Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01046

 

Л.Д, Л.П нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00763 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Д, Л.П нарын нэхэмжлэлтэй

            Гуравдагч этгээд: ЗГ-т холбогдох

 

Гэм хорын хохиролд 12 221 000 төгрөгийг ЗГгийн газраас гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгч Л.Пгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Л.Дийн өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Д 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 18-19 цагийн үед БЗД-ийн 10-р хорооны нутаг дэвсгэрт Портер маркийн 04-79УБД улсын дугаартай авто машиныг жолоодож явж байхад Тоёота кроун маркийн 29-00 УБЧ улсын дугаартай суудлын автомашин хажуугаас мөргөж, машиныг түрэн хашлага мөргүүлсэн ба Тоёота кроун маркийн машин замын хашлага дээр сууж байсан явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон. Дээрх авто ослын хэрэгт шинжээчийн эхний гаргасан дүгнэлтээр Л.Дийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай гэж дүгнэсэн, сэжигтнээр тооцож яллагдагчаар татсан. 2 дахь дүгнэлтээр 2 жолоочийг 50%-ийн буруутай мэтээр дүгнэлт гаргасан. 3 дахь дүгнэлтээр Л.Дийг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, буруугүй болохыг тогтоосон ба 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр прокурорын 33 дугаартай тогтоолоор  сонсгосон Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон. Гэсэн ч хэрэгт холбогдсон жолооч М.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т нар Л.Дийг буруутай мэтээр дайрч давшилж дарамт учруулсаар байсан тул Ц.Таас айж эмээн хохирлын төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн, сэтгэл санаа хямарч нойр хүрэхээ больсон, маш удаан хугацаанд энэ дарамтад өртөж байнга айлган сүрдүүлж, заналхийлж байсан. Иймд сэтгэл санааны хохиролд орсны төлбөрт 5 000 000 төгрөг нэхэмжилнэ. Анх хэрэгт холбогдож Л.Дийг сэжигтнээр тооцсон үеэс түүний дүү Л.П өмгөөлөгч Ц.А-ийг 3 000 000 төгрөгөөр хөлсөлж өмгөөлөгчөөр авсан. Дахин өмгөөлөгчөөр Г.Этэй 3 000 000 төгрөгийн эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулж урьдчилгаа 1 000 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлсөн. Хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Прокурорын газраас шүүхийн шийдвэрийг хүлээн авсан ба өмгөөлөгч Г.Э-д 2017 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр бэлнээр 2 000 000 төгрөгийг төлсөн. 2016 оны 05 сарын 29-ний өдөр осол гарснаас хойш цагдаагийн байгууллагад байнга дуудагдаж, сэтгэл санаа зовниж ажил хөдөлмөрөө хийж чадахгүйд хүрсэн. Машин засаж 1 сард 2-3 сая төгрөгийн орлого олдог байсан бол энэ орлогоо олж чадахгүй болсон. Хувь хүний орлогын албан татвар төлдөггүй тул орлогоо нотолж чадахгүй байна. Иймд 2016 оны 06 сараас 2016 оны 11 cap хүртэл 4 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 192 000 тооцож 960 000 төгрөгийг олох ёстой байсан орлогоо алдсан гэж нэхэмжилж байна.

Сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг, өмгөөлөгч Ц.А-т төлсөн 3 000 000 төгрөг, Г.Эд төлсөн 3 000 000 төгрөг, нийт 6 000 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сараас 2016 оны 11 сар хүртэл 5 сард олох ёстой байсан орлогод 960 000 төгрөг, 04-79 УБД улсын дугаартай портер машиныг ачсан, журамласан, хадгалсан хоногийн төлбөрт 261 000 төгрөг, нийт 12 221 000 төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389 дүгээр зүйлийн 389.2.3-т зааснаар нөхөн төлүүлэхээр шаардаж байна  гэжээ.

Гуравдагч этгээд ЗГ-гийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Засгийн газраас нөөц сангаас гаргуулах нь дээрх хууль тогтоомжид нийцэхээргүй байна. 3.Сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас алдар нэр, эрүүл мэнд, сэтгэл санааны ямар хохирол учирсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд нэхэмжилж буй 5 000 000 төгрөгийг юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна. Л.П өмгөөлөгч Аийг 3 000 000 төгрөгөөр хөлсөлж өмгөөлөгчөөр авсан... гэсэн тайлбараас үзэхэд өмгөөлөгчид өмгөөллийн хөлс төлсөн хохирлыг нэхэмжлэх эрх бүхий этгээд нь Л.Д биш байна. Л.Дийг эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд цагдаа, прокурорын байгууллагаас түүний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлаагүй, нэхэмжлэл нь үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээд ЗГгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Б шүүхэд ирүүлсэн  тайлбартаа:  Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно гэж тус тус заасан тул уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурорыг оролцуулах нь зүйтэй  гэжээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Л.Д-ийг хуульд заасны дагуу шалгаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөрдөн байцаагч, прокурорын ямар буруутай үйл ажиллагаа байгааг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч нар нь12 221 000 төгрөгийг төрөөс биш буруутай иргэн Т болон хууль зүйн туслалцаа үзүүлээгүй өмгөөлөгч Аээс нэхэмжлэх шаардлагатай гэжээ.

 

Шүүх: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7 дахь хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 12 221 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Д, Л.П нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Хэрэгт холбогдсон этгээд заавал хоригдож бусад байдлаар хохирох ёстой гэж шүүх үзжээ. Хэнийг ч эрүү үүсгэж, сэжигтнээр тооцож, яллагдагчаар татах үйлдээгүй хэрэгт яллаж, тамлаж, тарчлааж сэтгэл санааны болон бие организмын хохирлыг өөрт нь болон үр хүүхэд төрөл төрөгсөд найз нөхөд хамт олонд нь амсуулж, нэр хүндийг нь гутааж болно гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй. Прокурор шүүхэд гаргасан тайлбартаа “шинжээч буруу дүгнэлт гаргаснаас мөрдөн байцаагч яллагдагчаар татсан. Прокурор үнэн мөнийг нь олж өгч хэргийг хэрэгсэхгүй болгосонд” баярлах хэрэгтэй гэж төрийг төлөөлөн оролцсон прокурор шүүхэд тайлбар мэдүүлэг гаргаж, шүүх дэмжсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Д нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд  12 221 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг гуравдагч этгээд “мөрдөн байцаагч, прокурорын ямар буруутай үйл ажиллагаа байгааг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна, хохирлыг төрөөс биш буруутай этгээд нараас нэхэмжлэх шаардлагатай” гэж маргажээ. /хх-1-3, 37-39, /

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгахаар заасан ба нэхэмжлэгч нь хууль бусаар баривчлагдаж цагдан хоригдсон, саатуулагдсан буюу гадагш явахгүй баталгаа өгсөн зэрэг ямар үйл ажиллагааны улмаас ямар эрх нь хөндөгдсөн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодруулах шаардлагатай гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хэргийг шийдвэрлэх үед 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр бус болсон байх бөгөөд шүүх шийдвэртээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэг, хүчингүй болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийг баримталсан нь буруу болжээ. /хх 113-119/ Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбар, давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулсан болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл уг хэрэг маргааныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй байсан нь тогтоогдож байна. /хх-1, 20-30, 39/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт иргэн, хуулийн этгээд мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол арилгуулах эрхийг зохицуулсан боловч онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх талаар зохицуулагдаагүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж заажээ.

Дээрх байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хамаарахгүй байх тул мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг дангаар шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хүчингүй  болсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Мөн Л.П бусдад төлсөн гэх мөнгөн хөрөнгөө ямар үндэслэлээр төрөөс шаардаж байгааг тодруулах нь зүйтэй юм.

 

Дээрх үндэслэлүүдээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/00763 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД