Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 372

 

МАГАДЛАЛ

 

2019.02.25                                                 Дугаар 372                                      Улаанбаатар хот

 

 

 

 

НДХХҮХ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 104/ШШ2018/00441 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч НДХХҮХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Н, Ч.С, Г.Х нарт холбогдох,

Гэм хорын хохирол учруулсан Д.Н-гээс 5 800 000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Г.Х-аас 3 350 000 төгрөг, Ч.С-ээс 200 000 төгрөг, нийт   9 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Д.Н-гийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан:

Хариуцагч: Г.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс жил бүр хэрэгжүүлдэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр, Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс 2014 онд хариуцагч Д.Н нь 5 800 000 төгрөг, хариуцагч Г.Х нь 3 350 000 төгрөг, Ч.С нь 200 000 төгрөгийг тус тус авсан гэсэн гэм буруутай үйлдэл нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын тогтоолоор тогтоогдсон байсан. Иймд бидний зүгээс холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохоор гэм буруутай этгээдүүдэд төрийн байгууллага, улсын төсөвт учирсан хохиролыг барагдуулахаар хариуцагч нараас нэхэмжилж байна. Хөдөлмөрийн хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Н , Налайх дүүргийн 5 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн Г.Х , тус хорооны хэсгийн ахлагч Ч.С нар нь 2014 онд Налайх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс жил бүр хэрэгжүүлдэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр, Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-өөс хөрөнгө завшсан гэх үндэслэлээр тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын явцад хариуцагч нар нь тус хөтөлбөрт хамрагдсан Э.Т-д 3 000 000 төгрөг, Д.Н-д 4 000 000 төгрөгийг хууль бусаар олгосон, Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн хүрээнд хамрагдсан төслөөс Д.Э-д 500 000 төгрөг, М.С-д 500 000 төгрөг, С.Б-д 1 000 000 төгрөг, Л.Н-д 2 000 000 төгрөгийг тус тус тогтоосон хэмжээнээс илүү олгож, улсад нийт 11 000 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь илэрсэн.

Хариуцагч нарын энэ үйлдлүүдийг Авлигатай тэмцэх газрын 2016 оны 01 дүгээр сарын   20-ны өдрийн тогтоолоор томилогдсон шинжээчийн дүгнэлтээс харж болно. Иймд хариуцагч Д.Н-гээс 5 800 000 төгрөг, Г.Х-аас 3 350 000 төгрөг, Ч.С-ээс 200 000 төгрөг, нийт 9 350 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Төрийг төлөөлж прокурор Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын хувьд эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байсан. Үүний дагуу Нийслэлийн прокурорын газраас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр уг хэргийн хугацаа дууссан гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийвдэр нь Улсын ерөнхий прокурор болон Нийслэлийн ерөнхий прокурорт хянагдан эцэслэн шийдвэрлэгдсэн. Прокурорын дүгнэлтээр хариуцагч Г.Х , Д.Н , Ч.С нар нийт 9 350 000 төгрөгийг завшсан болох нь тогтоогдож уг хохиролыг иргэний журмаар нэхэмжлэхийг дурьдсан байгаа. Мөн хариуцагч нараас мөрдөн байцаалтын явцад 2-3 удаа байцаалт авахад гэм буруугаа хүлээж, хохирлыг барагдуулах тухай удаа дараа мэдүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хэрэгт урьд өмнө нь цугларсан шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг иргэний хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин Г.Х 3 350 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг Д.Н-гийн хэлснээр С  гэж хүний дансанд хийсэн байна. Үлдсэн 1 350 000 төгрөгийг өөрийн хувийн машинд зарцуулсан тухайгаа мэдүүлсэн тул эдгээр гэм буруутай этгээдүүдээс төрд учирсан хохиролыг гаргуулахаар, төрийг хохиролгүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Ч.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Намайг 5 дугаар хороонд ажиллаж байхад Г.Х манай хороог хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Иймд Г.Х надаас таньд таньдаг найдвартай хүн байна уу, данснаас нь мөнгө оруулаад гаргах хэрэгтэй байна гэхэд дотны найз Г.Х тай холбож өгсөн. Г.Х надад С  эгчээ мөнгийг хүний данс руу шилжүүлээд, танд бас урамшуулал өгнө гэж хэллээ, Д.Н-гийн данснаас мөнгө аваад, өөр данс руу шилжүүлсэн. Үлдсэн 1 000 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг надад, 200 000 төгрөгийг Д.Н-д өгөөд үлдсэн мөнгийг Г.Х авсан. Д.Н мэдүүлэхдээ худал мэдүүлэг өгсөн байна. Бид хоёр данснаас нь мөнгө аваад Д.Н ээмэг бөгж аваад гэртээ харьсан. Тус мөнгийг НДХХ-ийн данснаас гарсан байсныг мэдсэн. Энэ мөнгийг авсан нь үнэн учраас эргүүлж төлнө гэжээ.

Хариуцагч Г.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 3 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Н-гийн данс руу 4 000 000 төгрөг орсоноос 3 000 000 төгрөгийг даргын найз н.О-ын  данс руу шилжүүл гэхээр нь Ч.С эгчид хэлээд шилжүүлүүлсэн. 1 000 000 төгрөгийг Ч.С эгч Д.Н гэж хүний регистрийн дугаар олж өгсөн болохоор 200 000 төгрөгийг өгсөн.     1 350 000 төгрөгийг дарга ав гэсэн учраас авсан. Тэрнээс хувьдаа авья гээд авсан мөнгө биш гэжээ.

Хариуцагч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Бидний хувьд 500 000 төгрөгөөс илүү олгож байсан ч төслийн хэмжээнээс нь илүү мөнгө олгосон зүйл байхгүй. 4 000 000 төгрөг олгох байснаас 3 500 000 төгрөг олгож байсан зүйл байгаа. Иргэдийн мөнгө зохих журмынхаа дагуу иргэдийн тус бүрийн данс руу орсон. Иймд 5 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би үнэн хэрэгтээ уг төслийг журманд зааснаар нь хэрэгжүүлсэн байхад өөрийн бие, сэтгэл санаа, ажил төрлөөрөө хохирсон. Намайг тухайн хэлтэст даргаар ажиллаж байхад 4-5 удаа энэ төсөлтэй холбогдуулан шалгалт ирэхэд байнга 90 хувиас дээш үнэлгээ авдаг байсан. Тухайн оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төслийг шалгаруулах хамгийн сүүлийн өдөр байсан. Гэтэл тэр үеэр миний хүү маш хүнд өвдсөн тул хагалгаанд орохоор гадаад руу явах шаардлагатай болсон. Би төслийн мөнгийг явахаасаа өмнө гаргах юм бол янз бүрийн хэл ам, хардлага гарах байх гэж бодоод хүүгээ хагалгаанд оруулчихаад Монголд ирээд төслийн мөнгийг тараасан. Би тэр үед төслийн материалыг сайн шалгаарай гэж холбогдох мэргэжилтэн нарт олон удаа хэлж байсан. Энэ төслийн мөнгийг ганцхан Д.Н миний бие өөрийн дураар олгодоггүй, харин бүхэл бүтэн ажлын хэсэг гараад шийдвэрлэдэг гэдгийг хэлмээр байна. Намайг Д.Э-д 500 000 төгрөг, М.С-д 500 000 төгрөг, Л.Н-д 2 000 000 төгрөг, С.Б-д 1 000 000 төгрөг олгосон гэж хэлсэн. Гэхдээ би эдгээр хүмүүсийг мэдэхгүй, учир нь энэ материалыг оруулдаг ажлын хэсэг мэддэг. Уг төслийн хүрээнд нэг хүнд 1 000 000 төгрөгийн хэмжээнээс хэтрэхгүй олголт өгөх ёстой байсан. Төслийг хянаж үзээд холбогдох төсөлд 1 000 000 төгрөг шаардлагагүй байсан учраас 500.000 төгрөг өгсөн. Түүнээс нэг хүн 1 000 000 төгрөг өгөх байснаас 1 500 000 төгрөг ч юм уу илүү олгосон зүйл байхгүй. Харин 4 хүний 4 000 000 төгрөг өгөх байснаас      3 500 000 төгрөг олгосон. Хэдийгээр би төслийг хянасан ч түүний дараагаар байгууллагын ня-бо төслийн олголтыг давхар хянадаг байсан. Хэрэв тухайн хүний машиныг ажлын журмаар ашиглаж байгаад эвдэлсэн бол тухайн сангаас нь мөнгө гаргуулж өгөх байсан. Шинжээчийн дүгнэлтэд нийт 6 хүний буюу хөгжлийн бэрхшээлтэй хөтөлбөрийн 2 хүн, аж ахуйн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн 4 хүн байна. Шинжээчийн дүгнэлтэд байгаа үнийн дүн 11 000 000 төгрөг байгаагаас 9 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үнийн дүнгээс хасаж нэхэмжилсэн гэж ойлголоо. Д.Н-гээс 5 800 000 төгрөг нэхэмжлээд байгаа боловч нэр бүхий 6 хүнээс яг хэн хэний мөнгөнөөс авсан нь ойлгомжгүй буюу тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж чадахгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Н-гээс 5 800 000 төгрөг, Г.Х-аас 1 350 000 төгрөг, Ч.С-ээс 200 000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч НДХХҮХ-т олгож, нэхэмжлэлээс 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасаар нэхэмжлэгч НДХХҮХ улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн   7.1.1-д зааснаар хариуцагч Д.Н-гээс 107 750 төгрөг, Г.Х-аас 36 550 төгрөг, Ч.С-ээс 6 650 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Н давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байдаг. Тухайлбал хэн, хэн гэж хүний мөнгөнөөс хэд, хэдэн төгрөг аваад 5 800 000 төгрөг болж байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгчээс         5 800 000 төгрөгийг завшсан гэж нэхэмжилсэн гэтэл шүүхийн шийдвэрт “Аж ахуй эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөс Д.Э-ийн төсөлд 500 000 төгрөг, М.С-ны 500 000 төгрөг, С.Б-ын 1 000 000 төгрөг, Л.Н-ын 2 000 000 төгрөг нийт 4 000 000 төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрөөс Э.Туяагийн 3 000 000 төгрөг, Д.Н 4 000 000 төгрөгийг илүү олгож нийт 11 000 000 төгрөгний хохирол учруулсан гэжээ. Эдгээр нэр дурдсан хүмүүсийг танихгүй, төслийн мөнгөнүүд хүн тус бүрийн харилцах дансанд орсон одоо төслөө хэрэгжүүлээд явж байгаа, миний хувьд 11 000 000 төгрөгнөөс нэгч төгрөг аваагүй байхад 5 800 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч НДХХҮХ нь хариуцагч Д.Н, Ч.С, Г.Х нарт холбогдуулан, гэм хорын хохирол учруулсан Д.Н-гээс 5 800 000 төгрөг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн Г.Х-аас 3 350 000 төгрөг, Ч.С-ээс 200 000 төгрөг, нийт 9 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Ч.С , хүлээн зөвшөөрч, Г.Х , Д.Н нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдсан 21 төсөлд НДХХ-ийн даргын зардал гаргах тухай 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/22 тоот, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/32 тоот, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/46 тоот тушаалуудаар санхүүгийн дэмжлэг олгохдоо Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2014 оны 1 дүгээр сарын сарын 13-ны өдрийн 5 дугаар тогтоолын зургаадугаар хавсралтаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжиж хөтөлбөрийн дөрөвдүгээр заалтад тусгагдсан бичиг баримтыг бүрдүүлээгүй буюу шаардлага хангахгүй төсөлд Д.Н 4 000 000 төгрөгийн санхүүжилт олгож улсад хохирол учруулсан болох нь Авлигатай тэмцэх газраас шинжээч нарыг томилж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан иргэдийн төслийн баримтад хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.     /хх-63-79/

Тодруулбал, нэхэмжлэгч байгууллага нь төрд учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагч нараас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Н-гээс 5 800 000 төгрөг, Г.Х-аас 1 350 000 төгрөг, Ч.С-ээс 200 000 төгрөгийг шаардах эрхтэй.

Хариуцагч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, иргэдэд олговол зохих мөнгө журмынхаа дагуу иргэдийн тус бүрийн данс руу орсон гэж тайлбарлаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй байна. Түүнчлэн 5 800 000 төгрөгийг төлөх талаар өөрийн гараар бичсэн нь хэрэгт авагдсан ба хэн нэгний шахалт дарамтад орж бичсэн гэх байдал тогтоогдоогүй болно.

Шүүх холбогдох нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, үндэслэл тус бүрийн талаар тухайлан хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.  

Дээрх хууль зүйн үндэслэлээр хариуцагч Д.Н-гийн гаргасан “илүү олголт хийж, хохирол учруулаагүй төслийн хүрээнд хийгдсэн ажиллагаа, хувьдаа мөнгө аваагүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 104/ШШ2018/00441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 107 750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

             ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

 

                                                                          М.НАРАНЦЭЦЭГ