Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00945

 

                                              “ ****- ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                            иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01900 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2020/02064 дүгээр магадлалтай, 

“ ****- ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 10,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүрэг болон хохиролд нийт 50,615,468 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжавын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ ****- ****” ХХК нь ****т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, марган гэрээний үүрэг болон хохиролд нийт 50,615,468 төгрөг шаардан сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01900 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ****ээс 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ ****- ****” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгч “ ****- ****” ХХК-аас 50,615,468 төгрөг гаргуулах тухай хариуцагч ****ийн сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 174,960 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулж хариуцагч ****т олгуулахаар шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2020/02064 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2020/01900 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ... гэсний дараа, 205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дах хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 13 дугаар зүйлийн 13.2-т “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан буюу зохигч хэлэлцэн тохиролцсон бол иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ.”, 65 дугаар зүйлийн 65.1.1-д “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн” гэж тус тус заасан. Дээрх зохицуулалтуудын дагуу нэхэмжлэгч хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хариуцагчаар иргэн ****ийг тодорхойлсон байхад шүүх огт хамааралгүй аж ахуйн нэгж буюу “Блюстарлет” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг уг хэрэгт хүлээн авч өөрөөр хэлбэл хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй байхад хамтад нь шийдвэрлэсэн нь буруу байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй.” гэж заасан ба нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг өөр этгээдээр солих хүсэлт гаргаагүй, зөвшөөрөл өгөөгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх “огт хамааралгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй, сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон энэ хэрэгт огт хамааралгүй худалдах-худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д “Уг гэрээтэй холбоотой маргаантай асуудлыг Монгол Улсын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Арбитрын шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ” гэж маш тодорхой заасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ гэрээг үнэлж шийдвэр, магадлалынхаа үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь илт үндэслэл муутай, хууль бус шийдвэр болсон. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахгүй байх, хангахгүй байх хуулийн үндэслэл байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Хэрэгт огт хамааралгүй гэрээг дүгнэж “...гэрээ байгуулсан хугацаанд мөнгө шилсэн байгаа нь гэрээний төлбөр шилжсэн байна...” гэж үзсэн нь илт үндэслэлгүй, хууль бус шийдвэр болсон. Хэдийгээр аж ахуйн нэгж хоорондын гэрээ байгуулагдсан ч гэсэн уг гэрээ нь огт хэрэгжээгүй гэрээ байдаг ба хувь хүн өөрөө хэдийд ч, хэнтэй ч хэлцэл хийж гэрээ байгуулж болно гэдгийг анхаарах нь зүйтэй. Хэрвээ тийм биш бол хуулийн этгээд, хувь хүн гэсэн тусдаа ойлголт байхгүй.

4.1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ үндэслэл бүхий байдлаар шүүхийн өмнө нотлоогүй байна, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зөв.” гэжээ. Нэхэмжлэгч хариуцагчтай аман хэлцэл хийж түүнийхээ дагуу 10 сая төгрөг шилжүүлсэн баримтаа гаргаж өгөхөөс илүү яаж нотлох вэ. Худалдах-худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй. Гэтэл хариуцагч тал татгалзлаа огт нотлох баримт гаргаж өгөөгүй, татгалзлаа нотлоогүй байхад уг хэрэгт огт хамааралгүй хуулийн этгээдүүдийн хооронд хийгдсэн гэрээг нотлох баримтаар үнэлж, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн нь өөрөө хуульд нийцээгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжавын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул ****ээс 10,000,000 төгрөг гаргуулах тухай “ ****- ****” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар “ ****- ****” ХХК-аас 50,615,468 төгрөг гаргуулах тухай ****ийн сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ... гэсний дараа, 205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмж, бусад заалтуудыг хэвээр үлдээжээ. 

7. Анхан шатны шүүхээс “ ****- ****” ХХК-аас 50,615,468 төгрөг гаргуулах тухай ****ийн сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжавын гомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. 

8. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байна. 

9. Нэхэмжлэгч “ ****- ****” ХХКнэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компани нь хариуцагч ****тэй худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, гипсэн блок авахаар тохиролцон, 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч хариуцагч нь тохирсон хугацаанд гипсэн блокийг нийлүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах...” гэсэн агуулгаар тодорхойлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...“ ****- ****” ХХК нь “*******” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан атлаа гэрээний төлбөрийг миний хувийн дансанд шилжүүлсэн гэж хувь хүнийг хариуцагчаар татаж байгааг зөвшөөрөхгүй...” гэж татгалзжээ. 

10. Хариуцагч **** “...” ****- ****” ХХК, “*******” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний төлбөр болохыг мэдсээр байж “*******” ХХК-ийг хариуцагчаар татахын оронд намайг хувь хүний хувьд хариуцагч болгон шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй. ... гэрээний үүрэг болон хохиролд нийт 50,615,468 төгрөг гаргуулж өгнө үү...” гэж сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцсэн байна. 

Зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, түүнчлэн гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болжээ. 

10.1. Нэхэмжлэгч “ ****- ****” ХХК ****тэй худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан гэж нэхэмжлэлийг тодорхойлсон бөгөөд талуудын хооронд гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

11. Худалдах-худалдан авах гэрээг талууд амаар байгуулсан тохиолдолд шүүхээс Иргэний 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар хүсэл зоригийн бүрдэл, түүний илэрхийлэл, үйлдэл, эс үйлдэл зэрэгт дүн шинжилгээ хийх замаар тайлбарлаж дүгнэлт хийдэг. 

Түүнчлэн гэрээ байгуулагдсан бол түүнийг цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гарсан тохиолдолд  цуцлагдсан гэж үзэх, хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг л шүүхээс шийднэ.  

12. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан хуулийн энэ зохицуулалт талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн тохиолдолд хамаарах юм. 

13. Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн 9011050002, регистрийн 5105811 дугаартай “*******” ХХК-ийн улсын бүртгэлийн 2006.12.25-ны өдрийн гэрчилгээгээр тус компанийн захирал **** болох нь тогтоогдож байна. 

14. “ ****- ****” ХХК “*******” ХХК-тай 2016.09.06-ны өдөр худалдах-худалдах авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “*******” ХХК-аас гипсэн блок болон дагалдах дайвар бүтээгдэхүүнийг 2017.09.09-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлэх, “ ****- ****” ХХК бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ. 

15. Нэхэмжлэгч “ ****- ****” ХХК-аас 2016.09.14-ний өдөр 3,500,000 төгрөг, 2016.09.26-ны өдөр 6,500,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг материалын үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар ****ийн дансанд шилжүүлсэн байна. 

Анхан болон давж заалдах шатны шүүх “ ****- ****” ХХК ****тэй биш “*******” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний төлбөрийг тус компанийн захирал ****ийн дансанд шилжүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, “*******” ХХК, “ ****- ****” ХХК-уудийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр нотлогдож байна гэж хэргийн үйл баримт тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.  

16. “ ****- ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ****- ****” ХХК “*******” ХХК-тай 2016.09.06-ны өдрийн гэрээнээс тусдаа амаар хэлцэл хийсэн гэх агуулгаар хариуцагчтай маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна, өөрөөр хэлбэл  тусдаа бие даасан худалдах-худалдан авах хэлцлийг хариуцагчтай хийсэн гэсэн үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ. 

17. Нэхэмжлэгч “ ****- ****” ХХК-ийн хариуцагч ****т холбогдуулан гаргасан маргааныг шүүхээс хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасантай нийцжээ. 

18. Хоёр шатны шүүх “ ****- ****” ХХК, “Блю старлит” ХХК-тай байгуулсан гэрээтэй холбоотойгоор хувь хүнийг хариуцагчаар татсаныг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг **** “*******” ХХК-ийн захирлын хувиар хүлээн авсан гэж гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжавын “... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэсэн утга агуулга бүхий хяналтын журмаар гаргасан гомдлыг энэ тогтоол 13-18 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. 

20. Иймд хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт  бодит байдалд нийцсэн, давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжавынхяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2020/02064 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжавын гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ 

                  ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ 

                                                                                       П.ЗОЛЗАЯА 

                                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                      Д.ЦОЛМОН