Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/02637

 

 

 

 

 

 

 

2021 09 07 101/ШШ2021/02637     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК

Хариуцагч: М ХХК

Хариуцагч: С.Б нарт холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, МХХК болон С.Б нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ....тоотод орших 2 өрөө, 66.08 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг Н.Цгийн нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах тухай нэхэмжлэгчийн үндсэн,

Хариуцагч МХХК-ийн Н.Ц болон ТХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд С.Нийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/,  тоотод оршин байх 2 өрөө, 66.08 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож уг орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах тухай бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц, өмгөөлөгч С.Ц, хариуцагч ТХХК-ийн өмгөөлөгч Г.Тл, хариуцагч МХХК-ийн төлөөлөгч М.Ц, хариуцагч С.Бгийн төлөөлөгч Л.Б, гуравдагч этгээд С.Нийн төлөөлөгч Л.Т, гуравдагч этгээд Т ББСБ ХХК-ийн төлөөлөгч С.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би ТХХК-тай 2016.3.31-нд орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянгол дүүргийн 5-р хороо, тоотын 2 өрөө 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг 42.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, мөн өдрөө төлбөрийг бүрэн төлсөн. Орон сууцыг гэрээний 2.1-д зааснаар 2017.4 сард багтаан надад хүлээлгэн өгөх байсан ч 2016.4.4-ний өдөр хүлээн авч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, холбогдох зардлыг бүрэн төлж ирсэн. ТХХК нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх болон өөр бусад шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй. Хариуцагчийн дээрх үйлдэл нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн иргэн миний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Шүүхийн маргааны явцад Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс  тоот орон сууцны лавлагааг гаргуулсан ба 2015.4.20-нд МХХК, иргэн С.Б нар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсныг ирүүлсэн байна. Уг гэрээний гүйцэтгэгч талыг төлөөлж Д.А гэж зурагдсан гарын үсэг нь ТХХК-ийн захирал, тухайн үеийн МХХК-ийн хувийн хувьцаа эзэмшигч Д.Аын гарын үсэг биш, ийм гэрээ огт байгуулагдаж байгаагүй талаар тайлбарлаж байна. Мөн энэ орон сууцны анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн С.Б нь МХХК-ийн ерөнхий нягтлан ба уг орон сууцыг намайг худалдаж авсныг маш сайн мэдэж байсан атлаа хуурамч бичиг баримт үйлдэж өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж бусдад худалдсан байна. Иймд 2015.4.20-ны өдрийн МХХК, С.Б нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 5-р хороо, ...тоотод байршилтай, 2 өрөө, 66.08 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Н.Цг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргуулах ажиллагаа хийхийг хариуцагч болон Н.Цгийн нэр дээр бүртгэхийг ОӨУБЕГ-т даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ТХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь МХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Баянгол дүүргийн 5-р хороон дахь 15 айлын орон сууцны барилгыг худалдах, борлуулах ажлыг хариуцаж байсан. Н.Цтай Баянгол дүүргийн 5-р хороо, Үйлдвэрийн төвийн 16010, .... тоотын 2 өрөө, 66.08 м.кв талбайтай орон сууцыг 42.500.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, 2016.331-нд орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулан төлбөрийг мөн өдөр бүрэн авсан. Төлбөрийг барагдуулахдаа ТХХК-ийн захирал Д.А миний Төрийн банк дахь ........ тоот дансанд шилжүүлсэн. Учир нь төлбөрийг шилжүүлэх үед ТХХК-ийн захирал Д.А миний бие хариуцагч МХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд тухайн үед МХХК нь бусдад төлөх төлбөртэйн улмаас тус компанийн арилжааны банк данснуудын зарлагын хөдөлгөөнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зогсоосон байсан учир хувийн дансанд мөнгийг авсан. Энэ мөнгөний 12.500.000 төгрөгийг МХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгахад хэрэглэхээр нягтлан бодогч С.Бд бэлнээр, 30.000.000 төгрөгийг тухайн барилгын газрын үлдэгдэл төлбөрт газрын өмчлөгч Л.Б-д шилжүүлснээр Н.Цгийн шилжүүлсэн 42.500.000 төгрөгийг МХХК үйл ажиллагаандаа зарцуулсан. МХХК барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн боловч иргэн Н.Цд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөх үүргээ биелүүлээгүй нь үнэн тул Н.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй харин, МХХК-иас нэхэмжилнэ үү гэжээ.

Хариуцагч МХХК, төлөөлөгч М.Ц нар шүүхэд гаргасан тайлбартаа: МХХК нь Баянгол дүүргийн 5-р хороо, 15 айлын орон сууцны барилгыг барьж 2016.8.18-нд 2016/326 тоот барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын актын дагуу улсын комисст хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч Н.Ц нь МХХК-тай дээрх орон сууцыг 42.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ огт байгуулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс ч орон сууцтай холбоотой төлбөрийг хариуцагч МХХК-д өгч байгаагүй. Түүнчлэн хариуцагч МХХК нь орон сууц борлуулах эрхийг ТХХК-д огт олгоогүй, тийм гэрээ хэлцэл байгуулаагүй. Иймд Н.Цгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

МХХК нь анх нэг хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд 2014 онд Л.Г, Ж.Г, Д.А гэсэн 3 хувьцаа эзэмшигчтэй болж өөрчлөгдсөн. Д.А, Ж.Г нар иргэдтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулахдаа ТХХК-ийн нэрээр гэрээний төсөл боловсруулж МХХК-ийн барьж гүйцэтгэсэн дээрх 15 айлын орон сууцны борлуулалтыг хийж байжээ. Үүний нэг жишээ С.Бэй байгуулсан Баянгол дүүргийн 5-р хороо, .... тоотод байрлах, 2 өрөө, 66.08 м.кв орон сууцыг захиалан бариулах тухай гэрээг 2015.4.20-ны өдөр С.Б, ТХХК-ийн захирал Д.А , Ж.Г нар байгуулсан байна. Энэ мэтчилэн 2014.4-5 сард орон сууц захиалагч иргэн Г.Н, У.Д, П.Ц, Ц.Н, Х.О нартай ТХХК-иар гэрээг байгуулжээ. Барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа иргэдийн ТХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээгээр улсын бүртгэлд бүртгүүлэх болоход гэрээнүүд буцаагдаж, ТХХК-тай байгуулсан гэрээг МХХК-иар орлуулан байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Эдгээр хүмүүсийн нэг нь С.Б.

ТХХК-ийн захирал Д.А, МХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Г нар нь маргаан бүхий орон сууцны захиалгын гэрээг С.Бтэй байгуулсанаа мэдэж байсан атлаа 2016.3.31-нд Н.Цгаас 42.500.000 төгрөгийг хувийн харилцах дансаараа шилжүүлэн авчихаад дүр үзүүлэн орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан нь хууль бус үйлдэл болсон. МХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Г нь С.Бээс н.Бг байрандаа түр суулгаж байгаач гэж гуйснаар уг байранд түүнийг оруулсан. Үүний дараа Ж.Г Л.Г рүү мессэж илгээж Сайн байна уу. Би Ж.Г байна. Н.Цгийн дүүг байрнаас нь битгий хөөгөөрэй. Би удахгүй С.Б эгчийн байрны гэрчилгээг суллуж өгнө, та тэр айлыг хөөсөн бичгээ буцаагаад авч бай гэсэн байдаг. Дээрх нөхцөл байдлаас харахад С.Бгийн 2015.4.20-ны өдрийн ТХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, МХХК-иар сольж хийсэн орон сууц захиалгаар бариулах гэрээ зэргээр С.Б нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна. Үүний баталгаа нь МХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Г С.Б нарын 2016.8.29-ний өдөр байгуулсан үүргийн гүйцэтгэл хангуулах тухай гэрээгээр С.Б нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болохыг давхар нотолж байгаа. 2014.5.13-ны өдөр МХХК нь өөрийн санхүүгийн хүндрэлээс гарах үүднээс С.Бгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6-р хороо, тоот, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг барьцаалан М ББСБ-аас 50.000.000 төгрөгийн зээл авч барилгадаа хэрэглэсэн ба байрыг нь чөлөөлж өгөөгүй, уг зээл төлөгдөөгүй бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүтэйгээ 100.000.000 гарсныг Ж.Г, Д.А нар мэдэж байгаа. МХХК, иргэн С.Б нарын хооронд байгуулсан 2015.4.20-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ нь 2015.4.20-ны өдөр ТХХК-ийн захирал Д.Ангар, МХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Г нартай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний шаардлагад нийцэж байгаа тул хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй юм. С.Б маргаан бүхий орон сууцыг хууль ёсны дагуу шударгаар олж авсан тул улсын бүртгэлд үнэн зөвөөр бүртгэгдсэн болно. Иймд МХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: С.Б нь МХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. МХХК нь орон сууцны ажилд хөрөнгө оруулахдаа С.Бгийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 6-р хороо, ...... тоот, 18 м.кв, 1 өрөө орон сууцыг барьцаалан МББСБ-аас 50.000.000 төгрөгийн зээл авсан боловч үндсэн зээл, хүүг огт төлж барагдуулаагүй. МХХК-ийн зүгээс С.Бгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх боломжгүй байсан тул ашиглалтанд орж байсан Баянгол дүүрэг, 5-р хороонд байрлах ..тоотын 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн оронд өгөх санал тавьж улмаар 2015.4.20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч Н.Ц нь МХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч байгаагүй бөгөөд ТХХК нь МХХК-ийн барьсан орон сууцын худалдан борлуулах эрхгүй этгээд байсан. Харин Д.А, Ж.Г нар нь Мастер пропертиз ХХК-д цуг ажиллаж байсан гэх Н.Цг түр амьдруулаач гэх хүсэлт гаргасны дагуу 1 орон сууцанд амьдарч, ашиглалтын зардлыг МХХК-д төлж байснаас бус орон сууцны төлбөр огт төлөөгүй ба С.Б нь эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн. С.Бгийн зүгээс 2017.1-р сараас эхлэн Н.Цд орон сууц чөлөөлж өгөх шаардлагыг удаа дараа өгч байсан бөгөөд удахгүй чөлөөлж өгнө гэж байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Иймд хариуцагч С.Б нь Н.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч МХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани Баянгол дүүргийн 5-р хороонд 15 айлын орон сууцны барилгыг барьж 2016.8.18-нд улсын комисст хүлээлгэн өгсөн. Маргаан бүхий орон сууц нь 2015.4.20-ны өдөр МХХК, С.Б нарын байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх нь бүртгэгдсэн. Иргэн Н.Ц нь манай компаниас дээрх орон сууцыг худалдан аваагүй бөгөөд ТХХК-ийн захирал Д.А нь бусдын өмч хөрөнгийг дураараа захиран зарцуулах эрхгүй. Иймд 2016.3.31-ний өдрийн ТХХК, Н.Ц нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй, мөн дүр үзүүлэн хийсэн, хууран мэхэлж хийсэн хэлцэл байх тул уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Ц сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Н.Ц, ТХХК-тай 2016.3.31-ний өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулж дээрх орон сууцыг 42.500.000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг барагдуулсан. Орон сууцыг 2016.4.4-ний өдөр хүлээн авч өнөөг хүртэл эзэмшиж ашиглан орон сууцны ашиглалтын зардлыг нь төлсөөр ирсэн. Уг орон сууцыг Н.Ц миний бие худалдан авах үед ТХХК нь орон сууцны борлуулалтыг хариуцаж худалдан борлуулах ажиллагааг бүрэн гүйцэтгэж байсан. Орон сууцны төлбөрийг төлөх үед Н.Ц би ТХХК-ийн захирал Д.А, МХХК-ийн захирал Л.Г, тухайн үеийн МХХК-ийн захирал байсан Ж.Г, компанийн ерөнхий нягтлан бодогч С.Б нартай биечлэн уулзаж, МХХК-ийн дансанд төлбөрийг шилжүүлэх талаар тайлбарлахад тэд бүгд тус компанийг өөр бусдад төлбөр төлбөртэй ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, тус компанийн арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон байгаа тул Д.Аын дансанд шилжүүлэхийг хүссэн. Гэтэл хариуцагч МХХК нь надтай гэрээ байгуулаагүй, ТХХК-д маргаан бүхий орон сууцыг бусдад худалдан борлуулах талаар ямар ч зөвшөөрөл өгөөгүй, гэрээ байхгүй, төлбөр аваагүй гэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч МХХК-ийн шүүхэд гаргасан тайлбараас харахад маргаан бүхий орон сууцны борлуулалтыг ТХХК гүйцэтгэж байсан нь тогтоогдож байна гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь худал болох нь өөрсдийнх нь бичгээр гаргасан тайлбар, үйл баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч МХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд С.Н шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Н.Ц нь С.Нгийн өмч болох Баянгол дүүргийн 5-р хороо, .....тоотын 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, мөн өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь өмчлөгч С.Нгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, өмчлөх эрхэд халдаж байна. Учир нь уг орон сууцыг С.Н нь 2017.12.12-ны өдөр Тэлмэн хас ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авч үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгүүлсэн. Тухайн үед дээрхи орон сууцанд Н.Цгийн төрсөн дүү Н.Б гэдэг хүн оршин сууж байсан ба орон сууцыг маань чөлөөлж өгөхөөс татгалзсан тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Б орон сууцнаас албадан гаргуулахаар хандсан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх уг орон сууц Н.Бн эзэмшил ашиглалтад байгаа нь тогтоогдохгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч Н.Ц нь С.Нгийн өмчлөлийн, түүний худалдан авсан орон сууцыг өөрийн өмч хөрөнгө болгох зорилгоор хуурамч баримт материал бүрдүүлэн шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд С.Нг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ..... тоотын 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгч Н.Цгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Ц гуравдагч этгээд С.Нгийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Н.Ц би ТХХК-тай 2016.3.31-нд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж энэ 1 тоот орон сууцыг 42.500.000 төгрөгөөр худалдаж авсан, төлбөрийг нь бүрэн төлсөн, орон сууцыг 2016.4.4-нд хүлээж авсан. Тэгэхэд одоо орон сууцыг худалдаж авсан гээд байгаа Бүжин өөрөө манай дүү Байгалмаад хүлээлгэж өгсөн байдаг. Намайг энэ орон сууцыг худалдан авах үед ТХХК борлуулалтыг нь хариуцаж байсан ба төлбөрөө шилжүүлэхдээ МХХК-ийн удирдлагууд, нягтлан бодогч С.Б нартай уулзахад тус компани бусдад өр төлбөртэйн улмаас шийдвэр гүйцэтгэх газар дансыг нь хаасан тул ТХХК-ийн захирал Д.Аын хувийн дансанд шилжүүлэх хүсэлт гарган би мөнгөө түүний хувийн дансанд шилжүүлсэн. Гэтэл одоо надтай компани ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч МХХК-ийн төлөөлөгчийн өмнө гаргасан тайлбараар ТХХК-ийг орон сууцны борлуулалтыг хариуцаж байсан гэсэн. С.Б, МХХК-ийн 2015..4..20-ны өдрийн орон сууц захиалгын гэрээнд Д.А гарын үсэг зураагүй нь шүүхийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 4550 дүгнэлтээр тогтоогдсон. Бас ТХХК-ийн захирал Д.А, тухайн үеийн МХХК-ийн захирал байсан Ж.Г нар нь МХХК-ийн хувьцаа эзэмшигч болж үйл ажиллагаа явуулж байх үед Л.Г захирлын өмнөх үйл ажиллагаатай холбоотой Тэлмэн хас банк бус санхүүгийн байгууллагын захирал М.Н нь удаа дараа төлбөр тооцоо шаардаж байсан талаар тайлбарлаж байна. Энэ бүгдээс дүгнэхэд МХХК-ийн захирал Л.Г нь хувьцаа эзэмшигч Д.А, Ж.Г нарыг хувьцаа эзэмшигчээс гармагц миний худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөлгүйгээр компанийн ерөнхий нягтлан бодогч ажилтай С.Бтэй хамтран хуурамч гэрээ үйлдэж, түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, тус банк бус санхүүгийн байгууллагад худалдсан мэт гэрээ үйлдэн өмнөх өр төлбөрт шилжүүлэн өгсөн байна гэж үзэж байна. Харин Тэлмэн хас банк бус санхүүгийн байгууллага маргаан бүхий орон сууцыг төрөл садангийн хүн байж болзошгүй С.Нд шилжүүлсэн байж болзошгүй талаар Баянгол дүүргийн бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн орон сууцтай холбоотой лавлагаагаар тогтоогдож байна. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Нгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч МХХК-ийн төлөөлөгч М.Ц гуравдагч этгээд С.Нгийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: МХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороонд 15 айлын орон сууцны барилгыг 2014 оны 7 дугаар сараас эхлэн барьж 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус компанийн барьсан 15 айлын орон сууцны барилгын 1 дүгээр давхрын 1 тоотын 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалагч иргэн С.Б 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өмчилж авсан. Иргэн С.Б нь өөрийн худалдан авсан орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* ХХК-д худалдсан байна. Дээрх нөхцөл байдлаас харахад маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь иргэн С.Н мөн бөгөөд өмчлөгч С.Н нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ТХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж 2 өрөө байр худалдаж аваад 4 дүгээр сарын 4-ний өдөр нүүж орсон. С.Б тус байрыг надад хүлээлгэж өгсөн. Байрыг авахад Д.А, н.Г, н.Г нар үзүүлж байсан. Байрыг өөр хүнд худалдсан талаар би мэдэхгүй байсан. Өнөөдөр харахад тэд өөрсдийн маргаандаа намайг татан оролцуулсан. Би төлбөрөө төлсөн байрандаа амьдрахыг хүсэж байгаа. Тэд яагаад огт шүүх хуралдаанд ирэхгүй байна вэ. Өөр хүнд байрыг худалдсан талаараа надад хэлээгүй шүү дээ. Би тухайн үед МХХК-ийн дансанд мөнгөө шилжүүлье гэхэд тэр гурав надад байгууллагын данс нь хаалттай гээд Д.А руу шилжүүлчих, бид зохицуулж өгнө гээд өөр гэрээ хүртэл үзүүлж байсан. Би тэдэнд итгэсэндээ харамсаж байна. Төлбөрийн баримт дээрээ би 66 м.кв 2 өрөө байрны төлбөр гэж шилжүүлсэн. Энэ бол зээл биш. Би шударга өмчлөгч мөн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ТХХК-ийн өмгөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Бид мөнгө авсан, байранд оруулсан нь үнэн гэв.

Хариуцагч С.Бгийн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 6 дугаар сард МХХК орон сууцыг ашиглалтад оруулсан. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр МХХК, С.Б нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Уг гэрээг баталгаажуулахаар ТХХК-тай гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч орон сууцтай холбоотой төлбөрийг огт төлөөгүй. С.Б нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ байгуулж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг авч бүртгүүлсэн. Нэхэмжлэгчийн шаардлага нь үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч МХХК-ийн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь анх МХХК-ийн захирал Д.А, н.Г нартай хамтарч 15 айлын орон сууцыг 2014-2016 онд ашиглалтад оруулсан. Тэгээд Д.А, н.Г нар хувьцаа эзэмшигч нар болсон. Ингэхдээ орон сууцны борлуулалтыг ТХХК-д хариуцуулсан. 2016 оны 8 дугаар сард улсын комисс байрыг хүлээн авсан. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр №1 дугаартай орон сууц захиалгын гэрээгээр С.Бд өгсөн. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Учир нь Д.А, н.Г нар мөнгө авахын тулд л хууль бус гэрээ хийсэн болохоос чин санаанаасаа хийгээгүй. Н.Цгийн гэрээ нь хууль бус гэрээ. С.Бтэй гэрээ хийчихээд Н.Цтай дахин хийж байгаа нь хууль бус. Хамгийн эхэнд хийсэн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр гэдэг нь баримтуудаар нотлогдож байна. Н.Ц, МХХК нарын хооронд харилцаа үүсээгүй гэв.

Гуравдагч этгээд С.Нгийн төлөөлөгч Л.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3 дугаар хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд зээлийн гэрээ байгаа. Уг гэрээгээр тус орон сууцыг барьцаалж буй мэтээр мөнгө авч байсан. Тэр мөнгөө 3 дансанд хувааж авч байсан. Үүний нэг жишээ нь уг орон сууц. Хавтаст хэргийн 55, 79, 80 дугаар талд үүнтэй холбоотой баримтууд байна. Н.Ц мөнгөө авмаар байна гэж хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгох хэрэгтэй. Хэрэв мөнгөө нэхэж байгаа бол Д.Ааас нэхэх хэрэгтэй. Гэтэл шударга өмчлөгч биднийг хохироогоод байна. С.Н байрандаа орох гэтэл нэхэмжлэгчийн дүү байсан. Үүнтэй холбоотойгоор албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс н.Б гэх хүн амьдарч байгаа эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн. Таны хүсэл зориг бол зээл өгөх байсан байна, Д.А нь МХХК-д ямар албан тушаал эрхэлдэг байсныг мэдэхгүй. Гэтэл ТХХК гэх компаниар борлуулна гэж борлуулалтын мөнгийг хувийн дансандаа аваад, хувьдаа ашигласан байгаа тул түүнтэй л тооцоогоо бодох хэрэгтэй. С.Б 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулж уг байрыг авсан. Түүний дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрчилгээгээ гаргуулж авсан байсан. Тийм байхад нэхэмжлэгч яагаад гэрчилгээгээ авахгүй зүгээр суугаад байсан юм бэ. Тиймээс та байр аваагүй, мөнгө зээлүүлсэн харагдаад байна. С.Б байраа 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Тэлмэн Хас ХХК-д шилжүүлсэн. С.Н сүүлд нь шилжүүлж авсан. Хэргээс харахад та мөнгө зээлээд, бид байрны шударга өмчлөгч гэдэг нь тогтоогдож байна. 4 дүгээр хавтаст хэргийн 159 дэх хуудсанд С.Бгийн нэр дээр гэрчилгээ гаргаж өгнө үү гэх баримт байгаа. 4 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар хуудсанд мөн Д.Аын гарын үсэг мөн гэх шинжээчийн дүгнэлт байгаа. Ийм ойлгомжтой зүйлд биднийг чирэгдүүлээд 3 жил болсон байна. Бид шударгаар олж авсан байраа захиран зарцуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч МХХК-ийн төлөөлөгч М.Ц сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ТХХК Н.Ц нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна. Тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус, хууль бус. Учир нь өмнө нь буюу 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр С.Бтэй гэрээ хийчихээд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дугааргүйгээр ТХХК-ийн Д.А захирал гэрээ хийж байгаа нь хууль бус учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан гэрээ юм. Иргэний хуулийн 250 дугаар зүйлд зааснаар С.Б орон сууцны өмчлөгч тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч МХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. ТХХК нь 2 удаа бичгээр тайлбар гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл бол 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ТХХК гэрээ байгуулахад тус байгууллага борлуулалтыг хариуцаж байгаа талаар МХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Г, Д.А нар тайлбарласан. Д.А нь тусдаа ТХХК-ийн захирал байсан. Борлуулалт хийж байсан боршур нь хэрэгт байгаа. Тэр 3 хувьцаа эзэмшигч нар худалдан авагч нар олж ирж байх үед МХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөн шүүхийн шийдвэрээр хаагдсан байсан. Түүнийгээ тайлбараар иргэдээс мөнгө авч байсан нь тогтоогддог. Нэхэмжлэгч гүйлгээний утган дээрээ тодорхой бичсэн байгаа. Бидний хооронд зээлийн гэрээ байгуулах ашиг сонирхол байгаагүй. Д.А дансандаа хийчих гэж хэлсэн. Гэтэл М ХХК нь эхний талбартаа ТХХК бол манай борлуулалтыг хариуцаж байгаагүй, Н.Цтай гэрээ байгуулаагүй гэдэг боловч 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тайлбартаа борлуулалтыг ТХХК хариуцаж байсан, 2016 оны 9 дүгээр сард улсын комисст хүлээлгэж өгөөд гэрчилгээ гаргуулахад М ХХК-тай гэрээ хийгээгүй байна, сольж ир гэх шаардлага тавьсан тул бусад иргэдтэй байгуулсан гэрээгээ М ХХК-тай байгуулсан мэт өөрчилсөн. Энэ дунд нь С.Б байсан тул гэрчилгээ авсан. Уг гэрээг бид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гарын үсгийг нь судлуулахад таараагүй байдаг. н.Г С.Бтэй гэрээ байгуулаагүй, нэг төгрөг ч төлөөгүй. ******* ХХК-д байр шилжсэн. М ХХК-ийн өр төлбөрт шилжүүлсэн гэсэн. ******* ХХК-иас С.Н руу шилжүүлсэн. Мөн л нэг ч төлбөр төлөөгүй. Зөвхөн Н.Ц л төлбөр төлсөн. С.Бтэй огт гэрээ байгуулаагүйг н.Гансүх гэрчилнэ. 2016 оны 9 дүгээр сард н.Г зөвшөөрлөөр С.Бгийн нэр дээр гэрчилгээг олгооч гээд хүсэлт гаргасан байдаг. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл түүний нэрээр баримт үйлдээд, улсын бүртгэл түүнийг нь гэрчилсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд С.Нгийн төлөөлөгч Л.Т бие даасан шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бие даасан шаардлагаа гаргасан. Маргаан бүхий орон сууцны эзэмшил, ашиглалтыг Н.Цгаас чөлөөлүүлж, С.Нгийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэх шаардлага гаргасан. Учир нь С.Нгийн байранд өөр хүн амьдарч, захиран зарцуулах эрх нь түдгэлзсэн байгаа. ТХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөд байгаа юм бол хохирлыг барагдуулчих юм бол болохоор харагдаад байна. Сайн дураараа хариуцна гэж байгаа бол түүнд хариуцуулъя. С.Б нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан байна гэв.

Нэхэмжлэгч Н.Ц гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий орон сууцны анхны өмчлөгч гэх С.Б 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ нь хууль бус гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Улсын бүртгэлийн байгууллагад хуурамч баримт бүртгүүлж, гэрчилгээ гаргуулж авсан. Уг гэрчилгээгээ МХХК-ийн өр төлбөрт тооцуулж, Тэлмэн Хас ББСБ ХХК-д шилжүүлэн өгсөн баримтууд Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирсэн. Уг баримтад төлбөрт тооцож авсан тухай хувьцаа эзэмшигч нарын шийдвэр авагдсан. ******* ХХК-иас уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээгээр 55,000,000 төгрөгөөр авсан талаарх баримт мөн ирсэн. Үүнтэй холбоотой төлбөр төлөөгүй нь тодорхой болсон. ******* ХХК нь гэр бүлийн гишүүд хоорондын компани тул төрлийн хүндээ шилжүүлсэн юм байна. Өөрсдийнх нь байр мөн л юм бол байранд нь хүн амьдраад байхад яагаад нэг ч удаа ирээгүй вэ. Маргаантай эсэх талаар нэг ч удаа тодруулаагүй. С.Н гэх хүний нэр дээр байр шилжсэн тухай мэдсэн даруй бид Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэв С.Б 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ хийсэн юм бол яагаад 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэрээгээ байгуулж, төлбөрөө төлөөд, уг орон сууцыг авахад хүний байр гэж хэлээгүй вэ. Улсын комисс авахгүй байгаа тул ашиглалттай холбоотой төлбөр тооцоо МХХК дээр гараад байгаа тул нэхэмжлэгч болон бусад хүмүүсээс төлбөр авч байсан. Тэрээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй тул шударга өмчлөгч мэт харагдаад байна. 2016 оны 9 дүгээр сард шинээр бий болсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахдаа нягтлан нь хууль бус бичиг баримт бүрдүүлсэн. ******* ХХК нь төлбөр тооцоо асуудлыг тусдаа ярих хэрэгтэй. Байнгын шударга өмчлөгч мэт байж болохгүй, жинхэнэ төлбөр төлсөн хүн нь нэхэмжлэгч тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ТХХК-ийн өмгөөлөгч Г.Т гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг нь энэ асуудлаа С.Б, Тэлмэн Хас ББСБ ХХК нартай ярих хэрэгтэй. Үүрэг дуусгавар болсон хэлцэл хэрэгт байхгүй, мөнгө өгсөн авсан баримт ч байхгүй байхад шударга өмчлөгч гэж ярих нь хэр зохимжтой вэ. С.Бгийн гэрээний тухайд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Улсын бүртгэлээс ирсэн баримтад ч байгаа. Д.Аын гарын үсэгтэй зүйл байхгүй, байсан бол бүртгэлийн газраас ирнэ. С.Бгийн шилжүүлж авсан байрыг байгууллагын нягтланд 30,000,000 төгрөгөөр өгөхгүй. Гуравдагч этгээдийн шаардлага нь буруу үндэслэлтэй, шударга өмчлөгч гэж харагдахгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч МХХК-ийн төлөөлөгч М.Ц гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлагыг дэмжиж байна. С.Б ******* ХХК-д байрыг барьцаалсан. Зээлийн төлбөрт байрыг шилжүүлж өгсөн нь худалдах-худалдан авах гэрээ, зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна. С.Н нь шаардах эрхтэй. С.Бтэй гэрээ байгуулаагүй гээд байна. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №1 гэрээгээр Д.А захирал, н.Г нар гарын үсэг зурсан. Үүнийг 2014 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулж улсын бүртгэлд бүртгүүлэхэд ТХХК-ийн гэрээг аваачихад бүгд буцаагдаад байсан тул манай компаниар засварлагдаж орсон. Эхний шинжээчийн дүгнэлтээр Д.А, н.Г нарын гарын үсгийг зөв гэсэн дүгнэлт гарсан. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч С.Бгийн төлөөлөгч Л.Б гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бие даасан шаардлагыг дэмжиж байна. Хэрэгт 72,000,000 төгрөгийг С.Н ******* ХХК-д шилжүүлсэн баримт байгаа. С.Н Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар шударга өмчлөгч мөн. 4 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр талд авагдсан баримтаар Д.А нь 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст маргаж буй орон сууцыг С.Бгийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасан байгаа. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээнд тухайн үед МХХК-ийн захирал н.Г батлав гэсэн байдаг. Түүний гарын үсгийг биш гэсэн дүгнэлт гараагүй. Хэргийг шударгаар шийдвэрлүүлэх зарчим байдаг атал ТХХК нь худал мэдүүлэг өгч байна. Д.А нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ байгуулаагүй, миний гарын үсэг биш гэсэн. Гэтэл сүүлд шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг мөн гэдэг нь нотлогдсон. ТХХК барилгыг борлуулах эрхтэй юм бол яагаад 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр С.Бгийн нэр дээр гаргаж өгөөч гэх хүсэлтийг гаргаад байна вэ. 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээг МХХК-тай байгуулсан. 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг баталгаажуулах зорилгоор дахин байгуулсан. н.Г үүнийг өөрийн гарын үсэг нь биш гэсэн тайлбар өгөөгүй. Хуурамч нотлох баримтын дагуу гэрчилгээг олж авсан гэдэг нь үндэслэлгүй. С.Н нь шударга өмчлөгч, мөнгөө шилжүүлж гэрчилгээ авсан. С.Н 2016 оноос хойш өнөөг хүртэл тус байрыг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй хохирч байна. 15 орон сууц борлуулчихаад Н.Ц гэрчилгээгүй үлдээд 2 жил болоод байхад юу бодож байсан юм бэ гэж асуухад н.Г энэ байр биш дараа барих байрнаас нэхэмжлэгчид орон сууц өгөхөөр тохиролцсон гэсэн. МХХК нь С.Б, ******* ХХК-тай харилцан тохиролцож шилжүүлж өгсөн. Н.Цгийн шилжүүлсэн мөнгөтэй холбоотой МХХК-д төлбөр ороогүй, С.Н 72,000,000 төгрөгийг төлсөн тул бие даасан шаардлагыг нь дэмжиж байна гэв.

Гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгч С.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн гүйцэтгэсэн ажилтай энэ бол шууд холбоотой. Бид хуулийн дагуу ажилласан. Зохигчдын тайлбарыг сонсоход зайлшгүй манай эрх, ашиг хөндөгдөж байна. Үүнтэй холбоотой баримтуудыг судлуулна. ******* ХХК нь байрыг дамжуулсан, төлбөр аваагүй гэж нэхэмжлэгч хэлж байна. Гэхдээ бид шаардлага гаргасан боловч хүлээн аваагүй. Зээлийн төлбөрийн хугацаа сунгах тухай баримтад ******* ХХК нь 99,120,000 төгрөгөөр байрыг авч байгаа нь бүрэн нотлогддог. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 99,120,000 төгрөгийг төлөх боломжгүй байсан тул тухайн өдрийн баримт байхгүй. Хугацаа сунгах хэлцлээр манайх хэдэн төгрөг төлж байрыг авсан нь бүрэн нотлогдоно. Гэтэл биднийг мөнгө төлөлгүй байрыг авсан гээд байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. С.Б гарын үсэг зураагүй. Бид санхүүгийн эх үүсвэртэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг учраас байрыг зарах л сонирхолтой байсан тул зарсан. Үүнтэй холбоотойгоор худалдах-худалдан авах гэрээ хэрэгт байгаа. Нэхэмжлэгч тал биднийг зүгээр шилжүүлж өгсөн мэтээр хэлж буй нь үндэслэлгүй байна. Бид байрыг хүлээлгэж өгч чадаагүй тул С.Н гэх хүнээс байрны мөнгийг авч чадаагүй, анх тохиролцсон үнээрээ өгч чадаагүй хохирч байна. Нэхэмжлэгчийн төлсөн мөнгө, ******* ХХК-ийн төлсөн мөнгө нь зөрүүтэй буюу Н.Ц 2,3 дахин хямд үнээр байрыг авсан. Ноцтой шалтгаан байж л ийм хямд авах байх. Н.Ц байрыг хямд авах шалтгаан байсан байх, түүнийгээ тайлбарлах шаардлагатай байх. Байрыг өмчилж байсан С.Б нь 18 тоотод байрлах өөрийн 1 өрөө байрыг барьцаанд тавьж 50,000,000 төгрөгийн зээлийг ББСБ-аас авсан. Түүнтэй холбоотой 2015 онд гэрээ байгуулж, бүгд гарын үсэг зурсан. Үүнийг н.Г, Д.А нар амаараа үгүй гэж байгаа ч шинжээчийн дүгнэлт гарсан. 1 тоотыг С.Бд өмчлүүлэх нь зүйтэй гэх баримт хэрэгт байна. Гэтэл дахин тус байрыг Н.Цд өгч байгаа нь өөрөө олж авах гэсэн сэдэлтэй үйлдэл болсон байна. Он цагийн дарааллаар шалгах хэрэгтэй. Түүнээс биш санаатайгаар хуурамч гарын үсэг зурж улсын бүртгэл рүү явуулсан нь гэмт хэрэг эсэхийг энэ хурлаар шийдэхгүй. Н.Цгаас хэн, ямар зорилгоор мөнгө авсныг нь анхаарах хэрэгтэй. н.Г нь С.Бд шилжүүлж өгч, хууль ёсны баримт үйлдсэн. ******* ХХК хууль ёсны өмчлөгчөөс нь гэрээ хийж аваад өмчлөгч болсон нь Иргэний хуулийн 114-т зааснаар шударга ёсны өмчлөгч болсон. Үүнийгээ С.Нд худалдах нь хуулийн дагуу байх тул гуравдагч этгээдийн шаардлагыг дэмжиж байна. гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч ТХХК, МХХК, С.Б нарт холбогдуулан хариуцагч МХХК, С.Б нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож Баянгол дүүргийн 5 дугаар хороо, .....тоотод орших 2 өрөө, 66.08 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч МХХК, нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч ТХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг,

Гуравдагч этгээд С.Н, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байрны 1 тоотод оршин байх 2 өрөө, 66.08 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож уг орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгчид даалгах бие даасан шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухай

Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч ТХХК нар 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохигчийн маргаж буй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ....... тоотод орших 2 өрөө, 66.08 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 42,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулжээ. Гэрээний 2.1-д зааснаар худалдагч нь орон сууцыг 2017 оны 04 дүгээр сард худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр заажээ. Нэхэмжлэгч гэрээний үнийг ТХХК-ийн захирал Д.Аын Төрийн банкин дахь ......... тоот дансанд гэрээ байгуулсан өдөр шилжүүлжээ. /1-р ХХ-ийн 4-6, 2-р ХХ-ийн 197 дахь тал/

Зохигчийн зүгээс Баянгол дүүргйн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол буюу 3 дугаар эмнэлгийн замын урд талд баригдсан 15 айлын орон сууцны барилгаас орон сууцыг бусдад худалдах эрх хариуцагч ТХХК-д олгогдсон эсэх, тус орон сууцны барилгад ТХХК оролцсон эсэх талаар талууд маргаж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч ТХХК нь өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж нэхэмжлэгчид маргаж буй орон сууцыг худалдсан гэх маргаан өрнөжээ. Хэрэгт цугларсан бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбараас үзвэл хариуцагч МХХК нь дээрх 15 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулах, хариуцагч ТХХК нь орон сууцыг худалдан борлуулахаар харилцан тохиролцсон нь гэрч Ж.Г, Л.Г нарын мэдүүлэг, МХХК, Тог ХХК нараас иргэн П.Цтай 2014 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ, дурдсан 15 айлын орон сууцны барилгын борлуулагч нь ТХХК болохыг илтгэсэн танилцуулга зэргээр тогтоогдож байна. Энэ хүрээнд хариуцагч ТХХК, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулжээ. Иймд хариуцагч ТХХК нь дээрх 15 айлын орон сууцыг бусдад худалдан борлуулахаар гэрээ байгуулах эрхтэй буюу нэхэмжлэгч Н.Цтай 2016 онд байгуулсан орон сууц худалдах- худалдан авах гэрээг хууль зөрчсөн, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. /1-р ХХ-ийн 19, 21-23 дахь тал/

Нийтийн зориулалттай орон сууцны барилгад нэхэмжлэгч захиалагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй, дээрх гэрээ нь нэршлээсээ үл хамааран Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээнд хамаарах ба нэхэмжлэгч, хариуцагч ТХХК нарын хооронд байгуулсан дурдсан гэрээ нь хүчин төгөлдөр байна. Учир нь хариуцагч дээрх барилгыг нэхэмжлэгчтэй гэрээ байгуулснаас үл хамааран барилгын ажлыг эхлүүлж, нэхэмжлэгчийн ямар нэгэн оролцоогоор барилгыг барьж ашиглалтад оруулах эрх нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасны дагуу хариуцагч хууль тогтоомжид заасан барилга барих, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсны үндсэн дээр тус барилгын ажлыг гүйцэтгэх тул нэхэмжлэгч мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй. Мөн нэхэмжлэгч барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлэх, техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг авах, барилгын ажлыг эхлүүлэх, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх болон барилгын үйл ажиллагаатай холбоотой аливаа эрсдэл, хохирлыг хариуцах зэрэг барилга захиалагчийн үүргийг хүлээхгүй, харин худалдан авагчийн хувьд гэрээний хяналтыг хэрэгжүүлэх нийтлэг эрх нь нэхэмжлэгчийг захиалагч гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч ТХХК нарын хооронд маргаж буй орон сууцыг худалдах-худалдан авахаар гэрээг 2016 онд байгуулсан нь хариуцагч С.Б, МХХК нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр бусдад худалдсан орон сууцыг худалдахаар давхар гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, тус гэрээний дагуу хариуцагч С.Б орон сууцны үнэд 39.468.000 төгрөгийг гэрээний нөгөө талд төлж 1 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн гэж тайлбарлаж байна.

Хэргийн оролцогчийн зөрүүтэй тайлбарыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан шинжлэхэд хариуцагч С.Б 2015 онд, нэхэмжлэгч 2016 онд тус тус маргаж буй орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулжээ. Хариуцагч С.Б дээрх орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж улмаар өмчлөх эрхээ гуравдагч этгээд *******, ХХК-д шилжүүлж, гуравдагч этгээд Г.Н өмчлөлд шилжин бүртгэгджээ. /1-р ХХ-ийн 227-240, 2-р ХХ-ийн 200, 213-231 дэх тал/

Гэвч хариуцагч С.Б нь гэрээнд заасан орон сууцны үнэ 39.468.000 төгрөгийг МХХК-д төлсөн үйл баримт тогтоогдоогүй, гэрч Ж.Г нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хугацаанд хариуцагч МХХК-ийн гүйцэтгэх захирлаар, гэрч Л.Г 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс мөн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан нь улсын бүртгэлийн лавлагаа, МХХК-ийн хувийн хэрэг дэх мэдээллээ нотлогдсон ба гэрч Ж.Гийн С.Бтэй 2015 оны 04 дүгээр сард гэрээ байгуулаагүй, С.Бд байр өгөх талаар огт яригдаж байгаагүй гэх мэдүүлгийг бодитой гэж дүгнэв. /1-р ХХ-ийн 82, 181, 3-р ХХ-ийн 104, 106 дахь тал/

Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 707 тоот дүгнэлтээр хариуцагч С.Б, МХХК нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 1 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээн дэх Батлав хэсэгт Д.Аын гарын үсгийн, Гэрээ байгуулсан хэсэг дэх Ж.Гийн гарын үсгийн загвар нь Д.А, Ж.Г нарын гарын үсгийн загвартай тохирч байна гэжээ. Энэхүү дүгнэлт, 1 тоот гэрээг үндэслэн хариуцагч /хариуцагч ТХХК-ийн талаас бусад/, гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч С.Б, МХХК нар орон сууц захиалгын гэрээг бодитой байгуулсан гэж маргаж байна. Гэвч Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 16-ны, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус шүүхэд ирүүлсэн баримтаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ...... тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн ...... дугаар бүхий 2 өрөө, 66.08 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр С.Б 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэгдэх үндэслэл болсон гэрээ нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан, хэргийн 2-р хавтасны 151-152 дахь талд нотлох баримтаар авагдсан 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1 тоот Орон сууц захиалгаар бариулах бус харин хэргийн 1-р хавтасны 215-218 дахь талд нотлох баримтаар авагдсан гэрээ байна. /1-р ХХ-ийн 210-226, 2-р ХХ-ийн 151-152 болон 3-р ХХ-ийн 232-235-д эх хувиар, +182, 200-212 дахь тал/

Түүнчлэн нэг агуулга бүхий энэхүү хоёр өөр гэрээний нэг нь буюу хариуцагч С.Бг дээрх 1 тоот орон сууцын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болсон хэргийн 1-р хавтасны 215-218 дахь талд нотлох баримтаар авагдсан гэрээнд хэн гарын үсэг зурсан, хэн зураагүй болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4550 тоот дүгнэлтээр тогтоосон нь хариуцагч МХХК, хариуцагч С.Бтэй 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээг албан ёсоор байгуулаагүй болохыг нотолжээ. /2-р ХХ-ийн 110-116 дахь тал/

Хариуцагч С.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр маргаж буй орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан гэх боловч 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч уг орон сууцыг өмчлөлдөө авахаар гэрээ байгуулж, эзэмшлийг шилжүүлэн авч байхад гүйцэтгэгч талыг төлөөлөн орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн нь түүний хувьд маргаж буй 1 тоот орон сууцыг худалдан авах бодит хүсэл зориг байсан, бодитоор худалдан авсан гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Хариуцагч С.Бгийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа, С.Б компанийн орон сууц хүлээлцэх баримтыг ашиглан орон сууцаа ашиглуулахаар нэхэмжлэгчид шилжүүлсэн, орон сууцны үнийг бэлнээр өгсөн гэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэргийн үйл баримттай нийцсэн бодитой, үнэн зөв гэх байдлыг илэрхийлэхгүй, түүнчлэн тайлбараа баримтаар нотлоогүй байна. /2-р ХХ-ийн 182, 225-238 дахь тал/

Хариуцагч С.Б, МХХК нар нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, .......тоотод орших 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий 39.468.000 төгрөгийн үнэтэй, 2 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах жинхэнэ хүсэл зоригийн илэрхийллээр Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан гэж үзэхгүй. Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх үндсэн зарчмыг алдагдуулж, талуудын хүсэл зориг хуулийн хүрээнд бус бусад этгээд буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрхэнд халдсан, улмаар хохироох агуулгаар илэрхийлэгдэн нэгдэж дээрх 2015 оны 1 тоот гэрээг байгуулсан нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийллийн хүчин төгөлдөр байдалд тооцогдохгүй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасныг баримтлан хариуцагч С.Б, МХХК нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчингүй болгон шийдвэрлэв.

Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч Н.Ц нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, ........ тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүхий 2 өрөө, 66.08 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, өмчлөгч болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу маргаан бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулан худалдан борлуулах үүрэг хүлээсэн худалдагч буюу хариуцагч ТХХК, МХХК нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж худалдан авагч буюу нэхэмжлэгч Н.Цгийн орон сууцаа өмчлөх эрхийг баталгаажуулж бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй.

Гэвч маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл нь хариуцагч нарын бус гуравдагч этгээд С.Нгийн өмчлөлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шилжин бүртгэгджээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан учир шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үр дагаврыг арилгах, шийдвэрлэх үүргийн дагуу хариуцагч С.Б, МХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн нь тус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл болох хариуцагч С.Б, гуравдагч этгээд ******* ХХК нарын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, /тус гэрээний дагуу 2020.10.13-ны өдөр ******* ХХК нь маргаж буй 1 тоот орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн/, гуравдагч этгээд ******* ХХК, С.Н нарын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, /тус гэрээний дагуу мөн өдөр С.Н нь маргаж буй 1 тоот орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн/ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар тус тус анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан хэлцэл болно.

Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас үүссэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үр дагаврыг арилгах, шийдвэрлэх шаардлагатай учир мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн гуравдагч этгээд С.Нгийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, ...... тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн Ү-.......дугаар бүхий 2 өрөө, 66.08 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилсэн ........ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгов.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, ........ тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн .......... дугаар бүхий 2 өрөө, 66.08 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээд С.Нгийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэнийг нэхэмжлэгч Н.Цгийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг хариуцагч ТХХК, МХХК болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухай

Хариуцагч МХХК, нэхэмжлэгчид холбогдуулан Н.Ц, ТХХК нарын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг шаардлага гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар тодорхойлсон нь хариуцагч дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ дүгнэсэн тул энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч МХХК нь хариуцагч ТХХК-ийг Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 15 айлын орон сууцыг бусдад буюу нэхэмжлэгч Н.Цд худалдан борлуулах, захиран зарцуулахаар гэрээ байгуулах эрхгүй тухай тайлбарлан мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хийсэн үндэслэлээр дээрх 2016 оны орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дүгнэхэд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл мөн тэнд дүгнэгдсэн тул давхардуулан дүгнэх шаардлагагүй ба шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч МХХК-ийн нэхэмжлэгчид холбогдуулан нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч ТХХК нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухай

Гуравдагч этгээд С.Н нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ...... тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүхий 2 өрөө, 66.08 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож уг орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч Н.Цд даалгах бие даасан шаардлага гаргажээ. Гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлийг ******* ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний өмчлөлдөө шилжүүлэн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан, нэхэмжлэгч уг орон сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзсан, хууль бусаар эзэмшиж байгаа гэжээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигч, хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Гуравдагч этгээд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг мөн гуравдагч этгээд ******* ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний олж авчээ. Шүүх хуралдаанд гуравдагч этгээд ******* ХХК-ийн төлөөлөгч С.Л хэлцэл байгуулахад С.Б, Л.Г нар тайлбарлахдаа өр төлбөрөөс 100,000,000 төгрөгөө хасчих юм бол тэр сууж байгаа хүнийг нь гаргаад өгнө гэсэн. Бид эхлээд 52,000,000 төгрөгийг өгөөд дараа нь хүнээ гаргахаар үлдэх мөнгийг нь өгөхөөр болсон гэж, гуравдагч этгээд С.Нгийн төлөөлөгч ******* байранд хүн байсныг нь мэдэж байсан, шилжүүлж авчихаад очъё гэж бодсон, бид хүн түр сууж байна гэж ойлгосон гэж тус тус тайлбарласан бөгөөд энэ талаар хэргийн бусад оролцогч нар маргаагүй байна. Энэхүү тайлбараас үзвэл гуравдагч этгээдүүд нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхээс өмнө уг орон сууцыг биечлэн очиж үзэн магадлаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд орон сууцны өмчлөлийн маргаантай болохыг мэдэж байсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн гуравдагч этгээд С.Н буюу төлөөлөгч Л.Т, ******* ХХК нар нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн талаар харилцан мэдээлэл солилцох боломжтой этгээдүүд гэж үзэхээр байгаа нь дараах үйл баримтаар тогтоогдож байна. Төлөөлөгч ******* нь ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд дурдсанаар 2018 онд гүйцэтгэх захирлаар томилогдсоныг бүртгэсэн, тэрээр тус хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ХХК-ийг төлөөлөх С.Лыг томилжээ. ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хурлын шийдвэр, дүрэмд зааснаар Л нь гуравдагч этгээд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч байна. Гуравдагч этгээд С.Н 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Л.Т-д шүүхэд төлөөлөх эрх олгожээ. /3-р ХХ-ийн 197, 205, 211, 231-236, 247 дахь тал/

Дээрх үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж зааснаар маргаан бүхий өмчлөгчөөр бүртгэгдсэн гуравдагч этгээд С.Н нь уг орон сууцыг шударгаар олж авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн үндэслэл нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэж хариуцагч С.Б, МХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны орон сууц захиалгаар бариулах гэрээ, хариуцагч С.Б, гуравдагч этгээд ******* ХХК нарын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн, мөн гуравдагч этгээд ******* ХХК, С.Н нарын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэснээр гуравдагч этгээд С.Нгийн өмчлөлд бүртгэгдсэн маргаан бүхий 1 тоотод орших үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн ..... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг мөн хүчингүй болгосон.

Иймд гуравдагч этгээд С.Нгийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ...... тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн .......... дугаар бүхий 2 өрөө, 66.08 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх үндэслэл болсон гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хэлцлийн үр дагаврыг арилгах үүргийг хариуцагч болон бүртгэх байгууллагад даалган шийдвэрлэсэн гуравдагч этгээд С.Нгийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцнаас нэхэмжлэгч Н.Цг албадан чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагадаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 58, 63 дугаар зүйлд зохицуулсны дагуу хуваарилав.

Хариуцагч МХХК 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь эд хөрөнгийн бус, мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй нэхэмжлэлд тооцогдохгүй учир 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь хуульд нийцэхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийг мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар тодорхойлох тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон Н.Ц, ТХХК нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний үнэ 42,500,000 төгрөгийн үнээр тооцож 370,450 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй байжээ. Иймд өмнө төлсөн 70,200 төгрөгийг хасч 300,250 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Гуравдагч этгээд С.Н мөн 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр шүүхэд гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлага нь эд хөрөнгийн бус, мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй нэхэмжлэлд тооцогдохгүй учир 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлснийг хуульд нийцсэн гэж үзэхгүй. Бие даасан шаардлагын үнийг мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-д зааснаар тодорхойлоход ******* ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үнэ 50,000,000 төгрөгөөр тооцож 407,950 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй байжээ. Иймд энэ шаардлагадаа өмнө төлсөн 70,200 төгрөгийг хасч 337,750 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.4, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Б, МХХК нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг, мөн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, ....... тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн ....... дугаартай 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Ц г тус тус тогтоож, мөн гуравдагч этгээд С.Н /-гийн өмчлөлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, .... тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн ....... дугаартай 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн .... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Цг улсын бүртгэлд бүртгэхийг хариуцагч ТХХ //, МХХК //, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгасугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч МХХК-ийн нэхэмжлэгч Н.Ц, хариуцагч ТХХК нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг, мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул гуравдагч этгээд С.Нгийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, .......тоотод орших, эрхийн улсын бүртгэлийн ....... дугаартай 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч Н.Цд даалгах бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Н.Цгийн төлсөн 805,840 төгрөг, хариуцагч МХХК-ийн төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд С.Нгийн төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ТХХК, МХХК нараас 440,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Цд олгож, хариуцагч МХХК-иас 300,250 төгрөг, гуравдагч этгээд С.Нгаас 337,750 төгрөг тус тус нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ