Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2020/02702

 

 

 

 

 

 

 

 

2020 07 29

101/ШШ2020/02702

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Эмээлч овогт Т.А /РД:0/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 байранд байрлах М м ХХК /РД:0/-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2004 оноос их эмчээр ажиллаж байгаад 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр уурхайн клиник менежер гэх албан тушаалд ажиллаж эхэлсэн. М м ХХК-ийн захирлын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 63 тоот тушаалаар 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс цааш хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй гэх үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил албан тушаал нь байнгын албан тушаал байсан. М м ХХК нь хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гэж дуусгавар болгосон нь үндэслэлгүй. Уурхайн клиник менежерийн албан тушаал татан буугдаагүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхгүй учраас хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгоно гэж байхгүй. Хариуцагч тал хугацаа дууссан гэдэг боловч хуульд байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулахыг хориглодог. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сард дууссан учраас 2020 оны 4 дүгээр сард өгч буй мэдэгдэл хууль зүйн үндэслэлгүй. Иймд Т.Аг уурхайн клиник менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.А нь 2005 оноос хойш М м ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Энэ хугацаанд хэд хэдэн удаа гэрээ шинэчлэгдсэн. Манай байгууллага интернешнл сос компанийн менежментийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Интернешнл сос гэх компаниас байгуулагдсан гэрээний дагуу ажилтнуудаа уурхайн эмнэлэг дээр ажиллуулдаг. Т.А эмчтэй хийсэн гэрээ 2016 онд шинэчлэгдэн байгуулагдаад 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээг дахин шинэчлэн байгуулахдаа албан тушаалыг нь уурхайн клиник менежер гэх албан тушаалаар томилсон. Үүний дараа Т.А эмч 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Оюу толгойн уурхайн сайтад клиник менежрээр ажилласан. Оюу толгойн ажлын цагийн горим болон бусад зүйлүүд дээр сэтгэлд нь нийцэхгүй тул ажиллах боломжгүй гэх хүсэлтийг захиралдаа удаа дараа гаргахад бид байгууллагын горимоос гадна нислэгийн горимд нийцэж байна гэж заасан тул хүлээцтэй байгаач гэх хариуг өгсөн. Гэвч бие өвдөж байгаа гэх мэт шалтаг гаргаж байсан тул хурал хийгээд сүүлд гэрээг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болно гэдгийг мэдээд гэрээгээ дуусахаас өмнөх хүртэл цалингаа бүтэн авах юм бол ажиллахгүй, ажиллахаас татгалзъя гэсэн. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээ 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон тул бид гэрээг сунгахгүй гэдгийг сарын өмнө мэдэгдсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хугацаатай байсан. Хөдөлмөрийн дотоод журам болон гэрээг байгуулахдаа харилцан тохиролцож гэрээг байгуулсан. Хүн бүр захиралтай уулзаж гэрээг байгуулдаг. Т.А он удаан жил манай байгууллагад ажилласан болохоор захиралтай уулзахад саад байгаагүй. Мөн энэ гэрээг ажлын онцлогоос хамаараад 3 сарын хугацаатай байгуулдаг гэх байгууллагын соёлыг мөн нэхэмжлэгч мэдэж байгаа. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээ бол харилцан тохиролцож байгуулсан гэрээ. Уг гэрээгээр тохиролцсон ажил нь уурхайгаа дагаж явдаг онцлогтой. Оюу толгой өнөөдөр ажиллаад байнгын харагдаад байгаа боловч Оюу толгой хаагдахад энэ ажлын байр мөн байхгүй болно. Хугацаа сунгагдаж явсаар байгаад гэрээний хугацаа дууссан болохоос бид нэхэмжлэгчийг ажлаас халсан, чөлөөлсөнтэй холбоотой эрх зүйн асуудал харагдахгүй байна. Ажил, ажилтны тооны хувьд бид маргаагүй. Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулахдаа уурхайн клиник менежер гэх ажлын байранд ажиллуулахаар хийсэн. Одоо ажлын байр байгаа юу үгүй юу гэдгийг захиалагчийн хүсэлтийн дагуу туршиж явж байгаа. Ажлын байр нь байхын хувьд байгаа. Зөвхөн төв салбар дээр клиник менежер гэх нэртэй албан тушаал байсан энэ нь ерөнхий менежрийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч М м ХХК-д  холбогдуулан урьд эрхэлж байсан уурхайн клиник менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч М м ХХК-д нэхэмжлэгч Т.А нь анх 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдөр их эмчээр ажилд орж, тасралтгүй 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл их эмч, уурхайн клиник менежерээр тус тус ажилласан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй.

 

М м ХХК-ийн захирлын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн орон нутаг дахь салбарын клиник менежер Тоолойн Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх-ийн 03 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба тэрээр нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор гаргасан.

 

Зохигчдын байгуулсан 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т энэхүү гэрээ нь байгууллагын захирал болон ажилтан гарын үсгээ зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж 3 сарын хугацаанд үйлчилнэ. Гэрээний хугацаа дуусах үед аль ч тал нь гэрээг цуцлах тухай санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа бол энэхүү гэрээний хугацааг цааш мөн 3 сараар сунгагдсан тооцно гэж тохиролцжээ.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан, хугацаа дуусах бүрт талуудаас гэрээг цуцлах санал гаргаж байгаагүй тул тухай бүрт 3 сараар сунгагдаж явсаар ажил олгогоос 2020 оны 04 сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацааг 2020 оны 05 сарын 18-ны өдрөөр дуусаж, цаашид сунгагдахгүй болсныг мэдэгдсэн. Гэрээний талуудын тэгш эрхийн зарчмын дагуу харилцан тохиролцож, хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2-д энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно гэж заасан.

 

Ажилтан Т.Агийн гүйцэтгэж байсан ажил, албан тушаал болох уурхайн клиник менежер нь байнгын ажлын байр болох нь М м ХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот байгууллагын бүтцийн нэгж, орон тоо, албан тушаал батлах тухай тушаал, уг тушаалын хавсралтаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 74-76 дугаар тал/

 

Хариуцагч нь 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот байгууллагын бүтцийн нэгж, орон тоо, албан тушаал батлах тухай тушаалаар уурхайн клиник менежерийн албан тушаалыг туршилтаар ажиллуулахаар баталсан, цаашид уурхайн үйл ажиллагаатай холбоотой буюу уурхай татан буугдсан тохиолдолд уг албан тушаалыг байлгах эсэхийг компанийн үйл ажиллагаатай уялдуулан турших зорилгоор баталсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

М м ХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот байгууллагын бүтцийн нэгж, орон тоо, албан тушаал батлах тухай тушаал, уг тушаалын хавсралтаар клиник менежерийг Улаанбаатарт-1, уурхайд-1, нийт 2 орон тоотой байхаар баталсан байна. /хх-ийн 75 дугаар тал/

 

Хариуцагч нь уурхай татан буугдсан тохиолдолд тус уурхайд томилон ажиллуулж байсан эмч, клиник менежерийг ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүсдэг гэх тайлбараа нотлохоор хэргийн 77-95 дугаар талд авагдсан баримтуудыг цуглуулж өгсөн. Дээрх бичгийн баримтуудаас үзэхэд 2011-2015 онуудад холбогдох нэр бүхий уурхайнуудад эрүүл мэндийн үйлчилгээ авах, уг уурхайд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан, бусад ажилтан нарын орон тоог хэрхэх тухай баримтад мэдээлэл агуулагдсан байна.

 

Уурхайн үйл ажиллагаанаас хамааран 2019-2020 онд уурхай татан буугдсантай холбоотойгоор М м ХХК-д клиник менежерийн албан тушаалын орон тоо шаардлагагүй болсон талаархи үйл баримт хэрэгт авагдаагүй.

 

Иймд ажилтан Т.Агийн ажиллаж байсан уурхайн клиник менежерийн албан тушаал нь байнгын ажлын байр байхад ажил олгогчоос түүнтэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн байна.

 

Хэдийгээр ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах эрхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д олгосон боловч хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд уг хуулийн зохицуулалт хамаарна. Хэрэгт авагдсан баримтуудаар уурхайн клиник менежерийн албан тушаалд ажилтныг хугацаатайгаар ажиллуулах шалтгаан нөхцөл бүрдсэн гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар цуцлахыг хориглосон. Хариуцагчаас уурхайн клиник менежерийн албан тушаал Улаанбаатарт-1, уурхайд-1, нийт 2 орон тоотой баталсан нь хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

 

Уурхайн клиник менежерийн албан тушаал нь хэвээр байгаа, уг албан тушаал нь байнгын ажлын байр байхад ажил олгогчоос хууль зөрчиж ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Иймд Т.Аг М м ХХК-ийн уурхайн клиник менежерийн ажилд эгүүлэн тогтоох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцнэ.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгодог.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д зохицуулахдаа ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохоор дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор зохицуулсан.

 

Нэхэмжлэгч Т.А нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хойш нийт ажлын 39 хоног ажилгүй байсан байх ба түүний сарын дундаж цалин 5,962,595 төгрөг, 1 өдрийн цалин 271,027 төгрөг байна. Иймд хариуцагч М м ХХК-иас нэхэмжлэгч Т.Ад ажилгүй байсан хугацааны олговорт нийт 10,570,053 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

 

Ажилтан Т.Ад олговол зохих цалин олговор болох 10,570,053 төгрөгөөс зохих шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М м ХХК-д үүрэг болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар Т.Аг М м ХХК-ийн уурхайн клиник менежерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч М м ХХК-иас 10,570,053 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ад олгож, дээрх олговроос шимтгэл тооцон Т.Агийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч М м ХХК-д даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Агийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар хариуцагч М м ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 254,270 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ