Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2020/00071

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ... дүгээр багт оршин суух, Ш овогт Жы Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Хөгжимт драмын театр /дарга Б.А/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагч Б аймгийн Хөгжимт драмын театрын дарга Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан архив бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б аймгийн Хөгжимт драмын театраас зарласан Архив, бичиг хэргийн ажилтны ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулах шалгалтад орж тэнцэж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус орон тоонд томилогдсон юм. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр манай байгууллагын дарга солигдож одоогийн даргаар ажиллаж байгаа Б.А томилогдсон. Б.А дарга томилогдсоноор тус байгууллагад мөрөөрөө ажиллаж байгаа ажилтнуудтай оролдож ажлаас нь халах, өөрчлөх гэх мэт үйлдэл гаргаж эхэлсэн. Ингэж явсаар явсаар 2018 оны 3 дугаар сард халаа солионы ээлж надад ирж буюу миний хариуцан ажиллаж байсан хүний нөөцийн ажлыг тус байгууллагын бүтцэд байдаггүй боловч хүний нөөцийн ажилтны орон тоог дур мэдэн гаргаж ирээд Е.А гэгчид өгсөн. Ингэхдээ хариуцагч надад цалин хөлсөнд өөрчлөлт оруулахгүй гэж хэлсэн мөртлөө 6 гаруй сарын дараа миний авч байсан цалин буурсан юм. Гэсэн хэдий ч миний бие хэл ам гаргалгүй дуугүй л өнгөрсөн. Дараа нь хариуцагч миний боловсролын дипломын жинхэнэ эсэхийг мөн шалгуулсан байдаг. Энэ үйл явдлаас хойш жил гаруй хугацааны дараа хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргаж миний үндсэн ажил болох бичиг хэргийн ажлын чиг үүргийг салгаад нөгөө Е.А гэгчид хариуцуулахаар болсон байна. Хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахаас өмнө намайг албан өрөөнөөс хөөж "халаалтгүй архивт суу, ингэхгүй бол чиний бичиг хэргийн ажлыг чинь авчихна шүү" гэж дарамталж сүрдүүлсэн. Би тухайн үед даргын хууль бус үйлдлийг тоогоогүй юм. Учир нь би хийж буй ажлаасаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй, мөн гаргаж байгаагүй. Сүүлд нь хариуцагч намайг даргын хэлснээр буюу өөр өрөөнд очиж суугаагүй төлөө ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргаж, намайг"сууж байсан өрөөнөөс хөөж гаргасан. Ингэхдээ ямар нэгэн ажил хүлээлцүүлэх тухай комисс гаргаагүй ба миний эзгүйд миний эзэмшилд байдаг албаны болон хувийн эд зүйлүүдэд дураараа халдаж зөөсөн байсан. Хариуцагчийн халсан, сольсон хүмүүс бүгд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эргэж орж ирсэн болохоор энэ удаа хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргах байдлаар хүний хууль мэдэхгүй байдлыг далимдуулж хуурч мэхэлж буюу маргаан бүхий тушаалаар хүний ажлыг аажим аажмаар салган авах байдлаар хүнийг ажилгүй болгох гэж байна. Хариуцагчийн энэхүү увайгүй үйлдэлд маш их гомдолтой байна. Тэгээд ч театрын үйл ажиллагаан дүрэм гэж байдаггүй, хөдөлмөрийн дотоод журамд ийм байдлаар хүний ажлыг булааж авах тухай зохицуулалт бас байхгүй болно. Нэмж хэлэхэд миний өдөр тутмын ажлын ерөнхий чиг үүрэг бол бичиг хэргийн ажилтан юм. Энэ нь миний ажлын байрны тодорхойлолтоор нотлогдоно. Иймд Б аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Анх 2013 оны 9 дүгээр сард тус Хөгжимт драмын театраас бичиг хэргийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явагдаж 20-иод хүн тус шалгалтад орсон. Тухайн шалгалтад 1 дүгээр байр эзэлж 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд Хөгжимт драмын театрын архив бичгийн ажилтнаар ажиллаж байгаа. Би ажилласан хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй, сахилгын шийтгэл оногдуулаагүй, үргэлж хийж байгаа ажилдаа чинь сэтгэлээсээ хандсан. Би нягтлан бодох мэргэжилтэй хүн учраас надад архив, бичиг хэргийн талаар сурч боловсрох шаардлагатай байсан. 2014 онд Архивын Ерөнхий газрын дэргэдэх сургалтын төвд архив бичиг хэрэг хөтлөлтийн анхан шатны мэргэшил эзэмшүүлэх сургалтад хамрагдсан. Тухайн үед идэвх, зүтгэлтэй ажилласан учраас удирдлагууд надад театрын зохион байгуулагчийн ажлыг давхар гүйцэтгүүлж байсан. Уг ажлыг би нэр төртэйгөөр ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүйгээр ажилласан. 2016 оны 10 дугаар сарын 21-нд одоогийн Хөгжимт драмын театрын дарга Б.А нь томилогдоод чамайг зохион байгуулагчийн ажлаас чөлөөлөөд хүний нөөцийн ажлыг давхар хийхийг үүрэг болгож байна гэж надад тушаал гаргаж 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хүний нөөцийн ажлыг бас хариуцаж ажилласан. Манай байгууллага 70-аад ажилтантай, би тэр үед ажилчдын хувийн хэргээс авахуулаад бүх судалгаануудыг хийсэн. Хүний нөөцийн нэгдсэн системийн бүх мэдээллүүдийг шинэчлээд чинь сэтгэлээсээ ажилласан. Захиргааны хурал зарлагдаад хүний нөөцийн ажилд ажилтан томилно гэж шинээр ажлын байр бий болгосон тэр үед би удирдлагын гаргасан шийдвэрт ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Даргын зүгээс надад чиний цалинг бууруулахгүй харин шинээр ирсэн ажилтанд тусалж дэмжиж ажиллаарай гэсэн саналыг хүлээн авч ажилласан. Шинээр томилогдсон А гэдэг хүнд одоо хүртэл мэдэхгүй байгаа зүйлд нь зааж тусалж хамтран ажиллаж байгаа. Тэгээд 5, 6 сарын дараа би чамд давхардуулж цалин өгч чадахгүй чи үндсэн архивчаараа ажилла гэж цалинг маань бууруулсан. Би удирдлагатай эсрэг гараад яах уу гэж бодоод гомдол санал гаргаагүй. Би ажиллаж байгаа ажилдаа чинь сэтгэлээсээ хандаж мэргэжлээ дээшлүүлж байсан. Миний одоо эрхэлж байгаа ажил мань Архив, бичин хэрэг боловч миний өдөр тутмын үндсэн ажил бол бичиг хэргийн ажил юм. Архив гэхээрээ манай байгууллагын онцлогоосоо шалтгаалж бичиг цаасны ажил багатай байдаг жилдээ 4 хавтас хадгаламжийн нэгж гарна. Би одоо долоо хоногт ганц хоёр удаа уран бүтээлчдийн гаргаж өг гэсэн нота хавтас дуурийг л гаргаж өгнө, мөн өдөр тутам архив бичиг хэргийн норм стандартын дагуу тэмдэглэл хөтлөөд явж байгаа. Надад одоо өөр нэгэн архивтай холбоотой ажил байхгүй өөрөөр хэлбэл сул зогсчход байна. Би өөрийн ажилдаа хайртай цаашид бичиг хэргийн ажлаар ажиллах хүсэлтэй байна. Миний гаргасан нэхэмжлэлийн талаар хариуцагч талын гаргасан тайлбартай танилцсан, 2 тайлбар хэлсэн байна. Намайг ажил тасалдаг гэсэн байна. Би ерөөсөө ажил таслаагүй манай байгууллага онцлогтой байгууллага заримдаа бас өдөр оройгүй ажилладаг зарим үед илүү цагаар ажилладаг. Миний зүгээс бол нөхөж амарна гэсэн шаардлага тавьж байгаагүй би харин ч илүү цагаар ажилладаг. Миний зүгээс бол энэ хүнд өс хонзон байхгүй би өөрийн байгууллагадаа, ажиллаж байгаа ажилдаа дуртай тиймээс энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил олгогчийн б/28 дугаар тушаалд Хөгжимт драмын театрын дүрмийн гэж заагаад өгсөн байна. Тэр хавтаст хэрэгтэй танилцахад 2017 оны 1 дүгээр сард баталсан байна. 2017 онд би хүний нөөцийн ажлыг хариуцдаг байсан. Дүрэм журам батлахдаа захиргааны зөвлөлөөр хэлэлцээд боловсруулаад нийт ажилчдад танилцуулдаг учиртай. Энд бол хамт олноороо хэлэлцсэн зөвлөлдсөн юм байхгүй тиймээс би энэ тушаалын үндэслэл нь өөрөө буруу гэж бодож байна. Дотоод журмын 2.1-ийн 15-д болохоор оны эхэнд цалингийн санд багтаагаад орон тоо бүтцийг батална гэж байгаа. Миний мэдэхээр Засаг даргын дэргэдэх агентлагийн бүтэц орон тоог тухайн аймгийн Засаг дарга батлах ёстой болохоос биш Хөгжимт драмын театрын дарга өөрөө дур мэднэ батлах эрхгүй гэж бодож байна. Иймд Б аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан бичиг хэргийн ажилд эргүүлэн томилж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б аймгийн Хөгжимт драмын театрын дарга Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн Хөгжимт драмын театрын дарга Б.А би нэхэмжлэгч Ж.Сээс тус шүүхэд 2019 оны 11 сарын 19-нд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

 

Тус театрын Архив, бичиг хэргийн ажилтан Ж.С нь ажлын байрны тодорхойлолтод болон хөдөлмөрийн гэрээнд заасан шууд удирдах албан тушаалтны өдөр тутмын ажилд санаатайгаар саад учруулж байнга ажилдаа хоцорч ирж ажил хэвийн явуулах нөхцөлийг зөрчдөг тул миний бие БСШУ-ны сайдын 2015 оны 12-р сарын 10-ны өдрийн А/495 тушаалаар батлагдсан төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрмийг үндэслэн баталсан байгууллагын үйл ажиллагааны дүрмийн болон хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд 2019 оны 10-р сарын 24-ний өдөр ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тушаалыг гаргасан билээ. Уг тушаалыг хууль журмын хүрээнд гаргасан гэдэгтээ итгэж байна. Төрийн ажлыг тасралтгүй явуулахад минь саад болж байнга ажилдаа хоцорч ирдэг тул ажилтан Ж.Сийг удаа дараа эвлэрэн ажиллахыг 3 жилийн турш хэлж, сануулж байсан билээ. Гэтэл ажлаас хоцрох энэхүү сахилга батгүй үйлдлээ үл зогсоосон тул байгууллагын ажлыг хэвийн явуулах үүднээс ажил үүрэгт өөрчлөлт оруулж өөр хүнээр бичиг хэргийн ажлаа гүйцэтгүүлж байна. Энэхүү тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн нөхцөлийг дордуулж, цалин хөлсийг бууруулахгүй гэдгийг тодорхой зааж өгсөн болно. Ажилтан Ж.Сийн гомдлоос харвал өөрийн хууль мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, миний зүгээс олон удаа шаардлага тавьж байсныг харж болно. Байгууллага өөрийн үйл ажиллагааны дүрэм, журамтай. Энэ хүнд сахилгын шийтгэл ногдуулж болох нотлох баримт хангалттай байсан. Гэвч эвлэж ажиллах гэж удирдлагын хувьд сурч боловсроход хүртэл дэмжлэг үзүүлж цалинтай чөлөө хүртэл олгож байсан ч байнга ажилд саад болж байлаа. Бичиг хэргийн ажилтан бол байгууллагын даргын шууд удирдлагад байдаг ба ажлыг нь тасралтгүй явуулах зорилготой. Зөвхөн энэ оны буюу 2019 оны 01-р сараас 11-р сар хүртэл ажилтан Ж.С нийт 85 цаг 33 минут ажил тасалсан гэдгийг цаг бүртгэлээр нотолж байна. Зөвхөн тушаал гарсан 10-р сард 10 цаг 83 минут ажил шалтгаангүй тасалсан байна. Миний бие ямар нэгэн хувийн ашиг сонирхлоор бус төрийн ажлыг чин сэтгэлээсээ хийхгүй, байнга ажил тасалж хоцордог сахилга батгүй ажилтныг тохирох ажилд нь хуваарилсан байдлыг харгалзаж шүүх зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

 

Иймд Баян Ө аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10-р сарын 24-ний өдрийн Б/28 тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Б аймгийн Хөгжимт драмын театрын дарга Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2019 оны 10 дугаар сард гарсан ажлын хувиар солихтой холбоотой гарсан тушаал бол миний хувьд зөв шийдвэр гэж хэлмээр байна. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? Би нотлох баримтыг өгсөн байгаа. Дарга хүнд төсвөө ч баталдаг бүтцээ ч баталдаг эрх нь хуулийнхаа хүрээнд байгаа, үүнийг үндэслэлтэй гэж бодож байна. Би энэ хүнийг маш их дэмждэг. Дэмждэг учраас л би цалин мөнгө бууруулахгүйгээр ажиллуулж байгаа. Бичиг хэргийн хүн бол зөвхөн бичиг хэргээсээ гадна өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангаж байх үүрэгтэй байдаг. Энэ нь ажлын байрны тодорхойлолтод бас заагдсан байдаг. Ажлаа байнга тасалдаг зөвхөн 1 жилийн ирцийг би хэвлүүлээд ирсэн. Энэ бол арга хэмжээ авсан тушаал биш. Би Ж.Ст "... Архив өөрөө цаашид уран бүтээлийн патиентжуулах, зохиогчийн эрхийн асуудал, театрын архивын асуудал хүнд байсан подболд байдаг байсан боловч хоёрдугаар давхарт нүүлгэсэн бөгөөд цаашид архивын программ авах ажил болон өөрөөсөө шаардах ажлууд бас байж байгаа. Тийм учраас энэ архив бол өөрөө онцлог, архив байгаа юмаа тиймээс чи энэ архивын ажлаа хий ..." гэж хэлсэн. Тухайн үед би арга хэмжээ авсан зүйл байхгүй. Миний энэ гаргасан тушаал дотор цалин бууруулна гэсэн заалт огт байхгүй. Манай Хөгжимт драмын театрын бичиг хэргийн ажилд энэ хүн өглөө болгон 8 цагт ирж чадахгүй өглөө болгон 9 цаг 20 минутад ирдгийг цагийн бүртгэлийн байгууллагын тамгатай нотлох баримтаар өгсөн байгаа. 6 сарын цалинтай чөлөө олгож сургалтад хамруулж байсан. Архивын хуулийн зэрэглэлийн 10 хувийн нэмэгдлийг хүртэл би олгодог. Тиймээс архивд цаашдаа ийм том ажлууд байгаа учраас зөвхөн архиваа хийгээд яв гэж байгаа. Ийм учраас миний гаргасан шийдвэр хууль ёсны байна. Иймд энэхүү гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний энэ тушаал бол цалин бууруулах тушаал биш ажил үүргийн хувиралт өөрчлөлт оруулаад цалингийн бууруулахгүйгээр ажиллаад явж байгаа. Энэ миний дотоод ажлын асуудал, шийдвэр байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.С нь Б аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан архив бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

 

Нэхэмжлэгч Ж.С нь Б аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай тушаалыг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.С нь ажил олгогч Б аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай тушаалаар ... архив бичиг хэргийн ажилтанг архивч, бичиг хэргийн ажил үүргийг хүний нөөцийн ажилтанд хавсран гүйцэтгүүлэхээр өөрчилсүгэй гэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна.

 

Хариуцагч Б аймгийн Хөгжимт драмын театрын дарга Б.Асылбек нь шүүхэд гаргасан тайлбартаа ... тус театрын Архив, бичиг хэргийн ажилтан Ж.С нь ажлын байрны тодорхойлолтод болон хөдөлмөрийн гэрээнд заасан шууд удирдах албан тушаалтны өдөр тутмын ажилд санаатайгаар саад учруулж байнга ажилдаа хоцорч ирж ажил хэвийн явуулах нөхцөлийг зөрчдөг тул миний бие БСШУ-ны сайдын 2015 оны 12 сарын 10-ны өдрийн А/495 тушаалаар батлагдсан төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрмийг үндэслэн баталсан байгууллагын үйл ажиллагааны дүрмийн болон хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд 2019 оны 10 сарын 24-ний өдөр ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тушаалыг гаргасан билээ. Төрийн ажлыг тасралтгүй явуулахад минь саад болж байнга ажилдаа хоцорч ирдэг тул ажилтан Ж.Сийг удаа дараа эвлэрэн ажиллахыг 3 жилийн турш хэлж, сануулж байсан билээ. Гэтэл ажлаас хоцрох энэхүү сахилга батгүй үйлдлээ үл зогсоосон тул байгууллагын ажлыг хэвийн явуулах үүднээс ажил үүрэгт өөрчлөлт оруулж өөр хүнээр бичиг хэргийн ажлаа гүйцэтгүүлж байна. Бичиг хэргийн ажилтан бол байгууллагын даргын шууд удирдлагад байдаг ба ажлыг нь тасралтгүй явуулах зорилготой. Зөвхөн энэ оны буюу 2019 оны 01-р сараас 11-р сар хүртэл ажилтан Ж.С нийт 85 цаг 33 минут ажил тасалсан гэдгийг цаг бүртгэлээр нотолж байна. ... Байнга ажил тасалж хоцордог сахилга батгүй ажилтныг тохирох ажилд нь хуваарилсан байдлыг харгалзаж шүүх зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Иймд Б аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 сарын 24-ний өдрийн Б/28 тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.

 

Хариуцагч Б аймгийн Хөгжимт драмын театрын дарга Б.Ат Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Ж.Сийг Б аймаг Хөгжимт драмын театрын даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 59 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зарласан архивч, бичиг хэргийн эрхлэгчийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулахад, шалгарсан Ж овогтой Сийг 2013 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн архивч, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд томилсон байх ба нэхэмжлэгч Ж.С нь уг ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан байна.

 

Хариуцагч Б аймгийн Хөгжимт драмын театрын дарга Б.А ... Ж.С нь байнга ажил тасалж хоцордог сахилга батгүй, ажилтныг тохирох ажилд нь хуваарилсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэлээр ажилтан Ж.Сийг архив, бичиг хэргийн ажлаас чөлөөлсөн бол тушаалдаа үндэслэлээ тодорхой дурдаж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан учир Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлан эрхийн акт гаргах ёстой байтал ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй, ажилтныг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн байна гэж үзлээ.

 

Ажил олгогчийн шийдвэр /тушаал/ нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн акт нь түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас өөрчлөх болсон үндэслэлээ тодорхой заасан, Хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцсэн байх учиртай юм.

 

Ажил олгогчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай тушаалдаа Б аймгийн Хөгжимт драмын театрын үйл ажиллагааны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5.3, Б аймгийн Хөгжимт драмын театрын Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтуудыг үндэслэн театрын бүтэц зохион байгуулалт, одоогийн ажиллаж буй ажиллах хүчний нөөц, орон тоо, албан тушаалын уялдааг харгалзан үзэж Архив бичиг хэргийн ажилтанг архивч, бичиг хэргийн ажил үүргийг хүний нөөцийн ажилтанд хавсран гүйцэтгүүлэхээр өөрчилсөн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Ажил олгогч ажилтан Ж.Сийг архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд томилж ажиллуулж байгаад өнөөдөр ажил олгогч ажилтныг ажлаас хоцордог, сахилга батгүй үйлдлээ үл зогсоосон тул байгууллагын ажлыг хэвийн явуулах үүднээс ажил үүрэгт өөрчлөлт оруулж өөр хүнээр бичиг хэргийн ажлаа гүйцэтгүүлэх гэж байна гэсэн шалтгаанаар ажилтныг ажлаас нь чөлөөлж байгаа асуудал нь хуулинд заасан хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзлээ.

 

Ажил олгогч ажилтантай байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээний 7.2-т талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж тохиролцож, талууд гарын үсэг зурсан байхад ажил олгогч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж гэрээнд өөрчлөлт оруулсан байна гэж үзлээ.

 

Б аймгийн Хөгжимт драмын театрын үйл ажиллагааны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5.3-т байгууллагын стратеги хөгжлийн болон дунд, богино хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан батлах, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох,

 

Б аймгийн Хөгжимт драмын театрын Хөдөлмөрийн дотоод журмын 2.1.5-т байгууллагын бүтэц, орон тоо, зохион байгуулалтыг оны эхэнд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд даргын тушаалаар батлах бөгөөд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажилтан нэг бүртэй бичгээр байгуулж баталгаажуулна гэснийг тус тус ажил олгогч 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай тушаалдаа үндэслэл болгосон нь үндэслэлгүй буюу ажилтны ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулахад хамааралгүй заалтыг баримталсан байна.

 

Ажил олгогч ажилтан нар нь харилцан тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар бичгээр байгуулсан байх ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон байна гэж үзлээ.

 

Ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, Хөдөлмөрийн гэрээний 1.11-д тус тус зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан нь хөдөлмөрийн гэрээгээр нотлогдох ба хөдөлмөрийн гэрээний 1.1-д эрхлэх ажил, албан тушаал архив, бичиг хэрэг гэж гэрээндээ хөдөлмөрийн гол нөхцөлийг тодорхойлсон мөртлөө 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн б/28 дугаартай Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай тушаалаар хүний нөөцийн ажилтанд хавсран гүйцэтгүүлэх талаар эрхийн акт гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцэхгүй байна.

 

Сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн байхаас гадна тухайн ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан хуулиуд, сахилгын болон ёс зүйн дүрэм зэргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна гэж тодорхойлсон.

 

Хариуцагчаас ... ажилтан Ж.С нь ажилдаа цагтаа ирдэггүй, 2019 оны 1 сараас 11 дүгээр сар хүртэл нийт 85 цаг 33 минут ажил тасалсан гэдгийг цагийн бүртгэлээр нотолж байна гэж хавтаст хэрэгт цагийн бүртгэлийг нотариатчаар баталгаажуулан гаргаж өгснийг судлахад энэхүү үндэслэлээр ажилтан Ж.Сийн ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулсан бол тушаалдаа энэхүү үндэслэлээ тодорхой заах, энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримтууд болон ажилтны гаргасан сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон материал, тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдоогүй ба ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.4.2-т энэ талаар тусгасан мөртлөө тушаалдаа хөдөлмөрийн гэрээний энэхүү заалтыг баримтлаагүй байна.

 

Ажил олгогч ажилтны хөдөлмөрийн гэрээний 6.4.2-т заасан үндэслэлийг зөрчсөн нь тогтоогдвол энэхүү үндэслэлээр арга хэмжээ авах эрх нь нээлттэй болно.

 

Мөн хариуцагч ... ажилтан ажилдаа цагтаа ирдэггүй, ажил тасалсан гэх боловч нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн №000066105 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, харилцагчийн депозит дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.С нь цалин хөлсөө хийснээрээ бүрэн авч байсан байх ба ажилтныг ажил тасалсан гэх үндэслэлээр цалингаас нь суутгал хийсэн зүйл харагдахгүй байна.

 

Хариуцагчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/05 дугаартай Ж.Ст чөлөө олгох тухай тушаал, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/32 дугаартай Чөлөө олгох тухай тушаалууд нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байна гэж үзлээ.

 

Иймд Б аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Сийг урьд эрхэлж байсан архив бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б аймгийн Хөгжимт драмын театрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Б аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Сийг урьд эрхэлж байсан Б аймгийн Хөгжимт драмын театрын архив бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч Б аймгийн Хөгжимт драмын театрын санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН