Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/05

 

 *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран

Прокурор                                                         Д.Нямдэлэг

Өмгөөлөгч                                                      З.Нямсүрэн

Өмгөөлөгч                                                       Д.Урансувд

Шүүгдэгч                                                    *******

Шүүгдэгч                                                         ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/397 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1921005060344 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сүмбэр суманд 1980 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, ******* овогт *******гийн *******, урьд

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сүмбэр суманд 1975 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 12 дугаар сард Халхгол сумын ерөнхий боловсролын сургуульд автомашин худалдан авахдаа Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6 500 000 төгрөгийн үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр буюу 13 500 000 төгрөгөөр худалдан авсан, мөн дээрх автомашинд төсөвлөгдсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1 800 000 төгрөг буюу төсвийн мөнгийг яллагдагч *******гаас авч гэртээ хадгалж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Халхгол сумын ерөнхий боловсролын сургуульд сургалтын менежерээр ажиллаж байхдаа уг сургуульд автомашин худалдан авах ажиллагааг яллагдагч *******тэй хамтран зохион байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-д заасан “...төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчин 6 500 000 төгрөгийн үнэ бүхий 1999 онд үйлдвэрлэгдэж 2013 онд орж ирсэн “Истана” маркийн тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс дээгүүр буюу 13 500 000 төгрөгөөр худалдан авсан, худалдан авах ажиллагааг хийж гүйцэтгэхдээ төсвийн мөнгөнөөс 17 000 000 төгрөгийг зориулалтын бус данс руу шилжүүлснээр 1 700 000 төгрөгийг татварт үргүй зарцуулсан, мөн өөрийн данс руу төсвийн мөнгөнөөс бусдаар дамжуулан 3 750 000 төгрөгийг шилжүүлж өөртөө давуу байдал бий болгосон, дээрх автомашинд төсөвлөсөн мөнгөнөөс хэмнэгдсэн 1 800 000 төгрөг буюу төсвийн мөнгийг яллагдагч *******д өгч бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд шүүгдэгч *******г зохион байгуулан *******тай хамтран албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч *******г гүйцэтгэн, *******тэй хамтран албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/397 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон,

Шүүгдэгч ******* овогт ******* *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг хамтран оролцож, гүйцэтгэсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 төгрөгийн торгох ялаар,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж,

- Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ******* тоот, шүүгдэгч *******гийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар “Istana” маркийн ДОР улсын дугаартай 6.500.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хурааж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авч,

 - Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...******* миний бие тус хэрэгт холбогдсон цагаасаа эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тус шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэснээс тус шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүхээс намайг буруутгахдаа Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.6-г зөрчин, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж үзсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн зохицуулалттай.

Дээрх зүйлийн Эрүүгийн хуулийн тайлбарт: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласан байна.

Уг гэмт хэргийн шинж нь:

Объектын хувьд: Нийтийн албаны эрх ашиг зөрчигдсөн байх,

Объектив талын хувьд: Албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан идэвхитэй үйлдэл, эсхүл хийх ёстой үүргээ хийхгүй байх эс үйлдлийн улмаас өөрт нь болон бусдад давуу байдал бий болсон байх хор уршиг,

Субъектын хувьд: Нийтийн албан тушаалтан байх,

Субъектив талын хувьд: Шууд санаатай байх бөгөөд үндсэн шинжүүдийг агуулж байна. Үүнээс авлигын гэмт хэргийн үндсэн шинж болох албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашигласан идэвхитэй үйлдэл байх нь энэ гэмт хэргийн үндсэн шинж юм. Өөрөөр хэлбэл энэхүү үйлдлийг хийхдээ өөртөө болон бусдад давуу байдал олгох зорилготой байх ёстой юм байна. ******* миний хувьд:

1. Төсвийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой субъект биш юм. Зөвхөн сумын ИТХ-ын даргын хувьд хурлаас гарсан шийдвэрийнхээ хэрэгжилтийг хангах үүднээс сумын санхүүгийн албанд хандаж “боломжтой бол энэ гүйлгээг хийчих, гэрээ баримт нь ирэх юм байна лээ” гэж хэлсэн л үйлдэл байгаа. Хамгийн гол нь энэ үйлдэл хийх зорилго маань өөртөө болон бусдад ашигт байдал бий болгоё гэсэн ямар ч зорилгогүй, зөвхөн олон жил яригдсан машины асуудал шийдэгдчихвэл сум орон нутагт хэрэгтэй, нөгөө талаас сумын ИТХ-ын шийдвэрийн биелэлтийг хангах нь Хурлын байгууллагын өөрийнх нь хуулиар хүлээсэн үүрэг тул энэ чиг үүргийнхээ дагуу асуудалд хандсан.

2. Энэ хэргийн улмаас өөртөө давуу байдал бий болгосон зүйл байхгүй, мөн давуу байдал олж авсан гэх “ ” ХХК, иргэн нарыг би танихгүй, мэдэхгүй бөгөөд ямар нэгэн байдлаар холбоо барьж мэдээлэл солилцсон зүйл ч байхгүй. Энэ тухай *******гийн тайлбарт ч харагдана.

3. Тухайн автомашиныг худалдан авах ажлыг зохион байгуулах эрх, чиглэлийг сургуульд өөрт нь буюу *******д олгосон тухайгаа, яагаад ийнхүү эрх олгож байгаа талаар сумын эрх бүхий албан тушаалтнууд болох Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар хэрэгт удаа дараа мэдүүлсэн.

Энэ асуудалд ******* ч өөрөө маргаагүй, ******* нь шүүхийн шатанд гэм буруугаа бүрэн хүлээж байхад яагаад заавал намайг хамтран оролцогч бүр зохион байгуулагчаар зүйлчилж, ял оногдуулж байгаа нь тодорхойгүй байна. Миний хувьд хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаасаа эхлэн анхан шатны шүүх хуралдаан хүртэл өөрийгөө гэм буруугүй, энэ хэрэгт хамааралгүй гэж тайлбарласаар ирсэн.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа үндэслэл бүхий хүсэлт гаргаж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг, ялангуяа ******* миний ямар оролцоо ямар хамааралтай байдлыг нотлох зорилгоор гэрч Сумын засаг дарга , гэрч нараас тодорхой асуулт асууж, хэрэгт хавсаргуулахаар өгсөн хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна.

Эцэст нь сум орон нутгийнхаа төлөө, сумын хүүхдүүд унаатай байх асуудалд санаа тавьж, машин нь төсөв татахаас өмнө худалдан аваасай гэж санаа тавьсны төлөө намайг ийм хэрэгт буруутгаж байгаад маш их гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүхээс хянан үзэж, ******* надад холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: Миний бие энэ үйл ажиллагаанд санал санаачлага гаргаж, ашиг хонжоо олох гэж оролцоогүй. Тухайн автомашины асуудал шийдвэрлэгдсэнээс хойш хэн нэгэн албан тушаалтантай уулзаж энэ асуудлыг шийдвэрлүүлэх талаар хүсэлт огт тавьж байгаагүй. 12 сарын 20-оор аймагт ажлаар явж байхдаа ******* даргаас санал болгож тавьснаар энэ асуудалд оролцсон болохоос биш анхнаасаа мөнгө төгрөг идэж ууя гэсэн санаа бодол агуулаагүй. Оролцох ёсгүй асуудалд оролцсон байна гэдэг дээрээ дүгнэлт хийж буруугаа хүлээж байгаа болохоос биш мөнгө төгрөг, ашиг олсон гэдэг утгаар өөрийгөө буруутай гэж хандаагүй гэдгээ хэлье. Энэ асуудлаас болж 2 жил ийм байдалтай явж байгаадаа сэтгэл санааны хувьд ч тэр хэцүү дарамттай байна. Тиймээс яаралтай шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд ам бүл 4, өөрийн гэсэн орон сууц байхгүй. Түрээсийн байраар амьдардаг. Төрийн албанд 27 жил ажилласан. Торгуулийг төлж чадаагүй, маш их хүндрэлтэй байгаа. Иймд аль аль талыг нь хохироохгүйгээр тэнцвэртэй шийдвэрлэж өгнө байх гэж найдаж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч З.Нямсүрэн гаргасан тайлбар, саналдаа: Энэ асуудал дээр аудитын шалгалт орсон байдаг. Энэ шалгалтаар зөрчлийн тухай хуулиар захиалагч нарт арга хэмжээ авсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар акт тавьсан бол шүүхээр баталгаажуулна, дүгнэлт гаргасан бол эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлэх ёстой. Хуульд зааснаар Тамгын газар захиалагч байна. Үнэлгээний хороог захиалагч байгуулахаар мөн хуульд заасан. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хүн гэрээ байгуулах эрх аваагүй хүмүүс. Гол албан тушаалтнуудыг татаагүй байж хоорондоо амаар ярилцсан хүмүүсийг татсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана” гэж заасан. Гэтэл прокурор энэ хоёр хүнийг хоорондоо албан бичгээр харилцсан эсэхийг нь яагаад харахгүй байгаа юм бэ. Захиалагчийг яагаад үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, үлдээгээд байгаа юм бэ. Прокурорт ашиг сонирхлын зөрчил байна уу, үгүй юу гэдэг асуудал яригдана шүү дээ. Тиймээс *******гийн хувьд гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд байгаа юм гэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбар, саналдаа: Хамгийн гол маргааны зүйл нь худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал шүү дээ. Энэ хүмүүс хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж байгаа. Худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх, үүрэг нь захиалагчид байна. Улсын яллагч энэ хүмүүсийг буруутгаж байгаа үндэслэлээ “...гэрээ байгуулаагүй...” гэж байна. Гэрээг *******, жолооч хоёрын хооронд байгуулах ёсгүй байсан. Хийх ёсгүй үйлдлээ хийгээд машин аваад ирсэн үйлдэл байгаа боловч нөгөө талаар хийх ёстой үйлдлээ хийхгүй байгаа хүмүүсийн хувьд хуулийн зохицуулалт байгаа гэж үзэж байна. Шүүх энэ бүх асуудал дээр дүгнэлт хийх нь зүйтэй байх гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 397 дугаар шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Гэм буруу болон хариуцлагын талаар хуульд заасны дагуу үнэлэлт дүгнэлт өгсөн байгаа. Энэ хэргийг мөрдөн шалгах явцад Мөнхболд, Лхагваадай нараас гэрчээр мэдүүлэг авчихсан. ******* “...би энэ хэргийн субъект биш. Энэ бол Засаг даргын Тамгын газартай холбоотой асуудал байсан...” гэх зүйлийг ярьдаг. Хэрэгт авагдсан баримтаар тухайн үед Засаг даргын Тамгын газрын дарга эзгүй, Улаанбаатар хотод эмчлүүлж байсан нь тогтоогддог. *******н хувьд сургуулийн менежер, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байсан хүн. Энэ хүмүүс зөвхөн хийх ёсгүй үйлдлийг хийсэн биш, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон. *******, ******* нарын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон. Үүнд анхан шатны шүүх бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 397 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь “...миний ямар оролцоо, хамааралтай байдлыг нотлох зорилгоор гэрч сумын Засаг дарга , гэрч нараас тодорхой асуулт асууж, хэрэгт хавсаргуулахаар өгсөн хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна” гэх гомдлын дагуу хэргийг судлан үзвэл дараахь нөхцөл байдлууд тогтоогдов. Мөрдөн байцаалтын шатанд гэрч ыг гэрчээр байцааж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан. /1-р хх-ийн 36-38/ ******* нь 2020 оны 03 сарын 23-нд прокурорт “энэ хэрэгт 1.8 сая төгрөгийг манай гэрт оруулж өгсөн. Үүнийг маргааш нь миний бие сумын Засаг дарга д тендерээс илүү гарсан мөнгийг яах вэ гэж удаа дараа мэдэгдсэн байдаг. Иймд мөнгийг хадгалснаар хэн нэгэнд давуу байдал үүсгээгүй тул Х.Хүрэл-Эрдэнийг асуулгах шаардлагатай” гэсэн хүсэлт гаргасныг прокурор шүүхэд шилжүүлсэн байна. /2-р хх-ийн 193-194/ Улмаар шүүх 2020 оны 04 сарын 08-нд хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэрэгт хэд хэдэн нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасны нэгт дээр дурдагдсан “сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнийг гэрчээр асуух” ажиллагаа багтсан байна. /2-р хх-ийн 222/ Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд Х.Хүрэл-Эрдэнийг гэрчээр байцааснаас гадна ыг дахин байцаасан. /2-р хх-ийн 240-244/ Ингэснээр “Х.Хүрэл-Эрдэнийг гэрчээр асуулгах” тухай *******гийн хүсэлт нь хангагдсан байна. Харин гэрч ыг байцаалгах тухай хүсэлтийг тэрээр мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өмнө нь гаргаж байгаагүй байна. Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд тодорхой гэрчийг оролцуулах талаар хүсэлтэй бол энэ тухай хүсэлт, саналаа шүүхэд гаргах боломж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2, 34.13 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтаар нээлттэй юм. Гэвч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нарын зүгээс дээрх гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч *******гийн гаргасан “, нарыг гэрчээр байцаалгах хүсэлтийг хангаагүй” гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

Хэргийн үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудад тулгуурлан хянав. Хэргийн нөхцөл байдлуудтай холбогдуулан хийсэн шүүхийн дүгнэлтүүдээс “тухайн автомашиныг 13,500,000 төгрөгөөр худалдан авсан” гэх хэсэг нь үндэслэлгүй  байна. Тухайлбал, , , ******* нарын дансны мэдээлэл болон гийн мэдүүлгээс үзвэл, 2018-12-26-нд  “ Сүмбэр” ХХК-ний данснаас гийн дансанд 15,300,000 төгрөг орж ирсэн. нь энэхүү 15,300,000 төгрөгөөс *******гийн зааврын дагуу, 2018-12-26-27-ны хооронд гурван удаагийн үйлдлээр 10,500,000 төгрөгийг ын дансанд “******* 88109604” гэсэн утгатайгаар шилжүүлсэн, 2018-12-29-нд Халхгол сумын сургуулийн тогооч гийн дансанд 1,050,000 төгрөг, 2018-12-31-нд *******гийн дансанд “Ундраагаас” гэсэн утгатайгаар 3,750,000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдсон байна. ******* өөрийн дансанд авсан 3,750,000 төгрөгийг өөрийн дансны өмнөх үлдэгдэл 401,958 төгрөгтэй хольж, цааш нь өөрийн эд хөрөнгийн адил захиран зарцуулсан, үүнээс том үнийн дүнтэй гүйлгээг дурдвал: гийн дансанд 1,050,000 төгрөг ба 200,000 төгрөгөөр нийт 1,250,000 төгрөг шилжүүлж 1,050,000 төгрөгийг нь буцаан авсан, 2019/01/03-нд 294429 төгрөгийг 1 данс руу “хадгаламж барьцаалсан зээл хаав Чимидцэрэн” гэх утгаар шилжүүлсэн, 2019/01/03-нд 230,000 төгрөг ATM-ээс авсан, 2019/01/09-нд 250,000 төгрөгийг данс руу “Амраа зээл” гэсэн утгаар шилжүүлсэн, 2019/01/11-нд ATM-ээс 2,500,000 төгрөгийг авсан гэж харагдаж байна. *******гийн өөрийнх нь гаргасан мэдүүлгээр, сүүлд авсан 2,500,000 төгрөгөөс 1,800,000 төгрөгийг нь *******гийн эхнэр д өгчээ.

Дээрх баримтуудаас үзвэл “машиныг оос 10,500,000 төгрөгөөр худалдан авсан” гэдэг нь тогтоогдож байх бөгөөд, “машиныг 13,500,000 төгрөгөөр өгч авалцсан, 3,000,000 төгрөгийг нь *******гаас бэлнээр авсан” гэх , ******* нарын гаргасан, өөр ямар нэг дэмжих санхүүгийн баримт, ул мөргүй мэдүүлгүүд нь илүү үнэмшилтэй, эсрэг баримтуудаар няцаагдаж байгааг шүүх анхаараагүй байна.

Гэвч үйл баримтын  энэхүү өөрчлөлт нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул магадлалд дүгнэх замаар анхан шатны шүүхийн алдаанд залруулга хийх боломжтой гэж үзэв.

Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруутай холбоотойгоор шүүхийн хийсэн, дээр дурдсан алдаанаас бусад дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлтэй байна.

Тухайлбал: ******* нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувиар, ******* нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болоод бага, дунд боловсрол эзэмшүүлэх байгууллагын удирдах ажилтан /сургалтын менежер/-ы хувиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна”, 45.3 дахь хэсгийн “Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг даргын Тамгын газар захиалагч байна” гэх заалтын дагуу, “орон нутгийн төсвийн хөрөнгөөр сургуульд машин худалдаж авах” ажил нь сумын Засаг даргын Тамгын газрын хариуцах ажил байна. Түүнчлэн энэ хуулийн холбогдох зохицуулалтууд ба Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу, 10,000,000 төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа худалдан авахдаа тендер шалгаруулалтын аргаар худалдан авах бөгөөд тендер шалгаруулалтыг захиалагчаас байгуулсан үнэлгээний хороо зохион байгуулна.

Гэтэл *******, ******* нар нь санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж, өөрсдийн албан тушаалын эрх нөлөөгөө урвуулан ашиглан, ******* нь ИТХ-ын даргын нөлөөгөө ашиглан сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга , сумын ЗДТГ-ын төсвийн нягтлан бодогч М.Ариунзул нарт хэлэх замаар нөлөөлж, нэгдүгээр гарын үсэггүй, гэрээ хавсаргагдаагүй, өөрөөр хэлбэл зохих бүрдүүлбэр хангагдаагүй төлбөрийн хүсэлтээр орон нутгийн төсвийн хөрөнгөөс 17,000,000 төгрөгийг Сүмбэр ХХК-ний данс руу шилжүүлсэн, Сүмбэр ХХК-д татварын суутгал гэж 1,700,000 төгрөгийг суутгуулаад үлдэх 15,300,000 төгрөгийг *******гийн найз гийн дансанд шилжүүлүүлсэн, энэ мөнгөнөөс 10,500,000 төгрөгөөр нь оос зах зээлд 6,500,000 төгрөгөөр үнэлэгдэх бодит ханштай автомашиныг тендергүйгээр, зах зээлийн үнээс дээгүүр үнээр худалдан авч бусдад давуу байдал бий болгосон, үлдэх 4,800,000 төгрөгөөс ******* нь д зааварчилгаа өгөх замаар 1,050,000 төгрөгийг гийн данс руу шилжүүлэг хийлгэж, үлдэх 3,750,000 төгрөгийг өөрийн дансандаа авч өөртөө давуу байдал бий болгожээ.

******* нь автомашин худалдан авах ажилд оролцсон үйлдлээ  “өөртөө болон бусдад давуу байдал олгох ямар нэг санаагүй, гагцхүү хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах” зорилготой гэж тайлбарлан гомдол гаргасныг дараахь үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэв. Төсвийн хөрөнгөөр сургуульд автомашин худалдан авсан үйл явцыг бүхэлд нь дүгнэн үзвэл энэ ажиллагаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчих замаар  автомашин худалдан авах явцад төсвийн хөрөнгөөс хувьдаа ашиг хонжоо олсон нь хангалттай нотлогдсон. *******гийн оролцоотой холбоотой асуудлаарх *******, , М.Ариунзул, нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа баримтууд, 1,800,000 төгрөгийг *******гийн эхнэрт өгсөн үйл баримт зэргээс үзвэл *******г хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор энэ хэргийг зохион байгуулсан, Ц.******* хэрэгт санаатай нэгдэж хамтран оролцсон гэж дүгнэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн замаар олсон мөнгөнөөс ******* хувьдаа авч ашиглаж амжсан эсэх нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх хүчин зүйл болохгүй бөгөөд  хамтран гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдийн нэг Ц.******* төсвийн хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч хувьдаа захиран зарцуулснаар гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцно гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангасан байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахтай холбоотой асуудлаар гарсан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэл муутай байх тул өөрчлөлт оруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Тухайлбал, төсвийн хөрөнгөөр худалдан авсан автомашиныг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар хурааж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Гэвч уг автомашиныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж үзэх үндэслэлгүй байна. Нэгдүгээрт, хөрөнгө орлогыг хураах нь тухайн гэмт этгээдүүдийн өмчлөл, эзэмшлээс хураах тухай ойлголт юм. Тухайн автомашины хувьд *******, ******* нарын өмчлөл, эзэмшилд шилжсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах явдал нь хэн ч гэмт хэргийн замаар хөрөнгөжих ёсгүй гэсэн зарчмыг хангах зорилготой. Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг хураах явдал нь уг техник хэрэгслээр дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт этгээдийг гэмт хэрэг үйлдэх арга хэрэгслээс нь салгах зорилготой. Энэ талаас нь дүгнэвэл тухайн автомашиныг хураасан явдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн зохицуулалтын энэхүү хоёр  зорилгын алинтай ч таарахгүй байна. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэн ирүүлээгүй хөрөнгийн талаар шүүхийн шийдвэр гаргах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

Нөгөө талаар, шүүгдэгч нараар төсөвт учирсан 17,000,000 төгрөгийн хохирлыг бүрэн хэмжээнд төлүүлэхгүйгээр,  тухайн автомашины үнэлгээ болох 6,500,000 төгрөгийн хэмжээгээр нөхөн төлөх хохирлын дүнг багасган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд, шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон, “автомашиныг хураахтай холбоотой шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, төсөвт учирсан 17,000,000 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 6,500,000 төгрөгийг шүүгдэгч нарт тэнцүү хуваан хариуцуулж төлүүлэх” асуудлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/397 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:

А/ тогтоох хэсгийн 4 дэх заалтаас “бусдад төлөх төлбөргүй” гэснийг хасч; тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгосугай.

Б/ тогтоох хэсэгт “31. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 3,250,000 /гурван сая хоёр зуун тавин мянган/ төгрөг гаргуулан Дорнод аймгийн Халхгол сумын орон нутгийн төсвийн орлогод оруулсугай” гэх заалт нэмсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж; шүүгдэгч *******гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                         З.ЭНХЦЭЦЭГ

                                                                           Л.НАРАНБАЯР