Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00094

 

Х-сийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03907 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х-сийн хариуцагч Н- ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид нийт 31 780 024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н- ХХК-нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйл 17.1.1-т заасныг тус тус зөрчин, 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 23 137 357 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 8 642 667 төгрөг, нийт 31 780 024 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т зааснаар нийгмийн даатгалын шимтгэлд 23 137 357 төгрөг, алдангид 8 642 667 төгрөг, нийт 31 780 024 төгрөгийг хариуцагч Н- ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэлтсийн нэхэмжилсэн нийгмийн даатгалын шимтгэлийн 23 137 357 төгрөгөөс өнөөдрийн байдлаар манай компани 7 000 000 төгрөг төлсөн ба үлдсэн шимтгэлийг хуваарь гарган төлөх хүсэлтэй байна. Алдангийн 8 642 667 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу төлөхөөс татгалзаж байна. 2020 онд цар тахал (ковид-19) гарснаар барилгын салбарт үүссэн нэг том хүндрэл бол бэлэн мөнгөний эргэлт эрс буурсан. Хорио цээрийн дэглэмтэй үед ажилчдынхаа ажлын байрыг хадгалж үйл ажиллагаагаа хэвийн явуулах нь компанийн нэн түрүүний зорилго болоод байна. Манай компанийн 2020 онд төлөвлөсөн ажил захиалагч талын хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоноор бид нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамж, зээл зээлийн хүү цаашлаад ажилчдынхаа цалинг хуваарийн дагуу төлж чадахгүй байдалд байна. Энэ байдлаас гарахаар шинэ ажил хайж байна. Нэхэмжлэлээр шаардсан 23 137 357 төгрөгийн үндсэн шимтгэлд маргаагүй. Алдангийн хувьд бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг оны өмнө санхүүжилтээ аваад төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.5, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т зааснаар хариуцагч Н- ХХК-аас 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, түүний алдангид нийт 17 347 658.49 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х-эст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 244 688 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Манай компани барилгын угсралт, засал чимэглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2020 онд цар тахал гарснаар барилгын салбарт үүссэн нэг том хүндрэл бол бэлэн мөнгөний эргэлт эрс буурсан билээ. Энэ оны төлөвлөсөн ажил захиалагч талын хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоноор бид нийгмийн даатгалын шимтгэл, татвар хураамж, зээл, зээлийн хүү цаашлаад ажилчдынхаа цалинг хуваарийн дагуу төлж чадахгүй нөхцөл байдалд орсон талаараа нэхэмжлэгч талд удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан болно. Энэ хорио цээрийн дэглэмтэй үед нэн түрүүнд ажилчдынхаа ажлын байрыг хадгалж, үйл ажиллагаа хэвийн явуулах, цаашлаад хариуцлагат өр төлбөрүүдээ хуваарийн дагуу төлөхөөр бид дахин захиалагч компани, иргэн шургуу хайн ажиллаж байсан ч Монгол Улсад дотооддоо ковид 19 вирус алдаж хатуу хөл хорионд орсноор манай компанийн хувьд санхүүгийн маш хүнд байдалтай болоод байна. Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийн дутууд төлөлт 23 137 357 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 8 642 667 төгрөг, нийт 31 780 024 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд манай компани 7 000 000 төгрөгийг төлсөн. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл болох 16 137 356.74 төгрөгийг төлөхөөр хичээж ажиллаж байгаа тул Монгол Улсын Засгийн газрын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоол болон өнөөдрийн улс орны нөхцөл байдлыг харгалзан үзэж манай компаниас алданги гаргуулахаар гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1 210 301.75 төгрөгийн алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х-эс нь хариуцагч Н- ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд 23 137 357 төгрөг, алдангид 8 642 667 төгрөг, нийт 31 780 024 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн мөнгөн дүнг бичээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Н- ХХК нь 2019 оны 8 сараас 2020 оны 8 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлж, 23 137 357 төгрөгийн өр үүссэн тул мөн хугацааны алданги 8 642 667 төгрөгийн хамт нийт 31 780 024 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн бол хариуцагч татгалзалдаа Монгол Улсад цар тахал (ковид 19) гарч, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор компанийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хүнд нөхцөлд орсон тул алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ. /хх-ийн 45-р тал/

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар хариуцагч Н- ХХК нь албан журмаар даатгуулагч байх бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч Н- ХХК-д 2020 оны 9 сарын байдлаар нийт 23 137 357 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар тогтоогджээ. /хх-ийн 32-р тал/. Хариуцагч байгууллага нь дээрх өр төлбөрөөс 7 000 000 төгрөгийг төлж, өрийн үлдэгдэл 16 137 357.74 төгрөг болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байх бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл болон хэтэрсэн хугацааны алдангийг хариуцагч Н- ХХК-иас шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч Х-эс нь 2019 оны 8 сараас 2020 оны 8 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн алдангид 8 642 667 төгрөг гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн үлдэгдэл 16 137 356.74 төгрөгөөс 25 хоногийн алданги тооцож, алдангийг 1 210 301.75 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна.

 

Иймд хариуцагч Н- ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлд 16 137 356.74 төгрөг, алдангид 1 210 301.75 төгрөг, нийт 17 347 658.49 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х-эст олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй, харин нэхэмжлэлээс үлдэх 14 432 365.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй байгааг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо цар тахал (ковид 19) гарч, компани санхүүгийн хүнд нөхцөлд орсон тул алдангиас чөлөөлж өгнө үү гэх боловч анхан шатны шүүх 8 642 667 төгрөгийн алдангиас 7 432 365.25 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, 1 210 301.75 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэснийг илт их гэж үзэхгүй ба алдангийн хэмжээ хуульд зааснаас хэтрээгүй байна. Нөгөөр талаар дэлхий нийтийг хамарсан цар тахал хариуцагч байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн, яаж нөлөөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03907 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.5, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.3-т зааснаар хариуцагч Н- ХХК-иас нийт 17 347 658.49 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х-эст олгож, нэхэмжлэлээс 14 432 365.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 598 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ