Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2021/04293

 

 

 

 

 

 

2021 12 20

101/ШШ2021/04293

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Мын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Бт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар танхимаар, хариуцагч Л.Б цахимаар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжпэгч Н.Мын өмчлөлийн алт угаах, ялгах төхөөрөмж болон бусад хэрэгслийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Л.Б нь худалдан авах санал гаргасны дагуу бид бичгээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээгээр алт угаах төхөөрөмжийн нийт үнийг 70,000,000 төгрөг байх, төлбөрийг худалдан авагч Л.Б 2019 оны 7 дугаар сарын 11-нээс өмнө төлж дуусгахаар тохирсон юм. Тухайн төхөөрөмжийг түүний алт угааж байсан Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн нутагт хүлээлгэн өгсөн бөгөөд одоо хариуцагч нь 2 жил гаруй ашиглаж байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардахад өгнө, удахгүй гэсээр өдийг хүрсэн бөгөөд харин саяхан төхөөрөмжөө буцаан ав гэж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй юм. Учир нь түүнд өгсөн алт угаах, ялгах тоног, төхөөрөмжийг би тухайн үедээ 150,000,000 гаруй төгрөгөөр авч байсан, мөн чанарын болон эрхийн ямар нэгэн дголдолгүй, энэ талаар хариуцагчаас ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй.

Иймд хариуцагч Л.Баас худалдан авсан төхөөрөмжийн үнэ болох 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хийсэн хэлцэлд үндэслэн чирч авчирсан алт угаах, ялгах төхөөрөмжийг зүс таних Н.М нь манай уурхайн Цагаанчулуут кэмпид авчирч хүлээлгэж өгсөн нь үнэн. Миний бие энэ төхөөрөмжийг худалдан авах санал гаргаагүй бөгөөд чи л энэ хавьд гайгүй ажиллаад байна энийг ажиллуулж чадна 2 цагт 10 гр алт авдаг учир мөнгийг нь олоод ахдаа өгчихөө гээд машин дотор цаасан дээр хэлцэл /гэрээ биш/ хийж аваад явсан. Энэ процесс 30-40 минут үргэлжилсэн яриа байсан. 2018 оны 8 дугаар сард Н.М нь найз н.Алтангэрэлийн хамт Цагаанчулуут хоолой талбайд гэрээ хийгдсэн талбайн шав тэмдэгээс гарч энэ төхөөрөмжөөр 2 жил олборлолт хийж Дорнод аймгийн хуулийн байгууллагад шалгагдаж байсан үе. 2019 оны 7 дугаар сарын 11-нээс өмнө дуусгахаар тохирсон нь өөрийнх нь хэлсэн үгэнд нь итгэснийх бөгөөд 2 цагт 10 гр алт угааж авна бид авч байсан гэж хэлсэн. Энэ төхөөрөмж нь эвдэрхий шууд ажиллуулах боломжгүй шатсан генаротортай байсан тул шууд паркалж тавьсан. Би 9 дүгээр сарын дундуур хот орж ирэхэд Н.М нь 30 кв цахилгаан хөдөлгүүр өгч явуулсан. Төхөөрөмж элэгдэл хорогдол их, эвдрэл гэмтэлтэй гэдгийг нь хэлж байсан. Улиралын шинж чанартай ажил тул 10 дугаар сараас 5 сар хүртэл сул зогсолтийн үе. Харин төхөөрөмж харж байгаа манаачийн цалинг миний бие төлж ирсэн. 2019 онд уг төхөөрөмжийг Цагаанчулуут хоолой газарт ашиглах боломжгүй байгааг утсаар мэдэгдэж хэлсэн. Бүтэн 2 жил өнгөрлөө гэсэн байна төхөөрөмж ашиглаж ажиллуулах хугацаа 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл байна. 2020 онд Цагаанчулуут хоолой газарт ажиллах боломж гарч 8 дугаар сарын 20-ноос засварын ажил эхэлж 9 дүгээр сарын 1-нээс уг төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн. Гэвч 2 цагт 10 гр байтугай 24 цагт 5 гр гарч түлш шатахуун, ажилчдын цалин хөлсний зардлууд гарч эхэлсэн. Засварт сэлбэг нь хэрэгтэй байна гэж чаталж зураг явуулсан боловч хэрэгтэй сэлбэгээ би өөрөө олж тавьж ажиллуулсан. 5 хоног бүх л аргаар тохиргоо хийж ажиллуулж үзээд өөртэй нь мессенжирээр дүрсээ харж байгаад холбогдсон. Хятад мэргэжилтэнээр тохиргоо хийлгүүлэх үү? гэснээ тэгэх боломжгүй юм байнаа хил хаагдсан тул гээд нэг бодисны талаар ярьсан. Ямар бодис вэ? гэхэд би өөрөө ч мэдэхгүй байнаа хүн нүүрэндээ хүргэсэн ч хоргүй гэсэн гэж хэлсэн. Үүнээс хойш энэ төхөөрөмжийг ашиглаагүй байна.

2022 онд миний ажиллах газарт өөрийнх нь хэлснээр Хятад мэргэжилтэнээ авчирч тохируулга хийж өөрөө ажиллуулж өгсөн цагт худалдах, худалдан авах гэрээ хийн миний бие хувиарын дагуу төлбөр төлөхөд татгалзах зүйлгүй. Харин ингэх боломжгүй гэж үзвэл энэхүү төхөөрөмжөө буцаан авч болно. Засвар үйлчилгээ, манаач, сэлбэгийн зардлыг нэхэмжлэх болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Л.Бт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс алт угаах, ялгах төхөөрөмжийг авсан нь үнэн, Н.М нь 2 цагт 10 гр алт авдаг гэж хэлсэн боловч 24 цагт 5 гр алт гарч, түлш шатахуун, ажилчдын цалин хөлсний зардлууд гарсан, төхөөрөмж нь элэгдэл хорогдол их, эвдрэл гэмтэлтэй гэдгийг хэлж байсан, 2022 онд миний ажиллах газарт өөрийнх нь хэлснээр Хятад мэргэжилтэнээ авчирч тохируулга хийж өөрөө ажиллуулж өгсөн цагт худалдах, худалдан авах гэрээ хийн миний бие хуваарийн дагуу төлбөр төлөхөд татгалзах зүйлгүй, харин ингэх боломжгүй гэж үзвэл энэхүү төхөөрөмжөө буцаан авч болно гэж маргаж байна.

 

Н.М, Л.Б нар нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Иргэн Н.М би алт угаах төхөөрөмж /цэнхэр, ялгах/ бусад хэрэгслийн хамт иргэн Л.Бт харилцан тохиролцож 70,000,000 /далан сая/ төгрөгөөр үнэлэн хүлээлгэн өглөө. Төлбөр тооцоог 2019 оны 7 дугаар сарын 11 /улсын баяраас өмнө/ бүрэн дуусгахаар тохиров гэсэн агуулга бүхий хэлцлийг байгуулжээ.

 

Дээрх хэлцлийн дагуу Н.М нь алт угаах, ялгах төхөөрөмж болон бусад хэрэгслийн хамт Л.Бт хүлээлгэн өгсөн, харин Л.Б нь харилцан тохиролцсон төлбөр болох 70,000,000 төгрөгийг Н.Мад төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар зохигчид нь өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний агуулгыг тодорхойлж, гэрээг чөлөөтэй байгуулжээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх хэлцлийн агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

 

Мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Л.Б нь алт угаах, ялгах төхөөрөмж болон бусад хэрэгсэл нь доголдолтой байсан буюу Н.М нь уг төхөөрөмж 2 цагт 10 гр алт угааж авна гэж хэлсэн боловч 2 цагт 10 гр байтугай 24 цагт 5 гр гарч түлш шатахуун, ажилчдын цалин хөлсний зардлууд гарч эхэлсэн, мөн төхөөрөмж нь эвдэрхий шууд ажиллуулах боломжгүй шатсан генаротортай байсан тул шууд паркалж тавьсан, би 9 дүгээр сарын дундуур хот орж ирэхэд Н.М нь 30 кв цахилгаан хөдөлгүүр өгч явуулсан, төхөөрөмж элэгдэл хорогдол их, эвдрэл гэмтэлтэй гэдгийг нь хэлж байсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг гаргаж байх боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаар Н.Мад гомдлын шаардлага гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Эдгээрээс үзвэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй боловч мөн зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж зааснаар хариуцагч Л.Б нь худалдах-худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийн доголдын талаар гомдол гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

 

Мөн хариуцагч Л.Бын ... 2022 онд миний ажиллах газарт өөрийнх нь хэлснээр Хятад мэргэжилтэнээ авчирч тохируулга хийж өөрөө ажиллуулж өгсөн цагт худалдах, худалдан авах гэрээ хийн миний бие хуваарийн дагуу төлбөр төлөхөд татгалзах зүйлгүй, харин ингэх боломжгүй гэж үзвэл энэхүү төхөөрөмжөө буцаан авч болно гэсэн тайлбараас үзэхэд алт угаах, ялгах төхөөрөмжийн холбогдох тохируулгыг хийлгэснээр худалдах-худалдан авах гэрээний үүргийг биелүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэл зориг илэрхийлэгдэж байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Л.Баас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 70,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Л.Б нь нэхэмжлэгч Н.Мын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байх цаг хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажлын шугамаар АНУ-ыг зорьсон, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцуулах итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилоогүй, шүүгчийн туслах Ж.Буянжаргалын [email protected] цахим хаягт [email protected] цахим хаягаас цахимаар шүүх хуралдаанд оролцох хүсэлт ирүүлсний дагуу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч, энэхүү бэлтгэл ажиллагааг ханган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4-т зааснаар зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэх үүднээс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд Zoom программ ашиглан Л.Быг цахимаар оролцуулсан болно.

 

Л.Б нь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гардан авсан ба мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хэрэгжих агуулгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудыг мөн өдөр хариуцагчид танилцуулж, Баримт №6 баримтыг үйлдсэн ба тэрээр 10 дугаар сарын 08-ны өдөр хариу тайлбар болон 2 хуудас баримтыг ирүүлсэн, үүнээс хойш зохигчдоос нэмж нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дуусч байх явцад хариуцагч Л.Б нь өмгөөлөгчтэй оролцох хүсэл зориг илэрхийлсэн бөгөөд шүүх Н.Мын нэхэмжлэлд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 10 дугаар сарын 07-ны өдөр болон шүүх хуралдаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулж, ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хариуцагч нь байхгүй гэсэн тайлбарыг гаргасан, мөн иргэний хэрэг үүссэнээс хойш 76 хоногийн дараа шүүх хуралдаан хийгдэж байх ба энэ хугацаанд хариуцагч Л.Б нь энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой байсан байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Баас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 70,000,000 /далан сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 /тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Л.Баас улсын тэмдэгтийн хураамж 507,950 /таван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ