Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2019/00625

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2019/00625

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Т.Болормаа, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 5 дугаар хэсэг Витсамо 4 гудамж, 570 тоотод оршин суух Боржгоно овогт Лхагважавын Д //-ийн нэхэмжлэлтэй,

 

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороонд байрлах Монгол улсын Засгийн газар

 

12,221,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянга, гэрч Ш.Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Д 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 18-19 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Портер маркийн 04-79УБД улсын дугаартай авто машиныг жолоодож урдаас хойш чиглэлд Улиастай голын баруун эрэг дагуу урдаас хойш чиглэлд 2 урсгалтай засмал замаар явж зүүн гар тийш эргэх дохио өгч туслах зам уруу орох гэж явж байхад тоёота кроун маркийн 29-00 УБЧ улсын дугаартай суудлын автомашин портер машины зүүн хажуугаас мөргөж, машиныг түрэн хашлага мөргүүлсэн ба тоёота кроун маркийн машин замын хашлага дээр сууж байсан явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон. Энэ болсон авто ослын хэрэгт шинжээчийн эхний гаргасан дүгнэлтээр Л.Дийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай гэж дүгнэсэн, сэжигтнээр тооцож яллагдагчаар татсан. 2 дахь дүгнэлтээр 2 жолоочийг 50%-ийн буруутай мэтээр дүгнэлт гаргасан. 3 дахь дүгнэлтээр Л.Дийг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, буруугүй болохыг тогтоосон ба 2016.10.28-ны өдөр прокурорын 33 дугаартай тогтоолоор надад сонсгосон эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. Гэсэн ч хэрэгт холбогдсон жолооч М.Тарваа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Тунгалагтамир нар Л.Дийг буруутай мэтээр дайрч давшилж дарамт учруулсаар байсан тул Ц.Тунгалагтамираас айж эмээн хохирлын төлбөрт 5.000.000 төгрөг төлсөн сэтгэл санаа хямарч нойр хүрэхээ больсон маш удаан хугацаанд энэ дарамтад өртсөн биднийг байнга айлган сүрдүүлж, заналхийлж хараан зүхэж байсан. Шүүхийн тогтоол гарч хүчин төгөлдөр болсноос хойш тайвширч ажил амьдрал хэвийн болсон. Иймд сэтгэл санааны хохиролд орсны төлбөрт 5.000.000 төгрөг нэхэмжилнэ. Анх хэрэгт холбогдож Л.Дийг сэжигтнээр тооцсон үеэс түүний дүү Л.Пүрэвсүрэн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийг 3.000.000 төгрөгөөр хөлсөлж өмгөөлөгчөөр авсан ба Ц.Алтанцэцэг өмгөөлөгч хэргийн талаар хөөцөлдөхгүй идэвхгүй байсны улмаас дахин өмгөөлөгч авахад хүрч Г.Энхтүвшинтэй 3.000.000 төгрөгийн хөлсөөр эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулж урьдчилгаа 1,000,000 төгрөгийг 2016.07.02-ны өдөр төлсөн. Хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа 2017.01.26-ны өдөр Прокурорын газраас шүүхийн шийдвэрийг хүлээн авсан ба өмгөөлөгч Г.Энхтүвшинд 2017.01.27-нд бэлнээр 2,000,000 төгрөгийг төлсөн болно. 2016 оны 05 сарын 29-нд осол гарснаас хойш цагдаагийн байгууллагад байнга дуудагдаж, сэтгэл санаа зовниж ажил хөдөлмөрөө хийж чадахгүйд хүрсэн. Машин засаж 1 сард 2-3 сая төгрөгийн орлого олдог байсан бол энэ орлогоо олж чадахгүй болсон. Би хувь хүний орлогын албан татвар төлдөггүй тул орлогоо нотолж чадахгүй байна. Иймд 2016 оны 06 сараас 2016 оны 11 cap хүртэл 4 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 192.000 тооцож 960.000 төгрөгийг олох ёстой байсан орлогоо алдсан гэж нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, өмгөөлөгч Ц.Алтанцэцэгт төлсөн 3,000,000 төгрөг, Г.Энхтүвшинд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг, 2016.6 сараас 2016.11 сар хүртэл 5 сард олох ёстой байсан орлогод 960,000 төгрөг, 04-79 УБД улсын дугаартай портер машиныг ачсан, журамласан, хадгалсан хоногийн төлбөрт 261,000 төгрөг, нийт 12,221,000 төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3-т зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардаж байна, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 сарын 29-ний өдрийн болсон осол аваарын хэрэгт шинжээчийн дүгнэлтээр Л.Дийг буруутай гэдэг дүгнэлт гарсан. Мөн сэжигтэн яллагдагчаар татагдсан. Энэ хэрэг маань тодорхой хугацаанд үргэлжилсэн байдаг. Энэ хугацаанд нойр нь хүрдэггүй байсан гэж байна. Мөн хэргийн хохирогч нартай нэг гудамжинд амьдардаг бөгөөд энэ хүмүүс нь ар гэр лүү нь байнга орилдог, хашгирдаг, дарамталдаг байсан. Чи миний ээжийн амь насыг хохироосон чи миний ээжийн амь насыг төл гэж дарамталдаг байсан. Үүнээс үүдэн маш их сэтгэл санааны хүнд байдалд ордог байсан. Сүүлдээ хашаа байшингаа зарж тэр хүмүүсийн шаардсанаар 5 сая төгрөг өгсөн байдаг. Сүүлийн шинжилгээний дүгнэлтээр Л.Дийг буруугүй болохыг тогтоосон. Энэ хэрэг маань шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл сэтгэл санааны маш их хохиролтой байсан. Хэрэг 2017 оны 05 сард гарсан. 12 сард нь хэрэг шийдэгдсэн байдаг. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд 2 өмгөөлөгч авсан. Хоёуланд нь 3 сая төгрөг төлсөн. Хөлсийг дансаар болон бэлнээр өгсөн талаарх баримт байдаг. 800.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд энэ баримт байхгүй байгаа. Намайг өмгөөлөгчөөр оролцох хүсэлт гаргаад 3 сая төгрөгийн гэрээ хэлцэл хийсэн. н.Бархас гээд эхнэрийнхээ дансаар 1 сая төгрөг шилжүүлээд сүүлд нь надад 2 сая төгрөгийг Л.Д өгсөн. Ачит сэлэнгэ ХХК нь осолд орсон машиныг ачиж авч явдаг. Энэ бол осол аваарт орсон тээврийн хэрэгслийг ачиж авч явдаг газар байгаа. Энд 261.000 төгрөг төлсөн байгаа. Тухайн осол болох үед машин засдаг байсан бөгөөд хүний машин барьж явсан. Машин засварын газар ажиллаж сар бүр 2 сая төгрөгийн орлоготой ажилладаг байсан. Энэ ослоос болоод сэтгэл санааны хямралд ороод ажил хөдөлмөр эрхэлж чадахаа больсон. Бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг 5 сараар тооцож 960.000 төгрөг нэхэмжилсэн. 5 сая төгрөгийн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн байгаа. Сэтгэл санааны хохирлын хэмжээг хэмжих хэмжүүр байдаггүй. Энэ хүн маш их хэмжээгээр хохирч байгаа шүү гэдгийг хэлж байгаа учраас сэтгэл санааны хохирлыг бичсэн. Энэ хүмүүс нөгөө хохирогчийн ар гэрийн нөлөөнд автаад айж эмээгээд 5 сая төгрөг өгсөн. Эргээд тэр хүмүүсээс мөнгө нэхэх боломжгүй гэж хэлдэг. Энэ хүмүүстэй зууралдах хүсэл байхгүй байна гэж хэлдэг. Эрүүгийн хэрэгт холбогдоод сэжигтэн яллагдагчаар татагдаад гэм буруугүй хүн ийм байдалд орсон байгаа нь хуулийн зохицуулалт болон хуулийн байгууллагын ажиллагаа сул байна гэж үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлт төгс шийдэгдээгүй байхад хүнийг яллагдагчаар татаж байгаа нь өөрөө учир дутагдалтай. Энэ үүднээс бид гомдол гаргаж байсан. Хяналтын прокурор төрийг төлөөлж орж ирээд та нар гэм буруутай ажилтанд нь нэхэмжлэл гаргаад мөнгөө төлүүлэхгүй яасан юм бэ гэдэг байдлаар ханддаг. Гэтэл Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар учирсан хохирлыг төр хариуцан арилгана гэж байгаа. Гэтэл энэ хуулийг хэрэглэх ёсгүй гэж үздэг. Ийм байдлаар анхан шатны шүүх өмнөх гаргасан нэхэмжлэлийг хангахгүй шийдсэнийг Давж заалдах шатны шүүхээс буцааж байсан. Тийм учраас Л.Дид учруулсан бодит хохирол болон сэтгэл санааны хохиролд 12.2 сая төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... 1.3асгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.1-д Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан /цаашид Тусгай сан гэх/ гэнэ гэж заасны дагуу Засгийн газрын нөөц сан нь уг тусгай санд хамаардаг. Түүнчлэн Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3-т Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-д заасан сангийн хөрөнгийг зарцуулна: гэж, мөн хуулийн 26.2-т Энэ хуулийн 6.3-т заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргана гэж тус тус заасны дагуу зарцуулах бөгөөд уг сангийн хөрөнгөөс гэм хорын хохирлыг төлөх талаар хуульчлан заагаагүй байна. 2.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн гэж, 2 дахь хэсэгт Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гэж, Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ гэж, мөн зүйлийн 4-т Танхимын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан мөн гэж, 29 дүгээр зүйлийн 1-д Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т Засгийн газар асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Иймд нэхэмжлэлд дурдсан хохирлыг Засгийн газраас нөөц сангаас гаргуулах нь дээрх хууль тогтоомжид нийцэхээргүй байна. 3.Сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас алдар нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны ямар хохирол учирсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд нэхэмжилж буй 5,000,000 төгрөгийг юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заажээ. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...намайг сэжигтнээр тооцсон үеэс миний дүү Л.Пүрэвсүрэн өмгөөлөгч Алтанцэцэгийг 3,000,000 төгрөгөөр хөлсөлж өмгөөлөгчөөр авсан... гэсэн тайлбараас үзэхэд өмгөөлөгчид өмгөөллийн хөлс төлсөн хохирлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд нь Л.Д биш байх бөгөөд түүний шалгагдсан эрүүгийн хэрэгт үзлэг хийхэд өмгөөлөгч нарт өмгөөллийн хөлс төлсөн, өмгөөллийн гэрээ байгуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Л.Дийн өмгөөлөгчид төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлага үнэн бодитой эсэх нь эргэлзээтэй байна. Түүнчлэн Л.Дийг эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд цагдаа, прокурорын байгууллагаас түүний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлаагүй бөгөөд олох ёстой байсан орлого алдсан гэх нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

 

Гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно, мөн Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно гэж тус тус заасан тул уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг оролцуулах нь зүйтэй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл иргэн Л.Дийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгыг томилсон байх тул шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр явуулж өгнө үү ... гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Л.Д нь 2016 оны 05 сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто тээврийн хэрэгт шалгагдаж байсан юм байна. Эхний шинжээчийн дүгнэлтээр Л.Дийг гэм буруутайд тооцсон байна. Хамгийн сүүлийн шинжээчийн дүгнэлтээр гэм буруугүйд тооцсон байна. Л.Дийн өргөдлийг 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоолоор үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ 12 сая төгрөгийг төрөөс нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Д нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг, энэ хэргийн улмаас өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Г.Энхтүвшин нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр ажиллуулсан хөлсөнд Ц.Алтанцэцэгт төлсөн 3,000,000 төгрөг, Г.Энхтүвшинд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг, 2016.6 сараас 2016.11 сар хүртэл 5 сард олох ёстой байсан орлогод 960,000 /5*192,000/ төгрөг, 04-79 УБД улсын дугаартай портер машиныг ачсан, журамласан, хадгалсан хоногийн төлбөрт 261,000 төгрөг, бүгд 12,221,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хамтран нэхэмжлэгчээр оролцсон Л.Пүрэвсүрэн нь нэхэмжлэгч Л.Дийн өмнөөс өмгөөлөгчид төлсөн хөлс 3,000,000 төгрөгийг Л.Доос авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд энэхүү 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Д нь нэхэмжлэлийн шаардлагадаа оруулан тооцож шаардсан.

 

М.Тарваа, Л.Д нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн, Л.Дид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3-т зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардаж байна.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 29-ний орой 18-19 цагийн үед 04-79 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа М.Тарваа жолоочтой 290-90 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас явган зорчигч Б.Цэнд-Аюушийн амь нас хохирсон зам тээврийн ослын мөрдөн байцаалтын ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар татагдсан байх бөгөөд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.3, 390 дүгээр зүйлийн 390.2, 391 дүгээр зүйлийн 391.3-т тус тус зааснаар хохирол шаардах эрхтэй байна.

 

Тээврийн прокурорын газрын прокурорын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 102 дугаар тогтоолоос үзэхэд Л.Дийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байжээ. Мөн прокурорын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоолоос үзэхэд, Эрүүгийн хууль /2002 оны/-ийн 2015 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллагдагчаар татагдсан Л.Дид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

 

Дээрх ажиллагаа нь хууль бус явагдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул анхны шинжээчийн дүгнэлт зөв гарсан бол эрүүгийн хэрэгт шалгагдан амьдарч буй орон гэрээ зарж, сэтгэл санаагаар хохирох хүнд байдалд орохгүй байсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 оны/-ийн 389 дүгээр зүйлийн 389.1-д Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 оны/-ийн 389 дүгээр зүйлийн 389.2.3.тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 390 дүгээр зүйлийн 390.2-т зааснаар хохирлыг улсын төсвөөс нөхөн олгоно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 оны/-ийн 391 дүгээр зүйлийн 391.3.Сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана. гэж зааснаар нэхэмжлэгч сэтгэл санаанд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дүгнэхэд, нэхэмжлэгч сэтгэл санааны хохиролд шаардаж буй шаардлагын хэмжээг 5,000,000 төгрөгөөр тооцсон, мөнгөн дүнг илэрхийлсэн үндэслэлээ нотлоогүй боловч дээр дурдсан мөрдөн байцаалтын ажиллагаа нь хууль бус явагдсан гэж үзэх үндэслэлтэй тул энэ талаар гаргасан шаардлагын 2,500,000 төгрөгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын үед өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Г.Энхтүвшин нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчөөр ажиллуулсан хөлсөнд Ц.Алтанцэцэгт төлсөн 3,000,000 төгрөг, Г.Энхтүвшинд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, ийм хэмжээний зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан мөнгөний баримтуудаар тогтоогдож байх боловч өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн өмгөөллийн үйл ажиллагаа хангалтгүй байснаар Г.Энхтүвшин өмгөөлөгчийг авсан гэх нэхэмжлэгч болон түүний эхнэр, гэрч Ш.Бархасын мэдүүлгийг үндэслэн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгт төлсөн 3,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгч Г.Энхтүвшинд төлсөн төлбөр 3,000,000 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

2016 оны 6 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл 5 сард олох ёстой байсан орлогод 960,000 /5*192,000/ төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь тухайн орлгыг олдог байсан гэх автомашины кузов засвар ажиллуулдаг байсан, ийм хэмжээний орлого олох боломжтой эсэхээ нотлох баримтаа нотлоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Мөн түүнчлэн, нэхэмжлэгч Л.Д нь мөрдөн байцаалтын ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар татагдахдаа бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан тул түүний хөдөлмөр эрхлээгүй, орлого олоогүй нь мөрдөн байцаалтын ажиллагатай холбоогүй байна.

 

Нэхэмжлэгчийн жолоодож явсан 04-79 УБД улсын дугаартай портер машиныг ачсан, журамласан, хадгалсан хоногийн төлбөрт 261,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Эрүүгийн байцаан шийтгэх хууль /2002 оны/-ийн 389 дүгээр зүйлийн 389.1-д заасан төр хариуцан арилгах хохиролд хамаарах үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 2,500,000 төгрөг, өмгөөлөгч Г.Энхтүвшинд төлсөн 3,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлдзаасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 5,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Дид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,721,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Л.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД Т.БОЛОРМАА

 

Т.ЭНХЖАРГАЛ