Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 130/ШШ2020/00287

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын Засаг дарга /Х.Б/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын ... дүгээр багт үйл ажиллагаа явуулах, КХХК /захирал Х.Р/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 15000000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: КХХК нь 2014 онд Сум хөгжүүлэх сан-гийн хөрөнгөнөөс ямар ч үндэслэлгүйгээр 15000000 төгрөг шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 15 сая төгрөг шилжүүлэн авч ашигласан байна. Үүнээс хойш 5 гаруй жил өнгөрсөн боловч Сум хөгжүүлэх санд авсан мөнгөө буцаан төлөөгүй байжээ. Иймд КХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжсөн 15000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Б аймгийн Ө сумын сум хөгжүүлэх сангаас "К" ХХК 2 удаагийн үйлдлээр 15 сая төгрөгийг зээл гэсэн агуулгаар өөртөө шилжүүлж авдаг. Ингэж зээлээр 15 сая төгрөгийг өөртөө шилжүүлж авахдаа бичгээр гэрээ байгуулаагүй, зээлийн гэрээний хүүг тохиролцоогүй, зээлийн гэрээтэй холбоотой хугацаа тогтоож өгөөгүй байдаг. Энэхүү авсан зээлээ өнөөдрийн хүртэл төлөхгүйгээр удаан хугацаа өнгөрүүлсэн. Нэгэнт хүү, хугацаа тогтоогоогүй мөнгө шилжүүлсэн этгээд бол хүссэн үедээ зээлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй. Үүний дагуу Ө сумын Засаг дарга нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж хуульчилсан. Мөн тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлдэгч зээлдүүлэгчээс авсан мөнгөө буцаан төлөх үүрэг хүлээдэг. Ийм хуульд заасан үндэслэлээр "К" ХХК-нд зээлсэн 15 сая төгрөгийг буцаан шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч КХХК-ийн захирал Х.Р шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө сумын Засаг даргын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ КХХК нь 2014 онд Сум хөгжүүлэх сан-гийн хөрөнгөөс ямар ч үндэслэлгүйгээр 15000000 төгрөг шилжүүлэн авч ашигласан байна гэжээ. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэн нэгэн хуулийн этгээд, иргэн өөрөө дур мэдэн шилжүүлэн авч ашиглах ямар ч боломжгүй. Дээрх сангийн хөрөнгийг холбогдох журмын дагуу эрх бүхий этгээдийн шийдвэр гарсны үндсэн дээр иргэн, хуулийн этгээдтэй зээлийн гэрээ байгуулж олгодог. Ямар нэгэн гэрээ холбогдох материал нь байхгүй бол тухайн асуудлыг хариуцаж хяналт тавьж байгаа Төрийн сан гүйлгээ хийдэггүй. Тухайн үед манай компанид зээл олгосон бол зээлийн гэрээ, холбогдох бичиг баримтууд нь Ө сумын Засаг даргын Тамгын газарт байх ёстой. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-д зааснаар төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь ирүүлсэн төслийн материалыг хянан үзэж шаардлага хангасан тохиолдолд Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зохих шийдвэр гаргах, зөвлөлийн хурлын шийдвэр гарсны дараа сумын Засаг дарга зээл олгох захирамж гаргаж зээл авагчтай батлагдсан загварын дагуу зээлийн гэрээ байгуулж энэ үндсэн дээр зээл олгох, зээл олгосон холбогдох материалыг Засаг даргын Тамгын газарт хадгалж байх ёстой.Хэрэв 2014 онд Ө сумын сум хөгжүүлэх сангаас манай компанид зээл олгосон бол нэхэмжлэгч холбогдох материалыг гаргаж ирэх ёстой. Энэ тохиолдолд манай компани зээлийн гэрээний дагуу зээл төлөх эсэхийг шийдвэрлэнэ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн материал гаргаж өгөөгүй, манай компани өөрөө дур мэдэн мөнгө шилжүүлж авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь хариуцагч КХХК-иас 15000000 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.

 

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь ... Сум хөгжүүлэх сангаас хариуцагч КХХК нь 15000000 төгрөг авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа ба хариуцагч КХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, үндэслэлээ ... Ө сумын Засаг даргаас манай компанид Ө сумын Сум хөгжүүлэх сангаас зээл олгохыг зөвшөөрсөн захирамж гарсны үндсэн дээр иргэн, хуулийн этгээдтэй зээлийн гэрээ байгуулж олгодог тул манай компанитай байгуулсан зээлийн гэрээ болон холбогдох материалыг гаргаж ирэх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн материал гаргаж өгөөгүй, манай компани өөрөө дур мэдэн мөнгө шилжүүлж авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан болно.

 

Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь Сум хөгжүүлэх сангаас хариуцагч КХХК-нд зээл олгохыг зөвшөөрсөн талаарх захирамж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон холбогдох материал нь хавтаст хэрэгт авагдаагүй мөн нэхэмжлэгч байгууллагад тухайн үед тус сангаас хариуцагч компанитай зээл олгоход бүрдүүлэх дээрх материал нь байхгүй байгаа гэх боловч хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хариуцагч КХХК нь Сум хөгжүүлэх сангаас зээлээр 15000000 төгрөг авсан болох нь нотлогдож байна. Үүнд:

 

Хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №15 дугаартай Төлбөрийн хүсэлт-ээр 5000000 /таван сая/ төгрөгийн зээлийг, мөн өдрийн №11 дугаартай Төлбөрийн хүсэлт-ээр 10000000 /арван сая/ төгрөгийн зээлийг тус тус Б аймаг дахь Капитрон банкны салбарт хариуцагч КХХК-ийн эзэмшлийн тус банкан дахь 3005011612 дугаартай дансанд төрийн сангийн дансаар дамжуулан Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон болох нь Б аймаг дахь Капитрон банкны салбарын 3005011612 дугаар дансны болон Ө сумын Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулгууд, гэрч Ө.Х мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Энэхүү нотлох баримтуудаас үзэхэд Б аймгийн Ө сумын Засаг даргаас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын дагуу сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан Сум хөгжүүлэх сан-гаас иргэдийг ажилтай болгох зорилгоор төсөл сонгон шалгаруулах замаар зээл олгосон байх ба хариуцагч КХХК -д 15000000 /арван таван сая/ төгрөгийг олгох үед зээлийг олгохыг зөвшөөрсөн эрхийн акт, тус компанитай байгуулсан зээлийн гэрээ, зээлийг олгохын тулд хариуцагчаас боловсруулсан төсөл, бусад холбогдох нотлох баримтууд нь байхгүй байгаа боловч уг мөнгийг тус сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон нь дээрх үйл баримтаар тогтоогдож байх тул хариуцагч КХХК-ийг зээлийн гэрээ болон холбогдох материал байхгүй гэсэн үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасны дагуу хариуцагч КХХК нь Б аймгийн Ө сумын Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлөх үүргээ тус тус зөрчсөн байна.

 

Зохигч нарын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэдгийг нотлох хууль ёсны бичгийн нотлох баримт байхгүй байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар зээлээ буцаан төлөх хугацааг тогтоосон эсэх талаарх бичгийн нотлох баримт байхгүй боловч тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ын 1 дүгээр хавсралтаар баталсан бөгөөд уг хавсралтын 1.6.2 дахь хэсэгт зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна гэсэн ба шүүхээс уг хугацааг үндэслэж нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж хуульчилсан байна.

 

Мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ... хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид тухайн зээлийг буцаан төлүүлэхээр шаардсан баримт байхгүй байгаа тийм учраас хариуцагчийн тайлбарын хүрээнд тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан зохигч нарын тайлбараар 15000000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй, хариуцагч КХХК нь 15000000 төгрөгийг зээлээр авснаа үгүйсгэж чадаагүй, нэгэнт хариуцагч тал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж зээлээ төлөөгүй байх тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардаж байгаа нь хуулинд нийцэж байгаа учир энэхүү хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хариуцагч КХХК нь ... Сум хөгжүүлэх сангаас зээл авахыг тулд журмын дагуу баримт бүрдүүлж, төсөл бичиж, бусад холбогдох нотлох баримтуудыг журмын дагуу бүрдүүлж хандаж байсан гэж боловч энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа ба хариуцагч КХХК-иас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх бичгийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

 

Иймд хариуцагч КХХК нь Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч КХХК-иас бүгд 15000000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч КХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 232950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч КХХК-ийн захирал Х.Рд шүүх хуралдааны товыг шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр /баримт №3/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн өмгөөлөгч Х.Б ...КХХК-ны захирал Х.Р шүүх хуралдааны товыг утсаар сонсон. Өөрөө хүрэлцэн ирэх боломжгүй гэсэн учир шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийх боломжтой гэх тайлбарыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч КХХК-ийн захирал Х.Ры эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч КХХК-иас 15000000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг даргад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч КХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 232950 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН