Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/MA2017/0196

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 09 өдөр                   Дугаар 221/МА2017/0196                          Улаанбаатар хот

        

 Ц.*******ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, гуравдагч этгээд “******* банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, өмгөөлөгч Г.Чинбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ц.*******ы нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******ы “*******” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013883, Ү-2206013884 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098074, 000098075 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue sky” хотхоны 44В байрны зоорийн давхрын 92, 93 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Ц.*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудыг Ц.*******ы нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар “*******” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013883, Ү-2206013884 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098074, 000098075 дугаартай гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 7413 дугаар захирамжийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх “*******” ХХК-ийн нэр дээрх Ү-2206013883, Ү-2206013884 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэл болон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00098074, 00098075 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох шаардлагыг шийдвэрлэсэн тухайд:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.******* нь 92, 93 тоот авто зогсоолын үнийг бүрэн төлснөөр тус үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон байна” гэж дүгнэсэн атлаа энэ эд хөрөнгөө захиран зарцуулах эрхгүй тул “*******” ХХК-иар дамжуулан эсхүл өөрөө “******* банк” ХХК-иас зөвшөөрөл авах нь зүйтэй” гэж дүгнэж, нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь “*******” ХХК-тай 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 145 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан ба авто зогсоолуудын төлбөрийг 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж барагдуулснаар түүний өмчлөх эрх үүссэн болохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04095 дугаар захирамжаар тогтоосон.

Гэтэл улсын бүртгэлийн байгууллага нь иргэн Ц.*******ыг тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх үүссэнээс хойш буюу 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлэх эрхгүй этгээд болох “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон байдаг.

Анхан шатны шүүх “*******” ХХК болон “******* банк” ХХК-ийн хооронд 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэх Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний 3.1-д “..205 авто зогсоол” гэж заасан байх тул 205 авто зогсоол нь 2007 оноос барьцааны зүйл байсан гэж буруу дүгнэсэн болно.

Учир нь дээрх 205 ширхэг авто зогсоол нь нэгдүгээрт, 2007 онд бие даасан үл хөдлөх хөрөнгө бий болж улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан, хоёрдугаарт, улсын бүртгэлд анх удаа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр авто зогсоол тус бүрээр шинээр бүртгэгдэж, гэрчилгээ олгосны үндсэн дээр 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ******* банк нь “*******” ХХК-тай шинээр “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, авто зогсоолуудыг зээлийн барьцаанд бүртгүүлснээр зээлийн барьцааны эрх үүссэн нь цаг хугацааны хувьд иргэн Ц.*******ы өмчлөх эрх үүссэнээс хойш болсон үйл баримт атал анхан шатны шүүх огт анхаарч үзсэнгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн барьцааны эрх үүссэн гэж дүгнэж буй “******* банк” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд заасан 205 авто зогсоол нь улсын бүртгэлд барьцааны эрхээр бүртгэгдээгүйгээс гадна хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтад байдаггүй ба дээрх гэрээнд улсын бүртгэгчийн тамга тэмдэг дарагдаагүй болно.

Иймд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэрээ, хэлцэл байх тул хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй ба 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ” нь шинэчлэн байгуулсан гэрээ бус шинээр байгуулсан гэрээ болно.

2. Улсын бүртгэлийн байгууллага нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “*******” ХХК-ийн нэр дээр 205 авто зогсоолыг бүртгэхдээ өмчлөгч болохыг нь баттай нотолсон баримт бичиг байхгүй, үл хөдлөх эд хөрөнгүүдийн тухайд гуравдагч этгээдүүдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгааг мэдсээр атлаа мэдүүлгийг хүлээн авахаас татгалзалгүй, барьцаанд зориулсан бүртгэл хийсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Улсын бүртгэлийн байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д “Мэдүүлэгт тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгийг хавсаргана” гэж заасан атал “Блю скай” хотхоны 96 айлын орон сууц, 205 автомашины зогсоолыг зөвхөн нэг компанийн нэр дээр банкны барьцаанд барьцаалуулах зорилгоор бөөнд нь бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед “*******” ХХК-ийн өмч хөрөнгөөр бий болсон гэдгийг баттай нотлох баримтыг шаардан авч, нягтлан шалгалгүйгээр бүртгэсэн байдаг.

Хариуцагчийн тухайн үед үйл ажиллагаандаа мөрдөж байсан Эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 55 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5.2-т “Уг барилга нь нэг өмчлөгчтэй, эсвэл хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж баригдсан эсэхийг нягтлан үзэх”, мөн журмын 4.5.3-д “Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тодорхой тусгасан “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-ыг, улсын мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянана” гэж заасныг зөрчиж гүйцэтгэгч барилгын компанийн нэр дээр бүртгэл хийсний улмаас тухайн үл хөдлөх хөрөнгийг захиалсан, худалдан авсан олон иргэдийн өмчлөх эрх шууд хөндөгдөж, хохирсон юм.

Зүй нь, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах боломжтой байсан атал барьцаанд зориулсан худал бүртгэлийг хийж иргэдийг хохироосон болно.

Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллага “*******” ХХК-д 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг анх удаа олгосны дараа 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон нь дээрх журмын 4.10-т “Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгүүлснээс хойш тухайн барилгыг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах хүртэл гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж бүртгэсэн.

Анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “Блю  скай” хотхоны 44В байрны зоорийн давхрын 92, 93 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Ц.*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудыг Ц.*******ы нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгах шаардлагыг шийдвэрлэсэн тухайд:

Анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Учир нь:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй иргэн Ц.*******ыг 92, 93 тоот авто зогсоолуудын өмчлөгч болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр захирамжийн дагуу нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэлүүд дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хавсарган мэдүүлэг гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.”

Хариуцагч байгууллага нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх ёстой атал түүнийг биелүүлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудыг огт хэрэглэлгүй орхигдуулж, зөвхөн ******* банкны эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан гэж үзэхээс аргагүй байна.

Эцэст нь хариуцагч байгууллагын хууль зөрчсөн, буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ц.******* төлбөрийг нь бүрэн төлсөн авто зогсоолуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ авч чадахгүйд хүрч, улмаар “*******” ХХК болон “******* банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”, “Зээлийн барьцааны гэрээ”-ний оролцогч бус, банкны өмнө ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй атлаа заавал “******* банк” ХХК-ийн зөвшөөрлийг авах шаардлагатай болгож буй анхан шатны шүүхийн шийдвэр нь Ц.*******ы Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхийг нь хязгаарласан, зөрчсөн үйлдэл болж буйд гомдолтой байна.

Иймд иргэн Ц.*******ы нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь “Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блю скай” хотхоны 44В байрны зоорийн давхрын 92, 93 тоот авто зогсоолыг захиалж, “*******” ХХК-тай 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, гэрээний үнийг бүрэн төлсөн. Гэтэл “*******” ХХК нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг надад мэдэгдэлгүй, зээлийн барьцаанд тавихын тулд тус компанийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хууль зөрчсөн” гэсэн үндэслэлээр “*******” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013883, Ү-2206013884 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098074, 000098075 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Блю скай” хотхоны 44В байрны зоорийн давхрын 92, 93 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Ц.*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудыг Ц.*******ы нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анх “*******” ХХК нь “Блю скай” хотхоны барилгын ажлын санхүүжилтэд зориулж “******* банк” ХХК-иас 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 дугаартай зээлийн гэрээгээр мөнгө зээлж, зээл төлөх баталгаа болгож 7000 м.кв талбайтай 205 ширхэг авто зогсоолыг “үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргуулан, барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх” нөхцөлтэйгөөр 2007 оны 08 дугаар сарын сарын 01-ний өдрийн Т07/141 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу тус банкинд барьцаалжээ. Улмаар  “*******” ХХК нь 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэй “Блю скай” хотхоны 44А, 44Б, 44В, 44Г дугаар дуусаагүй барилгыг, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй дээрх 205 авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулж, 2007 оны 12 дугаар сарын 25, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “******* банк” ХХК-тай “Зээлийн барьцааны гэрээ”-г шинэчлэн байгуулж, маргаан бүхий авто зогсоолуудыг зээлийн барьцаанд дахин барьцаалсныг бүртгэлийн байгууллага эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Гэтэл Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болох төдийгүй “*******” ХХК нь дээрх 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн болон 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ц.*******тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Блю скай” хотхоны 44В байрны зоорийн давхрын 92, 93 тоот авто зогсоолуудыг худалдахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2010 онд Зээлийн барьцааны гэрээ байгуулж авто зогсоолуудыг зээлийн барьцаанд бүртгүүлснээр зээлийн барьцааны эрх үүссэн нь цаг хугацааны хувьд Ц.*******ы өмчлөх эрх үүссэнээс хойш болсон үйл баримт” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/04095 дугаар захирамжаар Ц.*******ы “*******” ХХК-д холбогдуулан гаргасан “авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталснаар Ц.******* нь дээрх 92, 93 тоот авто зогсоолуудын өмчлөгч болсон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх”, 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Ц.******* нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дээрх захирамжийн дагуу маргаан бүхий 92, 93 тоот авто зогсоолуудыг өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох “******* банк” ХХК-ийн зөвшөөрлийг авах нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцнэ. Өөрөөр хэлбэл, “******* банк” ХХК-д барьцаалснаар бүртгэгдсэн 92, 93 тоот авто зогсоолуудын улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасан Ц.*******аас  тус банкны зөвшөөрлийг шаардсан хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:”, 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” гэж тус тус заасны дагуу хариуцагч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, “Блю скай” хотхоны 44В байрны зоорийн давхрын 92, 93 тоот авто зогсоолуудыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр гаргасан нэхэмжлэгч Ц.*******ы мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “улсын бүртгэлийн байгууллага 205 авто зогсоолыг зөвхөн нэг компанийн нэр дээр банкны барьцаанд барьцаалуулах зорилгоор бөөнд нь бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед “*******” ХХК-ийн өмч хөрөнгөөр бий болсон гэдгийг баттай нотлох баримтыг шаардан авч, нягтлан шалгалгүй бүртгэсэн” гэх боловч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд болон мэдүүлэгч гаргагч нь мэдүүлж байгаа эрхийн нотлох баримт, хавсаргах баримт бичгийг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг мэдүүлэг гаргагч нөхөн төлөхөөр заасан байна. Тодруулбал, мэдүүлэг гаргагч нь бүртгэлийн байгууллагад мэдүүлж байгаа эрхийн нотлох баримт, хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд үүнээс үүссэн үр дагаврыг хариуцахаар зохицуулжээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д зааснаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байхаар зохицуулсан байхад шүүх “*******” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013883, Ү-2206013884 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098074, 000098075 дугаартай гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 7413 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, 1 дэх заалтад нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын дагуу зохих өөрчлөлтийг оруулахаар тус тус шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дахь заалтын “...“*******” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013883, Ү-2206013884 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098074, 000098075 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue sky” хотхоны 44В байрны зоорийн давхрын 92, 93 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Ц.*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудыг миний нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага...” гэснийг “...“*******” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013883, Ү-2206013884 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098074, 000098075 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Блю скай” хотхоны 44В байрны зоорийн давхрын 92, 93 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Ц.*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудыг Ц.*******ы нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, “3, 4, 5” дахь заалтын дугаарыг “2, 3, 4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.  

                       

            ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

 

            ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН