Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01003

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01003

 

 

 

Н.Ц -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00423 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Ц -гийн хариуцагч "Т" ХХК, "М" ХХК, С.Б д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, "М" ХХК болон С.Б нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг Н.Ц -гийн нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах үндсэн нэхэмжлэлтэй

Хариуцагч "М" ХХК-ийн Н.Ц - болон "Т" ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоол тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Нямаагийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг чөлөөлөхийг Н.Ц -д даалгах шаардлагатай иргэний хэргийг зохигч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц -, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа, хариуцагч "Т" ХХК-ийн төлөөлөгч Д.Ангар, түүний өмгөөлөгч Г.Тэгшжаргал, хариуцагч "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагч С.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Ц - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие "Т" ХХК-тай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан уг гэрээгээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн 16010, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоотод байршилтай, 2 өрөө 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг 42 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан. Дээрх орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж, холбогдох зардлыг бүрэн төлж ирсэн. Үүнээс хойш "Т" ХХК нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх болон өөр бусад шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өгөхгүй байна.

Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаас үзвэл "М" ХХК нь С.Б тэй орон сууц захиалгын гэрээ байгуулан орон сууцыг худалдсан байна. Уг гэрээний гүйцэтгэгч талыг төлөөлж Д.Ангар гэж зурагдсан гарын үсэг нь хариуцагч "Т" ХХК-ийн захирал, тухайн үеийн "М" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ангарын гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. С.Б нь "М" ХХК-д ерөнхий нягтлан бодогч ажилтай бөгөөд уг орон сууцыг намайг худалдан авсан гэдгийг мэдсэн атлаа хуурамч баримт үйлдэн орон сууцыг өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдан борлуулжээ.

Иймд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн "М" ХХК болон С.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцон, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн 16010, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоотод байршилтай, 2 өрөө 66.08 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч Н.Ц - мөн болохыг тогтоож, түүний өмчлөх эрхийг бүртгэлийн байгуулагад бүртгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Т" ХХК-ийн төлөөлөгч Д.Ангар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Т" ХХК нь "М" ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Баянгол дүүргийн 5 дугаар хороон дахь 15 айлын орон сууцны барилгыг худалдах, борлуулах ажлыг хариуцаж байсан. Н.Ц -д маргаан бүхий орон сууцыг 42 500 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулан төлбөрийг мөн өдрөө миний Төрийн банк дахь 108801358765 тоот дансанд шилжүүлсэн. Тухайн үед "М" ХХК нь бусдад төлөх төлбөртэйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус компанийн арилжааны банк дахь данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон байсан учир миний хувийн дансанд мөнгийг шилжүүлэн авсан. Энэ мөнгөнөөс бэлнээр 12 500 000 төгрөгийг "М" ХХК-ийн тусгай зөвшөөрөл сунгуулахаар компанийн ерөнхий нягтлан бодогч С.Б д, 30 000 000 төгрөгийг тухайн барилгын газрын үлдэгдэл төлбөрт газрын өмчлөгч Л.Баяржаргалд шилжүүлэх байдлаар "М" ХХК нь өөрийн үйл ажиллагаанд бүрэн зарцуулсан болно.

Мөн уг орон сууцыг гэрээний 2.1-д заасны дагуу 2017 оны 4 дүгээр сард багтаан захиалагчид хүлээлгэн өгөх байсан бөгөөд улсын комисс барилгыг хүлээн аваагүй хэдий ч 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Н.Ц -д орон сууцыг нь хүлээлгэн өгсөн бөгөөд тэрээр өнөөдрийг хүртэл орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа. "М" ХХК нь барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн боловч Н.Ц -д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөх үүргээ биелүүлээгүй нь үнэн болно. Иймд Н.Ц -гийн нэхэмжлэлийн шаардлагыг манай компани хариуцахгүй, "М" ХХК хариуцах ёстой гэжээ.

Хариуцагч "М" ХХК-ийн төлөөлөгч Л.Гончигсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ц - нь "М" ХХК-тай Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 80/6 дугаар байр, 1 тоот хаягт байрлах, 2 өрөө, 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг 42 500 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ огт байгуулаагүй, орон сууцтай холбоотой төлбөр өгч байгаагүй. Н.Ц - нь орон сууцыг 42 500 000 төгрөгөөр худалдан авсан гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тухайн барилгад баригдсан орон сууцны м.кв-ийг нь 1 800 000-2 000 000 төгрөгөөр худалдан борлуулж байсан. Түүнчлэн хариуцагч "М" ХХК нь орон сууц борлуулах эрхийг "Т" ХХК-д олгоогүй, тийм гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. Иймд Н.Ц -гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би "М" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тус компанийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төв /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаартай, 15 айлын орон сууцыг барьж улмаар 2016 оны 6 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн. "М" ХХК нь орон сууцны ажилд хөрөнгө оруулахдаа миний өмчлөлийн орон сууцыг барьцаалан Монголиан мортгэйж фанд ББСБ-аас 50 000 000 төгрөгийн зээл авсан боловч үндсэн зээл, хүүг огт төлж барагдуулаагүй. Иймд надад ашиглалтанд орж байсан 80/6 дугаар байрны 1 тоотын 66.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөх санал тавьж улмаар 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан. Түүнчлэн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг баталгаажуулах зорилгоор гэрээний 12.3-т заасны дагуу "М" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан Д.Ангарын "Т" ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан болно. Нэхэмжлэгч Н.Ц - нь "М" ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч байгаагүй бөгөөд "Т" ХХК нь "М" ХХК-ийн барьсан орон сууцын худалдан борлуулах эрхгүй этгээд байсан болно.

Харин "М" ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан Д.Ангар, Ж.Гансүх нар нь Мастер пропертиз ХХК-д цуг ажиллаж байсан гэх Н.Ц -г түр амьдруулаач гэж хүсэлт гаргасны дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөд амьдруулж, ашиглалтын зардлыг "М" ХХК-д төлж байснаас бус үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой төлбөр огт төлөөгүй болно. С.Б нь "М" ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэрээг дахин байгуулж улмаар мөн оны 9 дүгээр сарын 13-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн болно. С.Б гийн зүгээс 2017 оны 1 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч Н.Ц -д үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдсан тул орон сууц чөлөөлж өгөх шаардлагыг удаа дараа өгч байсан бөгөөд удахгүй чөлөөлж өгнө гэж байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Н.Ц -гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Нямаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Ц -гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. С.Нямаа нь Тэлмэнхас ББСБ ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан уг орон сууцыг худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тухайн үед дээрхи орон сууцанд Н.Ц -гийн төрсөн дүү Н.Байгалмаа гэдэг хүн оршин сууж байсан ба орон сууцыг маань чөлөөлж өгөхөөс татгалзсан тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н.Байгалмааг орон сууцнаас албадан гаргуулахаар хандсан боловч шүүх уг орон сууц Н.Байгалмаагийн эзэмшил ашиглалтад байгаа нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Н.Ц - нь С.Нямаагийн өмчлөлийн, түүний худалдан авсан орон сууцыг өөрийн өмч хөрөнгө болгох зорилгоор хуурамч баримт материал бүрдүүлэн шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч "М" ХХК-ийн төлөөлөгч Л.Гончигсүрэн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр С.Б тэй орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 80/6 дугаар байрны 1 тоотын 2 өрөө бүхий 66.08 м.кв талбай бүхий орон сууцыг С.Б гийн өмчлөлд бүртгүүлсэн. Н.Ц - нь манай компаниас дээрх орон сууцыг худалдан аваагүй бөгөөд "Т" ХХК-ийн захирал Д.Ангар нь бусдын өмч хөрөнгийг дураараа захиран зарцуулах эрхгүй.

Иймд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр "Т" ХХК болон Н.Ц - нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Мөн уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл байх бөгөөд дээр дурдсан үндэслэлүүдээр гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Ц - сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч "М" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Орон сууцны төлбөрийг төлөх үед би, "Т" ХХК-ийн захирал Д.Ангар, "М" ХХК-ийн захирал Л.Гончигсүрэн, тухайн үеийн "М" ХХК-ийн захирал байсан Ж.Гансүх, компанийн ерөнхий нягтлан бодогч С.Б нартай биечлэн уулзаж, "М" ХХК-ийн дансанд төлбөрийг шилжүүлэх талаар тайлбарлахад тэд бүгд тус компанийг өөр бусдад төлбөр төлбөртэйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус компанийн арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоосон байгаа тул Д.Ангарын хувийн дансанд шилжүүлэхийг хүссэн. Би Д.Ангарын дансанд шилжүүлсэн нь тэдний үг, үйлдэлд итгэж найдаж байсан.

Хариуцагч "М" ХХК-ийн гаргасан хариу тайлбараас харахад маргаан бүхий орон сууцны борлуулалтыг "Т" ХХК гүйцэтгэж байсан нь тогтоогдож байна гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өөрсдийнх нь бичгээр гаргасан тайлбар, үйл баримтаар үгүйсгэгдэж байна. Иймд хариуцагч "М" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч "Т" ХХК-ийн төлөөлөгч Д.Ангар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: "М" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани "М" ХХК-ийн барьж байгаа орон сууцны борлуулалтыг хариуцаж байсан учраас Н.Ц -тай гэрээ байгуулж, орон сууцыг 42 500 000 төгрөгөөр худалдсан. Уг мөнгийг "М" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, газар худалдан авсан төлбөрт зарцуулсан гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Нямаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэл сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч "М" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаа болно гэжээ.

Хариуцагч С.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч "М" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг дэмжиж оролцож байгаа болно гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Нямаа шаардлагадаа: С.Нямаа нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Тэлмэн хас ББСБ ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулан худалдан авч үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгүүлсэн. Нэхэмжлэгч Н.Ц - нь С.Нямаагийн өмчлөлийн, түүний худалдан авсан орон сууцыг өөрийн өмч хөрөнгө болгох зорилгоор хуурамч баримт материал бүрдүүлэн шүүхэд хандан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд С.Нямааг Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байр, 1 тоотын 66.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгч Н.Ц -гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Ц - нь бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: С.Б болон "М" ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан гэх орон сууц захиалгын гэрээнд Д.Ангар гарын үсэг зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4550 тоот дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн "Т" ХХК-ийн төлөөлөгч Д.Ангар, тухайн үеийн "М" ХХК-ийн захирал байсан Ж.Гансүх нар нь Л.Гончигсүрэн захирлын өмнөх үйл ажиллагаатай холбоотой Тэлмэн хас ББСБ ХХК-ийн захирал М.Нина нь удаа дараа төлбөр тооцоо шаардаж байсан талаар тайлбарлаж байна. Энэ бүгдээс дүгнэхэд "М" ХХК-ийн захирал Л.Гончигсүрэн нь хувьцаа эзэмшигч Д.Ангар, Ж.Гансүх нарыг хувьцаа эзэмшигчээс гармагц иргэн Н.Ц -гийн худалдан авсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөлгүйгээр компанийн ерөнхий нягтлан бодогч ажилтай С.Б тэй хамтран хуурамч гэрээ үйлдэж, түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, тус банк бус санхүүгийн байгууллагад худалдсан мэт гэрээ үйлдэн өмнөх өр төлбөрт шилжүүлэн өгсөн байна гэж үзэхэд хүрч байна.

Харин Тэлмэн хас банк бус санхүүгийн байгууллага маргаан бүхий орон сууцыг төрөл садангийн хүн байж болзошгүй С.Нямаад шилжүүлсэн байж болзошгүй талаар Баянгол дүүргийн бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн орон сууцтай холбоотой лавлагаагаар тогтоогдож байна. Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Нямаагийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Орон сууцны хууль ёсны өмчлөгч нь иргэн С.Нямаа мөн бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч "Т" ХХК-ийн төлөөлөгч Д.Ангар бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: С.Нямаагийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Н.Ц -тай тус компани нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулан маргаан бүхий орон сууцыг худалдсан гэжээ.

Хариуцагч С.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: С.Нямаагийн орон сууцны өмчлөгчөөр тогтоох, уг орон сууцыг нэхэмжлэгч Н.Ц -гийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг дэмжиж оролцож байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан "М" ХХК болон С.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С.Нямаагийн өмчлөлд бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байрны 1 тоотын 66.08 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000617252 дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгон, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө, 80/6 дугаар байрны 1 тоотын 66.08 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч нэхэмжлэгч Н.Ц - болохыг тогтоон, хариуцагч "Т" ХХК болон "М" ХХК-д нэхэмжлэгч Н.Ц -гийн өмчлөх эрхийг бүртгэлд бүртгүүлэхийг даалган, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Н.Ц - болон "Т" ХХК-ийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч "М" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106 дугаар зүйлийн 106.3-т заасан үндэслэлүүд тогтоогтохгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Нямаагийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 80/6 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 66.08 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205064285 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох, мөн уг орон сууцыг нэхэмжлэгч Н.Ц -гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Ц -гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 805 840 төгрөгийг, хариуцагч "М" ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, гуравдагч этгээд С.Нямаагийн бие даасан шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Т" ХХК болон "М" ХХК-иас нийт 440 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ц -д олгон, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хариуцагч "Т" ХХК-д Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Үйлдвэрийн төв /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 дугаар байр, 1 тоотын 66.08 м.кв талбайтай орон сууцыг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг даалгасан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5449 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид давж заалдах гомдолдоо: 15 айлын орон сууцны барилгыг 2016 оны 8 сарын 18-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөний дараа орон сууц захиалсан иргэд "Т" ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээгээ "М" ХХК-ийн нэрээр байгуулсан гэрээгээр сольж улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээнүүдээ авсан. Хариуцагч С.Б нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр "Т" ХХК-ийн захирал Д.Ангар, Ж.Гансүх нартай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээгээ тэр огноогоор нь "М" ХХК-иар сольж, улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг "М" ХХК-ийн захирлаар баталгаажуулж, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан болно.

"Т" ХХК-ийн захирал Д.Ангар нь 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Н.Ц -гаас 42 500 000 төгрөгийг Төрийн банк дахь хувийн харилцах дансаар шилжүүлэн авахдаа С.Б гийн захиалсан орон сууцыг Н.Ц -д өгнө гэж хууран мэхэлж гэрээ байгуулж мөнгийг нь хувьдаа ашигласан болох нь хавтас хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдсон болно.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хариуцагч С.Б , "Т" ХХК болон Н.Ц -, "Т" ХХК-ийн байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан цаг хугацаа, Н.Ц -гийн 42 500 000 төгрөг Д.Ангарын хувийн харилцах дансанд орж хэрхэн зарцуулагдсан нөхцөл байдал зэргийг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий талаас нь зөв дүгнэлт хийж чадаагүй байна гэжээ.

 

Хариуцагч С.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдолдоо: Хариуцагч С.Б болон ""М" ХХК-ийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг Д.Ангар нь "М" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувиар баталгаажуулах зорилгоор өөрийн эзэмшлийн "Т" ХХК-иар С.Б тэй 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан байдаг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч "Т" ХХК-ийн захирал Д.Ангар нь С.Б тэй орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан талаар үгүйсгээгүйн гадна тухайн гэрээнд "М" ХХК-ийн захирал байсан, "Т" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Гансүх нь гарын үсэг зурсан байдаг.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үздэг учир хариуцагч "М" " ХХК болон "Т" ХХК нь хүсэл зоригоо хангалттай, бодитойгоор илэрхийлэн С.Б тэй орон сууц захиалан бариулах гэрээг байгуулан, түүний өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог.

Анхан шатны шүүх ..2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр "М" ХХК болон иргэн С.Б нарын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, С.Б нь ямар нэг хариуцлага хүлээхгүй.... гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь орон сууц захиалан бариулах гэрээг буюу тухайн хэлцлийг хийхдээ "М" " ХХК-ийн зөвшөөрлийг аваагүй нь хуулиар тогтоосон шаардлага зөрчсөн байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй болно.

Хариуцагч ""Т" ХХК-ийн захирал Д.Ангар нь нэхэмжпэгчийн шилжүүлсэн төлбөрийг "М" ХХК-тай холбоотой өр төлбөртэй холбоотой зарцуулсан гэх боловч Д.Ангар нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөрийг өөрийн хэрэгцээнд зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны дансны хуулгаар нотлогддог болно.

Түүнчлэн нэхэмжпэгч Н.Ц - нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өмчлөх эрх шилжүүлэхэд шаардлагатай гэрээ, холбогдох бичиг баримтыг хариуцагч "М" ХХК-иас шаардаж байгаагүй, хариуцагч "Т" ХХК-тай байгуулсан гэх орон сууц захиалан бариулах гэрээний талаар огт мэдэгдэж байгаагүй болно.

Нэхэмжпэгч Н.Ц - нь анхнаасаа орон сууцыг худалдан аваагүй болох нь гэрч Ж.Гансүхийн ..бүртгэлийн байгууллага руу гэрээ хүргүүлэхэд гэрээг нөхөн байгуулсан...эд нар хүнд нь өгөөд гэрээг нь өгөөд явуулаад байсан..2 дахь барилгыг барина гэж төлөвлөн Н.Ц -г 2 дахь барилгаас 92 500 000 төгрөгийн байр аваарай, өгсөн мөнгө нь урьдчилгаа болох талаар амаар тохиролцсон.. гэх мэдүүлгээс гадна нэхэмжпэгч Н.Ц -, хариуцагч "Т" ХХК нарын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний "...2.1-т Барилгын ажил 2016 оны 3 дугаар сард эхэлсэн бөгөөд ажлын үр дүнг 2017 оны 4 дүгээр сард багтаан захиалагч талд хүлээлгэн өгнө... гэх заалтаар хангалттай нотлогддог. Хариуцагч "М" ХХК-ийн захирал байсан Ж.Гансүх, хувьцаа эзэмшигч байсан Д.Ангар нарын зүгээс нэхэмжлэгч Н.Ц -тай гэрээ байгуулсан талаар болон түүнээс мөнгө авч байсан талаар хариуцагч "М" ХХК-д огт мэдэгдэж байгаагүй болно.

Мөн хариуцагч "М" ХХК нь уг 15 айлын орон сууцны м.кв-ийг 1 800 000 төгрөгнөөс 2 000 000 төгрөгийн хооронд худалдан борлуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог байхад нэхэмжлэгч Н.Ц -д орон сууцны 1м.кв-ийг 640 000 төгрөгөөр худалдан борлуулсан байх боломжгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжпэгч Н.Ц -гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Тэмүүлэл давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Н.Ц -г маргаан бүхий орон сууцны өмчлөгч болохыг тогтоосон гэсэн шийдвэрийг гаргахдаа Иргэний хуулийн 109, 114 дүгээр зүйл заалтуудыг авч үзээгүй. Хэрэгт бие даасан шаардлага гаргаж оролцсон гуравдагч этгээд С.Нямаа нь дээр дурдсан орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан болохоо нотлох баримтаар хангалттай нотолсон байхад шүүх шийдвэр гаргахдаа гуравдагч этгээдийн шүүхэд өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг огг үнэлж дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгч Н.Ц -гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Н.Ц - нь хариуцагч "Т" ХХК, "М" ХХК, С.Б нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, "М" ХХК болон С.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийг Н.Ц -гийн нэр дээр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч "М" ХХК эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Ц -, "Т" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр С.Нямаа оролцож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр бие даасан шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Н.Ц -, хариуцагч "Т" ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр худалдагч "Т" ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 80/6 дугаар байрны 01 тоотод байрлах 66.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдагч тал орон сууцны үнэд 42 500 000 төгрөгийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-4-5/ Гэрээний дагуу Н.Ц - нь "Т" ХХК -ийн захирал Д.Ангарын Төрийн банкны харилцах дансанд орон сууцны үнэ болох 42 500 000 төгрөг шилжүүлж, худалдан авсан орон сууцыг хүлээн авч, өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн баримт, талуудын тайлбар зэрэг баримтаар нотлогдсон байна. /1хх 4-52хх 199, 3хх 93-95/

Хариуцагч "М" ХХК, Н.Бүжин нарын хооронд байгуулагдсан 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Баянгол дүүргийн бүртгэл статистикийн хэлтэст Н.Бүжингийн гаргасан өргөдөл, "М" ХХК-ийн албан бичиг зэрэг баримтыг үндэслэн дээрх 80/6 байрны 01 тоот орон сууцыг Н.Бүжингийн өмчлөлд бүртгэсэн, Н.Бүжин нь уг орон сууцыг Тэлмэнхас ББСБ ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдаж, өмчлөх эрхийг худалдагчид шилжүүлсэн, Тэлмэнхас ББСБ ХХК нь орон сууцыг гуравдагч этгээд С.Нямаагийн өмчлөлд худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /2хх-200-231/

Хэргийн оролцогчид 2016 оны 3 дугаар сарын 31, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний хүчин төгөлдөр байдал, орон сууцны өмчлөлийн талаар маргасан байна.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгч Н.Ц -г маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоож, гуравдагч этгээд С.Нямаагийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгон, түүний гаргасан бие даасан шаардлагыг, хариуцагч "М" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр гарснаар Тэлмэн хас ББСБ ХХК-ийн эрх, ашиг хөндөгдөх эсэх талаар тодруулах ажиллагаа явуулаагүй нь учир дутагдалтай болжээ.

Мөн хариуцагч "Т" ХХК-ийн төлөөлөгч Д.Ангар нь нэхэмжлэгч Н.Ц -гийн орон сууцны үнэд шилжүүлсэн мөнгөнөөс 30 000 000 төгрөгийг нь хариуцагч "М" ХХК-ийн иргэн Л.Баяржаргалаас худалдан авсан газрын үнэд өгсөн гэж марган, Л.Баяржаргалаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх ба уг хүсэлт нь Н.Ц -, "М" ХХК нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байх боломжтой юм. /2хх-44, 55-58/

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/00423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан хариуцагч "М" ХХК-ийн төлсөн 440 650 төгрөг, хариуцагч С.Б гийн төлсөн 370 450 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Нямаагийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД