Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 208/МА2022/00014

 

 

 

 

 

 

 

2021 01 12 02

Ц.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.*******,

 

Хариуцагч Д.*******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 1,686,900 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлдээ:

 

Эд хөрөнгөд учирсан хохирлыг Ашид билгүүн ХХК-аар гаргуулсан, энэ үнэлгээний дагуу Д.*******ээс 1.686.900 төгрөгийг гаргуулах

 

Хариуцагч Д.******* миний байшинд амьдрах хугацаандаа засвар хийсэн талаар маргаж маргаан үүсгэж 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэр гаргасны дараа миний өмчлөлийн байшинд байсан эд хогшлыг хуу татан авсан, хашааг нурааж, цонхыг хагалах, паарыг хагалах, хөлдөөх, хаалга сольж авч явах зэрэг зохисгүй үйлдэл гаргаж эд хөрөнгөд минь хохирол учруулсан байсныг анх манай хөрш айл надад хэлсэн. Тухайн үед би хотод

ажилтай байсан. Тэгээд манай хөрш хэлэхдээ ...Танай байшингийн цонх хагарсан байна. Өмнөх өдөр цагаан портер ирээд нүүгээд явсан. Тэгээд хоёр өдрийн дараа цонх хагарсан байна гэж хэлсэн тул Цагдаагийн газарт гомдол гаргасан. Тухайн үед Цагдаагийн байгууллага болон үнэлгээний байгууллагад хүсэлт гаргаж газар дээр нь очиж байгаа байдлыг үзүүлж эвдэрч хэмхэрсэн, хагарсан цонх, хашааг нурааж авч явсан зэрэг эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Миний бие ажил ихтэй байсан тул тухайн үед шүүхэд өгч амжаагүй юм. Ер нь Д.******* гэх хүний хүргэн Золбадрах гэх залууд би өөрийн хашаа байшинг түрээслүүлсэн... гэжээ.

 

Хариуцагч Д.******* хариу тайлбартаа:

... Би байрыг нь огт өгөхгүй гэж хэлээгүй, надад өгөх мөнгөө өгчихвөл түлхүүрийг нь өгөөд байрыг нь хүлээлгэж өгье гэсэн. Гэтэл мөнгөө ч өгөөгүй, надаас түлхүүр аваагүй байшинд орчихсон байсан. Яаж орсон юм бүү мэд. Энэ хүний зорилго бол надад өгөх ёстой мөнгөө л багасгах гэсэн санаа. Хатуу хөл хориотой үед хоосон байшингийн цонхыг яах гэж хагалах билээ. Энэ хүний өөрийнх нь л хийсэн явуулга гэж би хардаж байгаа юм. Өмнө нь өчнөөн олон хоногоор гэр эзгүй байхад цонх хагарах битгий хэл хашаанд ил байгаа эд зүйл ч алга болж байгаагүй. Байшингийн эд хогшлыг хуу татан авсан, хашааг нурааж, цонхыг хагалах, паарыг хагалж хөлдөөсөн, хаалга сольж авсан гээд байгаа үүнийг хэн нотолж байгаа юм бэ. Үнэхээр намайг гэдгийг тогтоосон зүйл байхгүй шүү дээ. Разетка, унтраалга, утас далдлагч, гэрэл , ламп зэргийг авсан нь үнэн. Учир нь би өөрөө худалдаж авсан учраас би өөрийн зүйлээ авсан. Одоо ч надад шинээрээ л байна, авна гэвэл ав! Харин надаас түлхүүр аваагүйгээрээ шалтаглаж хаалга эвдэн орчхоод намайг эд хөрөнгө эвдэж сүйтгэсэн гэж гүтгэж болохгүй. Цагдаа шалгасан. Би үүнийг эвдээгүй. Хэн эвдсэнийг би мэдэхгүй. Би тэр цонхийг хагалаад явах хүн биш. Иймд 1,686,900 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.*******ээс 207.000 /хоёр зуун долоон мянга/ төгрөг гаргуулж Ц.*******д олгож, үлдэх 1.479.900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.900 төгрөгийг орон нутгийн орлогд хэвээр үлдээж, хариуцагчаас 6.860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.******* давж заалдах гомдолдоо:

1.2022.03.03-ны өдрийн 166 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.Урьд шүүхээс тогтоож өгсөн 3,158,400 төгрөгөө авмаар байна. Энэ мөнгөө аваад хурдан салах юмсан гэсэн бодолтой байхад цонх хагалж, хаалга сольж, паар хагалж хамаг юмыг нь эвдэж сүйтгэж явах миний нас мөн үү. Энэ хүний ээж шиг л хүн Ахин үнэн мөнийг тогтоож өгч тусална уу. 2022.03.03-ны өдрийн 166 тоот шийдвэрээр надаас 207,000 төгрөг гаргаж шийдсэнд гомдолтой, буруу учир би төлөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.******* давж заалдах гомдолдоо:

1.2022.03.03-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 166 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна.

2.Нэхэмжлэлийг шүүх хэлэлцээд хариуцагчийн шүүх хуралдаан дээр авсан гэж хэлж байсан зарим эд зүйлийн үнэ болох 94.000 төгрөгийг үнэлгээ гаргуулахад төлсөн 113.000 тус тус гаргуулахаар шийдвэрлэж 1.479.900 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэрлэн заасан хөрөнгөд хариуцагч хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл ******* миний байшинд амьдарч байсан яагаад нүүх үедээ надад хэлээд байшинг хүлээлгэж өгөөгүй юм бэ. 2 тал байж байгаад хүлээж авсан бол миний хөрөнгөд хохирол учрахгүй байсан. Түүнчлэн 350.000 төгрөгөөр бүргэд хаалга суулгасан гэж 350.000 төгрөгийг надаас гаргуулж байсан атлаа нүүх болохоороо түүнийгээ авч оронд нь хуучин хаалга хийлгээд нүүсэн байсан. Мөн би өөрөө засвар хийсэн өөрийнхөө авч тавьсан эд зүйлийг авсан гэж хэнэг ч үгүй ярьж байгаа нь ичгэвтэр юм. Энэ бүхнийг надаас шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулсан атлаа ийм байдал муухай хүний санаанд оромгүй байдал гаргасан төдийгүй хамгийн гол нь хүний байшинг эзэнд нь хүлээлгэж өгөөгүйгээс эд хөрөнгөд учирсан хохирлыг ******* хариуцах хууль зүйн үндэслэлтэй.

Тиймээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүхийн шийдвэрээр хасаж шийдвэрлэсэн 1.407.700 төгрөгийг гаргаж шийдвэрлэж мөнгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.******* давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* би иргэн Д.*******тэй цаашид энэ маргаанаа зогсоож эвлэрэх саналтай байна. Эвлэрэхдээ анхан шатны шүүх хуралдааны шийдвэрээр гарсан 207.000 төгрөг дээр байшинд амьдарсан хугацааны цахилгааны төлбөр 200.000 төгрөгийг одоо шүүхийн шийдвэрээр өгч байгаа мөнгөнөөсөө хасаад үлдэгдэл болох мөнгийг шүүхийн шийдвэртэй очиж бодуулж үлдэгдэл хэдэн төгрөг үлдэж байгаа тэр мөнгийг төлөх боломжтой. гэв.

Хариуцагч Д.******* давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би ч гэсэн бидний хооронд үүссэн маргаанаа дуусгавар болгох хүсэлтэй байна. Иймд Ц.*******д цахилгааны мөнгө 198,000 төгрөг, шүүхийн шийдвэрээр гарсан 207,000 төгрөгийг төлөх нь үнэн. Шүүхийн шийдвэрээр Ц.*******аас надад 3 сая төгрөг олгохоор шийдвэрлэснээс одоогийн байдлаар 1 сая төгрөг ч олгогдоогүй байгаа, Бид хоёр шүүхийн шийдвэр дээр очиж хэдэн төгрөг надад олгогдсон хэдэн төгрөгийн үлдэгдэл үлдсэнийг үзэж хараад надад үлдсэн мөнгөө өгнө гэж тохиролцлоо. Үнэн байгаасай гэж бодож байна. гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 1.686.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн зохигчид эс зөвшөөрч тус тус давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлын үндэслэлээ шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

 

4.Хэргийн зохигчид нь хэдийгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн байх боловч давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн зохигчид нь нэхэмжлэлийн үнийн дүн дээр буюу анхан шатны шүүхээс эд хөрөнгөд 207.000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосныг хэн аль нь хүлээн зөвшөөрч мөн хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Ц.*******ын эзэмшлийн байшинд амьдарч байх хугацаандаа ашигласан хугацааны цахилгааны төлбөр 200.000 төгрөгийг Ц.*******ын урьд шүүхийн шийдвэрээр Д.*******т төлөх төлбөрөөс тус тус хасуулж тооцохоор харилцан тохирч эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 заасан хуулийн шаардлага хангасан, зохигчдын эвлэрэл Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.Хэргийн зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцсэн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, зохигчдын нэхэмжлэл гаргахдаа болон давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.2-т зааснаар хэргийн зохигчид эвлэрэн хэлэлцсэн байх тул Сэлэнгэ аймаг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ц.*******ын нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1.686.900 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийн зохигчид нь эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрт 207.000 төгрөг, цахилгаан ашигласны төлбөр 200.000 төгрөгийг тус тус Ц.*******аас Д.*******т шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс хасаж тооцохоор эвлэрснийг баталж, энэхүү эвлэрэл нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг зохигчидод тайлбарласугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 41.940 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 37.474 төгрөг, хариуцагчаас төлсөн 6830 төгрөгийг тус тус орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

 

Bottom of Form