Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00935

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03976 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 606 дугаар магадлалтай,                                                                                                                                                                 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэст холбогдох

Хохирол, олох байсан орлогод 245,068,739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бум-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, Ч.Октябрь, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манай компани 2010 онд Төрийн банкнаас компанийнхаа нэр дээр 196,000,000 төгрөгийн зээл авч, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 700 м.кв газартай, 312 м.кв үйлчилгээний талбай бүхий Солонгос рестораныг худалдан авч, рестораны чиглэлээр үйл ажиллагааг 2014 он хүртэл хэвийн явуулж байв. Мөн дүүргийн мэргэжлийн хяналтын газраас барилга болон ажлын байр нь рестораны үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж дүгнэлт гаргасан. Тус компани нь 2011 онд хууль журмын дагуу рестораны тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатайгаар авч, үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2011 онд 41 сая, 2012 онд 63,3 сая, 2013 онд 65,7 сая, 2014 оны 1 дүгээр улиралд 9,5 сая, 2014 оны 2 дугаар улиралд 0, 2014 оны 3 дугаар улиралд 0, 2014 оны 4 дүгээр улиралд 5,1 сая, 2015 оны 1 дүгээр улирлаас хойш одоог хүртэл 0 төгрөгийн борлуулалтыг тус тус хийсэн. Манай ресторан нь Нарантуул, Өгөөмөр захын худалдаачид болон тэр хавийн төмрийн худалдаачид, авто засварын газрын ажилчид зэрэг үйлчлүүлэгчид ихтэй, жилээс жилд үйлчлүүлэгчдийн тоо болон компанийн борлуулалтын ашиг нэмэгдсээр ирсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсээс хууль, журамд заасан хугацааныхаа дотор манай тусгай зөвшөөрлийг сунгаагүйгээс компани эдийн засгийн хүнд нөхцөлд орсон. 2013 онд рестораны зөвшөөрлөө сунгуулахаар Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэст очиход рестораны гадуур хашаа барьсаны дараа сунгана гэсэн. Үүний дагуу хашаагаа барьчихаад дахин очтол энэ жилийн зөвшөөрөл сунгах хугацаа дууссан тул 2014 оны 4 дүгээр сард хүрээд ир, зөвшөөрлийг чинь ямар ч асуудалгүй сунгаад өгнө, тэр хүртэл үйл ажиллагаагаа явуулж бай гэсэн. Энэ хугацаанд хууль тогтоомжид заасан ямар ч зөрчил гаргалгүй рестораны үйл ажиллагааг явуулж байсан. Ингээд 2014 оны 4 сард зөвшөөрлөө сунгуулахаар очтол танайх зөвшөөрлөө хугацаанд нь сунгуулаагүй тул газар дээр нь үзэж, танилцаж байж зөвшөөрөл олгоно гэсэн. Дээрх болсон явдлыг тайлбарлан хэлж, Нийслэлийн худалдаа үйлчилгээний хэлтсийн ажилтангууд 2013 онд манай ресторантай танилцаад өгсөн бичгийг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн Б.Халиунаа даргад өгсөн. Үүнээс хойш намайг тус хэлтэст очиж, зөвшөөрлөө сунгуулах талаар уулзах бүрт “очиж, үзэж танилцаж байж зөвшөөрөл олгоно” гээд буцаадаг бөгөөд хэд хэдэн удаа ирж танилцсан боловч, ирэх бүртээ өөр өөр шаардлага тавьж байв. Ийнхүү үйл ажиллагаа явуулахгүй удах тусам ажилчиддаа цалин өгөхөд хүндрэл гарч эхэлсэн тул ажилчдаа халж эхэлсэн. Мөн банкны зээл төлөхөд нэн хүндрэлтэй болсон. Ингэж байсаар 2014 оны эцэс болж, Худалдаа үйлчилгээний хэлтсээс тавих шаардлага улам хатуурч, ресторандаа их засвар хий гэх болсон. Зөвхөн үйл ажиллагааны зөвшөөрөл өгөх эсэхээс хамааран манай компани дампуурахад тулж, их хэмжээгээр хохирч байгаагаа хэлээд хуулийн байгууллагад хандана гэж хэлэхэд манай рестораны архиар үйлчлэх зөвшөөрлийг хасч, зөвхөн пиво, вино зарах эрхтэй кафегаар ажилла гэсэн. Ингээд жил гаруй хугацааны дараа буюу 2015 оны 02 сарын 05-ны өдөр гэрээний эхлэх дуусах оны цифрийг штрихээр дарсан Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хачин гэрээг өгсөн боловч үүнийг үндэслэн үйлчилгээ эрхлэх ямар ч боломжгүй бөгөөд наад зах нь нотариатаар батлуулах боломжгүй байсан. Хууль тогтоомжид зааснаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл болон тусгай зөвшөөрөл шинээр олгох асуудлыг төрийн захиргааны байгууллагаас 21 хоногийн дотор, сунгах асуудлыг 3 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөхөөр заасан байхад ийнхүү холбогдох зөвшөөрлүүдийг хууль журамд заасан хугацаанд өгөлгүй, бүтэн 1 жил гаруй хугацааны дараа өгсөн бөгөөд энэ хугацаанд манай компани ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, урт хугацаанд бүрэн зогсонги байдалд байснаас маш их хэмжээний алдагдалд орж, цаашлаад компани дампуурахад хүрээд байна. Энэ хугацаанд манай компанитай холбоотой тогтмол болон бусад зардлуудыг бусдад өр тавих, танил, найз нөхөд, хамаатан саднаасаа тусламж, дэмжлэг авч, төлөн өдөр хоногийг өнгөрөөж байсан бөгөөд компанийн холбогдох санхүү татварын тайлангуудыг хууль журмын дагуу гаргаж өгч байсан. Хариуцагчийн дээрх хууль бус үйлдлийн талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож шийдвэрлэсэн. Иймээс 2014 оны 04 сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд гарсан бүх зардлуудыг гаргуулах хүсэлтэй байна. Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн согтууруулах ундаа спиртийн өндөр болон сул агууламжтай худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай “Ц” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч хууль тогтоомжид заасан хугацаанд шалгаж, эрх бүхий албан тушаалтанд танилцуулаагүй хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хорын хохирол, олох байсан орлогод 245,068,739.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг үндэслэл болгосон байна. Нэхэмжлэгч дээрх дүнг шаардах эрхтэй байхын тулд шаардах эрх үүссэн, дуусгавар болоогүй, хэрэгжүүлэх боломжтой байх ёстой юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шийдвэрээр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах асуудлыг шийдвэрлэдэг. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.6 дахь заалтад “Тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаанаас ихгүй хугацаагаар сунгалт хийх бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шийдвэрээр сунгалт хийнэ” гэж заасан. Тус журам нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 сарын 11-ний өдрийн 205 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-аар хүчингүй болсон бөгөөд нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан гэх үед тус журам үйлчилж байсан болно. Түүнчлэн НИТХ-ын 2015 оны 205 дугаар тогтоолоор батлагдсан журмын 6 дугаар зүйлийн 6.3-д “Холбогдох хууль тогтоомж, стандарт болон энэ журмын 5.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 2 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл олгох буюу сунгана” гэж заасан. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 8990 дүгээр захирамжаар “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ явуулах рестораны зөвшөөрөл буюу үйлчилгээ явуулах зөвшөөрөл, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжид заасан хугацаанд сунгаагүй Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл болон согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар Захиргааны хэрэг үүсгэсэн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн ба тусгай зөвшөөрөл олгохыг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан, тус шаардлагад Захирагчийн ажлын албаны даргыг татсан. Үүнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 219 дүгээр “Хамтран хариуцагч татах тухай” захирамж гарсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байсан атлаа иргэний хэрэгт татгалзсан шаардлагаараа хохирол үүссэн хэмээн нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй. Нэхэмжлэлдээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 71 дугаар шийдвэрээр хууль бус эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн гэж дурдсан нь мөн л үндэслэлгүй байна. Учир нь тус шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 221/МА2016/0219 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хувьд “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг л тогтоосон байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлээс үзэхэд шаардах эрх үүсэх гол урьдач нөхцөл нь хариуцагчийн гэм хор учруулсан эс үйлдэхүй байх, хохирол байх, тус үйлдлийн улмаас хохирол учирсан шалтгаант холбоо байх ёстой байна. Гэтэл нэхэмжлэгч хариуцагчаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаагүй эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Энд өргөдлийг хугацаанд нь шийдвэрлээгүй эс үйлдэл байхаас тусгай зөвшөөрөл сунгах эс үйлдэхүй байхгүй, шууд үр дагавар гаргах эс үйлдэл байхгүй байна. Энэ талаар Улсын дээд шүүхийн 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 209 дүгээр тогтоолын хянавал хэсэгт “... үйл ажиллагаа явуулах эс үйлдэхүйг тогтоолгох, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгохыг даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын эрх хэмжээнд хамааралгүй, нэхэмжлэгчийн стандартын шаардлага хангасан эсэхээс тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь захиргааны байгууллагад хадгалагдаж байгаа тул зөвшөөрөл олгохыг болон зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлтүүд зөв байна” гэж зааснаар нотлогдож байна.

Түүнчлэн хариуцагчаас 2014 оны 06 сарын 26-ны өдөр Худалдаа, үйлчилгээний хэлтсийн нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн Ч.Октябрь, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах ахлагч П.Ганбаяр нар Бумба зоогийн газарт Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ Хоолны газрын ангилал зэрэглэл МNS 4946:2005 стандартын шаардлагыг хангасан эсэхэд аттестатчиллын шалгалтыг хийсэн. Уг шалгалтаар стандартын доорх заалтуудыг зөрчсөн байсан тул дараах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд: Хаяг/ крилл үсгээр монгол хэл дээр, тодоор бичиж, харагдахуйц газар байрлуулсан байх, гэрлэн чимэглэлгүй, ажиллах цагийн хуваарьгүй, хур тунадаснаас хамгаалах саравчгүй, Үйлчлүүлэгчид болон ажилчдын орох хаалга тусдаа биш, хогийн сав далд байрлаагүй, чийглэг температурын автомат тохируулга бүхий агааржуулалт, халаалтын систем, төхөөрөмжгүй, хаалт, хаалганы халаагуур, калорифер байхгүй, гутал цэвэрлэгчгүй, хувцасны өлгүүргүй, суудлын тоотой тэнцүү буюу 10 хувиар илүү байна, гар хатаагчгүй, шингэн савангүй/ гэх мэт стандартын шаардлагуудыг зөрчсөн байх тул дээрх заалтуудыг хангаж дахин хүсэлт гаргахыг үүрэг болгосон. Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ Хоолны газрын ангилал зэрэглэл МNS 4946:2005 стандартын дагуу нийт 93 үзүүлэлтээр 93 оноо авахаас 51 үзүүлэлтийг хангаж 51 оноо буюу 54,8 хувьтай хангалтгүй оноогоор дүгнэгдэж “Нэгдүгээр зэрэглэлийн ресторан”-ны шаардлагыг хангаагүй бөгөөд авсан үнэлгээгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран, тамга дарж баталгаажуулсан. Аттестатчиллын шалгалтаар стандартад заагдсан шаардлагуудын дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дахин ажлын байраа үзүүлээгүй, мөн стандартын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй. Нэхэмжлэгчээс 2015 оны 12 сарын 17-ны өдөр Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ Хоолны газрын ангилал зэрэглэл МNS 4946:2005 стандартыг хангасан гэсний дагуу Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Халиунаа, Нийтийн хоол хариуцсан мэргэжилтэн Ч.Октябрь нар дахин ажлын байрыг үзэхэд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг зөрчсөн байсан. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 229.2-д ”Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч цэвэр, бохир усны зардал, шатахууны зардал, төрийн банкны зээлийн хүүгийн зээлийн зардал, интернетийн зардал, цахилгааны зардал, үл хөдлөх хөрөнгийн татварын зардал, гар утасны зардал зэрэг нийт 103,402,073.11 төгрөгийн гарсан зардлыг бодит хохирол гэж, олох ёстой байсан орлогыг 2011-2014 онд үйл ажиллагаа гаргасан татварын тайлангийн дунджаар тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн хувьд хэрэглэсэн цэвэр, бохир усны төлбөр, цахилгааны төлбөр төлөх, Татварын тухай хуулиар хүлээсэн үүрэг үл хөдлөх хөрөнгийн татвар төлөх, интернет компанитай гэрээ байгуулсны үндсэнд гэрээний төлбөрөө төлөх, машин унаж байгаагийн хувьд шатахууны үнэ төлөх, гар утас ашиглаж байгаагийн хувьд тухайн зардлаа өөрөө төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс дурдсан зардлууд нь хариуцагчид ямар ч хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Олох ёстой байсан орлогыг 2011-2014 онд гаргасан татварын тайлангийн дунджаар тооцож нэхэмжлэх боломжгүй юм. Нэхэмжлэгчид үйл ажиллагааны зөвшөөрөл олгогдсон харин тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер шийдвэрлэдэг байхад өргөдөл гаргасан л бол тусгай зөвшөөрлийг олгогдох ёстой гэж тоймлон нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан шаардах эрх нь үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг. Шалтгаант холбоо гэдэгт хариуцагчийн хохирол учруулсан үйлдлийн улмаас шууд хохирол учирсан байхыг ойлгож байна. Гэтэл тус маргаанд хариуцагчийн хохирол учруулсан үйлдэл байхгүй, бодитой хохирсон хохирол байхгүй. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан байна. Захиргааны анхан шатны шүүхийн 2016 оны 71 дүгээр шийдвэрийн тодорхойлох нь хэсэгт “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс аттестатчилийн дүн мэдээ хүргүүлэх тухай 2015 оны 02 сарын 03-ны өдрийн 6/153 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Алтан тэвш АОС 11-55 тоотод байрладаг “Ц” ХХК-д Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг кафены төрлөөр шинээр олгох саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлсэн. Дүүргийн саналын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2015 оны 02 сарын 04-ний өдрийн А/06 дугаар тушаалаар “Ц” ХХК-д шинээр кафе ажиллуулах тусгай зөвшөөрөл олгосон. Тусгай зөвшөөрөл гарсан талаар удаа дараа мэдэгдэж байхад “Ц” ХХК-ийн захирал С.Бум-Очир зөвшөөрлийг авахгүй гэж мэдэгдсэн” гэж Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн хариу тайлбарт дурдагдсанаас үзэхэд стандартын шаардлага хангаагүй, журмын дагуу зөрчлөө арилгахыг хүсэхэд арилгаагүй, олгосон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжтой байхад очиж авалгүй хүчингүй болгуулсан зэрэг нь нэхэмжлэгч өөрөө болгоомжгүй хандсан гэх үндэстэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                       

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03976 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2-т заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс 70,833,333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 174,235,406 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,383,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс 512,116 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 606 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03976 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

           

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бум-Очирын хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна.

1. Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд хэргийн зохигчоор оролцсон эсэх нь тодорхойгүй, шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 22-ны өдрийн 71 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 сарын 01-ний өдрийн 221/МА2016/0219 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 209 дүгээр тогтоолуудаар “...Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн “...спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх" тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай “Ц” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч хууль, журамд заасан хугацаанд шалгаж, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шалгаж, Улаанбаатар хотын ерөнхий менежерт танилцуулахыг даалгаж...” шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-т тус тус заасны дагуу хууль бус эс үйлдэхүй нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байгууллага болох Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийг хариуцагчаар тодорхойлсон байхад тэр нь хэргийн зохигчоор оролцох эсэх нь тодорхойгүй, хамааралгүй этгээд мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар оролцоод хууль бус үйлдэхүй нь тогтоогдоод болоод байхад иргэний хэргийн шүүхэд хариуцагч болохгүй мэтээр тодруулаагүй гэж дүгнэж байгаа нь шүүх хэт нэг талыг барьж, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хууль зүйн ямар ч үйлчлэлгүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй.

2. “...хариуцагчаас олгосон итгэмжлэл хариуцагчийн тайлбар зэрэг нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан бичгийн бланк дээр бичигдэж, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга гарын үсэг зурж тус хэлтсийн нэр бүхий тэмдгээр баталгаажиж, дээрх итгэмжлэлийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх ба уг хэрэгт хариуцагч гэж тайлбар гаргаж буй этгээд нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар эсхүл тус тамгын газрын зохих байгуулалтын нэгж болох Худалдаа үйлчилгээний хэлтсийн аль болох нь ойлгомжгүй, Засаг даргын Тамгын газрыг төлөөлөх эрхтэй этгээд нь Худал үйлчилгээний хэлтсийн дарга мөн эсэх, эсхүл уг нэхэмжлэлд хариуцагчаар заагдсан Худалдаа үйлчилгээний хэлтсийн өмнөөс төлөөлж тайлбар гаргаж буй гэх нөхцөл байдал тодорхой бус байна” гэж дүгнэсэн нь мөн л нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Учир нь уг иргэний хэрэгт хариуцагчаар Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийг татаж, тус хэлтсийн дарга гарын үсэг зурж хэлтсийнхээ тамгыг дарж баталгаажуулан итгэмжлэл олгож, тайлбар гаргасан дүүргийн Тамгын газрын бланк хэрэглэсэн гэдгээр Тамгын газрын төлөөлөгч мэтээр хольж хутган ойлгох үндэслэлгүйн зэрэгцээ хариуцагч Худалдаа үйлчилгээний хэлтэс нь бүх үйл ажиллагаандаа тамга тэмдгээ хэрэглээд, хуулиар олгосон бүрэн эрхээ эдэлж, үүргийг хүлээж ажилладаг. Мөн нэхэмжлэгчийн зүгээс төрийн албан хаагчийн гэм бурууг шүүхээр тогтоолгож, түүний харъяа байгууллагаас хохирол гаргуулахаар шаардаагүй холбогдох төрийн байгууллагын гэм бурууг шүүхээр тогтоолгосны эцэст тус төрийн байгууллагаас буюу төрөөс хохирлоо гаргуулахаар шаардаж байгаа гэдгийг анхаарч үзээгүй бөгөөд төрийн байгууллага хууль зөрчсөн байна гэдгийг шүүх нь тогтоосон хэрнээ хохирсон иргэн хохирлоо гаргуулах гэхээр хариуцах этгээд нь биш болоод байдаг нь хуульд огт нийцэхгүй асуудал гэж үзэж байна.

3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс нь эрх зүйн чадвартай эсэхийг нотолсон баримт хэрэгт байхгүй, Худалдаа үйлчилгээний хэлтэс гэх бие даасан байгууллага, хуулийн этгээд байгаа эсэх, иргэний эрх зүйн харилцааны оролцогч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч байж чадах эсэх нь тодорхой бус гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаас үзэхэд хуулийн этгээдийн эрхтэй эсэхээс үл хамааран хариуцагч байх боломжтой байхын зэрэгцээ шүүхийн шийдвэрээр нэгэнт хууль зөрчсөн болохыг тогтоогдсон этгээд хариуцагч байж чадах эсэх нь тодорхойгүй гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн байхын зэрэгцээ заавал хуулийн этгээдийн эрхтэй эсэхийг шүүх тодруулах шаардлагагүй юм. Учир нь хариуцагчийн зүгээс энэ талаар огт маргаагүй, давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд хэрэв хуулийн этгээдийн эрхгүй учраас хариуцахгүй гэж үзсэн бол энэ талаарх баримтаа өөрөө бүрдүүлж өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэй.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг түдгэлзүүлсэнтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх учиртай. Гэтэл гурван шүүгчийн шүүх бүрэлдэхүүнээс шинжээч томилсон нь үндэслэлтэй эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүх бүрэлдэхүүн, шинжээч томилсон шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн тусдаа өөр өөр шүүгч нар ордог журамтай байхад гомдлыг хянасан шүүхийн тогтоолтой холбогдуулан шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй бөгөөд шүүхийн шийдвэр хүчингүй боллоо гээд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрх нээгдэх хууль зүйн үндэслэл байхгүй, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянасан шүүх бүрэлдэхүүн дахиж хянаж тогтоол гаргах хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн хариуцагчийн зүгээс шинжээч томилсон шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргасан бөгөөд шүүгчийн захирамжийг хүчингүй болгох эсэх асуудлыг л шийдвэрлэсэн байхад түдгэлзүүлсэнтэй маргаагүй учраас захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 606 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/03976 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэст холбогдуулан хохирол, олох байсан орлогод 245,068,739 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахад нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, олгосон зөвшөөрлийн  дагуу  үйл  ажиллагаа явуулаагүй, хариуцагчийн буруутай үйлдлээс хохирол учирсан нь тогтоогдохгүй, шалтгаант холбоогүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 229.2-т заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс 70,833,333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 174,235,406 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэн, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд хэргийн зохигчоор оролцсон эсэх нь тодорхойгүй, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.  

Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийг хариуцагчаар заасан боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 498 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдлээс учирсан гэм хор, хохирол шаардах тохиолдолд тухайн хохирлыг төлөх этгээдийн эрх зүйн байдал тодорхой  бус  байх  нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасан зарчимд харшилна.

Хариуцагчаас олгогдсон итгэмжлэл, хариуцагчийн тайлбар зэрэг нь Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын албан бичгийн бланк дээр бичигдэж, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга гарын үсэг зурж, тус хэлтсийн нэр бүхий тэмдгээр баталгаажуулжээ. Хариуцагчаар татагдсан хэлтэс нь нэгжийн хувьд Нийслэлийн Захирагчид эсхүл дүүргийн Засаг даргын тамгын газрын алинд нь хамааралтай, эсхүл бие даасан бүтэц болох талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн хариуцагчаар татагдсан Баянзүрх дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс нь бие даасан төсөвтэй эсэх, тус хэлтэс нь иргэн, аж ахуйн нэгжид учруулсан гэм хорыг арилгах хууль зүйн боломжтой гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 шүүх уг хэлтсээс төлбөрийг гаргуулан шийдвэрлэсэн байна.

Иймээс “...хариуцагч гэж тайлбар гаргаж буй этгээд нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар эсхүл тус тамгын газрын зохион байгуулалтын нэгж болох Худалдаа үйлчилгээний хэлтсийн аль болох нь ойлгомжгүй, Засаг даргын Тамгын газрыг төлөөлөх эрхтэй этгээд нь Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга мөн эсэх, эсхүл уг нэхэмжлэлд хариуцагчаар заагдсан Худалдаа үйлчилгээний хэлтсийн өмнөөс төлөөлж тайлбар гаргаж буй гэх нөхцөл байдал тодорхой бус” тухай давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 35 дугаар зүйлийн 35.1-д нийцсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 606 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч “Ц” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 512,116 /таван зуун арван хоёр мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН