Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2022/00166

 

 

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2022/00166

Сэлэнгэ аймаг

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, ерөнхий шүүгч Л.Энхтайван, Ц.Ариунзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 1-р хороо 25-8 тоотод оршин суух хаягтай, Жагар овгийн ******* ******* /*******-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 7 дугаар баг 3 дугаар хэсэг 3-2 тоотод оршин суух хаягтай, Боржигон овгийн ******* ******* /РД: МЮ60071206/-д холбогдох

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1,686,900 гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд өгсөн тайлбартаа:

 

... Д.******* нь 2018 онд миний өмчлөлийн орон сууцыг түрээслэх нэрийдлээр орж амьдарсан боловч байшин, хашаа газрыг чөлөөлж өгөхгүй байсан тул Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 3 дугаар хэсэг 100 тоотод хашаанд байрлах Y-1317002400 улсын бүртгэлтэй байшин, Г-1317000726 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн.

Хариуцагч Д.******* миний байшинд амьдрах хугацаандаа засвар хийсэн талаар маргаж маргаан үүсгэж 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр гаргасны дараа миний өмчлөлийн байшинд байсан эд хогшлыг хуу татан авсан, хашааг нурааж, цонхыг хагалах, паарыг хагалах, хөлдөөх, хаалга сольж авч явах зэрэг зохисгүй үйлдэл гаргаж эд хөрөнгөд минь хохирол учруулсан байсныг анх манай хөрш айл надад хэлсэн. Тухайн үед би хотод ажилтай байсан. Тэгээд манай хөрш хэлэхдээ Танай байшингийн цонх хагарсан байна. Өмнөх өдөр цагаан портер ирээд нүүгээд явсан. Тэгээд хоёр өдрийн дараа цонх хагарсан байна гэж хэлсэн тул цагдаагийн газарт гомдол гаргасан.

Тухайн үед Цагдаагийн байгууллага болон үнэлгээний байгууллагад хүсэлт гаргаж газар дээр нь очиж байгаа байдлыг үзүүлж эвдэрч хэмхэрсэн, хагарсан цонх, хашааг нурааж авч явсан зэрэг эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Миний бие ажил ихтэй байсан тул тухайн үед шүүхэд өгч амжаагүй юм. Ер нь Д.******* гэх хүний хүргэн Золбадрах гэх залууд би өөрийн хашаа байшинг түрээслүүлсэн. Гэтэл Золбадрах өөрөө тэр хашаа байшинд суугаагүй бөгөөд хадам ээж болох Д.Оюунчимэгийг суулгасан байсан. Тэгээд Д.******* нь манай хашаа байшинд 3 жил гаран үнэгүй суусан. Тэгээд манай хашаа байшинг худалдаж авна гэсэн боловч аваагүй. Үүнээс болоод бид маш удаан шүүхээр маргалдаж явсаны эцэст би энэ хүнд 3.150,000 төгрөг төлөхөөр болсон. Тэгээд энэ хүн манай хашаа байшингаас гарахдаа надаас завсар хийсний мөнгөө авч байгаа. тэгсэн боловч энэ хүн манай байшингаас гарахдаа надад түлхүүр хүлээлгэж өгөөгүй учраас манай байшингийн 3 паар хагарч хөлдсөн. Мөн гэрлийн ламп болон утаснуудыг нь тасдаад аваад явсан. Мөн цонх нь хагарсан. Хашааны жижиг хаалганы нугас салгаж унагаагаад төмөр утсаар боогоод орхисон байсан. Мөн зуухны ширэм алга болсон байсан. Эдгээрийг би ХХК-иар үнэлгээ гаргуулсан. Мөн энэ хүн тогны мөнгө болох 198,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Тиймээс эд хөрөнгөд учирсан хохирлыг ХХК-аар гаргуулсан, энэ үнэлгээний дагуу Д.*******ээс 1,686,900 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие Д.******* нь анх 2018 оны 03 дугаар сард хашаа байшин зарна гэсэн зарын дагуу Ц.*******тай уулзаж хашаа байшинг нь авахаар болсон. Байшинд нь өөрийнхөө хамаг мөнгөөр засвар хийж дууссаны дараа надад зарахаа болилоо гэж элдвээр хэлж хөөсөн ба энэ үеэс бид хоёрын хооронд маргаан үүсч, тухайн маргаан 2 жилийн турш шүүхээр явсаар 2021 оны хавраар эцэслэн шийдэгдсэн. Шүүх шийдвэрлэхдээ Ц.*******аас надад засварын хөлс болох 3,158,000 төгрөгийг гаргуулан олгохоор болсон. Хэргийг 2 шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ хоёрын хооронд хашаа байшин хөлслүүлэх бус худалдах, худалдан авах тохиролцоо байсан гэдгийг тогтоосон. Гэтэл Ц.******* одоог хүртэл намайг хүнийг байрыг түрээслэх нэрийдлээр орж амьдарсан гэж гүтгэсээр байгаад гомдолтой байна.

 

Ц.******* нь шүүхийн шийдвэрийн дагуу надад өгөх ёстой 3,158,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй ба миний бие тухайн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэн өгөөд 3 сар болж байна. Энэ хооронд нэг ч төгрөг өгөөгүй байж одоо надаас санаанаасаа зохион баахан өр төлбөр нэхэмжилж байгаа нь өмнөх шийдвэрээр өгөх ёстой мөнгөнөөсөө л хасуулах аргаа бодож яваа нь энэ байх.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Ц.*******ын өмгөөлөгч ******* над руу ярьж Г.******* танд 2,500,000 төгрөг бэлнээр өгөөд дуусгая гэж дамжуулж байна. Зөвшөөрч байна уу? гэсэн. Би хариуд нь өчнөөн олон жил бие муутай хөгшин намайг дээрэлхэж, шүүхийн хаалга хүртэл татуулсан. Би засвар хийсэн бүх мөнгөө ч авч чадахгүйд хүрч үнэлгээгээр тогтоосон 3,158,000 төгрөг л авахаар байхад яагаад шийдвэрт заагдсан мөнгөө бүрэн өгөхгүй 2,500,000 төгрөг өгнө гэж. Би 600,000 төгрөгийг Ц.*******д бэлэглэж чадахгүй гээд зөвшөөрөөгүй. Гэтэл түүнээс хойш удалгүй хэдхэн хоногийн дараа цагдаагийн газраас над руу ярьж байшингийн цонх хагарсан гэсэн дуудлага ирлээ, түлхүүр нь танд байгаа юм байна. Яаралтай ирж уулз гэсэн. Тухайн үед хатуу хөл хориотой би Алтанбулаг суманд байсан. Онцгой комиссын хүнээс нь гуйж байж өдөртөө буцаж ирэхээр болж бичиг аваад цагдаагийн газарт очиж ахлагч ******* уулзсан.

Ингээд ахлагч ******* байшин дээр очиж үзэхэд гал тогооны өрөөний цонх хагарсан, дээврийн төмрөөр хийсэн хашааны хаалга унаад хашаан дотор байсан. Би байрыг нь огт өгөхгүй гээгүй, миний мөнгийг өгчихвөл түлхүүрийг нь өгөөд байрыг нь хүлээлгэж өгье гэсэн. Гэтэл огт мөнгө өгөхгүй, надаас түлхүүр аваагүй байшинд орчихсон байсан. Яаж орсон юм бүү мэд. Энэ хүний зорилго бол надад өгөх ёстой мөнгөө л багасгах гэсэн санаа. Хатуу хөл хориотой үед хоосон байшингийн цонхыг яах гэж хагалах билээ. Энэ хүний өөрийнх нь л хийсэн явуулга гэж би хардаж байгаа юм. Өмнө нь өчнөөн олон хоногоор гэр эзгүй байхад цонх хагарах битгий хэл хашаанд ил байгаа эд зүйл ч алга болж байгаагүй. Байшингийн эд хогшлыг хуу татан авсан, хашааг нурааж, цонхыг хагалах, паарыг хагалж хөлдөөсөн, хаалга сольж авсан гээд байгаа үүнийг хэн нотолж байгаа юм бэ. Үнэхээр намайг гэдгийг тогтоосон зүйл байхгүй шүү дээ. Разетка, унтраалга , утас далдлагч, гэрэл , ламп зэргийг авсан нь үнэн. Учир нь би өөрөө худалдаж авсан учраас би өөрийн зүйлээ авсан. Одоо ч надад шинээрээ л байна, авна гэвэл ав! Харин надаас түлхүүр аваагүйгээрээ шалтаглаж хаалга эвдэн орчхоод намайг эд хөрөнгө эвдэж сүйтгэсэн гэж гүтгэж болохгүй. Цагдаа шалгасан. Би үүнийг эвдээгүй. Хэн эвдсэнийг би мэдэхгүй. Би тэр цонхийг хагалаад явах хүн биш. Иймд 1,686,900 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Иргэдийн төлөөлөгч Үүрийнтуяа: ******* нь байрны түрхүүрийг хүлээлгэж өгөөгүй тул Ц.*******ын нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхит Очирбатын 1 гудамж 100 тоот хувийн сууцанд хохирлын үнэлгээ хийлгэсэн тухай бэлэн мөнгөний баримт, ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан, ******* ХХК-ны Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар баг 3 хэсэг 210б тоотод байрлах амины орон сууцанд хийгдсэн дотор заслын ажлын гүйцэтгэлийн төсөв, ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,зөрчлийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол зэргийг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүх зохигч Д.*******ийн хүсэлтээр:

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 сарын 26-ны өдрийн 148/ШШ2021/00050 дугаартай шүүхийн шийдвэр, Сэлэнгэ аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 сарын 16-ны өдрийн 08 дугаартай магадлал, Гомдол мэдээлэлийг хүлээн авахаас татгалзсан материал зэргийг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 207,000 төгрөгийг хангаж, үлдэх 1,407,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 1,686,900 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч ... өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу надад өгөх ёстой 3,158,000 төгрөгөөс хасуулах гэж ийм нэхэмжлэл гаргаж байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай цонхыг хагалсан байна гэх зөрчлийн талаар дуудллага мэдээлэл өгсөн байна.

 

Уг зөрчлийг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар шалгаад ... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 3 дугаар хэсэг 210Б тоотын байшингийн цонх хагарсан нь тогтоогдох боловч гадны нөлөөтэй хагарсан эсэх нь тогтоогдоогүй гэх үнэслэлээр зөрчлийн 11000982 дугаартай гомдол, мэдээлэлийг хүлээн авахаас татгалзсан байх ба энэ шийдвэрт зохигч гомдол гаргаагүй байна.

 

Зохигч эдгээр үйл баримтын талаар маргаагүй болно.

Шүүх, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулсан ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ХХК-ний үнэлгээг үндэслэл болгож, уг үнэлгээгээр хохирол тогтоогдсон гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаандгүй буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн үйлдэл хууль бус байх, гэм буруутай талаар эрх бүхий этгээдийн шийдвэр байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх буюу тухайн заалтад тавигдах урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүйгээ нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай ба нэхэмжлэгчийн нэрлэн заасан хөрөнгөнд хариуцагч хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзаа өөрөө нотлох, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хэдийгээр шүүх хуралдаанд нэхэмжлэгч ... 3 паар хагарч хөлдсөн, гэрлийн лаамп болон утаснуудыг нь тасарсан, цонх нь хагарсан, ширэм алга болсон, хашааны жижиг хаалганы нугас салгаж төмөр утсаар боочихсон байсан, зураг болон баримтууд нь надад байгаа ... гэх тайлбар өгсөн боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй.

Мөн нэхэмжлэгч 2011 онд уг хувийн сууцыг худалдан авсан байх ба хохирлоо 2021 оны 07 дугаар сараас 09-ний өдрийн байдлаар тооцож, зардлыг 1,573,900 төгрөг, үнэлгээний хөлс 113,000 төгрөг, нийт 1,686,900 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь учир дутагдалтай байхаас гадна нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан, ******* ХХК-ны Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3 дугаар баг 3 дугаар хэсэг 210б тоотод байрлах амины орон сууцанд хийгдсэн дотор заслын ажлын гүйцэтгэлийн төсөв, ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, зөрчлийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол зэргээр хариуцагчийг Ц.*******ын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж дүгнэх боломжгүй байна.

Түүнчлэн дээрх шаардлагуудыг нэхэмжилсэн нотлох баримтууд нь өмнө гарсан шүүхийн шийдвэртэй давхацсан баримтууд байх ба дээрх зардлуудыг төлж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ба зохигчид энэ талаар маргаагүй тул хариуцагчийн авсан разетка, унтраалга, утас далдлагч, гэрэл, ламп зэргийн үнэ 94,000 төгрөг, үнэлгээний хөлс 113,000 төгрөг нийт 207,000 төгрөгийг Д.*******ээс гаргуулан Ц.*******д олгож, үлдэх 1,479,900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

ХХК-ийн гаргасан үнэлгээ хэрэгт нотлох баримтаар авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т зааснаар тус тус баримтыг эргэлзээгүй бодитой, үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэх агуулгатай дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд хариуцагч хохирол учруулсан гэдгээ баримтаар нотлоогүй, хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй бөгөөд харин хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд хэргийг шийдвэрлэж байх тул иргэдийн төлөөлөгчийн дээрх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.900 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:    

         

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.*******ээс 207.000 /хоёр зуун долоон мянга/ төгрөг гаргуулж Ц.*******д олгож, үлдэх 1.479.900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.900 төгрөгийг орон нутгийн орлогд хэвээр үлдээж, хариуцагчаас 6.860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 


ДАРГАЛАГЧ                      Б.МӨНХЗУЛ

                           

ШҮҮГЧИД                         Л.ЭНХТАЙВАН

 

Ц.АРИУНЗУЛ