Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Б.Алтансүх

Улсын яллагч                                                      Э.Болор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Харнууд овогт Үрэлбаатарын Ариунбаатарт холбогдох эрүүгийн 201710010133 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Шалганы 2-20 тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харнууд овогт Үрэлбаатарын Ариунбаатар  /РД:ЕО96101610/

Яллагдагчаар татах тогтоолоор: шүүгдэгч Ү.Ариунбаатар нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Сод Монгол шатахуун түгээх станцын гадаа хохирогч Г.Пунцагдаштай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ү.Ариунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 23-ны миний ажилладаг Хайрхан Оргил цэвэр усны машин гадуур ус түгээхээр ажлын гаднаас хөдөлж байсан ба би гэр рүүгээ хүргүүлэх санаатай явж байтал Хөвсгөл буудлын гадаа машин бензингүй болсон тул машинаа түрж 18  цагийн орчимд Сод Монгол клонк дээр очсон юм. Гэтэл тэнд түгээгчээр ажиллаж байсан залууг манай ажлын Тэлмэн хэлэхдээ таныг утсаар ална гээд маргалдаад байсан залуу байна гэж хэлэхээр нь би тэр түгээгч залуу дээр очиж чи намайг утсаар ярих үедээ ална хядна гээд загнаад байсан билүү гэхэд өөдөөс тийм пязда минь чи машинаасаа буугаад ир гэж надтай маргалдсан. Тэгээд би машинаасаа бууж  очиход ийшээ явъя гэж шатахуун түгээх станцын хойгуур орсон ба тэр үед би тэр залууд  хандан чи утсаар аятайхан ярихгүй яагаад ажилтай байхад утсаар тоглоод байдаг юм бэ гэхэд юм хэлээгүй ба намайг мөргөх гээд байсан. Тэгээд тэр хоёулаа үзэх үү гээд байсан. Тэр үед нь дараа нь чи надад гай болно гэхэд тэр би цагдаа гэхгүй гээд байсан.  Тэгээд миний өмнөөс гараараа далайхаар нь би гараараа түүний уруул орчим нэг удаа цохисон юм. Гэтэл түүнтэй хамт ажилладаг хүн цагдаа руу залгаж мэдэгдэж  байсан юм. Өөр бидний хооронд ямар нэг маргаан зодоон болоогүй юм. Би түүнийг огт танихгүй гэхдээ намайг Хайрхан Оргил цэвэр усны газарт орохоос өмнө ажиллаж байсан хүн байна лээ. Намайг усны захилга аваад утсан дээр сууж байхад маргаан болохоос 7 хоногийн өмнө залгаж ярих үедээ тоглоом хийж хүндрүүлээд байхаар нь би чи одоо боль ажил ихтэй байна гэж түүнд хэлсэн дахин залгаж наадах чинь хэн юм ална гээд хэлчихээрэй гэж манай ажилтан Чимгээд хэлсэн байсан тэгээд би хамт ажилладаг Тэлмэнгээс энэ хэн юм гэхэд ажилладаг байсан Пунцагдаш гэж хүн байгаа юм гэж хэлж байсан. Түүнээс үүдэн тааралдах үедээ дээрх зүйлсийг ярьж бид хоёр маргалдсан юм. Би түүний уруул ам орчимд нэг удаа гараараа цохисон гэтэл түүний уруул язарч цус гарч байгаа харагдсан өөр ямар гэмтэл шарх харагдаагүй юм. Би хохирогчид хохирол төлбөр барагдуулсан байгаа. Бид эвлэрсэн тул надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч Г.Пунцагдаш хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: 2017 оны 05 дугаар сарын 23-ны орой намайг ажилтай байхад 19 цагийн орчимд Хайрхан Оргил цэвэр усны тээврийн хэрэгсэл бензин авахаар Сод Монгол шатахуун түгээх станцын гадаа ирсэн юм. Гэтэл усны машинаас нэг залуу бууж ирээд надтай утсаар ярьдаг хүн мөн үү гэж надаас асуухаар нь би мөн гэхэд ямар том дуутай банди вэ? гэж хэлсэн тэр үед би чи тэгээд яах гээд байгаа юм гэхэд надтай маргаан үүсгээд байсан. Тухайн үед ажил дээр эрхлэгч Цэндмаа байсан болохоор би санаа зовж шатахуун түгээх станцын байрны хойгуур орсон гэтэл нөгөө залуу миний хойноос ирсэн тэр үед нь би чи надтай утсаар ярьсан юм уу гэхэд тэгээд чи яах гээд байгаа юм гэж надтай маргалдсан юм. Гэтэл тэр гараараа миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон ба уруул орчимд таарч цохигдон уруул язaрч цус гарсан гэтэл манай эрхлэгч биднийг хараад цагдаагийн байгууллагад хандсан байсан юм. Би Ариунбаатарыг сайн танихгүй би Хайрхан Оргил цэвэр усны газарт жолооч ажилтай байсан юм. Би 2017 оны 02 сараас 04 сар хүртэл ажиллаж байгаад гарсан юм. Намайг ажлаас гарсны дараа Ариунбаатар цэвэр усны газарт ажилд орсон юм байна лээ. Би 2017 оны 05 сарын эхээр Хайрхан Оргил цэвэр усны дуудлага хүлээн авдаг 96868282 дугаар руу залгаж ус захиалахаар ярихад савлагч эмэгтэй авсан ба түүнтэй утсаар ярьж ойр зуурын зүйл ярьж инээж хөөрөлдөж ярихад гэнэт надтай утсаар ярьж байсан эмэгтэйгээс утсыг нь хамт ажилладаг бололтой залуу булааж авч юундаа маяглаад байгаа юм пязда минь гэж хэлээд утсаа тасалчихсан юм. Би тэгэхээр нь дахин буцааж залгахад нөгөө эмэгтэй савлагч нь утас авсан би усаа захиалчихаад сая надтай ярьсан хүн чинь хэн бэ? гэхэд шинээр ажилд орсон жолооч байгаа юм гэж байсан би түүнд наадах чинь ямар том дуутай банди вэ гэж хэлээд өнгөрсөн юм. Гэтэл дээрх шалтгааныг ярьж бид хоёр хоорондоо маргалдсан юм. Тэр миний уруул хэсэгт гараараа нэг удаа цохисны улмаас доод уруул сэтэрч цус гарсан ба эмнэлэгт үзүүлэн 3 оёдол тавиулсан. Энэ цохилтын улмаас дээд үүдэн 1 шүд хөдөлж бага зэрэг эмтэрсэн юм. Тэр намайг нэг удаа л цохисон харин би түүнд гар хүрч ноцолдож зодолдсон зүйл байхгүй. Надад түүнээс нэхэмжлэx зүйл байхгүй би түүнтэй ярилцаж 150.000 төгрөг авч шүдээ эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авсан юм. Одоо түүнээс нэхэмжлэx зүйл байхгүй. Түүнтэй ярилцаж ойлголцож түүнтэй эвлэрсэн, одоо надад ямар нэг гомдол санал хүсэлт гэх зүйл байхгүй...гэжээ. /хх-ийн 11 тал/

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 175 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Пунцагдашийн биед доод уруул язарсан шарх, доод үүдэн шүд доод үүдэн шүдний эмтрэлт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн  үйлчлэлээр үүснэ.

 3. Дээрх гэмтлүүдийн доод уруулд язарсан шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг... тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, доод үүдэн  шүдний  сулрал, доод үүдэн шүдний эмтрэл нь дан дангаараа болон нийлээд "Гэмт тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэжээ. /хх-ийн 16 тал/

- Согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 08-09 тал/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 тал/

- Ү.Ариунбаатарын оршин суугаа газрын тодорхойлолт зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ү.Ариунбаатар нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Сод Монгол шатахуун түгээх станцын гадаа хохирогч Г.Пунцагдаштай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Ү.Ариунбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ү.Ариунбаатар, хохирогч Г.Пунцагдаш нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн болно.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д “энэ хуулийн 25.1-д заасан гэмт хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн бол”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  “шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ү.Ариунбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ү.Ариунбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Ү.Ариунбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харнууд овогт Үрэлбаатарын Ариунбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч Үрэлбаатарын Ариунбаатарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ү.Ариунбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ү.Ариунбаатарт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар Ү.Ариунбаатар, хохирогч Г.Пунцагдаш нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ