Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/00223

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        01          07                                     101/ШШ2022/00223         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Т.Ганчимэг, шүүгч Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Ц-т холбогдох,

 

Гэм хорын хохиролд 3,903,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г,

Иргэдийн төлөөлөгч Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Э-ын эзэмшлийн 0000 УАМ улсын дугаартай Тоёота Ландкрузер маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг, 0 дүгээр хороо, “С” ХХК-ийн барилгын талбайн баруун хаалган дээр зогсож байх үед Э.Ц нь 1111 УАР улсын дугаартай Мицубиши Кантер маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийж байх үедээ мөргөж зам тээврийн осол гаргасан.

Тухайн зам тээврийн ослыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагын газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Б шалгаж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан.

Уг ослын улмаас Э.Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3,903,700 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “Т” ХХК-иар засвар, үйлчилгээ хийлгэж, төлбөрт 3,665,000 төгрөг төлсөн. Уг хохирлыг Э.Ц хариуцан төлөх үүрэгтэй боловч өдийг хүртэл хохирлыг барагдуулаагүй болно.

Мөн “Х” ХХК-иар автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэж үйлчилгээний хөлсөнд 178,000 төгрөг төлсөн. Хариуцагч Э.Ц-оос автомашинд учирсан гэм хорын хохиролд 3,903,700 төгрөг, автомашины үнэлгээний үйлчилгээний хөлс 178,000 төгрөг, нийт 4,081,700 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагчийн төлөөлөгч нь үнэлгээний үйлчилгээний хөлсөнд 178,000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн учир үүнийг нэхэмжлэхээс татгалзаж байна.

Хариуцагч нь “А” ХК-тай жолоочийн харуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан бол уг гэрээтэй холбоотой асуудлаа жичдээ шийдвэрлүүэх боломжтой, харин нэхэмжлэгчийн зүгээс түүний байгуулсан гэх гэрээний дагуу даатгалаас нөхөн төлбөр аваагүй болно.

Э.Ц нь зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодон Замын хөдөлгөөнд оролцсон, тэрээр дүрэм зөрчсөн буруутай үйлдлээрээ нэхэмжлэгчид хохирол учруулсан, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, түүнд торгох шийтгэл оногдуулсан, энэ талаар гомдол гаргаагүй, өөрөөр хэлбэл гэм буруугийн талаар маргаагүй байх тул тэрээр хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна.   

Иймд хариуцагч Э.Ц-оос автомашинд учирсан хохиролд 3,903,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д олгож, түүнд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Э-ын нэхэмжлэлтэй “Гэм хорын хохиролд 4,081,700 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг маргаанд хариуцагч Э.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргаж байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах өөрийн ажил “С” ХХК-ийн баруун талын хаалганаас гарах үедээ 12 цагийн орчимд ухрах үйлдэл хийж байхдаа нэхэмжлэгчийн автомашиныг санаандгүй мөргөж хохирол учруулсан.

Дээрх асуудлаар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч шалгаад 100 нэгжээр торгуулсан, энэхүү торгуулийг мөн өдөрт нь төлсөн. Энэхүү шийтгэвэрт гомдол гаргаагүй, гэм буруу дээр маргахгүй.

Энэ өдөр “Х” гэх үнэлгээний газраар орж нэхэмжлэгчийн машинд учирсан хохирлыг үнэлүүлсэн ба үнэлгээ хийлгэсэн төлбөрийг хариуцагч миний бие өөрийн Хаан банкны 0 тоот данснаас 1 тоот данс руу 178,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь ор үндэслэлгүй зүйлээр гүтгэж байна хэмээн үзэж энэ тухай нотлох баримт болгож банкны дансны хуулгаа нотлох баримтаар өгч байна.

Тухайн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11:37 цагт Э.Ц нь “А” ХК-д 1111 УАР улсын дугаартай автомашиндаа жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж, даатгалын хураамжаа шилжүүлсэн. Уг даатгалыг хийлгэснээс хойш дээрх зам тээврийн осол 12:20 цагт гарсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг гэм хорын хохирлын төлбөрийг хариуцагч Э.Ц надаас бус “А” ХК-иас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Учир нь А ХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын гэрээнд зааснаар гэрээний хугацаанд учирсан хохирлыг компани хариуцах талаар тодорхой заасан. Гэтэл даатгалын компани Э.Ц-ыг ухрах үйлдэл хийхдээ нэхэмжлэгчийн машиныг санаатай мөргөсөн гээд нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль бус юм. Уг зам тээврийн ослыг Цагдаагийн байгууллага шалгаад болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн гээд торгосон, гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоох ёстой байтал даатгалын компани тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирлыг Э.Ц хариуцан арилгах үүрэггүй гэж үзэж байна.

Дааталын байгууллагад хандсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, гэрээний талаар даатгалын байгууллагатай маргаан үүсгээгүй.

А ХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд Э.Ц гарын үсэг зурсан гэдгийг хэрэгт авагдсан баримтуудад түүний зурсан гарын үсэгтэй адилхан болохоор түүнийг гэрээ байгуулсан гэж үзэж байгаа юм. 

Иймд нэхэмжлэгч Э.Э-ын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн хүсч байна гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Т.М нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч нь зам тээврийн зөрчилтэй холбоотойгоор авто машинд учирсан хохирлыг хариуцагчаас нэхэмжилсэн байна. Өөрөөр хэлбэл үүссэн хохирол буюу гэмтлийг засварлахад зарцуулсан зардлыг хариуцагч талаас нэхэмжилж байна гэж дүгнэлээ.

Хариуцагчийн хувьд гэм буруутай эсэх дээр маргаагүй тул түүнийг гэм хор учрахад гэм буруутай гэж үзэж байна. Хариуцагч болон А ХК 2-ын маргаан тусдаа маргаан байх ба тэр маргаан нь одоогийн энэ иргэний хэрэгтэй хамаарахгүй гэж үзэж байна.    

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн зүгээс “Т” ХХК-ийн 2021.07.05-ны өдрийн нэхэмжлэх/үнийн санал, мөн өдрийн 1165197 дугаартай бараа материалын хөдөлгөөн, 2021.07.26-ны өдрийн 400,000 төгрөг төлсөн ибаримт, 2021.07.26-ны өдрийн 000844 дугаартай кузов засварын ажлын хуудас, ХААН банк, Э.Э нарын хооронд 2020.10.19-ний өдөр байгуулагдсан “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, түүний хавсралт, 2021.07.02-ны өдрийн 361 дугаартай “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, замд гарсан зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч, 2021.07.05-ны өдрийн 361 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа”, Э.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, 1111 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Э.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, түүний жолоочийн лавлагаа, мэдээлэл, 0000 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Х” ХХК-ийн үнэлгээ, үнэлгээний хөлсөнд 2021.07.05-ны өдөр 178,000 төгрөг төлсөн ибаримт, тээврийн хэрэгслийн гэрэл зургууд, 2021.07.05-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, мөн өдрийн 1548347 дугаартай шийтгэлийн хуудас, улсын тэмдэгтийн хураамжид 80,260 төгрөг төлсөн баримт, С.Э-д олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Д.О-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг /хх-ийн 3-34, 72 тал/,

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Г-д олгосон итгэмжлэл, 2021.07.02-ны өдрийн О.Г-н жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, А ХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, ХААН банкны 0 дугаартай дансны 2021.07.01-ний өдрөөс 2021.07.10-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг /хх-ийн 53,95,109-110 тал/ тус тус шүүхэд гаргаж өгсөн.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Э.Ц-д холбогдуулан гэм хорын хохиролд 4,081,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээний хөлс 178,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 3,903,700 төгрөг гаргуулах шаардлагаа нэхэмжлэгчийн төлөөлөгч дэмжсэн, хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй маргажээ.   

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “С” ХХК-ийн баруун талын хаалган дээр хариуцагч Э.Ц нь М.Кантер маркийн 1111 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс Э.О-ийн жолоодож явсан Тоёота Ландкрузейр 200 маркийн 0000 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан эрх бүхий албан тушаалтны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №361 дугаартай магадлагаанд ”Э.Ц нь М.Кантер маркийн 1111 УАР улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14.”Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй,

Тоёота Ландкрузейр 200 маркийн 0000 УАМ улсын дугаартай автомашины жолооч Э.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэжээ.

 

/хх-ийн 16-17 тал/

 

Цагдаагийн байгууллагаас Э.Ц-ын гаргасан дээрх зөрчлийг Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6-д заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.51-д заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу олох 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

/хх-ийн 30-31 тал/

 

Дээрх зам тээврийн осолд гаргасан зөрчилд оногдуулсан шийтгэлийн талаар Э.Ц-д 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр танилцуулсан байх ба тэрээр оногдуулсан шийтгэлийн талаар гомдол гаргаагүй, торгуулийг төлсөн гэж тайлбарласан, энэхүү шийтгэлийн талаар гомдол гаргасантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Нэхэмжлэгч Э.Э-ын “ХААН банк” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 19-нйи өдөр байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-нээс үзэхэд түүнийг Тоёота Ландкрузейр 200 маркийн 0000 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж үзнэ.

/хх-ийн 7-8 тал/

 

Хариуцагч Э.Ц нь дээрх зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу “Ард даатгал” ХК хариуцан арилгах үүрэгтэй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь үгүйсгэж маргасан.  

 

Түүний шүүхэд ирүүлсэн “А” ХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг Э.Ц байгуулсан болох нь тодорхойгүй байхаас гадна уг гэрээгээр түүний Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас бусдад буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тус компани хариуцан арилгахаар тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна. 

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа баримтаар нотлоогүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

Зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад нэхэмжлэгч Э.Э-ын өмчлөлийн, Тоёота Ландкрузейр 200 маркийн 0000 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хөрөнгийн үнэлгээний “Х” ХХК нь 3,658,990 төгрөг гэж үнэлсэн, үнэлгээний үйлчилгээний хөлсөнд 178,000 төгрөгийг хариуцагч Э.Ц төлсөн, зохигч үүнтэй маргаагүй.  

 

/хх-ийн 26-26, 110 тал/

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д: “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй”, 228.2 дахь хэсэгт “Хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно” гэж заажээ.   

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар дээрх зам тээврийн осол нь хариуцагч Э.Ц-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан заалтыг зөрчсөнтэй холбоотой болох нь тогтоогдож байх тул тэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д: “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Э-ын өмчлөлийн Тоёота Ландкрузейр 200 маркийн 0000 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч нь дээрх зам тээврийн ослын улмаас Тоёота Ландкрузейр 200 маркийн 0000 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3,903,700 төгрөг нэхэмжилсэн боловч “Т” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэх/ үнийн саналын дагуу уг зардлыг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Түүнээс гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хохиролд 3,665,000 төгрөг төлсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч түүний тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тоёота Ландкрузейр 200 маркийн 0000 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Х” ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 3,658,990 төгрөг гэж үнэлсэнтэй зохигч маргаагүй тул энэхүү тогтоогдож буй үнэлгээний хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч Э.Ц хариуцан арилгах үүрэгтэй гэж ¿çëýý.

 

/хх-ийн 25-26 тал/

 

Иймд хариуцагч Э.Ц-оос Тоёота Ландкрузейр 200 маркийн 0000 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд “Х” ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 3,658,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 244,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь зам тээврийн осол гарахад хариуцагчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл нөлөөлсөн, гэм буруугийн талаар тэрээр маргаагүй, түүний гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байх тул тэрээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй, түүний даатгалын гэрээтэй холбоотой маргаан энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэдэг дүгнэлтийг гаргажээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь зам тээврийн ослын улмаас бусдад хохирол учруулаагүй гэх байдлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байх тул уг хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох хуульд заасны дагуу хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Э.Ц-оос 3,658,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 244,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Э.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид 73,493 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

                                          ШҮҮГЧИД                                    Т.ГАНЧИМЭГ

 

                                                                                               Н.САРАНГҮН