууцыг Т.Ганцэцэгт өмчлөлд шилжүүлж өгөх боломжтой.

А.Д.С.Р.С ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, бартерийн орон сууцыг, бэлэн мөнгөөр хийх төлбөрөө бүрэн төлж дуусгасан бөгөөд байрны гэрчилгээг өгөхгүй гэж хэлээгүй, гагцхүү дутуу хаалгаа нийлүүлэх, эд хөрөнгийн доголдлыг арилгуулах шаардлага тавьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: ...Э.Ү трейдинг ХХК-ийн хүсэлтийн дагуу Т.Ганцэцэгт 2019 оны 3 дугаар сард Монголиан Айдиа девелофмент фанд ХХК нь орон сууцыг хүлээлгэн өгч, акт үйлдсэн. Бидний байгуулсан гэрээгээр Тэлмүүн апартмент 295, Цайз буюу 66 айлын орон сууцанд 147, нийт 442 ширхэг хаалгыг нийлүүлнэ гэж тохирсон боловч Э.Ү трейдинг ХХК нь Тэлмүүн Апартмент орон сууцанд 282 ширхэг хаалга, 66 айлын орон сууцанд 127 ширхэг хаалга, нийт 409 ширхэг хаалгыг үйлдвэрлэж, угсарч суулгасан.

...Э.Ү трейдинг ХХК-ийн зүгээс захиалагч талд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн тухай ажил хүлээлцсэн акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй. Иймд Ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.1-т ажил хүлээлгэн өгөх хугацааг гэрээ баталгаажсанаас хойш 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ гэж заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх 184 хоногийн алдангийг 1 хоногийн 0,3 хувиар тооцож, хугацаа хэтрүүлсний алдангид 25,380,000 төгрөг, дутуу нийлүүлсэн хаалганы төлбөр 5,940,000 төгрөг, хаалганы агааржуулалтын нүх суурилуулаагүй, хавтасны ирмэг наагаагүй зэргээс шалтгаалсан 1,514,000 төгрөг, нийт 32,834,000 төгрөгийг Э.Ү трейдинг ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: ...Манай компани №20181112/01 тоот гэрээний дагуу 442 ширхэг дотор модон хаалгыг үйлдвэрлэж Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Тэлмүүн апартментэд 282 ширхэг хаалга, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 66 айлын орон сууцанд 154 ширхэг хаалга, нийт 436 ширхэг дотор модон хаалгыг үйлдвэрлэж, угсарч суурилуулан захиалагч талд хүлээлгэн өгсөн. Захиалагч А.Д.С.Р.С ХХК нь анх гэрээний дагуу 442 ширхэг хаалганы захиалга өгсөн бөгөөд 436 хаалгыг хүлээн авсан, үлдэгдэл 6 ширхэг хаалгыг өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй, хүлээн авахаас татгалзсаар байгаа нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул гэрээт ажлыг дутуу хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор нэхэмжилж буй 5,940,000 тегрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

А.Д.С.Р.С ХХК-тай байгуулсан гэрээний 2.4-т урьдчилгаа төлбөр гүйцэтгэгчийн дансанд орсон болон бартерийн хөрөнгийи нэр шилжсэн өдрөөс ажил эхэлсэнд тооцох-оор байсан бөгөөд бартерийн хөрөнгийн нэрийг шилжүүлээгүй байсан боловч Э.Ү трейдинг ХХК-ийн зүгээс гэрээний хамтын ажиллагаагаа хүндэтгэн гэрээний хугацаанд ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн.

Гэтэл А.Д.С.Р.С ХХК нь төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, ажлын төлбөр бүрэн төлөгдсөний дараа ажлыг эхлүүлэхээр заасныг үл харгалзан гэрээт ажлыг хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн байтал манай компаниас алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиалагч талын нэр хүндийг унагасан үйлдэл огт гаргаагүй бөгөөд оршин суугчдаас дотор талын модон хаалга халцарсан, цоож гацсан эвдэрсэн, зарим гарсан доголдлыг засаж хэвийн байдалд оруулан оршин суугчдад хүлээлгэн өгсөн болно.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дотор хаалганы агааржуулалтын нүх, хавтасны ирмэгтэй холбоотой 1,514,000 төгрөгийн зардал гарсныг Э.Ү трейдинг ХХК нь А.Д.С.Р.С ХХК-д төлөхөө өмнө нь илэрхийлсэн болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дотор хаалганы хавтасны ирмэг болон агааржуулалтын нүх суурилуулахтай холбогдон гарсан зардал болох 1,514,000 төгрөгийг зөвгшөөрч, дутуу нийлүүлсэн хаалганы төлбөр 5,940,000 төгрөг, алданги 25,380,000 төгрөгийг тус тус зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.Д.С.Р.С ХХК-д холбогдох, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Апартмент хотхоны 3 давхрын 10 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Э.Ү трейдинг ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах, алданги 38,176,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Ү трейдинг ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Э.Ү трейдинг ХХК-аас 10,424,000 төгрөг гаргуулан А.Д.С.Р.С ХХК-д олгож, А.Д.С.Р.С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 22,410,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Ү трейдинг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 181,734 төгрөг гаргуулан хариуцагч А.Д.С.Р.С ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 888,540 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,120 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.а Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 442 ширхэг дотор модон хаалгыг үйлдвэрлэж, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22-р хороо Тэлмүүн апартментэд 282 ширхэг хаалга, Баянзүрх дүүргийн 16-р хороо 66 айлын орон сууцанд 154 ширхэг хаалга, нийт 436 ширхэг дотор модон хаалгыг үйлдвэрлэж, угсарч суурилуулан захиалагч талд хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан үүргээ хэрэгжүүлж нотлох баримтуудаа гаргаж өгсөн байтал шүүх хэргийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэлгүйгээр зөвхөн хариуцагч байгууллагаас гаргасан баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.б Анхан шатны шүүх Э.Ү трейдинг ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 5,940,000 төгрөг гэж тооцон гэрээний 7.1-т заасан алдангийг 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 184 хоногоор тооцоход 3,278,880 төгрөг болохоор байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны алдангийг 50 хувиар тооцон 2,970,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хаалганы төлбөр гаргуулах, хугацаа хэтрүүлсний алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дутуу нийлүүлсэн хаалга, түүний алдангийг гаргуулахаар хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулж бусад хэсгийг хэвээр үлдээе гэхээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн болон дутуу доголдолтой хийсэн хаалгануудын засварын ажлыг хийж гүйцэтгэсэн 1,500,000 төгрөгийг зөвшөөрч байх шиг байна. Нэхэмжлэгч байраа хүлээгээд авсан, олон жил амьдарч байна. Хариуцагч байгууллагын зүгээс ажил гүйцэтгэх гэрээнийхээ үүргийг биелүүлчих тэгвэл орон сууцыг шилжүүлнэ гэдэг тайлбартай маргадаггүй. Анхан шатны шүүх талууд ямар асуудал маргасан бэ гэхээр гэрээгээр 442 ширхэг хаалга нийлүүлнэ, манайх 409 ширхэг хаалга хүлээж авсан гэдэг бодит үр дүн байгаа. Нөгөө талаас 466 ширхэг хаалга гэдэг. Үүнд хөндлөнгийн тооллогын комисс гаргуулж тоолуулъя гэдэг хүсэлтийг манайх дэмжээд шүүхээс 2, 3 удаа захирамж гаргасан. Нөгөө талаас ирж тоолоогүй манай талаас 2, 3 удаа тоолсон. Ингээд сүүлдээ хүсэлтээсээ татгалзсан. Анхан шатны шүүх зохих журмын дагуу шийдвэрлээд анхан шатны шүүхийн баримт хуулийн дагуу явагдсан. Бодитоор 409 ширхэг хаалга авсан гэдгийг хангалттай нотолсон. 442 ширхэг хаалганы үнийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа тул дутуу нийлүүлсэн, хугацаа хэтрүүлсэн гэж үзээд зохих хуулийн заалтыг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгч талаас чанарын доголдолтой хаалга нийлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үүнтэй холбоотойгоор засварласан мөнгөө нэхэмжилснийг өөрсдөө зөвшөөрч шийдвэрлэсэн. Ийм учраас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

8.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна.

9.Нэхэмжлэгч Э.Ү трейдинг ХХК нь хариуцагч А.Д.С.Р.С ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйд тооцсон алданги 38,176,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Тэрээр үндэслэлээ захиалагч тал ажлын хөлсөнд төлсөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Апартмент 5 хотхоны 3 давхрын 10 тоот, 47,72 м.кв талбайтай, орон сууцны эд хөрөнгийн өмчлөх эрхийг Э.Ү трейдинг ХХК-ийн нэр дээр гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй, уг гүйцэтгээгүй үүрэгт алданги тооцсон гэх агуулгаар тайлбарласан байна. /1хх-1-2/

10.Хариуцагч А.Д.С.Р.С ХХК нь эс зөвшөөрч, ажлын үр дүнг актаар хүлээлгэж өгөөгүй боловч ажлын хөлсийг бүрэн төлсөн, орон сууцны хувьд гэрээний нөхцлийг бүрэн хангасан тохиолдолд шилжүүлэхэд татгалзахгүй гэж марган, нэхэмжлэгч тал 33 ширхэг хаалга дутуу нийлүүлсэн тул уг хаалганы үнэд төлсөн 5,940,000 төгрөгийг буцаан гаргуулах, доголдол арилгасан зардал 1,514,000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацаанд ажлаа гүйцэтгээгүйд хариуцлага тооцон алданги 25,380,000 төгрөг, нийт 32,834,000 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч тал уг сөрөг нэхэмжлэлээс доголдол арилгасан зардал 1,514,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

11.Хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 20181112/01 тоот ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас захиалагч Э.Ү трейдинг ХХК, нөгөө талаас гүйцэтгэгч А.Д.С.Р.С ХХК оролцон байгуулж, гүйцэтгэгч тал нийт 79,560,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий, 442 ширхэг дотор модон хаалгыг үйлдвэрлэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Тэлмүүн апартментэд 295 ширхэгийг, мөн дүүргийн 16 дугаар хороо, 66 айлын орон сууцанд 147 ширхэгийг тус тус тээвэрлэн нийлүүлж, угсарч суурилуулах ажлыг гэрээ баталгаажсанаас хойш 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч тал ажлын хөлс болох 79,560,000 төгрөгийн 94,66 хувьд нь бартерийн орон сууц, 5,34 хувийг нь мөнгөн хөрөнгөөр бэлэн төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /1хх-11-13/ Гэрээний хүчин төгөлдөр байдалд хэн аль нь маргаагүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

12.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх ёстой. Талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх нь, үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан алданги тооцон шаардах эрхтэй эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгч Э.Ү трейдинг ХХК нь 442 ширхэг модон хаалга үйлдвэрлэн гэрээнд заасан 2 барилгад суурьлуулж ажлын үр дүнг хүлээлгэн өгч акт үйлдсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох зорилгоор зарлагын болон орлогын баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна. /1хх-18-43/

Хариуцагч А.Д.С.Р.С ХХК-ийн хувьд гэрээний 5.11-т заасныг гүйцэтгэгч нь ажлыг иж бүрэн шаардлагад нийцүүлэн хийж дуусган акт үйлдэж хүлээлгэж өгөх үүрэгтэй, актыг үйлдэхдээ 2 талын төлөөллийг байлцуулан гарын үсэг зуруулсан байх ёстой, ажлыг 2 сарын хугацаанд гүйцэтгэхээр байсан, зарлагын баримтыг ажил хүлээлцэх акт гэж үзэхгүй, гүйцэтгэгч нь 409 хаалга нийлүүлсэн гэж мэтгэлцжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн дээрх нотлох баримтууд нь талуудын гэрээний 5.11, 6.1-д зааснаар гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгсөн гэх үйл баримтыг эргэлзээгүй нотлоогүй байна. Иймээс зарлагын баримтад хоёр тал гарын үсэг зураагүй, зарим баримт нэг талын гарын үсэгтэй, баримтын огноо, тоо засвартай, зарим баримт давхардсан зэрэг нь гэрээний 5,11, 6.1-д заасантай нийцэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамжаар хоёр талыг гүйцэтгэсэн ажлын хэмжээнд тооцоо нийлэхийг даалгасан байна. Өөрөөр хэлбэл, 2 талаас комисс томилон хариуцагчийн 2 барилгад суурилуулсан модон хаалгыг тоолж, тооллогын дүнг шүүхэд ирүүлэхийг даалгасан боловч нэхэмжлэгч тал уг ажиллагаанд оролцоогүй, мөн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр уг хүсэлтээсээ татгалзсан болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. /1хх 186-191, 198-199, 213-215, 2хх 35//

Анхан шатны шүүх хариуцагч талын тооллогын тайланг үндэслэн нэхэмжлэгчийг гэрээнд заасан Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэлмү апартмент хотхоны орон сууцанд 282 ширхэг модон хаалга, Апартмент-5 хотхоны 66 айлын орон сууцанд 127 ширхэг модон хаалга, нийт 409 ширхэг модон хаалга суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн гэж дүгнэхдээ хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан Монголиан Айдиа Девелофмэнт Фанд ХХК болон Эвт үүр трейдинг ХХК-ийн хооронд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан А-5/03/10 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Т.Ганцэцэгт орон сууцыг хүлээлгэн өгсөн акт, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгч компанид 3,208,000 төгрөгийг шилжүүлсэн тухай ХААН банкны Шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс болох бартерын орон сууцыг нэхэмжлэгчийн заасан этгээдэд хүлээлгэн өгсөн, мөн мөнгөн төлбөрийг бэлнээр өгөх үүргийг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна. /1хх 14-16, 86, 94/ Энэ талаар талууд маргаангүй.

13.Талууд гэрээний 7.1, 7.2 дахь заалтаар нэхэмжлэгч нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги хариуцагчид төлөх, хариуцагч нь гэрээний 3 дугаар зүйлд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгчид шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд шилжүүлээгүй үнийн дүнгийн 0,3 хувийн хэмжээгээр алданги төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-12/

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Э.Ү трэйдинг ХХК нь 442 ширхэг модон хаалга суурилуулах ажлаас 409 ширхэг хаалга суурилуулсан болох нь тогтоогдсон.

Талууд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 2.4-т гэрээ баталгаажснаар захиалагч тал ажлын 2 хоногт багтаан урьдчилгаа төлбөрийг шилжүүлнэ. Урьдчилгаа төлбөр гүйцэтгэгчийн дансанд орсон болон бартерийн хөрөнгийн нэр шилжсэн өдрөөс ажил эхэлсэнд тооцно гэж харилцан тохиролцсон байна. /1хх-11/

Хариуцагч А.Д.С.Р.С ХХК-ийн хувьд ажлын хөлсний 5,34 хувь болох 3,208,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн, бартерийн орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжээгүй үйл баримтууд тогтоогдсон. /1хх-94/

Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээний үүргээ тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгээгүй байх тул үүргээ хэн аль нь алданги тооцон шаардах эрхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Ү трейдинг ХХК-ийн алданги нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Харин хариуцагч А.Д.С.Р.С ХХК-ийн алданги нэхэмжилсэн сөрөг шаардлагыг 2,970,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэжээ. Иймд алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

14.Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдол арилгасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардсан байхад тухайн шаардлагад хамааралгүй хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болжээ.

15,Давж заалдах шатны шүүх хэргийн баримтыг үндэслэн дээрх алдааг залруулан анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2022/00378 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 227 дугаар зүйлийн 227.3-т гэснийг 352 дугаар зүйлийн 352.2.2 гэж, 10,424,000 гэснийг 7,454,000 гэж, 22,410,000 гэснийг 25,380,000 гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын 181,734 гэснийг 134,214 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181,735 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД