Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00458

 

 

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00458

 

Э.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00223 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Э-ын хариуцагч Э.Ц-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3,903,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Э.Э-ын эзэмшлийн 67-82 УАМ улсын дугаартай Тоёота Ландкрузер маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг, 11 дүгээр хороо, С ХХК-ийн барилгын талбайн баруун хаалган дээр зогсож байх үед Э.Ц нь 11-00 УАР улсын дугаартай Мицубиши кантер маркийн тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн зам тээврийн ослыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч А.Б шалгаж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтнаас шийтгэл оногдуулсан. Уг ослын улмаас Э.Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3,903,700 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Таванбогд ХХК-аар засвар, үйлчилгээ хийлгэж, төлбөрт 3,665,000 төгрөг төлсөн. Уг хохирлыг Э.Ц хариуцан төлөх үүрэгтэй боловч өдийг хүртэл хохирлыг барагдуулаагүй болно. Мөн Хас үнэлгээ ХХК-аар автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэж үйлчилгээний хөлсөнд 178,000 төгрөг төлсөн. Хариуцагч Э.Ц оос автомашинд учирсан гэм хорын хохиролд 3,903,700 төгрөг, автомашины үнэлгээний үйлчилгээний хөлс 178,000 төгрөг, нийт 4,081,700 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагчийн төлөөлөгч нь үнэлгээний үйлчилгээний хөлсөнд 178,000 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн учир үүнийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Хариуцагч нь Ард даатгал ХК-тай жолоочийн харуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулсан бол уг гэрээтэй холбоотой асуудлаа жичдээ шийдвэрлүүлэх боломжтой, харин нэхэмжлэгчийн зүгээс түүний байгуулсан гэх гэрээний дагуу даатгалаас нөхөн төлбөр аваагүй болно. Э.Ц нь зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодон Замын хөдөлгөөнд оролцсон, тэрээр дүрэм зөрчсөн буруутай үйлдлээрээ нэхэмжлэгчид хохирол учруулсан, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, түүнд торгох шийтгэл оногдуулсан, энэ талаар гомдол гаргаагүй, гэм буруугийн талаар маргаагүй байх тул тэрээр хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч Э.Ц оос автомашинд учирсан хохиролд 3,903,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д олгож, түүнд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах өөрийн ажил С ХХК-ийн баруун талын хаалганаас гарах үедээ 12 цагийн орчимд ухрах үйлдэл хийж байхдаа нэхэмжлэгчийн автомашиныг санаандгүй мөргөж хохирол учруулсан. Дээрх асуудлаар 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч шалгаад 100 нэгжээр торгуулсан, энэхүү торгуулийг мөн өдөрт нь төлсөн. Энэхүү шийтгэвэрт гомдол гаргаагүй, гэм буруу дээр маргахгүй. Энэ өдөр Хас үнэлгээ ХХК-аар нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг үнэлүүлсэн ба үнэлгээ хийлгэсэн төлбөрийг хариуцагч миний бие өөрийн Хаан банкны 5544133344 тоот данснаас 5622487036 тоот данс руу 178,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь ор үндэслэлгүй зүйлээр гүтгэж байна хэмээн үзэж энэ тухай нотлох баримт болгож банкны дансны хуулгаа нотлох баримтаар өгч байна. Тухайн өдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11:37 цагт Э.Ц нь А ХК-д 11-00 УАР улсын дугаартай автомашиндаа жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж, даатгалын хураамжаа шилжүүлсэн. Уг даатгалыг хийлгэснээс хойш дээрх зам тээврийн осол 12:20 цагт гарсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг гэм хорын хохирлын төлбөрийг хариуцагч Э.Ц надаас бус А ХК-аас нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Ард даатгал ХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын гэрээнд зааснаар гэрээний хугацаанд учирсан хохирлыг компани хариуцах талаар тодорхой заасан. Гэтэл даатгалын компани Э.Ц ыг ухрах үйлдэл хийхдээ нэхэмжлэгчийн автомашиныг санаатай мөргөсөн гээд нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь хууль бус юм. Уг зам тээврийн ослыг Цагдаагийн байгууллага шалгаад болгоомжгүй байдлаар үйлдэгдсэн гээд торгосон, гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоох ёстой байтал даатгалын компани тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирлыг Э.Ц хариуцан арилгах үүрэггүй гэж үзэж байна. Дааталын байгууллагад хандсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, гэрээний талаар даатгалын байгууллагатай маргаан үүсгээгүй. А ХК-тай байгуулсан жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд Э.Ц гарын үсэг зурсан гэдгийг хэрэгт авагдсан баримтуудад түүний зурсан гарын үсэгтэй адилхан болохоор түүнийг гэрээ байгуулсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Э.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Нэхэмжлэгч нь зам тээврийн зөрчилтэй холбоотойгоор автомашинд учирсан хохирлыг хариуцагчаас нэхэмжилсэн байна. Өөрөөр хэлбэл үүссэн хохирол буюу гэмтлийг засварлахад зарцуулсан зардлыг хариуцагч талаас нэхэмжилж байна гэж дүгнэлээ. Хариуцагчийн хувьд гэм буруутай эсэх дээр маргаагүй тул түүнийг гэм хор учрахад гэм буруутай гэж үзэж байна. Хариуцагч болон А ХК-ийн маргаан тусдаа маргаан байх ба тэр маргаан нь одоогийн энэ иргэний хэрэгтэй хамаарахгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Э.Ц оос 3,658,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 244,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Э.Ц оос улсын тэмдэгтийн хураамжид 73,493 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Э.Ц нь А ХК-д 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11:37 минутанд №21161006804291 дугаартай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж 11-ООУАР улсын дугаартай автомашинд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хийлгэсэн байдаг. Уг даатгалыг хийлгэснээс хойш дээрх авто осол гарсан бөгөөд нэхэмжлэгч буруу хариуцагчаа шүүхэд татсан хохирлоо нэхэмжилсэн байна. Хариуцагч Э.Ц ын байгуулсан жолоочийн албан журмын даатгалын гэрээний дагуу бусдын буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг даатгалаас гаргуулан хохирлыг барагдуулах нь зүйтэй юм.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний 9.4-р зүйлийн 9.4.1, 9.4.3, 9.4.4 заасан татгалзах үндэслэлүүд байхгүй бөгөөд хохирлын хэмжээ ч Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хохирлын хэмжээ зэргээс харгалзан үзэхэд нэхэмжлэгч нь буруу хариуцагчаа шүүхэд татсан байх ба даатгалаас нөхөн төлбөр гаргуулан хохирлоо барагдуулах бүрэн боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Даатгалын компанид хандсан боловч хариуцагчийн санаатай үйлдлийн улмаас болсон зам тээврийн осол тул даатгалын компаниас хохирлыг хариуцах боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд Иргэний хуулийн тусгай ангид заасны дагуу хариуцагчаас хохирлоо шаардсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Э.Ц-д холбогдуулан гэм хорын хохирол 3,903,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1. Хариуцагч Э.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12 цаг 20 минутын орчимд замын хөдөлгөөнд оролцон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Силикат констракшн ХХК-ийн баруун талын хаалган дээр М.Кантер маркийн 11-00 УАР улсын дугаартай автомашинаар ухрах үйлдэл хийхдээ Э.Одончимэгийн жолоодож явсан Тоёота Ландкрузер 200 маркийн 67-82 УАМ улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь хэргийн 9-15 дугаар талд авагдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон байна.

 

Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Э.Э-ын эзэмшлийн Тоёота Ландкрузер 200 маркийн 67-82 УАМ улсын дугаартай автомашинд хохирол учирсныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс хэргийн газарт үзлэг хийж, уг үзлэгээр тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн байдлыг тодорхойлжээ.

 

2. Мөн хэргийн баримтаар дээрх зам тээврийн осол гарахад хариуцагч Э.Ц ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөн буруутай болохыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, тээврийн цагдаагийн албанаас хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг болон 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Э.Ц-д холбогдох зөрчлийн талаар гаргасан эрх бүхий албан тушаалтны магадлагаа зэрэг баримтаар тогтоосон байна. /хх-9-17/

 

3. Дээрх зам тээврийн ослын улмаас Э.Э-ын өмчлөлийн автомашин гэмтэж улмаар 3,658,990 төгрөгийн хохирол учирсан нь хэргийн 25-26 дугаар талд авагдсан Хас үнэлгээ ХХК-ийн 133 тоот автомашины техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон бөгөөд энэ үнэлгээний талаар талуудын хэн аль нь маргаагүй.

 

4. Нэхэмжлэгч Э.Э ыг Х ХХК-тай фидуцийн гэрээ байгуулсан, тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ байлгаж байх үедээ зам тээврийн осолд орсон тул уг тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

5. Хариуцагч Э.Ц ын хууль бус буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан тул түүний гаргасан зөрчилд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, мэдэгдэх хуудсаар мэдэгджээ. Уг шийдвэрт хуульд заасан хугацааны дотор тэрээр гомдол гаргаагүй болно.

 

6. Хэрэгт авагдсан дээрх баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Э.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр замын хөдөлгөөнд оролцон тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, түүний хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Э.Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаар гэм хор учруулсан буруутай байна.

 

7. Хариуцагч нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг Ард даатгал ХК-тай байгуулсан тул зам тээврийн улмаас учирсан хохирлыг даатгалын компани хохирогчид төлөх учраас нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон гэж маргажээ.

 

Хэргийн 109 дүгээр тал дахь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягтаас үзвэл Митсубиши Кантер /Mitsubshi Canter/ маркийн 11-00 УАР улсын дугаартай автомашины өмчлөгч О.Г нь А ХК-тай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, Митсубиши Кантер /Mitsubshi Canter/ маркийн 11-00 УАР улсын дугаартай автомашиныг даатгуулсан байх бөгөөд уг гэрээнд автомашиныг жолоодох бусад жолоочоор Э.Ц ын нэрийг оруулж даатгуулаагүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Мөн Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж зохицуулсан байтал ослын талаар даатгагчид мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хариуцагч Э.Ц ын хохирлыг даатгал барагдуулах ёстой, нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэх тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /5/

 

8. Нэхэмжлэгч Э.Э-ын автомашины хохирлын үнэлгээг Хас үнэлгээ ХХК хийж хохирлыг 3,658,990 төгрөгөөр үнэлсэн болох нь хэргийн 25-26 дахь талд авагдсан 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, хохирлын үнэлгээний баримтаар тогтоогджээ.

 

Хариуцагч Э.Ц ын болгоомжгүй хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Э.Э-ын өмчлөлийн автомашиныг мөргөж хохирол учруулсан нь шалтгаант холбоотой байна.

 

Тухайн өдөр Митсубиши Кантер /Mitsubshi Canter/ маркийн 11-00 УАР улсын дугаартай автомашиныг Э.Ц жолоодож явахдаа осол гаргасан тул тэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Э-д учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

9. Иймд анхан шатны шүүх Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээг үндэслэн хариуцагч Э.Ц оос хохиролд 3,658,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 244,710 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /5/

 

Анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Т.М оролцож хариуцагч нь гэм буруутай эсэх дээр маргаагүй тул гэм буруутай гэж үзсэн бөгөөд даатгалын гэрээ энэ иргэний хэрэгт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурьдав.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00223 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,493 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ