Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 471

 

  

 

 

 

 

 

 

 

“ЦХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.З даргалж, шүүгч Г.Д, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03854 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “ЦХ” ХХК-ийн хариуцагч БЗДЗДТГ-т холбогдуулан гаргасан хохирол, олох байсан орлогод 245 068 739.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ч.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2010 онд ТБ-аас  196 000 000 төгрөгийн зээл авч, БЗД  13 дугаар хороонд байрлах 700 м.кв газартай, 312 м.кв үйлчилгээний талбай бүхий Солонгос рестораныг 2014 он хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Дүүргийн мэргэжлийн хяналтын газраас уг ажлын байрыг шаардлага хангасан гэж дүгнэж байсан. 2011 онд хуулийн дагуу рестораны тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатайгаар авч, үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2011 онд 41 000 000, 2012 онд 63 300 000 төгрөг, 2013 онд 65 700 000 төгрөг, 2014 оны 1 дүгээр улиралд 9 500 000 төгрөг, 2014 оны 2 дугаар улиралд 0, 2014 оны 3 дугаар улиралд 0, 2014 оны 4 дүгээр улиралд 5 100 000 төгрөг, 2015 оны 1 дүгээр улирлаас хойш одоог хүртэл 0 төгрөгийн борлуулалтыг хийсэн байна. Жил ирэх тусам үйлчлүүлэгчид болон компанийн борлуулалтын ашиг нэмэгдэж байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийг сунгаагүйгээс компанид эдийн засгийн хүнд нөхцөл үүссэн. 2013 онд зөвшөөрлөө сунгуулахаар БЗДХҮХ-т очиход рестораны гадуур хашаа барьсны дараа сунгана гэсэн тул хашаагаа барьчихаад дахин очтол энэ жилийн зөвшөөрөл сунгах хугацаа дууссан тул 2014 оны 4 дүгээр сард зөвшөөрлийг асуудалгүй сунгаж өгнө, тэр хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа явуулж бай гэсэн тул зөрчил гаргалгүй рестораны үйл ажиллагаагаа явуулсан. Ресторандаа их засвар хий гэх мэт олон өөр, өөр шаардлага тавьж хүндрэл учруулж байсан тул ажилчдаа халж, зээл төлөхөд хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээний эхлэх дуусах оны цифрийг штрихээр дарсан ойлгомжгүй, зөвхөн пиво, вино зарах кафегаар ажиллах эрхтэй гэрээ өгсөн ба үүнийг үндэслэн үйлчилгээ эрхлэх боломжгүй, нотариатаар батлуулах боломжгүй байсан. Хуульд заасан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл болон тусгай зөвшөөрөл шинээр олгох асуудлыг төрийн захиргааны байгууллагаас 21 хоногийн дотор, сунгах асуудлыг 3 хоногийн дотор шийдвэрлэх хугацааг хэтрүүлж, сунгах асуудлыг шийдвэрлээгүй. Үйл ажиллагаа бүрэн зогсонги байдалтай болж их хэмжээний алдагдалд орж, компани дампуурахад хүрсэн. Ингээд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож шийдвэрлэсэн. Иймээс 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд гарсан бүх зардал, олох байсан орлогод нийт 245 068 739.3 төгрөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгийн газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагчийн хууль бус үйлдлийг захиргааны хэргийн 3 шатны шүүх тогтоосон гэжээ. Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нь “ЦХ” ХХК-ийн өргөдлийг хуулийн хугацаанд захирагчийн ажлын албанд танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон. Тусгай зөвшөөрлийг захирагчийн ажлын алба олгодог тул захиргааны хэргийн 3 шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрлийг олгоогүйгээс бид олох ёстой байсан ашгаа алдсан, зардал гаргасан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. Улсын Дээд шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт “ЦХ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байх боловч хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлээгүй. Тусгай зөвшөөрлийг сунгах өргөдлийг эрх бүхий этгээдэд танилцуулснаар захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны үүднээс нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашиг сэргэх боломжтой” гэжээ. 141 666 000 төгрөг ямар хугацаанд олох ёстой байсан орлого гэж шаардаж байгаа, хариуцагчийн ямар хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол зэрэг нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүсэх үндэслэл нь хариуцагчид гэм хор учруулсан үйлдэл, хохирол, үйлдлийн улмаас учирсан шалтгаант холбоо юм. Хугацаа сунгах тухай хүсэлт гаргаснаас хойш хариуцагч 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад аттестатчиллын шалгалтыг компаниас гаргасан өргөдлийг шийдвэрлэх эсэхтэй холбоотойгоор хийж, 93 оноо авах ёстой байснаас 53.6 хувьтай дүгнэгдсэн. Энэ үнэлгээний дүнтэй нэхэмжлэгчийн төлөөлөгч танилцаж, гарын үсэг зураад зөвшөөрсөн. Аттестатчиллын шалгалтаар тогтоосон стандартын шаардлага хангаагүй байсан тул олох ёстой байсан орлогыг гаргуулах шаардлага үндэслэлгүй. Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас гарсан цэвэр бохир усны зардал, интернетийн зардал, утасны төлбөр, банкны зээлийн хүүгийн зардалд 106 402 073 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь дээрх зардал нь нэхэмжлэгчийг үйл ажиллагаа явуулсан эсэхээс үл хамаарч гарах зардал юм. Олох байсан орлого, зайлшгүй гарах ёстой зардал гэж тус тусд нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулах нь зүйтэй. Учир нь уг маргаан 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх хариуцагчийн эрх зүйн хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй гэсэн байна. Засаг даргын Тамгын газрыг хариуцагчаар татсан бөгөөд өмнө хүсэлт гаргаад Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 7 дугаар тогтоолоор батлуулсан Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг нотлох баримтаар гаргуулсан. БЗДЗДТГ нэхэмжлэгчийн маргаж буй асуудалтай холбоогүй, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгодоггүй тул хариуцагч биш. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хариуцагчийг солих боломжтой гэж үзэж байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан журмаар Засаг даргын Тамгын газар олгодоггүй, харин Худалдаа үйлчилгээний зөвлөлөөс олгодог гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурор А.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал гурван шатны захиргааны хэргийн шүүхээр хариуцагч талын зөвшөөрлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйгээс манай байгууллагад хохирол учирсан гэжээ. Захиргааны хэргийн шүүхээр хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй болох нь буруутайг тогтоосон. Үндэслэлгүйгээр зөвшөөрөл олгоогүй гэж шийдвэрлээгүй. Заавал тусгай зөвшөөрөлтэй бол үйл ажиллагаа явуулдаг, тусгай зөвшөөрөл олгоогүй тул үйл ажиллагаа явуулаагүй гэж байна. Хариуцагч тал зөвшөөрөл олгосон боловч ирж аваагүй гэжээ. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч тал асуудлыг шийдвэрлэсэн атал нэхэмжлэгч тал авахгүй, 3 жил явж байгаа. 2014-2016 онд олох ёстой байсан орлогыг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй эсэх, Захиргааны хэргийн гурван шатны шүүхээс тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа нь буруутай гэж үзсэн бол хууль зүйн хувьд нээлттэй байсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 383 300 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс “ 2011-2013 оны татварын тайлангаас үзэхэд, тус хуулийн этгээдийн татвар төлсний дараах ашиг хасах дүнтэй буюу ашиг, орлого нь эерэг үзүүлэлттэй гарсан гэж үзэхээргүй байна, энэ хугацаанд нэхэмжлэгч орлого олох байсан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд олох байсан цэвэр ашгийг хариуцагчаас нэхэмжлээгүй, харин олох байсан орлогыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан атал олсон орлогоосоо зардал гаргаж, татвараа төлөөд үлдсэн ашгийг тооцон гаргуулж нэхэмжилж байгаа мэтээр дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, олох байсан орлого гэдэг нь хариуцагч байгууллагаар дамжин эрх бүхий этгээдээс олгогдох тусгай зөвшөөрлийг үндэслэн үйл ажиллагаа явуулснаар бодитоор тус компанид орж байгаа мөнгө бөгөөд түүнийг хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас алдсан учраас нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн иргэн, хуулийн этгээд нь дээрх олсон орлогоосоо ямар хэмжээний зардал гаргах нь тухайн этгээдийн эрх бөгөөд олсон орлогоо зарцуулж, татвараас хасагдах дүнгээ тооцож үлдэх олсон орлогод ногдох татвараа тушаасны дараа мөнгө үлдвэл тэр нь цэвэр ашигт тооцогдох нь үндсэн зарчим. Нэхэмжлэгч 2011-2013 оны хооронд дундажаар 170 000 000 төгрөгийн орлого олж, ресторандаа хөрөнгө оруулж, үйл ажиллагаагаа өргөтгөж,сайжруулж, тоног төхөөрөмж, тавилга худалдаж авах, засвар үйлчилгээ хийх, удирдлагын зардлыг нэмэгдүүлэх зэргээр зарцуулсан бөгөөд энэ онуудын татварын тайлангаас олсон орлого нэмэгдэхийн хэрээр гарсан зардлын хэмжээ дагаад өсөж байгааг харж болохын зэрэгцээ үйл ажиллагаа явуулаагүй жилүүдийн татварын тайлангаас орлого буурахыг дагаад зардал ч буурсан байгаа. Татварын тайлан гэдэг нь нийт ашиг алдагдал нь хасах дүнтэй байсан ч орлого олоогүй гэх утга биш бөгөөд олсон орлого, гарсан зардлын зөрүүгээс шалтгаалж хасах, нэмэх дүнтэй гарах эсэх нь хамаардаг цаасан баримт бөгөөд нэхэмжлэгчийн хувьд 2011-2013 оны хооронд бодит байдалд орлого олоогүй гэж үзэж байгаа бол 170 000 000 төгрөгөөс давсан зардлыг гаргахыг тооцож үзэж, дүгнээгүйг ойлгохгүй байна. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хувьд олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн болохоос, олох байсан орлогоос зардал, татварыг хасч үлдсэн ашгийг нэхэмжлэх эрхгүй, ийм нэхэмжлэл гаргаагүй бөгөөд гагцхүү олох байсан орлогоо үйл ажиллагаа явуулсан 2011-2013 оны татварын тайлангийн борлуулалтын орлогоор тооцож нэхэмжилсэн атал анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь 141 666 666 төгрөгийн орлого олох ёстой байснаас урсгал зардал болон бусад шаардлагатай зардлаа төлж байхад хариуцагчийн хууль бус үйлдлээс шалтгаалан уг зардлуудаа нөхөж чадахгүйд хүрч хохирсон гэсэн агуулгаар олох байсан орлогоо нэхэмжилснийг шүүхээс хуульд заасан нэр томьёог тайлбарлан хэрэглэхдээ үгийн шууд утгаар нь ойлгож хэрэглэх талаар хуульд тусгайлан заасныг зөрчиж, орлого гэдгийг ашиг гэдэг үгтэй дүйцүүлэн тайлбарласан нь үндэслэлгүй. Компани, хуулийн этгээдийн санхүүгийн байдлыг дүгнэхэд уг загварын ганцхан үзүүлэлтээр нь дүгнэх боломжгүй бөгөөд компанид орлого орж ирсэн ч уг орлогоороо компани оршин тогтнохын тулд заавал төлөх ёстой татвар байдаг тул зардлаа төлж ажилладаг нь түүнийг орлогогүй гэж үзэж үндэслэл биш. Түүнчлэн шинжээч нэхэмжлэлд дурдсан хэмжээний орлогыг олох боломжтой байсан талаар үндэслэл бүхий дүгнэлтийг гаргаж, түүнтэй хариуцагч маргаагүй бөгөөд гагцхүү хариуцагчаас болж нэхэмжлэгч нь хохироогүй буюу олох байсан орлогоо алдаагүй, шалтгаант холбоо байхгүй талаар маргаснийг харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгчид учирсан хохирол, хариуцагчийн хууль бус үйлдлийн хооронд шалтгаант холбоо байхгүй гэж маргасан, хохирлын хэмжээний талаар маргаагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын олох байсан орлого 141 666 666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “ЦХ” ХХК нь хариуцагч БЗДЗДТГ-т холбогдуулан Баянзүрх дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсийн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хорын хохиролд 245 068 739 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

             “ЦХ” ХХК-ийн “Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх” тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг эрх бүхий этгээдэд танилцуулж, шийдвэрлүүлээгүй дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр тогтоосон, уг шийдвэрийг давж заалдах  болон хяналтын шатны шүүх хянаснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд нэхэмжлэгч тус хэлтсийн буруутай эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

            Харин Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг бодитоор учирсан хохирол болон олох ёстой байсан орлогоор тодорхойлох бөгөөд үүнийгээ нотлох үүрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талд хуваарилагдана.

 

Нэхэмжлэгч “ЦХ” ХХК-ийн нэхэмжилсэн цэвэр, бохир усны зардал 2014 оноос 2016 онд 168 289.02 төгрөг, нийт 551 500.27 төгрөг, шатахууны зардал 2014 оноос  2016 онд нийт 4 986 500 төгрөг, Төрийн банкны зээлийн хүүд 2014 онд 2016 онд нийт 80 226 012.09 төгрөг, интернетийн зардалд 2014 оноос 2016 онд нийт 276 000 төгрөг, цахилгааны зардалд 2014 оноос 2016 онд нийт 5 392 620 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татварын зардал 2014 оноос 2016 онд нийт 10 802 750.75 төгрөг, гар утасны зардал 2014 оноос 2016 онд нийт 1 166 690.75 төгрөгөөр тодорхойлж, нийлбэр дүнгээр 103 402 073 төгрөгийн хэмжээнд гэм хорын хохирол гэж шаардсаныг хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалж гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй, энэ зардал нь хариуцагчийн эс үйлдэхүйгээс үл хамаарч гарсан зардал гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулсан 2011-2013 онуудад жилд дунджаар 56 666 666 төгрөгийн орлого олж байсан, уг дүнгээр тооцвол тусгай зөвшөөрлийг сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй 2,5 жилийн хугацаанд 141 666 666 төгрөгийн орлого олох байснаа алдсан гэж хариуцагчаас  уг дүнгээр гэм хорын хохирол шаардсан бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарлажээ.

 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт татвар ногдох орлогыг нэрлэн заасны дотор үйл ажиллагааны орлого багтсан, эдгээрт татвар ногдуулахдаа мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх  хэсэгт заасан зардлуудыг хасч татвар ногдох орлогыг тодорхойлохоор зохицуулснаас үзвэл ийнхүү тооцоход гарсан ашгаас татвар төлөх, улмаар татварын дараах татвар төлөгчид үлдсэн цэвэр ашгийг бодит орлого гэж үзэхээр байна.

 

“ЦХ” ХХК-ийн 2011-2013 оны санхүүгийн тайлангаас үзвэл 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар үндсэн үйл ажиллагааны алдагдал -26 947 578,1 төгрөг /хх2-396/, 2013 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар -10 173 783,76 төгрөг /хх2-385/, 2014 оны 4 дүгээр сарын 1-ний байдлаар -26 682 043,47 төгрөг /хх2-381/ байх бөгөөд орлогоос зардлын дүнг хасахад ашигтай биш, харин алдагдалтай байсан нь тогтоогдсон байна.

 

Иймээс санхүүгийн тайланд тусгагдсан үйл ажиллагааны орлогын дүнгээр тооцож, 141 666 666 төгрөгийн орлого олох байсан гэж гэм хорын хохирол нэхэмжилснийг хангах үндэслэлгүй байх бөгөөд шүүх татвар төлөгчийн татварын дараах ашгаар бодит хохирлыг тооцох үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2018/03854 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  866 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.З

 

                                    ШҮҮГЧИД                                           Г.Д

 

                                                                                                А.О