Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2020/00126

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, шүүгчид А.Жархынгүл, Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын ... дүгээр бүрэн дунд сургууль /захирал Х.Б/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, С овогт Хы Хт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Х.Х, иргэдийн төлөөлөгч А.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 9 ширхэг зөөврийн компьютерийн үнэ болох 7.484.400 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын ** дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Х нь АСЕМ-ийн уулзалтын үеэр К улсын Ерөнхий сайд К Мын 2016 оны 07 дугаар сард Ө сумын 1 дүгээр дунд сургуульд хандивласан 25 ширхэг зөөврийн компьютерээс 10 ширхэг Lenovo маркийн зөөврийн компьютерийг эрүүгийн 0000000 дугаартай хэрэгт тогтоогдсоноор хувьдаа завшсан байна. Иймд 9 ширхэг зөөврийн компьютерийн үнэ болох 7484400 төгрөгийг иргэн Х.Хээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Анх 2016 онд К улсаас манай сургуульд компьютер хандивласан. Х.Хээс 9 ширхэг компьютерийн үнэ 7484400 төгрөгийг нэхэмжилж байна. Х.Хээс 1 ширхэг компьютерийг буцааж авсан. Би тухайн үед ажилладаггүй байсан. Намайг уг хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Анх 25 ширхэг компьютер өгсөн гэж байгаа. Энэ талаар гэрч нар мэдүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч Х.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2016 оны 07 дугаар сард Казахстан улсын элчин сайд К.М тус аймагт айлчлах үеэр манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж зөөврийн компьютер, ном, сурах бичиг зэрэг эд зүйл хандивласан.

 

Тухайн үед нийтдээ 17 ширхэг Леново маркийн зөөврийн компьютер бэлэглэсэн ба энэ нь К улсын элчийн сайдын яамны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор нотлогддог.

 

Гэтэл тус сургуульд ажиллаж байсан хэсэг хүмүүс нийтдээ 25 ширхэг компьютер ирсний зарим хэсгийг Х.Х хувьдаа завшсан гэж миний эсрэг Цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлж Цагдаагийн газраас надад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дараа нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

 

Улмаар хэргийг шүүхэд шилжүүлж Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүх 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 2019/ШЗ/218 дугаартай захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

 

Цагдаагийн газраас хэргийг дахин шалгаад Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/24 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон.

 

Миний хувьд 9 ширхэг компьютерийг хувьдаа завшсан асуудал байхгүй. Намайг зөвхөн гэрч нарын мэдүүлгээр 25 компьютер ирсний 9 компьютерийг завшсан гэж үзэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие захирлуудын сонгон шалгаруулалтад орж тэнцээд 2014 оны 12 дугаар сард Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдон ажилласан. 2016 оны 07 дугаар сард АСEM-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж, К улсын Ерөнхий сайд манай улсад ирэх үедээ тус сургуулиар зочилсон. Тэрээр манай сургуульд 17 ширхэг нөүтбүүк, 300 ширхэг К улсын түүх соёлтой холбоотой сурах бичгийг бэлэглэсэн. Би 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шийдвэрээр захирлын албанаас чөлөөлөгдсөн. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр биеийн тамирын багш Ж гэх хүний нэрээр 4-5 асуудлаар миний талаар Авлигатай тэмцэх газарт хандсан байсан. Ж Авлигатай тэмцэх газарт тус сургуульд ирсэн 25 ширхэг компьютерээс намайг хувьдаа 9-10 ширхгийг завшсан гэх үндэслэлгүй гомдол гаргасан байсан. Дээрх гомдол мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газраас надад холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар шүүхэд шилжүүлсэн ч 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан.

 

Цагдаагийн газраас дахин нэмэлт ажиллагаа хийсэн ба Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/24 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд 9 ширхэг компьютерийг хувьдаа завшсан асуудал байхгүй. Намайг зохион байгуулалтай хэрэгт гүтгэж, хуйвалдсан хэд хэдэн хүмүүс гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрч нарын мэдүүлгийг үндэслээд намайг 9 компьютер завшсан гэдэг нь үндэслэлгүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Нотлох баримтаар гаргаж өгсөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн К улсын элчин сайдын яамны албан бичгээр 17 ширхэг нөүтбүүк бэлэглэсэн гэдэг нь нотлогдож байна гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь хариуцагч Х.Хээс хохирол 7.484.400 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Х.Х нь К улсын Ерөнхий сайд К Мын Ө сумын 1 дүгээр сургуульд хандивласан 25 ширхэг зөөврийн компьютерээс 10 ширхэг компьютерийг хувьдаа завшсан нь тогтоогдсон тул 9 ширхэг компьютерийн үнэ болох 7.484.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар:

 

- Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5/24 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч Х овогтой Х нь Монгол улсад явагдсан АСЕМ-ийн уулзалтын үеэр К улсын Ерөнхий сайд асан К Мын 2016 оны 07 дугаар сард Ө сумын 1 дүгээр бүрэн дунд сургуульд хандивласан 25 ширхэг зөөврийн компьютерээс 10 ширхэг LENOVO маркийн зөөврийн компьютерийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан гэмт хэргийн хугацаа дууссан тул яллагдагч Х.Хт холбогдох эрүүгийн 00000 дугаартай хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, уг тогтоолын 5 дахь заалтад Х.Х нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 10 ширхэг нөүтбүүкийн үнэ болох 8.316.000 төгрөг төлөхөөр байгаа боловч үүнээс 1 ширхэг нөүтбүүкийг гаргаж өгсөн байгаа тул одоо 9 ширэг нөүтбүүкийн үнэ болох 7.484.400 төгрөгийн төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх зүйтэй гэж дурдаж өгсөн байна.

 

- Хариуцагч Х.Хийн Б аймгийн Прокурорын газарт 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтэд Яллагдагч Х.Х би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлын талаар ямар нэгэн маргаангүй. Надад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

-Мөрдөн байцаалтын шатанд К.А, А.Е, Ш.Хы, М.Р нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд. Тухайлбал, К.Аээс 2016 оны 07 дугаар сард байх зуны амралт эхэлсэн, сургууль амарсан байхад тухайн үед захирлаар ажиллаж байсан Х.Х нь миний утас руу залгаж та хүрээд ирээч Казакстан улмын Ерөнхий сайд К М нь манай аймагт ирсэн байна. Манай сургуульд ирж танилцахаар болсон, та зохион байгуулж өгөөч гэхээр нь би сургууль дээр ирж өөрийн шавь нараар тоглолт хийлгэж К Мыг хүлээж авсан. К М нь тус сургуулийн Найрамдал клуб дотор намайг дуудаж талархал үзүүлэн танай сургуульд 25 ширхэг нөүтбүүк болон 3 хайрцаг Казак хэлний уран зохиолын ном хандивлаж байна. Хандивлаж байгаа нөүтбүүкийг хүлээж авна уу гэхээр нь албан ёсоор захирал Х.Хийн хамт хүлээж авсан. Тухайн үед би өөрөө тоолж үзэхэд цаасан хайрцагтай 25 ширхэг шинэ Леново маркийн хар өнгийн нөүтбүүк байсан, уг компьютерүүдийг захирлын өрөөнд хүмүүс зөөж оруулсан гэж мэдүүлсэн, А.Еээс 2016 оны 7 дугаар сард байх Казахстан улсын Ерөнхий сайд К М нь Б аймагт айлчлалаар ирсэн ба тухайн үед манай сургуулийн хэрэгцээнд ашиглуулахаар 25 ширхэг нөүтбүүк компьютер хандивласан... К М нь 25 ширэг нөүтбүүк компьютер өгснийг сайн мэдэж байна. Уг компьютерүүдийг хүлээлгэж өгөх үед би байсан ба манаач, мужаан нар захирлын өрөөнд зөөж оруулсан гэж мэдүүлсэн, Ш.Хаас 2016 оны 7 дугаар сард сургууль дээр ээлжийн манаачийн үүрэг гүйцэтгэж байхад Казакстан улсын ерөнхий сайд асан К М нь Б аймагт айлчлалаар ирсэн бөгөөд манай сургууль дээр ирж танилцаж улмаар 25 ширэг нөүтбүүк болон казак хэл дээр бичигдсэн сурах бичгүүдийг хандивласан. Сургуулийн гаднаас уг нөүтбүүк болон хайрцагтай номуудыг манаач Амантай бид хоёр дотогшоо зөөж оруулсан. Тухайн үед би дотогшоо зөөж оруулсан болохоор нэг бүрчлэн тоолсон ба тоолоход 25 ширхэг цаасан хайрцагтай нөүтбүүк байсан гэж мэдүүлсэн, М.Ргаас Казакстан улсын Ерөнхий сайд К М нь Б аймагт айлчлалаар ирэх үед 1 дүгээр бүрэн дунд сургуульд 25 ширхэг Ленова маркийн нөүтбүүк, 1 ширхэг принтер хандивласан талаар сонсож мэдсэн. .. Ингээд хичээлийн жил эхэлж захирлын өрөөнд захирлын дэргэдэх зөвлөлийн хурал болсон ба захирал Х.Х нь Казакстан улсын ерөнхий сайд асан К М манай сургуульд 25 ширхэг нөүтбүүк болон 1 ширэг принтер хандивласан гэж танилцуулсан... би 25 ширхэг нөүтбүүкийг орлогод авах талаар Х захиралд мэдэгдэж хэлсэн боловч орлогод авах боломжгүй би өөрөө хөөцөлдөж хандиваар авсан, орлогод авахуулахгүй гэж хэлээд сургуулийн орлогод авахуулаагүй гэж тус тус мэдүүлжээ.

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Казахстан улсын Ерөнхий сайд К М нь Б аймагт ирэх үеэр Ө сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 25 ширхэг нөүтбүүк компьютер хандивласан нь тогтоогдсон байх ба уг эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгснөөр тус сургууль нь тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн тул Х.Хээс хохирол 7.484.400 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж үзлээ.

 

Хариуцагч Х.Хээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаах нотлох баримтаар Монгол улсад Казахстан улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Кний 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Монгол улсын Улаанбаатар хотод 2016 онд зохион байгуулсан АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон Казахстан улсын Ерөнхий сайд К М Б аймагт аялах явцад Ө сумын ЕБ-ийн 1-р сургуульд 17 ш ноутбук Леново маркийн, 1 ш принтер, канон, Казахстан улсын түүх соёлын холбогдол бүхий 300 ш ном бэлэглэсэн тухай тодорхойлолтыг гаргаж өгчээ.

 

Тухайн нотлох баримт нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг бүхэлдээ няцаах нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Гэрчийн мэдүүлэгт гол төлөв нотлогдвол зохих үйл баримтыг харсан, үзсэн этгээдийн мэдүүлэг тусгагдсан байдаг бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд гэрчүүд нь тухайн үйл баримтыг үйл явдалд тулгуурлан мэдүүлж байсан байх ба гэрчүүдийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэгдсэн байх учир хариуцагчаас гаргаж өгсөн Монгол улсад Казахстан улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Кний 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх өөрийн гэм буруугүйг нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт болох Мөнх эстимейт ХХК-ийн үнэлгээчин Х.Кын гаргасан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 19/37 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2016 оны 7 дугаар сарын байдлаар Ленова маркийн зөөврийн компьютерийн зах зээлийн үнэ ханш 831600 төгрөг болохыг тогтоосон байх тул 9 ширхэг зөөврийн компьютерийн үнэ 7.484.400 /9 х 831600 = 7484400/ төгрөгийг Х.Хээс гаргуулан Б аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Хы Хээс гэм хорын хохирол 7.484.400 /долоон сая дөрвөн зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х.Хээс 134700 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК

 

ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ

 

Х.МЕЙРАМБЕК