Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2019/00395

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2019/00395

Улаанбаатар хот

 

 

              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 6 баг, Гэгээн шавь 13 гудамж, 10 тоотод оршин суух Баяжих овогт Норовын Б /РД:ВЭ81040900/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Peace tower, 16-1604 тоот хаягт байрлах Хонгорбар групп ХХК нарт холбогдох,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 170б байр, 52 тоотод оршин суух Боржигон овогт Бат-Юндэнгийн М /РД:ВМ74102810/

 

Орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,641,400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюун-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шинэбаяр, гэрч М.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Норовын Б би өөрийн нөхөр Даваасүрэнгийн Өлзийдэлгэрийн хамт Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багт байрлалтай, Үйлчилгээний төвтэй 52 айлын орон сууцны 78 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарын 17 тоот орон сууцыг Хас банкны зээлэнд хамрагдан худалдаж авахаар болж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г "Хонгор бар групп" ХХК-ийн захирал Б.Мтай байгуулсан юм. Ингэж гэрээг байгуулахдаа 65,58 м.кв орон сууцны нийт үнэ болох 72,138,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 21,641,400 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэгдэл 50,496,600 төгрөгийг банкны зээлэнд хамрагдаж төлөхөөр тохиролцсон гэрээг байгуулсан. Ингээд тохиролцооныхоо үндсэн дээр уг байранд 2016 оны 1 сард нүүж орсон. Байранд орсон цагаасаа хойш орон сууц, цахилгаан, халаалт зэргийн мөнгийг тогтмол төлж явсан. Гэтэл банкны 8 хувийн зээл маань бүтээгүй. Банкнаас зээл бүтэхгүй гэсэн хариуг авангуутаа 2016 оны 11 сард байрнаасаа бид өөрсдөө нүүж гарч, түлхүүрийг нь хүлээлгэн өгсөн. Тус байранд 11 сар амьдарсан. Энэнээс хойш "Хонгор бар групп" ХХК-ийн захирал Б.М нь манай урьдчилгаанд төлсөн 21,641,400 төгрөгийг маань эргүүлж өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Б.М нь мөнгөө нэхээд утсаар ярихаар хуулийн зөвлөх гээд хүний утас өгдөг. Тэр хүмүүс нь манай "Хонгор бар групп" ХХК нь үйл ажиллагаагаа зогсоосон байгаа. Гэрээгээ авч ирээд бидэнтэй тооцоо хий гэдэг ч би энэ үл таних хүмүүстэй биш гэрээний нэг тал болсон Б.Мтай тооцоогоо дуусгах нь зөв гэж үзэж өөрсдийн төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөр болох 21,641,400 төгрөгийг "Хонгор бар групп" ХХК-ийн захирал Б.Маас гаргуулж авахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүх хуулийн дагуу "Хонгор бар групп" ХХК, захирал Б.Маас миний орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,641,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд нэхэмжлэгч Н.Б нь өөрийн нөхөрт Д.Өлзийдэлгэртэйгээ Баянхонгор аймагт баригдаж байгаа байрнаас байр авах гээд урьдчилгаанд 21,641,000 төгрөг төлөөд орон сууц захиалах гэрээ байгуулсан байдаг. Төлбөр төлсөн баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Түүнээс хойш 2016 оны 01 сард зээл бүтэхгүй байна гэдэг шалтгаанаар байраа суллаж өгсөн байдаг. Ямар нэгэн байдлаар суллаж өгөхгүй ч юм уу, Хонгор бар ХХК-д хүндрэл учруулсан зүйл байдаггүй. Гэтэл одоог хүртэл байраа суллуулаад, энэ байраа байраа зараад тэр байранд нь өөр хүмүүс амьдарч байгаа мөртлөө өнөөдрийг хүртэл энэ хүмүүсийн байрны урьдчилгаанд өгсөн 21,641,400 төгрөгийг төлөөгүй байдаг. Нэхэмжлэгчийн тухайд 21,641,400 төгрөг болон нэхэмжлэл гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж төлсөн мөнгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь Хонгор бар ХХК-аас 21,641,400 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Хонгор бар ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Шинэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багт Үйлчилгээний төвтэй 52 айлын орон сууцны 78 дугаар байрыг барьж 2015 оны 12 сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгснөөр 78 дугаар байрыг барьж ашиглалтанд оруулсан. Д.Өлзийдэлгэр нь 78 дугаар байрны 1 дүгээр орц, 17 тоот 65,58 м.кв, 72,138,000 төгрөгний үнэ бүхий орон сууцыг 1,100,000 төгрөгөөр тохирч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г манай компанитай байгуулж урьдчилгаа төлбөрт 13,580,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөр болон 58,558,000 төгрөгийг банкны лизингд хамрагдаж төлөхөөр тохиролцсон. Бид гэрээнд заасан хугацаандаа уг байрыг ашиглалтанд оруулж, байрандаа орсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй их хугацаа өнгөрч удаа дараа шаардсан боловч ямар нэгэн төлөх нөхцөл санал болгохгүй байрнаасаа шууд гарсан байсан. Орон сууцны захиалгын гэрээ нь 2 талын хүсэл зорилгын үндсэн дээр байгуулагдсан. Энэ гэрээний дагуу дээрх төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл Д.Өлзийдэлгэрийнх төлбөр төлөх графикийг байнга хэтрүүлдэг, маш олон удаа шаардаж байж дээрх урьдчилгаа төлбөрийг хэд хэдэн удаагийн төлөлтөөр 13,580,000 төгрөгийг төлсөн байгаа. Иргэний хуулийн 222 дугаар зүйлд ямар тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой заасан байдаг. Хоёр талын гэрээ байхад гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээнээс татгалзсантай холбоотой зардлыг шаардах эрхтэй. Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 7.2.1. 7.2.2, 7.4, 7.10-т ... заалтын дагуу гэрээ цуцлагдсан тохиолдолд захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх торгуулийг төсөл хэрэгжүүлэгч талд төлнө гэж заасан. Энэ нь үйлчилгээний зардал болон захиалга хойшлуулж, борлуулалт саатуулсны торгуульд суутгуулах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 219.4 дэх заалтын дагуу захиалагч нь учирсан хохирлыг арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Иймээс манай компани нь гэрээний дагуу дээрх нэхэмжилсэн үнийн дүнг нэхэмжлэгч талын компанид төлсөн 13,580,000 төгрөгөөс гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх төгрөгийг хүлээн зөвшөөрөх ба бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдаж байгаа. Ер нь тухайн байгууллага нь ашгийн төлөө хуулийн этгээд. Тэгэхээр гэрээ байгуулчихаад захиалагч төлбөрөө төлж чадахгүйн улмаас компанийн борлуулалт. нэр хүнд, үйлчлүүлэгчид зарцуулсан цаг хугацаа гээд учирч байгаа зайлшгүй гарах зардал хохирол байна. Одоо Д.Өлзийдэлгэр, Н.Б нарын амьдарч байсан байрыг авах захиалагч байхгүй тухайн захиалгын үед бид үйлчлүүлэгчээ олох байсан боловч дээрх цаг хугацаа өнгөрснөөр байр одоогоор тодорхой эзэнгүй байгаа нь компанийн хувьд учирч байгаа бодит хохирол байна. Иймд урьдчилгаанд төлсөн төлбөрийг 100 хувь буцаан олгох боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 21,641,400 төгрөгөөс 13,580,000 төгрөгийг дээр дурьдснаар хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 8,061,400 төгрөг нь компанид орлогоор орж ирээгүй, тайлан тооцоонд тусгагдаагүй, анх гэрээ байгуулсан үнийн дүн болон төлсөн урьдчилгаа төлбөртэйгээ тааруулан бичигдсэн хуурамч баримт тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Д.Өлзийдэлгэр нь манай 78 дугаар байрны 1 дүгээр орцны 17 тоот байрыг 72,138,000 төгрөгөөр тохиролцож гэрээ хийж авсан байдаг. Тухайн үедээ 13,580,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөөд үлдэгдэл төлбөр дээр гэрээ байгуулаад банкны зээл гаргуулан төлнө гэж тохиролцсон байдаг. Гэтэл банкнаас байрны төлбөрийн урьдчилгаа 30 хувь төлөгдсөн байх ёстой гэдэг шаардлага тавьсан юм байна билээ. Үүнийх нь дагуу Д.Өлзийдэлгэр, Н.Б нар манай захирлаас гуйгаад ийм төгрөг дутаад байна энэ дээр баримт үйлдээд өгөөч ээ гэж гуйгаад хоорондоо тохироод дараа нь төлөхөөр тохиролцсон юм байна билээ. Хуурамчаар 8,061,400 төгрөгийн баримт нийт гурван баримт үйлдэж өгөөд гэрээгээ дахин шинэчилж байгуулсан юм шиг байна билээ. Ингээд үлдэгдэл төлбөрөө банкны зээл гарсны дараа төлнө гэсэн боловч энэ төлбөрөө төлнө гэж хэлсэн байдаг. Гэвч лизингээ хөөцөлдөөд зээл нь гараагүй. Өөрсдөө мэдэгдэхгүй байрнаас гарсан байсан гэж хэлж байна. Одоо энэ байранд хүн амьдарсан зүйл байхгүй. Манай захирал дүүгээ л түр зуур суулгаж байгаа. Өөр хүнд зарсан зүйл байхгүй. Энэ хүмүүс гэрээний үүргээ зөрчсөн байж эргээд биднээс хуурамчаар үйлдүүлж авсан 8,061,400 төгрөгийг нийлүүлээд нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг манай компани хүлээн зөвшөөрөхгүй байна. Урьдчилгаанд төлсөн 13,580,000 төгрөг дээр маргах зүйл байхгүй. Гэрээнд зааснаар нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг захиалагч талаас авна гэж заасан байдаг. Гэрээгээ барих юм бол нэхэмжлэгч талд ямар ч мөнгө өгөхөөргүй байгаа. Гэхдээ бид төлсөн мөнгөнөөс нь 20 хувийг суутгаад үлдэгдэл 10,864,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Хонгорбар групп ХХК-д холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,641,400 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь Хонгорбар групп ХХК-ийн захирал Б.Мыг хариуцагчаар татсан байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хамтран хариуцагч Б.Маас татгалзсан байх бөгөөд түүнд холбогдох шаардлагаас татгалзсан талаараа хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд дахин тодруулж Хонгорбар групп ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хонгорбар групп ХХК болон Н.Б , Д.Өлзийдэлгэр нар нь 2015 оны 10 сарын 01-ний өдөр 27-1 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, Хонгорбар групп ХХК нь Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багт байрлалтай, Үйлчилгээний төвтэй 52 айлын орон сууцны 78 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхрын 17 тоот, 65,58 м.кв талбайтай орон сууцыг 72,138,000 төгрөгөөр худалдах, төлбөрийг урьдчилгаа төлбөр 21,641,400 төгрөг, үлдэгдэл төлбөр 50,496,600 төгрөгийг банкны зээлд хамрагдаж төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулагдсан гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Баригдаж дууссан, ашиглалтад оруулахад бэлэн болсон орон сууцыг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Хэргийн үйл баримтаар Н.Б , Д.Өлзийдэлгэр нар нь 2016 оны 01 сард орон сууцанд нүүж орон, 2016 оны 11 сард орон сууцнаас нүүн гарч, байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Хэрэгт 2015 оны 10 сарын 01-ний өдөр 12,000,000 төгрөг, 2015 оны 11 сарын 26-ны өдөр 1,580,000 төгрөг, 2016 оны 07 сарын 01-ний өдөр 8,061,400 төгрөг, нийт 21,641,400 төгрөгийг Хонгорбар групп ХХК-д төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт нотлох баримтаар авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийн урьдчилгаа төлбөрийг төлсөн баримт гэж тайлбарласан.

 

Хариуцагч Хонгорбар групп ХХК нь гэрээнд заасан хугацаандаа уг байрыг ашиглалтанд оруулж, хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч төлбөр төлөх графикийг зөрчсөн, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, байрнаас шууд гарсан нь гэрээ зөрчсөн үйлдэл болсон тул учирсан хохирлоо шаардах эрхтэй, нэхэмжлэгчийн төлсөн 13,580,000 төгрөгөөс гэрээнд заасны дагуу 20 хувийн торгууль, гэрээнд заасны дагуу алданги тооцож нэхэмжлэгчид буцаан олгох боломжтой гэх тайлбарыг гаргасан.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 27-1 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 6.2-т Урьдчилгаа төлбөр 21,641,400 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр 50,498,600 төгрөгийг банкны зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцов гэсэн байх бөгөөд төлбөрийг төлөх хугацааг талууд тохиролцоогүй байна. Мөн гэрээний 5.1-д Гэрээний зүйлийг 2014 оны 12 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгнө... гэсэн байх бөгөөд талууд гэрээг 2015 оны 10 сарын 01-ний өдөр байгуулсан зэргээс үзэхэд талуудын тодорхойлсон хугацааг бодитой гэж тооцох, улмаар хугацаанаас үүдэлтэй үүрэг үүсэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан хугацааг талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Хонгорбар групп ХХК нь гэрээний хугацаа зөрчсөнтэй холбоотой үүрэг буюу торгуулийг нэхэмжлэгчид ногдуулж, нэхэмжлэлийн тодорхой хэсгээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээнд орон сууцны үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч банкнаас зээл авах боломжгүй болж орон сууцыг хүлээлгэн өгсөн үйлдэл нь нэхэмжлэгч гэрээг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч нь гэрээ байгуулчихаад төлбөрөө төлөөгүйн улмаас нэхэмжлэгчийн амьдарч байсан байрыг авах захиалагч байхгүй, тухайн захиалгын үед өөр үйлчлүүлэгч олох боломжтой байсан боловч нэхэмжлэгчийн буруугаас байр одоогоор тодорхой эзэнгүй байгаа бодит хохирол компанид учирсан тул нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан олгох боломжгүй гэх тайлбар гаргаж байх боловч нотлох баримтаар нотолсонгүй.

 

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 27-1 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-ээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг гэрээний дагуу хариуцлага хүлээх үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д Гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болж орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21,641,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар шаардах эрхтэй.

 

Харин, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөр огноотой, Хонгор бар ХХК-д нэхэмжлэгч Н.Б ийн гаргасан Д.Өлзийдэлгэрийн эхнэр Б миний бие 2015 оны 11 дүгээр сард 78 дугаар байранд 3 өрөө байр авч урьдчилгаа төлбөр 30 хувь 13,580,000 бэлнээр төлсөн ба зөрүүг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шинээр гэрээг 65,58 м.кв х 1,100,000 төгрөгөөр өөрийн нэр дээр хийлгэж зээлээр тооцохоор тохиролцсон болно. Урьдчилгааны баримтыг 21,641,400 төгрөгөөр хуурамчаар үйлдүүлсэн болно. Баримт бичсэн Б 89899596, ВЭ81040900 гэх өргөдлийг нэхэмжлэгч үгүйсгэж нотлоогүй тул тухайн өргөдлийн утга, нотлох баримтын ач холбогдлыг үгүйсгэх боломжгүй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл энэхүү өргөдөл нь байрны урьдчилгаа төлбөрөөс 8,061,400 төгрөгийг төлсөн гэх баримтыг хуурамч гэж үзэх үндэслэл болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Хонгорбар групп ХХК-иас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 13,580,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,061,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Хонгорбар групп ХХК-иас 13,580,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,061,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Б.Мт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хонгорбар групп ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 225,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА