Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00334

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00334

 

 

 

Н.М-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04293 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Б-т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үүрэгт төхөөрөмжийн үнэ 70,000,000 төгрөгийг Л.Б-аас гаргуулах.

Н.М-ын өмчлөлийн алт угаах, ялгах төхөөрөмж болон бусад хэрэгслийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Л.Б- нь худалдан авах санал гаргасны дагуу бид бичгээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээгээр алт угаах төхөөрөмжийн нийт үнийг 70,000,000 төгрөг байх, төлбөрийг худалдан авагч Л.Б- 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлж дуусгахаар тохирсон. Тухайн төхөөрөмжийг түүний алт угааж байсан Дорнод аймгийн Баяндун сумын 2 дугаар багийн нутагт хүлээлгэн өгсөн бөгөөд одоо хариуцагч нь 2 жил гаруй ашиглаж байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардахад өгнө, удахгүй гэсээр өдийг хүрсэн бөгөөд харин саяхан төхөөрөмжөө буцаан ав гэж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй юм. Учир нь түүнд өгсөн алт угаах, ялгах тоног, төхөөрөмжийг би тухайн үедээ 150,000,000 гаруй төгрөгөөр авч байсан, мөн чанарын болон эрхийн ямар нэгэн доголдолгүй, энэ талаар хариуцагчаас ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Дээрх 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хийсэн хэлцэлд үндэслэн чирч авчирсан алт угаах, ялгах төхөөрөмжийг зүс таних Н.М- нь манай уурхайн Цагаанчулуут кэмпид авчирч хүлээлгэж өгсөн нь үнэн. Энэ төхөөрөмжийг худалдан авах санал гаргаагүй бөгөөд чи л энэ хавьд гайгүй ажиллаад байна энийг ажиллуулж чадна 2 цагт 10 гр алт авдаг учир мөнгийг нь олоод ахдаа өгчихөө гээд машин дотор цаасан дээр хэлцэл /гэрээ биш/ хийж аваад явсан. Төхөөрөмжийн үнийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр өмнө дуусгахаар тохирсон нь өөрийнх нь хэлсэн үгэнд нь итгэснийх бөгөөд 2 цагт 10 гр алт угааж авна бид авч байсан гэж хэлсэн. Энэ төхөөрөмж нь эвдэрхий шууд ажиллуулах боломжгүй шатсан генаротортай байсан тул шууд паркалж тавьсан. Би 9 дүгээр сарын дундуур хот орж ирэхэд Н.М- нь 30 кв цахилгаан хөдөлгүүр өгч явуулсан. Төхөөрөмж элэгдэл хорогдол их, эвдрэл гэмтэлтэй гэдгийг нь хэлж байсан. Улирлын шинж чанартай ажил тул 10 дугаар сараас 5 сар хүртэл сул зогсолтийн үе. Харин төхөөрөмж харж байгаа манаачийн цалинг миний бие төлж ирсэн. Уг төхөөрөмжийг 2019 онд Цагаанчулуут хоолой газарт ашиглах боломжгүй байгааг утсаар мэдэгдэж хэлсэн. Бүтэн 2 жил өнгөрлөө гэсэн байна төхөөрөмж ашиглаж ажиллуулах хугацаа 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл байна. 2020 онд Цагаанчулуут хоолой газарт ажиллах боломж гарч 08 дугаар сарын 20-ны өдрөөс засварын ажил эхэлж 09 дүгээр сарын 01-ний өдрөөс уг төхөөрөмжийг ашиглаж эхэлсэн. Гэвч 2 цагт 10 гр байтугай 24 цагт 5 гр гарч түлш шатахуун, ажилчдын цалин хөлсний зардлууд гарч эхэлсэн. Засварт сэлбэг нь хэрэгтэй байна гэж чаталж зураг явуулсан боловч хэрэгтэй сэлбэгээ би өөрөө олж тавьж ажиллуулсан. 5 хоног бүх л аргаар тохиргоо хийж ажиллуулж үзээд өөртэй нь мессенжэрээр дүрсээ харж байгаад холбогдсон. Хятад мэргэжилтнээр тохиргоо хийлгүүлэх үү гэснээ тэгэх боломжгүй юм байна хил хаагдсан тул гээд нэг бодисны талаар ярьсан. Ямар бодис вэ гэхэд би өөрөө ч мэдэхгүй байна хүн нүүрэндээ хүргэсэн ч хоргүй гэсэн гэж хэлсэн. Үүнээс хойш энэ төхөөрөмжийг ашиглаагүй байна. Улмаар 2022 онд миний ажиллах газарт өөрийнх нь хэлснээр Хятад мэргэжилтнээ авчирч тохируулга хийж өөрөө ажиллуулж өгсөн цагт худалдах, худалдан авах гэрээ хийн хуваарийн дагуу төлбөр төлөхөд татгалзах зүйлгүй. Харин ингэх боломжгүй гэж үзвэл энэхүү төхөөрөмжөө буцаан авч болно. Засвар үйлчилгээ, манаач, сэлбэгийн зардлыг нэхэмжлэх болно.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70,000,000 /далан сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.М-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 /тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 507,950 /таван зуун долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.М-ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

Хариуцагч Л.Б- нь анхан шатны шүүх хуралдаан дээр хуульд заасан эрхийн дагуу өмгөөлөгч авах боломжоор хангахыг хүсч өмгөөлөгч авах өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж авалгүй хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ гэж заасан боловч хариуцагчийг өмгөөлөгч авах, сөрөг нэхэмжлэл гаргах, шүүх хуралд биечлэн оролцох боломжоор анхан шатны шүүх хангаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг тус тус зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Н.М- нь хариуцагч Л.Б-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч төхөөрөмж доголдолтой гэж маргажээ.

 

Хэрэгт Н.М-ын өмчлөлийн алт угаах, ялгах төхөөрөмж болон бусад хэрэгслийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хэлцлээр Л.Б- хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтад талууд алт угаах төхөөрөмжийн нийт үнийг 70,000,000 төгрөг гэж бичжээ. /хх5/

 

Төлбөрийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлж дуусгахаар тохирсон тухайд хариуцагч үгүйсгээгүй.

 

Тоног төхөөрөмж хариуцагчийн эзэмшилд 2 жил болж байгаа боловч үнийг төлөхгүй байгаа шалтгаанаа хариуцагч доголдолтой холбон тайлбарлажээ./хх16/

 

Зохигч төхөөрөмж доголдолтой эсэхэд маргаж байгаа нөхцөлд талууд уг үйл баримтын талаар бүрэн мэтгэлцэх нь зүйтэй юм.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан нь учир дутагдалтай болжээ.

 

Мөн талууд доголдлын талаар цахимаар харилцаж байсан гэх бөгөөд фейсбүүк чатаар харилцаж байсантай холбоотой зургийг хэргийн материалд хавсаргасан, шинжлэн судлуулна гэх хүсэлтийг гаргаж байжээ./хх50/ Цахим баримтад үзлэг хийлгэж бэхжүүлэх журмыг талуудад бүрэн тайлбарласан эсэх нь тодорхойгүй байна. Хариуцагч нь Н.М- авчирч өгснийхөө дараа надад эвдрэлтэй гэдгийг тайлбарлаж хэлсэн гэжээ.

 

Төхөөрөмж доголдолтой эсэх, 30 кв цахилгаан хөдөлгүүр өгч явуулсан нь ямар учиртай болох, хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эсэх, гомдлын шаардлага гаргасан эсэх асуудлаар талуудыг мэтгэлцүүлээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/04293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

  ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД