Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/03907

 

 

 

 

 

 

 

2020 11 09

101/ШШ2020/03907

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХУД НД нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б Н ХХК-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлд 23,137,357 төгрөг, алдангид 8,642,667 төгрөг, нийт 31,780,024 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А, хариуцагчийн төлөөлөгч Р.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХУД НД нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэстэй харилцагч Н ХХК-нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу cap тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй" мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т "Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан журмаар даатгуулна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр эн э хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр cap бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүргийн 17.1.1 дэх хэсгийн Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 23137357 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 8642667 төгрөг, нийт 31780024 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай" хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл Хууль тогтоомж зөрчигчид хүлээх хариуцлага 20.4 -т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т заасны дагуу "Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн тайлбар хэсэгт Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 31780024 /Гучин нэгэн сая долоон зуун наян мянга хорин дөрөв / төгрөгийг Н ХХК -с гаргуулж шимтгэл, алдангийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн шимтгэлд 23 137 357 төгрөг, алдангид 8 642 667 төгрөг, нийт 31 780 024 төгрөг гаргуулна. Энэ нь 2019.8.1-2020.8.31 хүртэлх хугацааны шимтгэл юм. Уг зөрчлийн улмаар НД байгууллагаас үзүүлэх тэтгэмжийн талаар уг байгууллагад ажиллаж байгаа ажилтны эрх ашиг зөрчигдөж, мөн санд төлөх төлбөр тасалдаж байна. Нэхэмжлэгч нь хуульд зааснаар шимтгэлийн чөлөөлөлт үзүүлсэн. Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нийт 7,000,000 төгрөгийг төлсөн гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Нийслэлийн Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс"-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж дараах хариу тайлбар хүргүүлж байна. Тус хэлтсийн нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэлийн 23'137'357 төгрөгөөс өнөөдрийн байдлаар манай компани 5'000'000 төгрөг төлсөн ба үлдсэн шимтгэлийг хуваарь гарган төлөх хүсэлтэй байна. Алдангийн 8'642'667 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын "бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын дагуу төлөхөөс татгалзаж байна. 2020 онд цар тахал (Ковид-19) гарснаар барилгын салбарт үүсэн нэг том хүндрэл бол бэлэн мөнгөний эргэлт эрс буурсан билээ. Энэ хорио цээрийн дэглэмтэй үед ажилчдынхаа ажлын байрыг хадгалж үйл ажиллагаа хэвийн явуулах нь компанийн нэн түрүүний зорилго болоод байна. Манай компанийн 2020 онд төлөвлөсөн ажил захиалагч талын хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоноор бид Нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамж, зээл зээлийн хүү цаашлаад ажилчдынхаа цалинг хуваарийн дагуу төлж чадахгүй байдалд байна. Энэ байдлаас гарахаар шинэ ажил хайн шаргуу ажиллаж байна.

23 137 357 төгрөгийн үндсэн шимтгэлд маргаангүй. Алдангийн хувьд бүхэлд нь зөвшөөрөхгүй. Энэ онд төлөвлөгдсөн ажил наадмаас хойно зогссон. Барилгын захиалгын ажил зогссон. Үүнээс болж мөнгөн орлого зогссон тул НД шимтгэл, татвар, цалин хөлс зэргийг төлөх боломж багассан. Улмаар бид дараачийн ажлын талаар шургуу ажиллаад 9 сараас ажиллаж эхэлсэн. Одоо дундын санхүүжилт авах шатанд байгаа юм. Оны өмнө санхүүжилтээ аваад төлөх хүсэлтэй байна. Шинэ ажил нь алданги төлөх боломжгүй юм гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэлд 23,137,357 төгрөг, алдангид 8,642,667 төгрөг, нийт 31,780,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н ХХК нь үндсэн шимтгэл 23,137,357 төгрөгийн талаар маргаагүй, төлөхийг зөвшөөрсөн боловч алданги болох 8,642,667 төгрөгийг өөрөөс үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалж санхүүгийн хүндрэл учирсан тул төлөх боломжгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хуулийн этгээд нь ажилтанд олгосон цалин хөлс, түүнд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг зөв тодорхойлон сар бүр төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны шимтгэлийн дутуу төлөлтийн талаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан. Хариуцагч нь энэхүү хугацаанд 23,137,356.74 төгрөгийн шимтгэл төлөөгүй болох нь Н ХХК-ний 2020 оны 09 дүгээр сарын нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тайлангаар тогтоогдож байна. /хэргийн 32 дугаар тал/

Улмаар хариуцагч нь энэхүү дутуу төлөлтийн мөнгөн дүнгийн талаар маргаагүй, төлөхийг зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн шимтгэлд 23,137,356.74 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, Зөрчлийн тухай хуулийн 10.17.3-т зааснаар зааснаар нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн этгээдээр хугацаа хэтрүүлсэн хоног тутам төлөгдөөгүй шимтгэлийн 0.3 хувийн алданги тооцон төлүүлэх журамтай.

Улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр барагдуулах тухай шаардаж байсан болох нь улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 2000129 дүгээр албан шаардлага, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээр тогтоогдсон. /хэргийн 35, 38 дугаар тал/

Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Голомт банк ХХК, Төрийн банк ХХК нарт хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөний зогсоож, шимтгэл төлүүлэх мэдэгдэл хүргүүлсэн байх тул шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй байна. /хэргийн 36 дугаар тал/

 

Иймд хариуцагч нь дээрх хуульд зааснаар төлөгдөөгүй шимтгэлийн хувьд алданги төлөх үүрэгтэй. Харин хариуцагчийн төлөөлөгч нь санхүүгийн хүндрэлийн улмаас энэхүү шимтгэлийг төлөх боломжгүй байсан гэж тайлбарласан боловч энэхүү нөхцөл нь шимтгэл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийг нийт 7,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь энэхүү мөнгөн дүнг зөвшөөрсөн.

 

Үүнээс хариуцагчийн төлөөгүй үлдэгдэл шимтгэлийг тооцвол 16,137,356.74 төгрөг юм. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шимтгэлийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцогдоно гэж тайлбарласан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 25 хоногийн хугацаа хэтэрсэн гэж үзэхээр байна. Эдгээрээс хариуцагчийн хуулийн дагуу төлөх алдангийн хэмжээг тооцвол 1 хоногт 48,412.07 /16,137,356.74*0.3%/ төгрөг, 25 хоногт 1,210,301.75 төгрөг тооцогдоно.

 

Иймд үндсэн шимтгэл болон алдангийн нийлбэр болох 17,347,658.49 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.5, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т зааснаар хариуцагч Н ХХК-аас 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, түүний алдангид нийт 17,347,658.49 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 244,688 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД