Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/00536

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/00536

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, Шар хад, 22 дугаар хороо, Өлгийн 10-154 тоот хаягт оршин байрлах, АО ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 24 байр 15 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Сэрээнэнгийн О /регистрийн дугаар: /-т холбогдох

 

10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч АО ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь Барилгын Политехник коллежийн багш ажилчдын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх явцад бидэнд гипсэн блок шаардлагатай байсан тул бид иргэн С.О ээс нийт 1000 ширхэг гипсэн блокыг нэг бүрийг нь 10,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар харилцан тохиролцсон. Тухайн үед манай компани бараа материалын үнийг төлснөөс хойш хариуцагч нь 14 хоногийн дотор бараа материалыг манай компанид бүрэн нийлүүлж дуусгасан байхаар харилцан тохиролцож амаар хэлцэл хийсэн юм. Үүний дагуу бид хариуцагчийн эзэмшлийн 5024465850 тоот дансанд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 3,500,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 6,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Гэтэл бид барааны үнийг бүрэн шилжүүлснээс хойш хариуцагч нь харилцан тохиролцсон хугацаандаа бараагаа нийлүүлээгүй бөгөөд бидний зүгээс үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдөр, маргааш гэж хойшлуулан бидний ажилд саад учруулсаар байна. Бид барилгын ажлын гэрээнд заасан хугацааны дотор барьж дуусган захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байсан тул бидэнд хариуцагч С.О ийг дахин хүлээн хугацаа байгаагүй. Иймээс бид өөр газраас яаралтай гипсэн блок худалдан авч барилгын ажлаа хийж гүйцэтгэсэн бөгөөд хариуцагчаас ямар ч бараа материал аваагүй болно.

Имд хариуцагч С.О ээс гипсэн блокын үнэд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранболд нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АО ХХК нь хариуцагч С.О т холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранболдод 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх үүргийг танилцуулсан боловч хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Нэхэмжлэгч нь С.О ээс нийт 1000 ширхэг гипсэн блокыг нэг бүрийг нь 10,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгөөр худалдан авах, бараа материалын үнийг төлснөөс хойш худалдагч тал 14 хоногийн дотор бараа материалыг нэхэмжлэгч компанид бүрэн нийлүүлж дуусгасан байхаар харилцан тохиролцож амаар хэлцэл хийсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл нь хариуцагч С.О ийн эзэмшдэг 5024465850 тоот дансанд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 3,500,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 6,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт-аар тогтоогдож байна.

Хариуцагч нь дээр дурдсанаар, хариу тайлбар гаргаагүйн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул дээрх 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт-ыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэх боломжгүй.

Дээрх мөнгөн шилжүүлэн баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд, талуудын хооронд худалдах-худалдан авах тухай хэлцэл хийгдсэн гэж тооцох нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д заасантай нийцнэ.

Хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар, аливаа нотлох баримт гаргаагүй тул худалдах-худалдан авах хэлцлийн дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч АО ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, хариуцагч С.О нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл болох 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч С.О нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, нийт 25 хоног ажлаас чөлөөлөгдсөн тухай эмнэлгийн магадлагааг шүүхэд нотлох баримтаар гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч 25 хоногоор ажлаас чөлөөлсөн үндэслэл тодорхойгүйгээс гадна, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А243 дугаар тушаалаар батлагдсан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2003 оны 38/66 дугаар хамтарсан тушаалын 3.7, 3.8-д заасныг зөрчсөн гэж үзэхээр байх тул хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхиж, түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэнийг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч С.О ээс 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АО ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч АО ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,960 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О ээс улсын тэмдэгтийн хураамжид 174,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АО ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА