Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2019/03036

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2019/03036

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уул 6 гудамж, 16 тоот хаягт оршин суух, Улаанбаатар овогт Пүрэвдоржийн О /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намъянжү гудамж, 31а байр, 51 тоот хаягт оршин суух, Цөөхөр овогт Хүдэрийн А /регистрийн /-д холбогдох,

 

Автомашин худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 19,000,000 төгрөг, учирсан хохиролд 6,904,200 төгрөг, нийт 25,904,200 гаргуулах нэхэмжлэлтэй,

 

Худалдах-худалдан авах гэрээний үнэ 10,000,000 төгрөг, худалдах-худалдан авах гэрээнээс үүдсэн хохирол 5,900,000 төгрөг, нийт 15,900,000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Х.А гээс Nissan Dualis маркийн автомашиныг 19,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Автомашины үнийг төлөхдөө өөрийн өмчлөлийн Prius-20 маркийн автомашиныг 10,000,000 төгрөгөөр Х.А д худалдаж, ББСБ-аас 10,500,000 төгрөгийн зээл авч 19,000,000 төгрөгийг төлсөн.

Гэтэл Nissan Dualis маркийн автомашиныг худалдаж авсан даруйдаа унаад гэр лүүгээ явж байтал машины урд хамар нь халаад алдаа заагаад байсныг Х.А д хэлсэн. Авто засварын газраар оношлуулахад кроп нь асуудалтай, хамар нь хэт халдаг, тормозны аппарат нь гэмтсэн, тормоз нь ажиллагаагүй болсон байна, унаж явах боломжгүй гэсэн бөгөөд тус оношлогооны төлбөрийг Х.А төлсөн.

Доголдолтой автомашиныг авахгүй гэхэд Х.А нь 7 дугаар сарын 16-нд ажил эхлэхээр өөр машинаар солиод өгье гээд доголдолтой автомашинаа буцаагаад авсан.

2019 оны 7 дугаар сарын 16-нд Х.А тэй холбоо барьж, машинаа авахаар хэлтэл миний худалдаж авахаар тохиролцсон машинаас өөр, дахиад ямар нэгэн доголдолтой байж болохуйц машинууд байсан. Тэгэхээр нь өмнө худалдаж авахаар тохиролцсон шиг ямар нэг доголдолгүй машин авмаар байгаагаа хэлэхэд боломжгүй, шүүхэд хандвал ханд гэсэн.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг үндэслэн Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу машины төлбөрт төлсөн 19,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Уг автомашиныг худалдан авахад Нэт капитал лизинг ББСБ-с 10,500,000 төгрөгийг 36 сарын хүүтэй, сард 2,9 хувийн хүүтэй зээлж авсан боловч дээр дурдсанаар автмашин доголдолтой байснаас худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, ББСБ-ын зээлийн хүү 6,676,000 төгрөг, доголдолтой Nissan Dualis маркийн автомашиныг Монре даатгал ХХК-д 228,000 төгрөгөөр даатгуулж тус тус хохироод байна.

Хариуцагч Х.А нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж доголдолтой машины худалдсаны улмаас гэрээнээс татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар ББСБ-ын зээлийн хүү 6,676,000 төгрөг, даатгалд төлсөн 228,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Иймд хариуцагч Х.А гээс нийт 25,904,200 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Бид 3 сарын хүү 918,882 төгрөгийг бодитоор төлсөн тул тооцож үзээд 20,146,882 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ямар авто засварын газраар оношлуулсан, тухайн авто засварын газрын авто оношлогооны баримыг хавсаргаагүй, кроп асуудалтай гэж дурдсан ч асуудал гэдэг нь юуг хэлж байгааг тодорхой дурдаагүй, нотлоогүй байна.

Мөн хамар нь хэт халдаг гэж дурдсан байх бөгөөд Ниссан Дуалис маркийн автомашин нь 2000 см.куб моторын багтаамжтай, дотоод шаталтад хөдөлгүүртэй автомашин бөгөөд хөдөлгүүр ажиллаж, энерги гаргаж байгаа тохиолдолд халалт үүсдэг болно.

Тормозны аппарат нь гэмтсэн, тормоз нь ажиллагаагүй болсон гэж дурдсан байх бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн үдээс хойш Альф моторс ХХК-ийн 4х4 авто сервис төв дээр оношлуулахад тормозны ABS зүүн урд талын залгуур хугарсан байсан бөгөөд түүнийг нь сольж өгсөн.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тохиолдлуудыг хуульчилсан байдаг бөгөөд 255 дугаар зүйлийн 255.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардах эрхээ алдахаар хуульчилсан.

Иймд иргэн П.О шаардах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Х.А нь Япон Улсаас автомашин оруулан Да хүрээ зах дээрээс худалддаг бөгөөд миний оруулж ирсэн Ниссан Дуалис маркийн автомашиныг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн П.О худалдан авахаар болсон хэдий ч тухайн үед өөрийн унаж байгаа Тоёота Приүс маркын автомашиныг тодорхой үнийн дүнд нь миний эзэмшилд шилжүүлэхээр болсон. Өөрөөр хэлбэл Ниссан Дуалис маркийн автомашинийг 19,000,000 сая төгрөгөөр худалдан авахдаа 10,000,000 төгрөгөнд нь Тоёота Приүс маркийн авто машин өгөхөөр тохирсон. Тухайн үед Иргэн П.О бид 2 Худалдах худалдан авах гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг П.О г өгсөн хэдий ч /П.О нэхэмжлэлдээ дурдсан/ өнөөдрийн байдлаар Тоёота Приүс маркийн автомашиныг хүлээлгэн өгөөгүй болно.

Би өөрийн эзэмшлийн Ниссан Дуалис Маркийн автомашиныг иргэн Д.О т худалдаагүй байсан бол түүний Тоёота Приүс маркийн автомашиныг худалдан авахгүй байх байсан.

Япон Улсаас орж ирсэн автомашин нь Монгол Улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ аваагүй байхдаа нэг өөр үнэтэй дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан бол бас нэг өөр үнэтэйгээр зарагддаг болно. Худалдан авагч иргэн П.О нь ямар нэг үндэслэлгүйгээр Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсанаар миний бие нь Ниссан Дуалс маркийн автомашин /улсын дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан/-аа дугаар аваагүй үеийн байдлаар буюу 19,000,000 сая төгрөгөөр зарах боломжгүй болж байгаа болно. Одоогоор Ниссан Дуалис маркийн дугаартай авто машины зах зээлийн үнэ 15,000,000 төгрөг байгаа болно. Иргэн П.О нь миний машиныг худалдан авч тээврийн хэрэгслийн гэрчилгээ, дугаар авчхаад худалдан авахаас шалтгаангүй татгалзсанаас миний бие нь Ниссан Дуалис маркийн автомашины худалдаанаас 4,000,000 сая төгрөгөөр хохирч байгаа болно.

Иргэн П.О нь Худалдах-худалдан авах гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсанаар хуулийн зөвлөх үйлчилгээг иргэн П.О ийн нэхэмжилж буй үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүнгээр буюу 1,900,000 төгрөгөөр авсан болно.

Иймд Худалдах худалдан авах гэрээний үнэ 10,000,000 /арван сая төгрөг/, Худалдах худалдан авах гэрээнээс татгалзсанаас үүдсэн хохирол 5,900,000 /таван сая есөн зуун мянган/ төгрөг, нийт 15,900,000 /арван таван сая есөн зуун мянган/ төгрөгийг иргэн П.О ээс гаргуулан өгөхийг хүсье гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас приус-20 маркийн автомашины үнэ 10,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Гэвч приус-20 маркийн автомашиныг худалдах, нэр шижлүүлэх гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, төлбөр тооцоог хүлээн авах үйлдэл хийх бүрэн эрхийг П.О ээс Х.А д олгож 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэл олгосон тул тухайн автомашины үнийг зөвшөөрч төлөхөд хүндрэлтэй байна.

 

Автомашины зах зээлийн үнэлгээ буурсантай холбоотой 4,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1,900,000 төгрөг гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол нэхэмжилсэн байна. Гэрээнээс татгалзаж буй байдал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болоод гэрээнээс татгалзаж байгаа тул П.О хохирлыг төлөх үүрэггүй. Мөн автомашины зах зээлийн үнэ буурсан гэх нь тухайн автомашин Япон улсаас орж ирэхдээ ямар үнэлгээтэй байсан эсэх П.О т зарснаараа хэдэн төгрөгөөр үнэлгээ буурсан гэдгийг нотлох баримт байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Х.А д холбогдуулан, худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж 19,000,000 төгрөг, учирсан хохиролд 6,904,200 төгрөг, нийт 25,904,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний үнэ 10,000,000 төгрөг, худалдах-худалдан авах гэрээнээс үүдсэн хохирол 5,900,000 төгрөг, нийт 15,900,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж талууд маргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 20,146,882 төгрөг болгон багасгаж 5,757,318 төгрөгийн шаардлагаас татгалзав.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч тал Х.А нь Nissan Dualis маркийн, аралын KNJ10-214593 дугаартай, мөнгөлөг өнгийн автомашиныг худалдан авагч П.О т 19,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь гэрээний үнэ 19,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгт тооцож, өөрийн өмчлөлийн, 10-59УНЗ улсын дугаартай, аралын NHW20-7704170 дугаартай, хар хөх өнгийн, Приус-20 маркийн суудлын автомашиныг худалдагч талд өгөхөөр тохиролцож, үлдэх төлбөрийг зээл авч төлөхөөр болжээ.

Нэхэмжлэгч П.О нь дээр дурдсан 10,000,000 төгрөгт тооцож өөрийн өмчлөлийн, 10-59УНЗ улсын дугаартай, приус-20 маркийн автомашиныг худалдагч талд өгөхдөө 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр, тухайн тээврийн хэрэгслийг худалдах, нэр шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, төлбөр тооцоо хүлээн авах үйлдэл хийх бүрэн эрхийг Х.А д олгон Итгэмжлэл үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн, үлдэх төлбөрийг төлөх зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Нэт капитал лизинг ХХК-тэй 405201714 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, улмаар Х.А гээс Nissan Dualis маркийн автомашиныг худалдан авахад төлөх төлбөрөө төлсөн байв.

Нэхэмжлэгч нь Nissan Dualis маркийн автомашиныг худалдан авсан тухайн өдрөө унаж явахад доголдсоныг худалдагч талд мэдэгдэж, авто засварын газраар оношлуулж, оношилгооны төлбөрийг худалдагч тал төлж, автомашины доголдлыг арилгах, өөр автомашинаар солихоор талууд хэлэлцэн тохиролцож, наадмын өдрүүд дуусахад буюу 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр эргэн холбоо барихаар тохиролцож, Nissan Dualis маркийн автомашиныг худалдагч талд буцаан хүлээлгэн өгсөн болох нь зохигч талуудын хэл алины тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, харин худалдагч талын худалдан борлуулсан автомашин нь биет байдлын доголдолгүй байх шаардлагыг хангаагүй үйл баримт тогтоогдов.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1.-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. гэж зааснаар автомамшины доголдлыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Гэвч хариуцагч нь биет байдлын доголдолгүй өөр автомашиныг худалдан авагчид санал болгосон эсэх, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаа тогтоосон тухай үед худалдагч талд доголдолгүй өөр автомашин байсан эсэх нь тогтоогдоогүй тул тухайн автомашиныг худалдан авахаас татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Хариуцагч нь тухайн автомашины тормозны ABS ийн мэдрэгч нь эвдрэлтэй байсныг оношилж тогтоосон, доголдлыг арилгасан хэмээн маргаж байх боловч тухайн эвдрэлийг ялимгүй зөрчил гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан гэрээнээс татгалзаж болохгүй гэж дүгнэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар, эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний үнийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцнэ.

Харин тухайн автомашиныг худалдан авахдаа нэхэмжлэгч ямар эх үүсвэрээс гэрээний үнийг төлөх, автомашиныг ямар өртөгтэй даатгалаар даатгуулах эсэх нь худалдан авагчийн өөрийн сайн дурын үндсэн дээр гарах зардал мөн тул үүнийг хохирол гэж үзэх, улмаар хариуцагчаар зардлыг нөхөн төлүүлэх үндэслэлгүй юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнэ 19,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгт тооцсон приус-20 маркийн автомашиныг нэхэмжлэгч буцаан авсан, худалдах-худалдан авах гэрээг хүчинтэй хэмээн маргаж, 10,000,000 төгрөгийг бодитоор аваагүй, Nissan Dualis маркийн автомашиныг П.О т худалдаж, улсын дугаар авснаас үүдэн тухайн автомашины үнэлгээ 4,000,000 төгрөгөөр буурсан, хууль зүйн зөвөлгөө авч 1,900,000 төгрөгийн зардал гаргасан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нь Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулсан тухайн үедээ гэрээний үнийг төлөөд автомашиныг авч явсан боловч худалдан авсан автомашины доголдлоос шалтгаалан, гэрээний үнийн 10,000,000 төгрөгт тооцож өгсөн 10-59УНЗ улсын дугаартай автомашиныг буцаан авсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авсан автомашинд илэрсэн догодлыг арилгуулахаар нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тухайн үед П.О ээс Х.А д 10-59УНЗ улсын дугаартай, аралын NHW20-7704170 дугаартай, хар хөх өнгийн, Приус-20 маркийн суудлын автомашиныг Итгэмжлэлийн үндсэн дээр шилжүүлж буй уг үйлдлийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн автомашиныг нэхэмжлэгч П.О буцаан авсан нь тогтоогдож байх тул гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ.

Хариуцагч нь Nissan Dualis маркийн автомашиныг П.О т худалдаж, улсын дугаар авснаас үүдэн тухайн автомашины үнэлгээ 4,000,000 төгрөгөөр буурсан гэх боловч энэ талаар нотлох баримтгүй, 1,900,000 төгрөгийн хөлс төлөх хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ хэрэгт авагдсан боловч төлбөр төлөгдөж, зардал гарсан эсэх нь нотлогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Х.А гээс 19,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.О т олгож, нэхэмжлэгч П.О ээс 10,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.А д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,146,882 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,900,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 5,757,318 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,370 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа урьдчилан өтлсөн 238,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.А гээс улсын тэмдэгтийн хураамж 252,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.О т, нэхэмжлэгч П.О ээс улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.А д тус тус олгосугай. 

4.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА