Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2020/00028

 

Өлгий сумын Ерөнхий боловсролын дүгээр сургуулийн захирал Х.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2020/00126 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын ... дүгээр бүрэн дунд сургуулийн захирал Х.Бын нэхэмжлэлтэй, Ө сумын ... дугаар багт оршин суух, С овогт Х-ы Ат холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Е, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Х.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хохирол 9 ширхэг зөөврийн компьютерын үнэ болох 7.484.400 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: Иргэн Х.А нь АСЕМ-ийн уулзалтын үеэр Казахстан улсын Ерөнхий сайд К Мын 2016 оны 7 дугаар сард Өлгий сумын  дүгээр дунд сургуульд хандивласан 25 ширхэг зөөврийн компьютероос 10 ширхэг Lenovo маркийн зөөврийн компьютерыг эрүүгийн 1813000430154 дугаартай хэрэгт тогтоогдсоноор хувьдаа завшсан байна. Иймд 9 ширхэг зөөврийн компьютерын үнэ болох 7,484,400 төгрөгийг иргэн Х.Аээс гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: 2016 оны 7 дугаар сард Казахстан улсын элчин сайд К.М тус аймагт айлчлах үеэр манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж зөөврийн компьютер, ном, сурах бичиг зэрэг эд зүйл хандивласан.Тухайн үед нийтдээ 17 ширхэг Леново маркийн зөөврийн компьютер бэлэглэсэн ба энэ нь Казахстан улсын элчийн сайдын яамны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор нотлогддог. Гэтэл тус сургуульд ажиллаж байсан хэсэг хүмүүс нийтдээ 25 ширхэг компьютер ирсний зарим хэсгийг Х.А хувьдаа завшсан гэж миний эсрэг Цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлж, Цагдаагийн газраас надад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дараа нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүх 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд, мөн өдрийн 2019/ШЗ/218 дугаартай захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Цагдаагийн газраас хэргийг дахин шалгаад Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 1... дүгээр  сарын 02-ны өдрийн 5/24 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд 9 ширхэг компьютерыг хувьдаа завшсан асуудал байхгүй. Намайг зөвхөн гэрч нарын мэдүүлгээр 25 компьютер ирсний 9 компьютерыг завшсан гэж үзэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2020/00126 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Хны Аээс гэм хорын хохирол 7.484.400 /долоон сая дөрвөн зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын ... дүгээр  бүрэн дунд сургуульд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: 2016 оны 7 дугаар сард Казахстан улсын элчин сайд К.М тус аймагт айлчлах үеэр манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж зөөврийн компьютер, ном, сурах бичиг зэрэг эд зүйлс хандивласан. Тухайн үед нийтдээ 17 ширхэг Леново маркийн зөөврийн компьютер бэлэглэсэн ба энэ нь Казахстан улсын элчин сайдын яамны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор нотлогддог. Гэтэл тус сургуульд ажиллаж байсан хэсэг хүмүүс нийтдээ 25 ширхэг компьютер ирсний зарим хэсгийг Х.А хувьдаа завшсан гэж миний эсрэг цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлж, Цагдаагийн газраас надад хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дараа нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн шүүх 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн 2019/ШЗ/218 дугаартай захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Цагдаагийн газраас хэргийг дахин шалгаад Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 1... дүгээр  сарын 02-ны өдрийн 5/24 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд 9 ширхэг компьютерыг хувьдаа завшсан асуудал байхгүй. Намайг зөвхөн гэрч нарын мэдүүлгээр 25 компьютер ирсний 9 компьютерыг завшсан гэж үзэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим гэрч нар 25 ширхэг компьютер бэлэглэсэн гэж мэдүүлсэн боловч эдгээр нь шууд нотлох баримт биш дандаа дамжмал нотлох баримт байсан. Ихэнх гэрч нар 25 ширхэг компьютер хандивласан талаар хүмүүсээс сонссон гэж мэдүүлсэн. Тухайн үед 25 ширхэг компьютер ирснийг тоолж хүлээж авсан талаарх ямар ч нотлох баримт байхгүй. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх намайг 2019 оны 1... дүгээр  сарын 06-ны өдөр прокурорын газарт гаргасан хүсэлтэд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлын талаар маргаангүй. Надад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж бичсэн гэж буруутгажээ. Миний прокурорт гаргасан хүсэлт хэргийг хэрэгсэхгүй болгосны дараах, тодруулж хэлбэл 2019 оны 1... дүгээр  сарын 06-ны өдрийн үйл баримт байгаа. Нэгэнт миний гаргасан хүсэлт хэргийг хэрэгсэхгүй болгосны дараах үйл баримт учир намайг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө гэж заасан. Шүүхээс намайг буруутгаж учруулсан гэм хорыг заавал төлөх ёстой гэж үзвэл би адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх боломжтой. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх миний адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх боломжийг шууд хааж зөвхөн мөнгөн дүнгээр төлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр  сургуулийн захирал Х.Б нь хариуцагч Х.А холбогдуулж хохирол 9 ширхэг зөөврийн компьютерын үнэ 7,474,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ Х.А нь АСЕМ-ийн уулзалтын үеэр Казахстан улсын Ерөнхий сайд К Мын сургуульд хандивласан 25 ширхэг зөөврийн компьютероос 10 ширхэг Lenovo маркийн зөөврийн компьютерыг хувьдаа завшсан тул түүний үнийг гаргуулж өгнө үү. гэж тайлбарлаж, хариуцагч 17 ширхэг Леново маркийн зөөврийн компьютер бэлэглэсэн ба энэ нь Казахстан улсын элчийн сайдын яамны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор нотлогдоно гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 1... дүгээр  сарын 02-ны өдрийн 5/24 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 2-7 хуудас/, хариуцагч Х.Аийн Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 25 дугаар хуудас/, 2019 оны 0... дүгээр  сарын 22-ны өдрийн яллах дүгнэлт дэх гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Х.А нь Монгол улсад явагдсан АСЕМ-ийн уулзалтын үеэр Казахстан улсын Ерөнхий сайд асан К Мын 2016 оны 7 дугаар сард Баян-Өлгий аймагт айлчилахдаа Ө сумын ... дүгээр  бүрэн дунд сургуульд хандивласан 25 ширхэг зөөврийн компьютероос 10 ширхэг Lеnovo маркийн зөөврийн компьютерыг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд уг тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хугацаа дууссан тул яллагдагч Х.Ат холбогдох эрүүгийн 1813000430154 дугаартай хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, уг тогтоолын 5 дахь заалтад Х.А нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 10 ширхэг нөүтбүүкийн үнэ болох 8,316,000 төгрөг төлөхөөр байгаа боловч үүнээс 1 ширхэг нөүтбүүкийг гаргаж өгсөн байгаа тул одоо 9 ширэг нөүтбүүкийн үнэ болох 7,484,400 төгрөгийн төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх зүйтэй. гэж дурдсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Мөн түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, 9 ширхэг зөөврийн компьютерын үнийг 7.484.000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Хариуцагч Х.Аийн өөрийн татгалзалаа нотлохоор нотлох баримтаар гаргаж өгсөн Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд К.Кий тодорхойлолт нь тухайн үед болсон үйл явдалыг нотлохгүй бөгөөд гэрч К.А, А.Е, Ш.Хы, М.Р нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Хариуцагч Х.А нь миний хувьд 9 ширхэг зөөврийг компьютерийг хувьдаа завшсан асуудал байхгүй, уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон, хэрэв намайг заавал төлөх ёстой гэвэл адил төрөл чанарын эд хөрөнгө өгөх боломжоор хангаж өгнө үү. гэх давж заалдах гомдол гаргажээ. Хариуцагчийн гомдол нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2019 оны 1... дүгээр  сарын 02-ны өдрийн 5/24 дугаартай прокурорын тогтоол, хариуцагчийн тус прокурорын газарт гаргасан 2019 оны 1... дүгээр  сарын 06-ны өдрийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Хуульд зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,700 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 130/ШШ2020/00126 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,700 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

С.ӨМИРБЕК