Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2020/00025

 

Ж.Сийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч М.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2020/00071 дүгээр шийдвэртэй, Ш овогт Ж-ы Сийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан архив бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: Миний бие Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театраас зарласан Архив, бичиг хэргийн ажилтны ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулах шалгалтад орж тэнцэж, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус орон тоонд томилогдсон. 2016 оны 10 дугаар сарын сүүлээр манай байгууллагын дарга солигдож одоогийн даргаар ажиллаж байгаа Б.А томилогдсон. Б.А дарга томилогдсоноор тус байгууллагад мөрөөрөө ажиллаж байгаа ажилтнуудаар оролдож ажлаас нь халах, өөрчлөх гэх мэт үйлдэл гаргаж эхэлсэн. Ингэж явсаар 2018 оны 3 дугаар сард халаа солионы ээлж надад ирж, миний хариуцан ажиллаж байсан хүний нөөцийн ажлыг тус байгууллагын бүтцэд байдаггүй боловч хүний нөөцийн ажилтны орон тоог дур мэдэн гаргаж ирээд Е.Аманбол гэгчид өгсөн. Ингэхдээ хариуцагч надад цалин хөлсөнд өөрчлөлт оруулахгүй гэж хэлсэн атлаа 6 гаруй сарын дараа миний авч байсан цалин буурсан. Гэсэн хэдий ч миний бие хэл ам гаргалгүй дуугүй л өнгөрсөн. Дараа нь хариуцагч миний боловсролын дипломын жинхэнэ эсэхийг мөн шалгуулсан. Энэ үйл явдлаас хойш жил гаруй хугацааны дараа хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргаж миний үндсэн ажил болох бичиг хэргийн ажлын чиг үүргийг салгаад нөгөө Е.Аманболд хариуцуулахаар болсон. Хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахаас өмнө намайг албан өрөөнөөс хөөж "халаалтгүй архивд суу, ингэхгүй бол чиний бичиг хэргийн ажлыг чинь авчихна шүү" гэж дарамталж сүрдүүлсэн. Би тухайн үед даргын хууль бус үйлдлийг тоогоогүй. Учир нь би хийж буй ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Сүүлд нь хариуцагч намайг даргын хэлснээр буюу өөр өрөөнд очиж суугаагүйн төлөө ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр маргаан бүхий тушаалыг гаргаж, намайг сууж байсан өрөөнөөс хөөж гаргасан. Ингэхдээ ямар нэгэн ажил хүлээлцүүлэх тухай комисс гаргаагүй ба миний эзгүйд миний эзэмшилд байдаг албаны болон хувийн эд зүйлүүдэд дураараа халдаж зөөсөн байсан. Хариуцагчийн халсан, сольсон хүмүүс бүгд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилдаа эргэж орж ирсэн болохоор энэ удаа хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргах байдлаар хүний хууль мэдэхгүй байдлыг далимдуулж хуурч мэхэлж буюу маргаан бүхий тушаалаар хүний ажлыг аажим аажмаар салган авах байдлаар хүнийг ажилгүй болгох гэж байна. Хариуцагчийн энэхүү увайгүй үйлдэлд маш их гомдолтой байна. Тэгээд ч театрын үйл ажиллагаанд дүрэм гэж байдаггүй, хөдөлмөрийн дотоод журамд ийм байдлаар хүний ажлыг булааж авах тухай зохицуулалт бас байхгүй. Нэмж хэлэхэд миний өдөр тутмын ажлын ерөнхий чиг үүрэг бол бичиг хэргийн ажилтан юм. Энэ нь миний ажлын байрны тодорхойлолтоор нотлогдоно. Иймд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Тус театрын архив, бичиг хэргийн ажилтан Ж.С нь ажлын байрны тодорхойлолтод болон хөдөлмөрийн гэрээнд заасан шууд удирдах албан тушаалтны өдөр тутмын ажилд санаатайгаар саад учруулж байнга ажилдаа хоцорч ирж, ажил хэвийн явуулах нөхцөлийг зөрчдөг тул миний бие БСШУ-ны сайдын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/495 тушаалаар батлагдсан төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрмийг үндэслэн баталсан байгууллагын үйл ажиллагааны дүрмийн болон хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тушаалыг гаргасан. Уг тушаалыг хууль журмын хүрээнд гаргасан гэдэгтээ итгэж байна. Төрийн ажлыг тасралтгүй явуулахад минь саад болж, байнга ажилдаа хоцорч ирдэг тул ажилтан Ж.Сийг удаа дараа эвлэрэн ажиллахыг 3 жилийн турш хэлж, сануулж байсан. Гэтэл ажлаас хоцрох энэхүү сахилга батгүй үйлдлээ үл зогсоосон тул байгууллагын ажлыг хэвийн явуулах үүднээс ажил үүрэгт өөрчлөлт оруулж өөр хүнээр бичиг хэргийн ажлаа гүйцэтгүүлж байна. Энэхүү тушаалыг гаргахдаа хөдөлмөрийн нөхцөлийг дордуулж, цалин хөлсийг бууруулахгүй гэдгийг тодорхой зааж өгсөн. Ажилтан Ж.Сийн гомдлоос харвал өөрийн хууль мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, миний зүгээс олон удаа шаардлага тавьж байсныг харж болно. Байгууллага өөрийн үйл ажиллагааны дүрэм, журамтай. Энэ хүнд сахилгын шийтгэл ногдуулж болох нотлох баримт хангалттай байсан. Гэвч эвлэж ажиллах гэж удирдлагын хувьд сурч боловсроход хүртэл дэмжлэг үзүүлж цалинтай чөлөө олгож байсан ч байнга ажилд саад болж байлаа. Бичиг хэргийн ажилтан бол байгууллагын даргын шууд удирдлагад байдаг ба ажлыг нь тасралтгүй явуулах зорилготой. Зөвхөн энэ оны буюу 2019 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл ажилтан Ж.С нийт 85 цаг 33 минут ажил тасалсан гэдгийг цаг бүртгэлээр нотолж байна. Зөвхөн тушаал гарсан 10 дугаар сард 10 цаг 83 минут ажил шалтгаангүй тасалсан. Миний бие ямар нэгэн хувийн ашиг сонирхлоор бус төрийн ажлыг чин сэтгэлээсээ хийхгүй, байнга ажил тасалж хоцордог сахилга батгүй ажилтныг тохирох ажилд нь хуваарилсан байдлыг харгалзаж шүүх зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Иймд Баян Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2020/00071 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Сийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын архив бичиг хэргийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх Ж.Сийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ажил олгогч бүрэн эрхийнхээ хүрээнд БСШУ-ны сайдын 2015 оны А\495 дугаартай тушаалаар батлагдсан төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагын үлгэрчилсэн дүрэм, одоо тус байгууллагад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн архив, бичиг хэргийн ажилтан Ж.Сийн ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулан цалин хөлсийг бууруулахгүйгээр түүнийг байгууллага дотор архивчийн ажилд шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Тус байгууллага нь 70 гаруй ажилтантай, архивын асуудал ч бас чухал байдаг. Учир нь ажилтан Ж.Сийг өөр ажилд шилжүүлэхдээ урьд гүйцэтгэж байсан ажилтай төстэй ажилд шилжүүлсэн. Байгууллагын даргын туслах буюу бичиг хэргийн ажилтан нь тухайн байгууллагын нүүр царай болж явдаг. Гэтэл даргын туслах буюу бичиг хэргийн ажилтан Ж.С нь байнга ажил таслах, ажлаас хожимдож ирж байгаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ихээхэн саад учруулсан гэж үзэж байна. Бичиг хэргийн ажилтан нь ажлын 8 цагт ажлын байранд заавал байж гаднаас ирсэн иргэд, дотор ажиллаж буй ажилтантай байнга харьцаж байдаг чухал ажлын байр юм. Гэтэл уг албан тушаалд ажиллаж байсан Ж С нь байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй ажлын цаг ашиглалт маш хангалтгүй байсан учраас байгууллагын хэвийн үйл ажиллагаанд байнга саад учирч байсан тул түүний уг байгууллагад олон ажил ажилласан мэргэшсэн байдлыг харгалзан цалин хөлсийг бууруулахгүйгээр архивчийн ажилд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Ж.Сийн Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт холбогдуулан гаргасан гомдол, түүний анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл, тэрээр ажил олгогчийн санаачилгаар өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол гаргаж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

 

2. Зохигчийн тайлбар, талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, Хөгжимт драмын театрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт, тус театрын даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай 59 дүгээр, 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Ж.Сийн ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай Б/13 дугаар тушаалаар Ж.С нь Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан нь тогтоогдож байна.

 

3. Ажил олгогчийн санаачилгаар, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Хөгжимт драмын театрын үйл ажиллагааны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5.3, тус театрын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь заалтыг үндэслэж, театрын бүтэц, зохион байгуулалт, ажиллах хүчний нөөц, орон тоо, албан тушаалын уялдааг харгалзаж, архив бичиг хэргийн ажилтны ажил үүргийг хүний нөөцийн ажилтанд хавсран гүйцэтгүүлэхээр өөрчилсөн байна. Ингэснээр Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Ж.Сийн ажлын чиг үүрэгт нь өөрчлөлт орж, албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын байрандаа, архив, бичиг хэргийн эрхлэгчийн чиг үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч, Архив, бичиг хэргийн эрхлэгчийн бичиг хэргийн үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг хүний нөөцийн мэргэжилтэнд шилжүүлэн, түүнд зөвхөн архивын үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг гүйцэтгүүлэхээр ажил олгогчоос зохицуулалт хийсэн нь зохигчийн тайлбараар тогтоогджээ.

 

4. Ажил олгогчийн ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах нэрийдлээр ажилтан Ж.Сийг Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлаас архивчийн ажилд буруу шилжүүлсэн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах үндсэн эрхийг зөрчсөн, Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөдөлмөрлөх журамт үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан ажилтны эрхийг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй. гэж заасан хязгаарлалтыг зөрчсөн хууль бус болжээ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Ажил олгогч нь дээр дурдсан үндэслэлээр буюу театрын бүтэц, зохион байгуулалт, ажиллах хүчний нөөц, орон тоо, албан тушаалын уялдааг харгалзан, тус байгууллагын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар тус орон тоонд ажиллаж байсан ажилтныг өөр ажилд шилжүүлэх хууль зүйн болон бодит үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

5. Ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай ажил олгогчийн шийдвэр хууль тогтоомжид үндэслэгдээгүй, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын дарга уг шийдвэрийг гаргахдаа хуулийг удирдлага болгоогүй нь төрийн байгууллагын үйл ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуулийг дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлнэ гэж тус тус хуульчилсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй. гэж заасан байна.

 

6. Ажил олгогчоос анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/28 дугаар тушаалыг гаргах болсон үндэслэл, шалтгааныг зөвтгөж ажилтан Ж.Сийн хөдөлмөрийн сахилга бат, зөрчилтэй холбон тайлбар ирүүлсэн нь хэрэгт хамааралгүй байна. Ажил олгогчийн ажилтныг ажлаас буруу шилжүүлсэн шийдвэрт энэ талаар тусгагдаагүй тул хариуцагчийн энэ тухай тайлбар, баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шүүх үнэлэхгүй.

 

Иймээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, ажилтныг өөр ажилд буруу шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгож, Ж.Сийг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын архив, бичиг хэргийн ажилтнаар эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хуульд зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 130/ШШ2019/00071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

С.ӨМИРБЕК