Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2052

 

 

Н.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02442 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М, “Х” ХХК-д холбогдох

 

Орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21 641 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.О,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б би өөрийн нөхөр Д.Өлзийдэлгэрийн хамт Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багт байрлалтай, Үйлчилгээний төвтэй 52 айлын орон сууцны 78 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарын 17 тоот орон сууцыг Хас банкны зээлэнд хамрагдан худалдаж авахаар болж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г “Х” ХХК-ийн захирал Б.М тай байгуулсан. Ингэж гэрээг байгуулахдаа 65,58 м.кв орон сууцны нийт үнэ болох 72 138 000 төгрөгнөөс урьдчилгаа төлбөрт 21 641 400 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэгдэл 50 496 600 төгрөгийг банкны зээлэнд хамрагдаж төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Уг байранд 2016 оны 1 сард нүүж орсон бөгөөд байранд орсон цагаасаа хойш орон сууц, цахилгаан, халаалт зэргийн мөнгийг тогтмол төлж байсан. Гэтэл банкны 8 хувийн зээл маань бүтээгүй. Банкнаас зээл бүтэхгүй гэсэн хариуг авангуутаа 2016 оны 11 сард байрнаасаа бид өөрсдөө нүүж гарч, түлхүүрийг нь хүлээлгэн өгсөн. Тус байранд 11 сар амьдарсан. Үүнээс хойш “Х” ХХК-ийн захирал Б.М нь манай урьдчилгаанд төлсөн 21 641 400 төгрөгийг эргүүлж өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Б.М нь мөнгөө нэхээд утсаар ярихаар хуулийн зөвлөх гээд хүний утас өгдөг. Тэр хүмүүс нь манай “Х” ХХК нь үйл ажиллагаагаа зогсоосон. Гэрээгээ авч ирээд бидэнтэй тооцоо хий гэдэг ч би энэ үл таних хүмүүстэй биш гэрээний нэг тал болсон Б.М тай тооцоогоо дуусгах нь зөв гэж үзэж өөрсдийн төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөр болох 21 641 400 төгрөгийг “Х” ХХК-ийн захирал Б.М-с гаргуулж авахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүх хуулийн дагуу “Х” ХХК, захирал Б.Маас миний орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21 641 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багт Үйлчилгээний төвтэй 52 айлын орон сууцны 78 дугаар байрыг барьж 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгснөөр 78 дугаар байрыг барьж ашиглалтанд оруулсан. Д.Өлзийдэлгэр нь 78 дугаар байрны 1 дүгээр орц, 17 тоот 65,58 м.кв, 72 138 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 1 100 000 төгрөгөөр тохирч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг манай компанитай байгуулж урьдчилгаа төлбөрт 13 580 000 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөр болон 58 558 000 төгрөгийг банкны лизингд хамрагдаж төлөхөөр тохиролцсон. Бид гэрээнд заасан хугацаандаа уг байрыг ашиглалтанд оруулж, байрандаа орсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй их хугацаа өнгөрч удаа дараа шаардсан боловч ямар нэгэн төлөх нөхцөл санал болгохгүй байрнаасаа шууд гарсан байсан. Орон сууцны захиалгын гэрээ нь 2 талын хүсэл зорилгын үндсэн дээр байгуулагдсан. Энэ гэрээний дагуу дээрх төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл Д.Өлзийдэлгэрийнх төлбөр төлөх графикийг байнга хэтрүүлдэг, маш олон удаа шаардаж байж дээрх урьдчилгаа төлбөрийг хэд хэдэн удаагийн төлөлтөөр 13 580 000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлд ямар тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой заасан байдаг. Хоёр талын гэрээ байхад гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээнээс татгалзсантай холбоотой зардлыг шаардах эрхтэй. Орон сууц захиалан бариулах гэрээний 7.2.1. 7.2.2, 7.4, 7.10-т ...заалтын дагуу гэрээ цуцлагдсан тохиолдолд захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх торгуулийг төсөл хэрэгжүүлэгч талд төлнө гэж заасан. Энэ нь үйлчилгээний зардал болон захиалга хойшлуулж, борлуулалт саатуулсны торгуульд суутгуулах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.4 дэх заалтын дагуу захиалагч нь учирсан хохирлыг арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Иймээс манай компани нь гэрээний дагуу дээрх нэхэмжилсэн үнийн дүнг нэхэмжлэгч талын компанид төлсөн            13 580 000 төгрөгөөс гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх төгрөгийг хүлээн зөвшөөрөх ба бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдаж байгаа. Ер нь тухайн байгууллага нь ашгийн төлөө хуулийн этгээд тул гэрээ байгуулчихаад захиалагч төлбөрөө төлж чадахгүйн улмаас компанийн борлуулалт нэр хүнд, үйлчлүүлэгчид зарцуулсан цаг хугацаа гээд учирч байгаа зайлшгүй гарах зардал хохирол байна. Одоо Д.Өлзийдэлгэр, Н.Б нарын амьдарч байсан байрыг авах захиалагч байхгүй тухайн захиалгын үед бид үйлчлүүлэгчээ олох байсан боловч дээрх цаг хугацаа өнгөрснөөр байр одоогоор тодорхой эзэнгүй байгаа нь компанийн хувьд учирч байгаа бодит хохирол байна. Иймд урьдчилгаанд төлсөн төлбөрийг 100 хувь буцаан олгох боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 21 641 400 төгрөгнөөс 13 580 000 төгрөгийг дээр дурдснаар хүлээн зөвшөөрч, үлдэгдэл 8 061 400 төгрөг нь компанид орлогоор орж ирээгүй, тайлан тооцоонд тусгагдаагүй, анх гэрээ байгуулсан үнийн дүн болон төлсөн урьдчилгаа төлбөртэйгээ тааруулан бичигдсэн хуурамч баримт тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 21 641 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Б-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 266 157 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Б.М-т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа 2016 оны 11 дүгээр сард бид банкны зээл бүтэхгүй байрнаасаа гарсан. Уг байранд 11 сар амьдраад, урьдчилгаанд өгсөн 21 641 400 төгрөгийг гаруулах талаар нэхэмжилсэн байдаг. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ хийж улмаар талууд хүлээх үүрэг хариуцлагаа тодорхой тусгасаар байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 12 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1 580 000 төгрөг, нийт 13 580 000 төгрөг урьдчилгаанд төлсөн нь баримтаар нотлогддог ба харин 8 061 400 төгрөг төлсөн гэх орлогын баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгч нь өөрөө гарын үсэг зураагүй баримт ба энэхүү баримтыг Д.Өлзийдэлгэр, Н.Б нар банкны зээл гаргуулахын тулд урьдчилгаа төлбөрөө гэрээнд зааснаар бүрэн төлсөн байх ёстой гэсэн шаардлагыг биелүүлэх үүднээс манай байгууллагаас баримтыг үйлдэж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу бичиж өгсөн баримт байдаг. Энэ талаар манай байгууллагын данс тооцоонд тусгагдаагүй төлбөр гэдгийг хэд хэдэн удаагийн тайлбараар гаргасан мөн уг баримтыг үйлдэж өгсөн гэрч М.Түвшинбаярыг шүүх хуралдаанд оролцуулсаар байхад гэрчийн тайлбарыг огт үнэлээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэсэн.

Орон сууц захиалан бариулах гэрээ хийсээр байхад худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийсэн мэтээр дүгнэж, анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа орон сууц захиалан бариулах гэрээг бус огт байгуулаагүй худалдах-худалдан авах гэрээг үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь мөн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч 11 сар манай компаний шинэ байранд амьдарч байхад төлөөд байгаа 13 580 000 төгрөгнөөс гэрээний дагуу тохиролцсон 20 хувийн торгуулыг хасахгүй үнэлж дүгнээгүй, мөн хууран мэхлэж баримт үйлдүүлэсэн 8 061 400 төгрөгийг өгсөн мэтээр үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь хэт нэг талыг барьсан, зарим нотлох баримтыг үнэлээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлсэн шийдвэр гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхэр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч “Х” ХХК, Б.М нарт холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 21 641 400 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 13 580 000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “8 061 400 төгрөг тушаасан баримт дах гарын үсгийг тодруулах зорилгоор шинжилгээний байгууллага томилуулан шинжилгээ хийлгэх” тухай хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

    /хх-36, 53, 65, 73-74 дүгээр тал/

 

Учир нь талуудын маргаж буй 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 8 061 400 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримтад хэн гарын үсэг зурсан нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг ханган, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02442 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266 157 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

                         ШҮҮГЧИД                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ