Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/00121

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        12          30                                     101/ШШ2022/00121         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.М-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Я” ХХК-д холбогдох,

 

“Я” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хуульчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 7,405,003 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.М миний бие анх өмгөөллийн “Я” ХХН-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тушаалаар хуульчийн албан тушаалд томилогдон ажиллах болсон бөгөөд тус байгууллага нь нийгмийн даатгал төлөгч байгууллагаар бүртгэгдээгүй байсан.

Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай” хуульд зааснаар ажил олгогч болоод би дээрх хуулийн дагуу нийгмийн даатгалын хөнгөлөлтөнд хамрагдах боломжгүй байсан тул ажил олгогчтой ярилцан тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн хувьцаа эзэмшдэг “Я" ХХК-д гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалаар хуульчийн албан тушаалд ажиллах болсон.

Миний бие 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл жирэмсний болон амаржсаны амралттай байж байгаад 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс үргэлжлүүлэн ээлжийн амралтаа авсан.

Ээлжийн амралтын хугацаа дууссаны дараа “Я” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2021/02 дугаартай тушаалын дагуу хүүхэд асрах чөлөөтэй байсан.

Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүний нөөцийн ажилтан Л.Б нь 88888888 дугаарын утаснаас холбогдон “чамайг ажлаас чөлөөлж байгаа” гэж мэдэгдсэн.

Үүнээс өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би компани дээр очиж гүйцэтгэх захиралтай уулзаж, түүнд удахгүй ажилдаа орох тухайгаа хэлсэн.

Миний бие 2021 оны 06 дугаар сард ажилдаа орохоор төлөвлөсөн байсан бөгөөд 06 дугаар сарын 02-ны өдөр хүний нөөцийн ажилтан Л.Б ярьсаны дараа тухайн өдөртөө 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс ажилдаа эргэн орох тухай өргөдлийг өөрийнхөө гараар бичин, сканнердаж PDF файлаар илгээж гүйцэтгэх захиралд танилцуулж өгөхийг хүссэн.

Өргөдөл өгснөөс хойш тодорхой хариу ирүүлээгүй тул 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүний нөөцийн ажилтан Л.Б-тэй утсаар холбогдож тодруулахад: “чиний тушаалыг гаргаад шуудангаар явуулсан” гэж хэлсэн.

Уг шуудангаар илгээсэн тушаал нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр надад хүргэгдэж ирсэн, тушаал нь надад утсаар мэдэгдэхээс өмнө 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр гаргасан тушаал байсан.

Дээрх ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх бөгөөд миний зүгээс ажиллах хугацаанд хөдөлмөрийн сахилгын зөрчил болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчил гаргаж байгаагүй.

Мөн тушаал гаргасан өдрөө надад мэдэгдээгүй өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын дэвтрийг өгөөгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар ажил албан түшаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж татан буугдснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглодог бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлгүй байгаа тул ажлаас буруу халсан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

Ажилгүй байсан хугацааг ажилд орох хүсэлт гаргасан 2021.06.07-ны өдрөөс 2021.11.20-ны өдрийг хүртэлх ажлын хоногоор тооцож, дундаж цалин хөлсийг 2020 оны 9,10,11 сарын дундаж болох 1,376,147 төгрөгөөр тооцож, 7,405,003 төгрөг нэхэмжилсэн.

Миний бие Өмгөөллийн “Н” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Z-ийг томилсон байдаг. Хариуцагч нь “Я” ХХК-ийн үйл ажиллагаатай өрсөлдөхүйц үйл ажиллагаа явуулах компани байгуулсан гээд байгаа боловч “Н” ХХК нь өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн, харин хариуцагч нь хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд биш юм. Аливаа компанийн хувьцааг эзэмших нь тухайн компанид ажилладаг гэдгийг тодорхойлохгүй.

Улсын бүртгэлийн байгууллага нь өмгөөллийн эрхгүй этгээдийг гүйцэтгэх захирлаар бүртгүүлж болно гэсэн хариу өгсөн тул БНХАУ-ын иргэн Z-ийг бүртгүүлсэн.  

Ажил, хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлагын улмаас 2021.11.20-ны өдрөөс эхлэн өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байна. 

Иймд “Я” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, хуульчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан 2021.06.07-ны өдрөөс 2021.11.20-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,405,003 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.М-ын “Я” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/5 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, хуульчийн албан тушаалд эргүүлэн томилуулж, ажлаас чөлөөлөгдсөн хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд нөхөн бичилт хийлгүүлэх шийдвэр гаргаж өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Ш.М нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах шийдвэрийг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан.

Тэрээр өмгөөллийн “Н” ХХК-д ажилладаг болохыг анх 2021 оны 05 дугаар сарын 11-ний едөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны www.amа.org.mn сайт болон тус холбооны фэйсбүүк хуудаст тавигдсан “10,000 ширхэг маск хандивлав” гэх мэдээлэл, түүнчлэн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас авсан баримт зэргээр түүнийг компанийн удирдлагад мэдэгдэлгүй, өөр байгууллагад давхар ажил эрхэлж байсныг мэдэж, энэ нь илэрч тогтоогдсон.

Энэхүү сахилгын зөрчлийн талаар манай компанийн удирдлагууд Ш.М-ыг тайлбар өгөхийг хүсэхэд тэрээр бичгээр тайлбар өгөхөөс татгалзаж, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн биеэр компанийн байранд ирж ярилцахдаа “...Миний бие “Я” ХХК-д ажилд орохоос өмнө байгуулсан байсан өөрийн өмгөөллийн компанийг БНХАУ-ын иргэн Ж-д ашиглуулж байсан. Би ямар ч хамааралгүй...” гэх тайлбар өгсөн.

Гэвч түүний тайлбар нь бодит байдалтай зөрдөг, худлаа болох нь Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаас үзэхэд Ш.М нь өмгөөллийн “Н” ХХК-ийг БНХАУ-ын иргэн Ж-г манай өмгөөллийн “Я” ХХН-с гарсны дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шинээр хамтарч байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байдгаас нь тогтоогдоно.

2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай өмгөөллийн “Я” ХХН-д ажиллаж байсан БНХАУ-ын иргэн Ж нь ажлаас халагдах хүсэлт гаргахдаа өөр компанид ажиллах хүсэлтэй байгаагаа дурьдаж ажлаас гарсан. Гэвч Ж нь нэхэмжлэгч Ш.М-ын байгуулсан “Н” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажилласан байдаг. Энэ үйлдэл нь ажилтны зүгээс бие даасан өмгөөллийн компани байгуулж ажиллаж байгаа талаараа бидэнд мэдэгдээгүй, мөн компанийн ажиллах хүчийг өөртөө татаж өрсөлдөх төрлийн үйл ажиллагааг явуулсан ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

Мөн бүх нийтийн амралтын өдөр ажлаас халах тушаал гаргасан гэдэг нь тухайн тушаалын хууль зүйн үндэслэлд хамааралгүй бөгөөд “Я” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 21/04 дугаар захирлын тушаалаар бүх нийтийн амралтын өдрөөр зарим ажилчдыг ажиллуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотой болно.

“Я” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаар тушаалд ажил хүлээлцэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгосон тул нэхэмжлэгч нь ажлаас халах тухай шийдвэрийг гардаж авсан өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд компанид ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтрийг авах боломжтой байсан гэж үзэж байна.

Түүнд 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ажил олгогчийн мэдэгдэх хуудсыг гардуулахаар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд утсаар холбогдсон боловч тэрээр “...Хүүхэд харах хүнгүй байна. Боломжтой болохоороо өөрөө очно эсвэл хүн явуулна...” гэж хэлээд тушаалаа ирж авалгүй хүлээгдэж байсан болно.

Гэтэл Ш.М нь гэнэт 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр цахим хаягаар манай компанийн хүний нөөц Л.Б-т ажилд эргэн орох хүсэлт гэсэн гараар бичсэн материалын зургийг цахим хаягаар илгээсэн тул бид 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ш.М-ын тушаалын хувийг арга буюу шуудангаар түүний хаягаар илгээсэн болно.

Тэрээр 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажлаас халагдсан гэдгээ мэдсэн мөртлөө хүүхэд асрах чөлөөгөө дуусгахгүйгээр ажилд орох хүсэлтийг мэйлээр явуулж байгаа нь чөлөөтэй тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгогдохгүй гэж үзсэн ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь ажлаас халагдах ёс зүйн зөрчил гаргах үедээ хүүхэд харах чөлөөтэй, ажил хийж байгаагүй тул цалин тооцож олгох хууль зүйн үндэслэлгүй юм.

Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т “хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх”-ээс бусад ажил эрхлэхийг өмгөөлөгчид хориглосон байтал тэрээр өмгөөллийн эрх түдгэлзүүлэх хүсэлтийг зохих байгууллагад гаргаагүй байх, энэ хүсэлтийг гаргах, эсэх нь түүний үүрэг болохоос ажил олгогчийн үүрэг биш юм.

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д: “Өмгөөллийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гишүүн, удирдах, төлөөлөх эрх бүхий этгээд, хувьцаа эзэмшигч нь өмгөөлөгч байна” гэж заасныг зөрчиж өмгөөллийн эрхгүй, гэрчээр оролцсон БНХАУ-ын иргэн Ж-тай хамтарч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд байгуулсан нь түүнийг давхар ажил эрхэлж байсныг нотолно.

Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн бүртгэлийн баримт болон гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд гүйцэтгэх захирал нь өмгөөллийн эрхгүй, зөвхөн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ш.М-ын өмгөөллийн эрхээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан учраас түүнийг давхар ажил эрхэлсэн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д: “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан байдаг. Тэгэхээр Ш.М-ын гаргаж байгаа зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д хамаарч байгаа, тэрээр компанийн удирдлагад мэдэгдэлгүй, давхар ажил эрхэлж байсан болох нь тогтоогдсон учир түүнийг ажлаас халсан тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд “Я” ХХК-д холбогдох, Ш.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.М нь хариуцагч “Я” ХХК-д холбогдуулан “Я” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, хуульчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан 2021.06.07-ны өдрөөс 2021.11.20-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,405,003 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тэрээр компанийн удирдлагад мэдэгдэлгүй, давхар ажил эрхэлж байсан нь тогтоогдсон гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Ажил олгогч “Я” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тушаалаар Ш.М-ыг “хуульч”-ийн албан тушаалд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан байх ба мөн захирлын 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаар тушаалаар “компанийн удирдлагад мэдэгдэлгүйгээр өөр байгууллагад давхар ажил эрхэлж байсан нь тогтоогдсон” гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргаагүй.  

 

/хх-ийн 3-4 тал/ 

 

Ажил олгогч нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаар “Ажлаас халах тухай” тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3, 3.2.9, 4 дүгээр зүйлийн 4.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, 17 дугаар зүйлийн 17.2.2 /о/, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2.5, 20.6.16-д заасныг үндэслэн: “Хуульч Ш.М нь компанийн удирдлагад мэдэгдэлгүйгээр өөр байгууллагад давхар ажил эрхэлж байсан нь тогтоогдсон тул ”Ажлаас халах” сахилгын шийтгэл оногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх”-өөр шийдвэрлэжээ.

 

Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 05 дугаар хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т ажилтан дараах үүрэгтэй, 3.2.3-т: “Өөрийн байгууллагын тухай, дотоод дүрэм журам, мэдээ мэдээлэл, гүйцэтгэж буй ажил, компанийн бизнес үйл ажиллагаа, харилцагч байгууллага болон хувь хүн, үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чанд сахих, 3.2.9-т: “Энэхүү хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байх хугацаанд ажил олгогчийн өрсөлдөгч байгууллагад ажилтан нь зэрэг ажиллахыг хориглоно”, 4 дүгээр зүйлийн 4.1-т Энэхүү гэрээ нь дараах үндэслэлээр дуусгавар болно, 4.1.3-т: “Компанийн хөдөлмөрийн болон бусад дотоод журамд заасан үндэслэлээр, журам заалтуудыг зөрчсөн тохиолдолд” гэж тусгасан байна.   

/хх-ийн 10-12 тал/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Ш.М нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин А.Д-ийг төрүүлж, ажил олгогчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/21 дүгээр тушаалаар түүнд жирэмсэний болон амаржсаны чөлөө олгосон, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2021/02 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөө олгосон байжээ.

 

/хх-ийн 7, 32 тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т: “Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. ...” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч өөрөө хүсвэл хүүхдээ 3 нас хүртэл чөлөө авах эрх нь нээлттэй гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т: “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан.

 

Хариуцагч нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны www.amа.org.mn сайт болон тус холбооны фэйсбүүк хуудаст тавигдсан “10,000 ширхэг маск хандивлав” гэх мэдээлэл, түүнчлэн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас авсан баримт зэргээр нэхэмжлэгчийг компанийн удирдлагад мэдэгдэлгүй, өөр байгууллагад давхар ажил эрхэлж байсныг мэдсэн, тэрээр өмгөөллийн эрхээ түдгэлзүүлэлгүй, компанийн ажиллах хүчийг өөртөө татаж өрсөлдөх төрлийн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж маргасан.

 

Өмгөөллийн Н ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч,  хувьцаа эзэмшигч Ш.М байх ба тэрээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхээ түдгэлзүүлээгүй, тэрээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021.07.30-ны өдрийн 5/5255 дугаартай албан бичиг, Монголын өмгөөлөгчдийн холбооны 2021.11.23-ны өдрийн 01/1520 дугаартай албан бичиг, тэдгээрт хавсарган ирүүлсэн баримтаар тус тус тогтоогдож байна.

 

/хх-ийн 85-95, 186-187 тал/

 

Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д: “өмгөөлөгч өөрөө хүсэлт гаргасан”, 10.1.2-т: “энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан ажил, албан тушаалд сонгогдсон, эсхүл томилогдсон”; 10.1.3-т: “эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өмгөөллийн үйл ажиллагааг нэг жилээс дээш хугацаагаар эрхлэх боломжгүй болсон”; 10.1.4-т: “эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон” бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэхээр заасан.

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Монголын Өмгөөлөгчдийн холбоонд гаргаагүй, түүний дээрх үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг тус холбооны ерөнхийлөгч гаргаагүй, тэрээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь тогтоогдож байна.

 

“Я” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн лавлагаанд эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь “автомашины түрээсийн үйлчилгээ, автомашинаар ачаа тээвэрлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, орчуулгын үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, санхүүгийн тайлан бланс гаргах, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх, менежментийн зөвлөгөө өгөх, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр зөвлөгөө өгөх” гэж тусгагджээ.

 

/хх-ийн 132, 189-190 тал/

 

Дээр дурдсан “Я” ХХК болон Өмгөөллийн Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаанд тусгагдсан эрхлэх үйл ажиллагааны чиглэлээс үзэхэд дээрх хоёр хуулийн этгээдийг өрсөлдөх төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэж үзэх, нэхэмжлэгч нь Өмгөөллийн Н ХХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа нь түүнийг өөр байгууллагад давхар ажил эрхэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.  

 

Дээрх нөхцөл байдал, баримтуудаас үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан эрхийнхээ дагуу ажил олгогчийн албан ёсны шийдвэрийн үндсэн дээр эдэлж байсан нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Ажил олгогчийн 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн гаргасан нь хууль зөрчсөн шийдвэр гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй гэж үзнэ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр Ш.М-ыг “Я” ХХК-ийн “хуульч” ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, түүнийг уг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзэх ба уг тушаал нь цаашид эрх зүйн дагаврыг үүсгэхгүй тул дээрх тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

 

Ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүний ажилд орох хүсэлт гаргасан 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс түүний өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн гэх 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 114 хоногийн олговрыг урьд авч байсан цалин хөлсний дунджаар тооцож 7,405,300 төгрөг нэхэмжилжээ.

 

Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж зааснаар тооцоход Ш.М-ын 2020 оны 9, 10, 11 сарын дундаж цалин /1,460,966 төгрөг, 1,483,267 төгрөг, 1,184,210 төгрөг/-г тооцоход 1,376,147 төгрөг гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021.06.07-ны өдрөөс 2021.11.20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны ажлын 114 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 7,130,928 төгрөгийг “Я” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 274,075 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

/1,376,147төгрөг/22хоног=62,552х114хоног=7,130,928/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т: “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч “Я” ХХК-д Ш.М-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдлоо 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан: “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх заалтад нийцжээ.

 

/хх-ийн 2 тал/

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.М-ыг хариуцагч “Я” ХХК-ийн “хуульч” ажилд эгүүлэн тогтоосугай. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Я” ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,130,928 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.М-д олгож, үлдэх 274,075 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.М-ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Я” ХХК-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж Ш.М-д олгож, хариуцагч “Я” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 129,044 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ