Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00569

 

 

Ш.М-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/00121 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Я ХХК-д холбогдох,

Я ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хуульчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 7,405,003 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага,тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.а. Я ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, хуульчийн албан тушаалд эгүүлэн томилуулна.

1.б. Ажилгүй байсан 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,405,003 төгрөг гаргуулах,

1.в. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах.

Ш.М- нь өмгөөллийн ЯБП ХХН-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай тушаалаар хуульчийн албан тушаалд томилогдон ажилласан. Тус байгууллага нь нийгмийн даатгал төлөгч байгууллагаар бүртгэгдээгүй байсан. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд зааснаар ажил олгогч болоод ажилтан нь дээрх хуулийн дагуу нийгмийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй байсан тул тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн хувьцаа эзэмшдэг Я ХХК-д гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаартай тушаалаар хуульчийн албан тушаалд ажиллах болсон. Улмаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл жирэмсний болон амаржсаны амралттай байж байгаад 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс үргэлжлүүлэн ээлжийн амралтаа авсан. Ээлжийн амралтын хугацаа дууссаны дараа Я ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2021/02 дугаартай тушаалын дагуу хүүхэд асрах чөлөөтэй байсан.

Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүний нөөцийн ажилтан Л.Б- нь 89068808 дугаарын утаснаас холбогдон чамайг ажлаас чөлөөлж байгаа гэж мэдэгдсэн. Үүнээс өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр компани дээр очиж гүйцэтгэх захиралтай уулзаж, түүнд удахгүй ажилдаа орох тухайгаа хэлсэн байсан. Ш.М- нь 2021 оны 6 дугаар сард ажилдаа орохоор төлөвлөсөн байсан бөгөөд 06 дугаар сарын 02-ны өдөр хүний нөөцийн ажилтан Л.Б ярьсны дараа тухайн өдөртөө 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс ажилдаа эргэн орох тухай өргөдлийг өөрийн гараар бичин, скайнердаж PDF файлаар илгээж гүйцэтгэх захиралд танилцуулж өгөхийг хүссэн. Өргөдөл өгснөөс хойш тодорхой хариу ирүүлээгүй тул 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүний нөөцийн ажилтан Л.Б-тэй утсаар холбогдож тодруулахад тушаалыг гаргаад шуудангаар явуулсан гэж хэлсэн. Уг шуудангаар илгээсэн тушаал нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид хүргэгдэж ирсэн, тушаал нь 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр гаргасан тушаал байсан.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байх бөгөөд дээрх зөрчлийг гаргаагүй. Мөн тушаал гаргасан өдрөө мэдэгдээгүй өнөөдрийг хүртэл нийгмийн даатгалын дэвтрийг өгөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж татан буугдснаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглодог бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж заасан. Ажилгүй байсан хугацааг ажилд орох хүсэлт гаргасан. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх ажлын хоногоор тооцож, дундаж цалин хөлсийг 2020 оны 9,10,11 сарын дундаж болох 1,376,147 төгрөгөөр тооцож, 7,405,003 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь өмгөөллийн НЛА ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн ЖЦ-ийг томилсон байдаг.

Я ХХК-ийн үйл ажиллагаатай өрсөлдөхүйц үйл ажиллагаа явуулах компани байгуулсан гээд байгаа боловч НЛА ХХК нь өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн, харин хариуцагч нь хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд биш юм. Аливаа компанийн хувьцааг эзэмших нь тухайн компанид ажилладаг гэдгийг тодорхойлохгүй. Улсын бүртгэлийн байгууллага нь өмгөөллийн эрхгүй этгээдийг гүйцэтгэх захирлаар бүртгүүлж болно гэсэн хариу өгсөн тул БНХАУ-ын иргэн ЖЦ-ийг бүртгүүлсэн. Ажил, хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлагын улмаас 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байна.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах шийдвэрийг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан. Тэрээр өмгөөллийн НЛА ХХК-д ажилладаг болохыг анх 2021 оны 05 дугаар сарын 11-ний едөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны www.amа.org.mn сайт болон тус холбооны фэйсбүүк хуудаст тавигдсан 10,000 ширхэг маск хандивлав гэх мэдээлэл, түүнчлэн улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас авсан баримт зэргээр түүнийг компанийн удирдлагад мэдэгдэлгүй, өөр байгууллагад давхар ажил эрхэлж байсныг мэдсэн. Энэхүү сахилгын зөрчлийн талаар манай компанийн удирдлагууд Ш.М-ыг тайлбар өгөхийг хүсэхэд тэрээр бичгээр тайлбар өгөхөөс татгалзаж, 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн биеэр компанийн байранд ирж ярилцахдаа ...Миний бие Я ХХК-д ажилд орохоос өмнө байгуулсан байсан өөрийн өмгөөллийн компанийг БНХАУ-ын иргэн ЖЦ-д ашиглуулж байсан. Би ямар ч хамааралгүй... гэх тайлбар өгсөн.

Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн нээлттэй мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаас үзэхэд Ш.М- нь өмгөөллийн НЛА ХХК-ийг БНХАУ-ын иргэн ЖЦ-ыг манай өмгөөллийн ЯБП ХХН-өөс гарсны дараа буюу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шинээр хамтарч байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан байдгаас нь тогтоогдоно. Мөн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай өмгөөллийн ЯБП ХХН-д ажиллаж байсан БНХАУ-ын иргэн ЖЦ- нь ажлаас халагдах хүсэлт гаргахдаа өөр компанид ажиллах хүсэлтэй байгаагаа дурьдаж ажлаас гарсан. Гэвч ЖЦ- нь нэхэмжлэгч Ш.М-ын байгуулсан НЛА ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажилласан байдаг. Бие даасан өмгөөллийн компани байгуулж ажиллаж байгаа талаараа бидэнд мэдэгдээгүй, компанийн ажиллах хүчийг өөртөө татаж өрсөлдөх төрлийн үйл ажиллагааг явуулсан ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Я ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 21/04 дугаар захирлын тушаалаар бүх нийтийн амралтын өдрөөр зарим ажилчдыг ажиллуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор халах тушаал гарсан. Я ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаар тушаалд ажил хүлээлцэх хугацааг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгосон.

Нэхэмжлэгч нь ажлаас халах тухай шийдвэрийг гардаж авсан өдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд компанид ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтрийг авах боломжтой байсан гэж үзэж байна. Түүнд 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ажил олгогчийн мэдэгдэх хуудсыг гардуулахаар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд утсаар холбогдсон боловч тэрээр ...Хүүхэд харах хүнгүй байна. Боломжтой болохоороо өөрөө очно эсвэл хүн явуулна... гэж хэлээд тушаалаа ирж авалгүй хүлээгдэж байсан болно. Ш.М- нь гэнэт 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр цахим хаягаар манай компанийн хүний нөөц Л.Б-т ажилд эргэн орох хүсэлт гэсэн гараар бичсэн материалын зургийг цахим хаягаар илгээсэн тул бид 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ш.М-ын тушаалын хувийг арга буюу шуудангаар түүний хаягаар илгээсэн болно. Ш.М- нь ажилласан хугацааны цалин нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас халагдах ёс зүйн зөрчил гаргах үедээ хүүхэд харах чөлөөтэй ажил хийж байгаагүй.

 

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.М-ыг хариуцагч Я ХХК-ийн “хуульч” ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я ХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,130,928 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.М-д олгож, үлдэх 274,075 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.М-ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Я ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж Ш.М-д олгож, хариуцагч Я ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 129,044 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Ш.М- ноцтой зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн нь буруу.

Ш.М- нь компанийн удирдлагад мэдэгдэлгүйгээр өөр байгууллагад давхар ажиллаж байсан болох нь 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн холбооны www.ama.org.mn сайтад тавигдсан мэдээлэл, Монголын Өмгөөлөгчдийн холбооны ирүүлсэн албан бичиг, Өмгөөллийн “Нью лийд адвокадс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар зэргээр бүрэн нотлогдсон.

Мөн Я ХХК-ийн зүгээс Ш.М-ыг хуульчийн албан тушаалд авсан бөгөөд Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т заасантай зөрчилдөж байгаа. Өмгөөллийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасны дагуу өмгөөллийн хуулийн этгээдийн нэр дурдсан субъектүүд нь хуульч, өмгөөлөгчийн эрхтэй байхыг шаарддаг. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өмгөөллийн НЛА ХХК-ийг өмгөөллийн болон хуульчийн эрхгүй БНХАУ-ын иргэн ЖЦ-тай хамтран байгуулж, өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдлийг гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт хэрхэн үзэх талаар дүгнээгүй орхигдуулсан.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил би гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Ш.М- нь Я ХХК-д холбогдуулан

1.а. Я ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, хуульчийн албан тушаалд эгүүлэн томилуулах,

 

1.б. Ажилгүй байсан 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,405,003 төгрөг гаргуулах,

 

1.в. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч нь ноцтой зөрчил гаргаж, өмгөөллийн НЛА ХХК-д давхар ажил эрхэлсэн, компанийн ажиллах хүчийг өөртөө татаж өрсөлдөх төрлийн үйл ажиллагааг явуулсан ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэж маргажээ. /хх1-2, 29-30/

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

2.а. Ажил олгогч Я ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 05 дугаар тушаалаар Ш.М-ыг хуульчийн албан тушаалд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь тушаалын хуулбараар тогтоогджээ. /хх3/

 

2.б. Мөн тус Я ХХК-ийн захирлын 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаар тушаалаар компанийн удирдлагад мэдэгдэлгүйгээр өөр байгууллагад давхар ажил эрхэлж байсан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ. /хх4/

 

2.в. Талуудын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т ажилтан дараах үүрэгтэй, 3.2.3-т Өөрийн байгууллагын тухай, дотоод дүрэм журам, мэдээ мэдээлэл, гүйцэтгэж буй ажил, компанийн бизнес үйл ажиллагаа, харилцагч байгууллага болон хувь хүн, үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг чанд сахих, 3.2.9-т Энэхүү хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байх хугацаанд ажил олгогчийн өрсөлдөгч байгууллагад ажилтан нь зэрэг ажиллахыг хориглоно, 4 дүгээр зүйлийн 4.1-т Энэхүү гэрээ нь дараах үндэслэлээр дуусгавар болно, 4.1.3-т Компанийн хөдөлмөрийн болон бусад дотоод журамд заасан үндэслэлээр, журам заалтуудыг зөрчсөн тохиолдолд гэж тусгасан. /хх10-12/

 

2.г. Ш.М- нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүүхэд төрүүлж, ажил олгогчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2020/21 дүгээр тушаалаар түүнд жирэмсний болон амаржсаны чөлөө олгосон, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2021/02 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөө олгосон байсан нь тушаалын хуулбар, бичгийн баримтаар тогтоогдсон. /хх7, 32/

 

2.д. Өмгөөллийн НЛА ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр улсын бүртгэлд бүртгүүлсэн, Ш.М- нь уг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 5/5255 дугаартай албан бичиг, Монголын Өмгөөлөгчдийн холбооны 2021 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 01/1520 дугаартай албан бичиг, тэдгээрт хавсарган ирүүлсэн баримтаар  тогтоогджээ. /хх 85-94, 186/

 

2.е. Я ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн лавлагаанд эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь автомашины түрээсийн үйлчилгээ, автомашинаар ачаа тээвэрлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, орчуулгын үйлчилгээ, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, санхүүгийн тайлан баланс гаргах, түүнтэй холбоотой зөвлөгөө өгөх, менежментийн зөвлөгөө өгөх, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр зөвлөгөө өгөх гэж тусгагдсан.

        /хх132, 189-190/

 

3. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

 

3.а. Нэхэмжлэгчийн “Ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж, хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхийг үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэх байр суурийг хариуцагч эс зөвшөөрч “компанийн удирдлагад мэдэгдэлгүй, өөр байгууллагад давхар ажил эрхэлсэн, өрсөлдөх төрлийн үйл ажиллагаа явуулсан, компанийн ажиллах хүчийг өөртөө татаж ноцтой зөрчил гаргасан” гэж маргасан.

 

4. Анхан шатны шүүх маргааны зүйлийг зөв тодорхойлж, хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Хэргийн баримтаас Я ХХК болон Өмгөөллийн НЛА ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаанд тусгагдсан эрхлэх үйл ажиллагааны чиглэлээс үзэхэд дээрх хоёр хуулийн этгээдийг өрсөлдөх төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийг өөр байгууллагад давхар ажил эрхэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

 

Мөн тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй. Учир нь Я ХХК, НЛА ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл өөр өөр байх тул өрсөлдөхүйц хэмжээний үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэх боломжгүй.

 

Иймд ажилтан буюу Ш.М-ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгох нь хуульд нийцнэ.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглох юм.

 

Нэхэмжлэгч нь гурав хүртэлх насны хүүхэдтэй, хүүхэд асрах чөлөөтэй байсан үйл баримт тогтоогдсон.

 

6. Шүүхийн шийдвэр нь биелэгдэх боломжтой, хуульд нийцсэн байх ёстой. Ажилтан Ш.М- нь хүүхэд асрах чөлөөний хугацаагаа дуусгахаар, хуучин эрхэлж байсан Я ХХК-ийн хуульчийн ажлаа үргэлжлүүлэн хийхээр өргөдөл гаргасан гэх үйл баримт тогтоогдож байна. Гэвч Я ХХК-ийн хуульчийн ажилд Ш.М-ыг тогтоох нь Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т Өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хоорондын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал эрхлэх” гэсэн заалттай зөрчилдөж байна.

 

7. Ш.М- нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны 2021 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 01/1520 дугаартай албан бичиг, тэдгээрт хавсарган ирүүлсэн баримтаар тогтоогдсон тул хуулийн зөрчилдөөн үүсгэхгүйгээр өмгөөлөгч, компанийн хуульчийн аль нэг ажлаа сонгох ёстой юм. Хэргийн баримтаар өмгөөлөгчийн үйл ажиллагаа буюу шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд Ш.М- нь эрхээ түдгэлзүүлсэн буюу компанид хуульчаар ажиллах боломжтой гэх байдлаа нотлоогүй, энэ талаар баримт авагдаагүй.

 

Өмгөөлөгчид хориглох үйл ажиллагааны дотор өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хоорондын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал эрхлэхийг хориглосон тул хариуцагч байгууллагын зүгээс хуулийн фирмийн өмгөөлөгч гэдэг статустай этгээдийг амаржсаны чөлөө дууссаны дараа ажилд томилохгүй байгааг буруутгах үндэслэлгүй.

 

8. Нэхэмжлэгч нь Я ХХК-ийн хуульчийн ажлыг үргэлжлүүлэн хийхээр бол хууль зөрчихгүйгээр ажиллах нөхцөлөө бүрдүүлж, өмгөөлөх эрхээ түдгэлзүүлсэн баримтаа гаргаж, ажилдаа эргэн орох эрхийг энэ шүүхийн шийдвэр хөндөхгүй.

 

9. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын 4.1 буюу компанийн хуульчаар ажиллахад харшлах шалтгаантай этгээдийн талаар дүгнэлт өгөөгүй гэх гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/00121 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 21/05 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.” гэж өөрчлөн,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ш.М-ын хариуцагч Я ХХК-д холбогдуулан хуульчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,405,003 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

4 дэх заалтыг “3” гэж дугаарлан, “... 129,044” гэснийг “ ...70,200” гэж,

5 дахь заалтыг “4” гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,044 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

 

 Ш.ОЮУНХАНД