Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 107

 

 

 

 

П.О-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03036 дугаар шийдвэртэй, П.О-ийн нэхэмжлэлтэй, Х.А-д холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үнийн 19 000 000 төгрөг, хохирол 1 146 882 төгрөг, нийт 20 146 882 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

П.О-ээс худалдах, худалдан авах гэрээний үнэ 10 000 000 төгрөг, хохирол 5 900 000 төгрөг, нийт 15 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Х.А-гээс Ниссан Дуалис маркийн тээврийн хэрэгслийг 19 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний үнийн 10 000 000 төгрөгт өөрийн өмчлөлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг өгч, банк бус санхүүгийн байгууллагаас 10 500 000 төгрөгийн зээл авснаар төлбөр төлсөн. Тээврийн хэрэгслийг худалдан авсан даруйд хэрэглэсэн боловч алдаа заасан, энэ талаар Х.А-д хэлснээр авто засварын газраар оношлуулахад унах боломжгүй гэсэн ба оношлогооны төлбөрийг Х.А- төлсөн. Доголдолтой эд хөрөнгө авахгүй гэхэд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өөр тээврийн хэрэгслээр солиод өгнө гээд доголдолтой машиныг буцаагаад авсан. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчаас шаардахад худалдаж авахаар тохиролцсоноос өөр эсхүл ямар нэгэн доголдолтой байж болохуйц тээврийн хэрэгсэл байсан. Доголдолгүй хөрөнгө шилжүүлэхийг шаардах үед боломжгүй, шүүхэд ханд гэсэн.

Дээрх тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор “Нэт капитал лизинг ББСБ” ХХК-иас 10 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй зээлсэн боловч тээврийн хэрэгсэл доголдолтой байсны улмаас худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, зээлийн хүү 6 676 000 төгрөг, тээврийн хэрэгслийг “Монре даатгал” ХХК-д даатгуулсан 228 000 төгрөг, нийт 6 904 000 төгрөгөөр хохирч байна.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг үндэслэн худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төлбөрт төлсөн 19 000 000 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол 6 904 000 төгрөг, нийт 25 904 000 төгрөг шаардсан. Гэтэл зээлийн хүүгийн төлбөрт бодитоор 3 сарын хүү 918 882 төгрөг төлсөн тул гэрээний үнэ 19 000 000 төгрөг, даатгалын үнэ 228 000 төгрөг, нийт 20 146 882 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Тээврийн хэрэгслийн доголдлын талаарх баримт хэрэгт авагдаагүй, кроп асуудалтай гэж дурдсан нь юуг хэлж байгаа нь тодорхойгүй, нотлоогүй байна. Ниссан Дуалис маркийн тээврийн хэрэгсэл нь 2000 см.куб моторын багтаамжтай, дотоод шаталттай хөдөлгүүртэй бөгөөд хөдөлгүүр ажиллаж, энерги гаргаж буй тохиолдолд халалт үүсдэг. Тормозны аппарат гэмтсэн, ажиллагаагүй болсон гэх боловч 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Альфа моторс” ХХК-ийн 4х4 авто сервис төвөөр оношлуулаад тормозны ABS зүүн урд талын залгуур хугарсан байсан, түүнийг нь сольж өгсөн.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт эд хөрөнгө хүлээж авах үедээ уг хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардах эрхээ алдах талаар зохицуулсан. Иймд иргэн П.О- шаардах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Япон Улсаас тээврийн хэрэгсэл импортлон Да хүрээ захаас худалдаалдаг. 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ниссан Дуалис маркийн тээврийн хэрэгслийг П.О- 19 000 000 төгрөгөөр худалдан авах болсон. 10 000 000 төгрөгт өөрийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг миний эзэмшилд шилжүүлэхээр тохирсон ч хүлээлгэн өгөөгүй. Үүнийг П.О-т худалдаагүй бол түүний Тоёота Приус 20 маркийн машиныг худалдан авахгүй байсан.

Япон Улсаас орж ирсэн тээврийн хэрэгсэл Монгол Улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авснаар үнэ буурдаг. Худалдан авагч П.О- худалдах, худалдан авах гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан учир анхны үнэ 19 000 000 төгрөгөөр худалдах боломжгүй болсон. Одоогийн байдлаар Ниссан Дуалис маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 15 000 000 төгрөг байна. Түүнчлэн, гэрээнээс үндэслэлгүй татгалзсанаар хуулийн зөвлөх үйлчилгээг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буюу 1 900 000 төгрөгөөр авсан. Иймд гэрээний үнэ 10 000 000 төгрөг, гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсаны хохирол 5 900 000 төгрөг, нийт 15 900 000 төгрөгийг П.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Гэвч тээврийн хэрэгслийг худалдах, нэр шилжүүлэх гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, төлбөр тооцоог хүлээн авах үйлдэл хийх зэрэг бүрэн эрхийг П.О-ээс Х.А-д олгосон итгэмжлэл 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн тул тухайн үнийг зөвшөөрч төлөхөд хүндрэлтэй байна.

Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ буурсантай холбоотой 4 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1 900 000 төгрөг гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол нэхэмжилсэн байна. Гэрээнээс татгалзаж буй байдал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болсон тул П.О- хохирлыг төлөх үүрэггүй. Мөн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ буурсан нь тухайн тээврийн хэрэгсэл Япон улсаас орж ирэхдээ ямар үнэлгээтэй байсан, П.О-т худалдсанаар хэдэн төгрөгөөр үнэлгээ буурсан гэдгийг нотлох баримт байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.А-гээс 19 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.О-т олгох, нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөг гаргуулж хариуцагч Х.А-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас 1 146 882 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5 900 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 5 757 318 төгрөгөөс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378 370 төгрөг, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа төлсөн 238 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.А-гээс улсын тэмдэгтийн хураамж 252 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.О-т, нэхэмжлэгч П.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгийг гаргуулж хариуцагч Х.А-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолд нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ гэжээ. Япон Улсаас орж ирсэн тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын дугаар авснаар үнэ буурдаг нь нийтэд илэрхий. Ниссан Дуалис маркийн тээврийн хэрэгсэл нь Монгол улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан тохиолдолд зах зээлийн ханш 4 000 000 төгрөгөөр буурдаг.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэйг зохицуулсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэснийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч П.О- нь хариуцагч Х.А-д холбогдуулан талуудын хооронд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийн үнэд төлсөн 19 000 000 төгрөгийг, хохирол буюу зээлийн хүү 6 676 000 төгрөг, тээврийн хэрэгслийг даатгалд хамруулсан төлбөр 228 000 төгрөг, нийт 25 904 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5 757 318 төгрөгөөс татгалзаж, 20 146 882 төгрөг гаргуулахаар шаардсан байна. /хх1-3, 96/

 

Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч, Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10 000 000 төгрөг, мөн үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзсан тул хохиролд Ниссан Дуалис маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн ханш буурсан үнэ 4 000 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 1 900 000 төгрөг, нийт 15 900 000 төгрөгийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх32-33/ 

 

Зохигчид 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Х.А- нь Ниссан Дуалис маркийн, аралын KNJ10-214593 дугаартай, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх, худалдан авагч П.О- нь гэрээний үнэд 19 000 000 төгрөг төлөх талаар харилцан тохиролцсон байна. /хх6/

 

Мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн 10-59 УНЗ улсын дугаартай, Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч нь 10 000 000 төгрөгөөр худалдан авах талаар тохиролцож, П.О- нь Х.А-д 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр тухайн тээврийн хэрэгслийн худалдах, нэр шилжүүлэх гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, төлбөр тооцоо хүлээн авах үйлдэл хийх бүрэн эрх бүхий 3 сарын хугацаатай итгэмжлэл олгосон байна. Талуудын уг тохиролцоо нь зохигчийн тайлбар, дээрх итгэмжлэлээр тогтоогджээ. /хх49/

 

Хэрэгт авагдсан дээрх гэрээ, итгэмжлэл болон зохигчдын тайлбараас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч П.О-ийн хувьд гэрээний зүйл болох Ниссан Дуалис маркийн тээврийн хэрэгсэл биет байдлын доголдолтой байсныг худалдан авсан өдөр мэдсэн, энэ талаар Х.А-д мэдэгдэж засварын газарт оношлогоо хийлгэсэн үнийг худалдагч төлж, улмаар өөр буюу ижил төрлийн эд хөрөнгөөр солих хугацааг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэж тохиролцон гэрээний зүйлийг Х.А- буцаан авсан талаар зохигч маргаагүй.

 

Хариуцагч Иргэний хуулийн  253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар тухайн төрлийн ижил хөрөнгөөр сольж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй. Иймд худалдагч нь хууль болон гэрээнд зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч тал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрхтэй. Тодруулбал, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс зохигчдын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь дээрх итгэмжлэлийн дагуу хариуцагчид шилжүүлэхээр тохиролцсон өөрийн өмчлөлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөөгүй, улсын бүртгэл өөрчлөгдөөгүй талаар зохигчид маргаагүй. Нэхэмжлэгч эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгслийн үнэд шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.  

 

Хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлээ, гэрээний зүйлийн зах зээлийн үнэ 4 000 000 төгрөгөөр буурсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт учраас Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах агуулгаар тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, тухайн автомашины үнэлгээ 4 000 000 төгрөгөөр буурсан талаар нотлох баримтгүй, 1 000 000 төгрөгийн хөлс төлөх хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ хэрэгт авагдсан боловч уг төлбөр төлөгдөж, хариуцагчаас зардал гарсан эсэх нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хохирлын талаар гаргасан шаардлагын үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Түүнчлэн, хариуцагч гэрээ болон хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь худалдагч талд хохирол учруулсан гэж үзэхгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/03036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.А-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн                110 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн                                                          дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход                              саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА