Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 03

 

П.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-11 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ТЯ81030710, Т овогт П-гийн Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-36 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОТ78111791, Х овогт М-ын Б,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-36 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЖ75092600, Ш овогт Ж-гийн Б нарт холбогдох, иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Өг, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Газрын үнийн үлдэгдэл 4.065.000 төгрөг, мөн зээлийн хүүнд төлөх 2.000.000 төгрөг, нийт 6.065.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Нэхэмжлэгч П.Т анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь М.Б болон түүний эхнэр Ж.Б нартай гэрээ бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн Улаангом сумын 3 дугаар баг, 7-11 тоот хашаагаа 35.000.000 төгрөгөөр зарахаар болсон. М.Б нь манайхаас авсан хашаандаа 16 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байсан. Хашааг бэлэн мөнгөөр авах боломжгүй, газар дээр барьсан барилгаасаа хашааны үнэд 1 м2-ыг нь 1.150.000 төгрөгөөр тооцож, орон сууц ав гэдэг санал тавьж бид тохиролцсон.

Тухайн үед манай хашааны гэрчилгээ Хас банкны зээлийн барьцаанд байсан. М.Б, Ж.Б нар хашааны гэрчилгээний зээлийн хүүний 6 сарын төлбөр болох 2.000.000 төгрөгийг хашааны үнэ 35.000.000 төгрөг дээр нэмж, нийт 37.000.000 төгрөг байрны үнээс хасаж өгнө гэж гэрээ бичгээр хийж гарын үсэг зурсан.

М.Б манайхаас авсан хашаандаа 16 айлын орон сууц барьсан. Энэ барьсан барилгынхаа тоосгыг манай хүргэн ах болох Д.Алдараас мөн л зээлээр авч оронд нь байр ав гэж хэлсэн. М.Б орон сууцаа барьж дуусгаад Д.Алдар ах бид хоёрын дунд 53,8 м2 2 өрөө орон сууц өгсөн.

Би байраа зарж мөнгөө гаргаж авах гэсэн боловч зарагдахгүй 3 жилийн хугацаанд маш их банкны хүү төлсөн. М.Боос 53.8 м2*1.150.000= 61.870.000 төгрөгөөр авсан байраа аргагүйн эрхэнд хямдруулж 52.224.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөө Д.Алдар ах бид 2 хувааж авахад би 26.112.000 төгрөг авч газрын үнийн зөрүү болох 8.888.000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Гэвч би нэгэнт тохиролцсон учир хохирлоо өөрөө хариуцаж үндсэн гэрээний үнийн дүнгийн зөрүү болох 4.065.000 төгрөг, мөн барьцаанд байгаа хүүнд өгөх 2.000.000 төгрөгийг нэхсэн боловч өгөхгүй өдий хүрсэн.

М.Б, Ж.Б нараас гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч М.Б, Ж.Б нараас 6.065.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Б, Ж.Б нар анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Б миний бие 2016 оны 5 дугаар сард Тоосгон Уул ХХК-ийн захирал Д.Алдартай уулзаж 4 давхар, 16 айлын орон сууц барих газар хайж байгаа талаар хэлэхэд түүний дүү болох Төмөрбатын хашааны газар зарах гэж байгаа талаар хэлсэн. Улмаар би уг газрыг 35.000.000 төгрөгөөр худалдаж авахаар, Д.Алдарын тоосгоны үйлдвэрээс 1 ширхэг тоосгыг 170 төгрөгөөр худалдан авахаар болж, хашаа, тоосгоны үнэд барих барилгынхаа байрнаас 1 м2-ыг 1.200.000 төгрөгөөр өгөхөөр тохиролцож наймаа хийсэн.

Тухайн үед Төмөрбат Солонгос улсад байсан учир гэрээ хийж амжаагүй. Барилгын ажил дуусах үед Төмөрбат хашааны үнэ хямд, байрны үнэ өндөр гэж шалтаг гаргаж гэрээ хийсэн. Уг хашааны гэрчилгээ банкны зээлийн барьцаанд байсан. Тухайн үед зээлийн хүү төлж чадахгүй байна, зээлийн хүү 2.000.000 төгрөгийг намайг төл гээд тоосгоны үнэ, байрны үнээс хасаж тооцохоор тохиролцсон.

Манай компанийн 16 айлын орон сууцыг барьж байх хугацаанд миний бие Увс аймагт байгаагүй, хяналт шалгалт сул байснаас манай барилгад 135.000 ширхэг тоосго орох байснаас 201.800 ширхэг тоосго орсон гэсэн тооцоо гарсан. Миний бие Тоосгон Уул ХХК-тай хийсэн тооцоо Экскаваторын түрээс 19м/цаг*180.000=3.240.000 төгрөг, дансаар 7.000.000 төгрөг, 2 өрөө байр 53,8 м2*1.200.000=64.560.000 төгрөг, нийт 78.760.000 төгрөг төлсөн байна.

Иймд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Алдар анхан шатны шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Баяраа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баян цагаан зам ХХК-ийн захирал М.Б нь манай компаниас 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 201.800 ширхэг тоосго зээлээр худалдан авсан. Тухайн үед М.Бид тоосгоны үнийг бэлэн мөнгөөр бол 170 төгрөг, зээлээр бол 200 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. М.Б нь тоосгоны мөнгөө төлж чадахгүй явсаар өвөл нь 7.000.000 төгрөг өгсөн.

Дараа зун нь мөнгөө өгч чадахгүй дүүгээс чинь газар авсны үнэд байр өгч байгаа, тэр байр зараад мөнгөө аваарай гэсэн учир бид байрыг нь зарагдахаар мөнгөө авъя гэж зөвшөөрсөн. Уг байр нь бүтэн жил гаруй хугацаанд зарагдаагүй ба шалтгаан нь агааржуулалт маш муу, усанд орох ванн байхгүй, засвар муу гэж олон хүнд гологдсон.

Ийнхүү уг байрыг 2018 оны 2 дугаар сард үнэ хямдруулж 52.800.000 төгрөгөөр зарсан. 1.000.000 төгрөгийн засвар хийхээр хасч мөн 2 хувийн татвар 1.056.000 төгрөг хасч 50.744.000 авч бид 50 хувь болох 25.372.000 төгрөг авсан. Ингээд бид 201.800 ширхэг тоосгоны үнэ 40.360.000 төгрөг авахаас бэлнээр 7.000.000 төгрөг, байрны 25.372.000 төгрөг нийт 32.372.000 төгрөг авсан.

Одоо бид М.Боос 7.988.000 төгрөг авах ёстой. 2018 оны 6 дугаар сард М.Бийн эксковатор хөлсөлж ажил хийлгэхэд 3.000.000 төгрөг гарснаас 1.000.000 төгрөгийн түлш шатахуун бид хийсэн. 2.000.000 төгрөгийг авах ёстой мөнгөндөө суутгаад 7.988.000 төгрөгнөөс 2.000.000 төгрөгөө хасаад 5.988.000 төгрөгийн авлагатай гэж үзэж байна. Мөн тоосго өгсөн 2016 оны 8 дугаар сараас байр зарсан 2018 оны 2 дугаар сар хүртэл 18 сарын хүү нэмж нэхэмжлэх бодолтой байгаа болно” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Б, Ж.Б нараас газрын үнийн үлдэгдэл 4.065.000 /дөрвөн сая жаран таван мянга/ төгрөг, мөн зээлийн хүүнд төлөх 2.000.000 /хоёр сая/ төгрөг, нийт 6.065.000 /зургаан сая жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Т-ад олгож, хариуцагч Д.А-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 111.990 /нэг зуун арван нэгэн мянга есөн зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б, Ж.Б нараас 111.990 /нэг зуун арван нэгэн мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Т-ад олгох”-оор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Б, Ж.Б нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон хариуцагч М.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч М.Б, Ж.Б нарт холбогдуулан 6.065.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэгч П.Т, хариуцагч М.Б, Ж.Б нарын хооронд байгуулагдсан гэрээгээр П.Т нь өөрийн эзэмшлийн Улаангом сумын 3-р баг, 7-11 тоот хашаагаа 35.000.000 төгрөгт тооцон өгч,  уг газар дээр барих байрнаас м2-ыг нь 1.150.000 төгрөгөөр тохиролцож байр авахаар, мөн хашааны гэрчилгээ Хас банкны зээлийн барьцаанд байгаа тул  6 сарын зээлийн хүү болох 2.000.000 төгрөгийг М.Б байрны үнээс хасаж өгөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

Хариуцагч М.Б нь П.Тын газрын үнэ болон тоосго худалдан авсан М.Алдар нарт 53.8 м2 талбайтай байрыг 1 м2-ыг нь 1.150.000 төгрөгөөр тооцон нийт 61.870.000 төгрөгийн үнийн дүнтэй байрыг тэдний дунд өгсөнөөс П.Т нь 30.9350.000 төгрөг авсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

Хариуцагч М.Б, Ж.Б нар нь хэлцлийнхээ дагуу нэхэмжлэгч П.Тад өгөх 37.000.000 төгрөгөөс 30.935.000 төгрөгийг өгсөн, үлдэх 6.065.000 төгрөгийг өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч П.Ттай хийсэн хэлцэл өгсөн, авсан зүйлийнхээ талаар маргаагүй бөгөөд харин барилгын тоосго худалдан авсан М.Алдартай тооцоог хамтруулан хийх ёстой гэж маргасан байна.

Хариуцагчийн маргаж буй Д.А-тай байгуулсан тоосго худалдах- худалдан авах гэрээтэй холбоотой маргаан нь П.Ттай хийсэн хэлцэлтэй холбоогүй энэ хэрэгтэй хамтруулан шийдвэрлэх боломжгүй, энэхүү маргааныг тусад нь шийдвэрүүлэх нь зүйтэй бөгөөд  энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  дүгнэв.

Нэхэмжлэгч М.Б, Ж.Б нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 111.990.00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 111.990 /нэг зуун арван нэгэн мянга есөн зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                           М.НЯМБАЯР

 

Д.ЖАМБАЛСҮРЭН