Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 14

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

                   Нэхэмжлэгч: Т овогт П-ийн Т-ын нэхэмжлэлтэй, 

                 Хариуцагч: Х овогт М-ын Б,

                 Хариуцагч:  Ш овогт Ж-ийн Б,

                 Хариуцагч: У овогт Д-ын А нарт холбогдох,

          Газрын үнийн үлдэгдэл 4.065.000 төгрөг, мөн зээлийн хүүнд төлөх 2.000.000 төгрөг, нийт 6.065.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ө, хариуцагч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч П.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь М.Б болон түүний эхнэр Ж.Б нартай гэрээ бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэн Улаангом сумын 3 дугаар баг, 7-11 тоот хашаагаа 35.000.000 төгрөгөөр зарахаар болсон. М.Б нь манайхаас авсан хашаандаа 16 айлын орон сууц барихаар төлөвлөсөн байсан. Мөн нь газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцэл байгуулж, нотариатаар батлуулсан. Хашааг бэлэн мөнгөөр авах боломжгүй, газар дээр барьсан барилгаасаа хашааны үнэд 1 м2-ыг нь 1.150.000 төгрөгөөр тооцож, орон сууц ав гэдэг санал тавьж бид тохиролцсон. Тухайн үед манай хашааны гэрчилгээ Хас банкны зээлийн барьцаанд байсан. М.Б, Ж.Б нар хашааны гэрчилгээний зээлийн хүүний 6 сарын төлбөр болох 2.000.000 төгрөгийг хашааны үнэ 35.000.000 төгрөг дээр нэмж, нийт 37.000.000 төгрөг байрны үнээс хасаж өгнө гэж гэрээ бичгээр хийж гарын үсэг зурсан. М.Б манайхаас авсан хашаандаа 16 айлын орон сууц барьсан. Энэ барьсан барилгынхаа тоосгыг манай хүргэн ах болох Д.А-аас мөн л зээлээр авч оронд нь байр ав гэж хэлсэн. М.Б орон сууцаа барьж дуусгаад Д.А ах бид хоёрын дунд 53,8 м2 2 өрөө орон сууц өгсөн. Би байраа зарж мөнгөө гаргаж авах гэсэн боловч зарагдахгүй 3 жилийн хугацаанд маш их банкны хүү төлсөн. М.Боос 53.8 м2*1.150.000= 61.870.000 төгрөгөөр авсан байраа аргагүйн эрхэнд хямдруулж 52.224.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөө Д.А ах бид 2 хувааж авахад би 26.112.000 төгрөг авч газрын үнийн зөрүү болох 8.888.000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Гэвч би нэгэнт тохиролцсон учир хохирлоо өөрөө хариуцаж үндсэн гэрээний үнийн дүнгийн зөрүү болох 4.065.000 төгрөг, мөн барьцаанд байгаа хүүнд өгөх 2.000.000 төгрөгийг нэхсэн боловч өгөхгүй өдий хүрсэн. М.Б, Ж.Б нараас гэрэээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч М.Б, Ж.Б нараас 6.065.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч М.Б, Ж.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “М.Б миний бие 2016 оны 5 дугаар сард Тоосгон Уул ХХК-ийн захирал Д.А-тай уулзаж 4 давхар, 16 айлын орон сууц барих газар хайж байгаа талаар хэлэхэд түүний дүү болох Т-ын хашааны газар зарах гэж байгаа талаар хэлсэн. Улмаар би уг газрыг газрыг 35.000.000 төгрөгөөр худалдаж авахаар, Д.А-ын тоосгоны үйлдвэрээс 1 ширхэг тоосгыг 170 төгрөгөөр худалдан авахаар болж, хашаа, тоосгоны үнэд барих барилгынхаа байрнаас 1 м2-ыг 1.200.000 төгрөгөөр өгөхөөр бартерийн наймаа хийсэн. Тухайн үед Т Солонгос улсад байсан учир гэрээ хийж амжаагүй. Барилгын ажил дуусах үед Т хашааны үнэ хямд, байрны үнэ өндөр гэж шалтаг аргаж гэрээ хийсэн. Уг хашааны гэрчилгээ банкны зээлийн барьцаанд байсан. Тухайн үед зээлийн хүү төлж чадахгүй байна, зээлийн хүү 2.000.000 төгрөгийг намайг төл гээд тоосгоны үнэ, байрны үнээс хасаж тооцохоор тохиролцсон. Манай компанийн 16 айлын орон сууцыг барьж байх хугацаанд миний бие Увс аймагт байгаагүй, хяналт шалгалт сул байснаас манай барилгад 135.000 ширхэг тоосго орох байснаас 201.800 ширхэг тоосго орсон гэсэн тооцоо гарсан. Миний бие Тоосгон Уул ХХК-тай хийсэн тооцоо: Экскаваторын түрээс 19м/цаг*180.000=3.240.000 төгрөг, дансаар 7.000.000 төгрөг, 2 өрөө байр 53,8 м2*1.200.000=64.560.000 төгрөг, нийт 78.760.000 төгрөг төлсөн байна. Иймд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

           Хариуцагч Д.А шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Баян цагаан зам ХХК-ийн захирал М.Б нь манай компаниас 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 201.800 ширхэг тоосго зээлээр худалдан авсан. Тухайн үед М.Б-д тоосгоны үнийг бэлэн мөнгөөр бол 170 төгрөг, зээлээр бол 200 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. М.Б нь тоосгоны мөнгөө төлж чадахгүй явсаар өвөл нь 7.000.000 төгрөг өгсөн. Дараа зун нь мөнгөө өгч чадахгүй дүүгээс чинь газар авсны үнэд байр өгч байгаа, тэр байр зараад мөнгөө аваарай гэсэн учир бид байрыг нь зарагдахаар мөнгөө авъя гэж зөвшөөрсөн. Уг байр нь бүтэн жил гаруй хугацаанд зарагдаагүй ба шалтгаан нь агааржуулалт маш муу, усанд орох ванн байхгүй, засвар муу гэж олон хүн гологдсон. Ийнхүү уг байрыг 2018 оны 2 дугаар сард үнэ хямдруулж 52.800.000 төгрөгөөр зарсан. 1.000.000 төгрөг засвар хийхээр хасч мөн 2 хувийн татвар 1.056.000 төгрөг хасч 50.744.000 авч бид 50 хувь болох 25.372.000 төгрөг авсан. Ингээд бид 201.800 ширхэг тоосгоны үнэ 40.360.000 төгрөг авахаас бэлнээр 7.000.000 төгрөг, байрны 25.372.000 төгрөг нийт 32.372.000 төгрөг авсан. Одоо бид М.Б-оос 7.988.000 төгрөг авах ёстой. 2018 оны 6 дугаар сард М.Б-ийн эксковатор хөлсөлж ажил хийлгэхэд 3.000.000 төгрөг гарснаас 1.000.000 төгрөгийн түлш шатахуун бид хийсэн. 2.000.000 төгрөгийг авах ёстой мөнгөндөө суутгаад 7.988.000 төгрөгнөөс 2.000.000 төгрөгөө хасаад 5.988.000 төгрөгийн авлагатай гэж үзэж байна. Мөн тоосго өгсөн 2016 оны 8 дугаар сараас байр зарсан 2018 оны 2 дугаар сар хүртэл 18 сарын хүү нэмж нэхэмжлэх бодолтой байгаа болно” гэжээ.

                Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч М.Б, Ж.Б нарт холбогдуулан газрын үнийн үлдэгдэл 4.065.000 төгрөг, мөн зээлийн хүүнд төлөх 2.000.000 төгрөг, нийт 6.065.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б-ийн хүсэлтээр Д.А-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ.  

            Хариуцагч М.Б, Ж.Б нар нь “Тоосгон Уул ХХК-д экскаваторын түрээс 19м/цаг*180.000=3.240.000 төгрөг, дансаар 7.000.000 төгрөг, 2 өрөө байр 53,8*1.200.000=64.560.000 төгрөг, нийт 78.760.000 төгрөг төлсөн. Төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.

          Хариуцагч Д.А нь “Би М.Б-оос 201.800 ширхэг тоосгоны үнэ 40.360.000 төгрөг авахаас бэлнээр 7.000.000 төгрөг, байрны үнэ 25.372.000 төгрөг, нийт 32.372.000 төгрөг авсан. Үлдэх 7.988.000 төгрөгөөс экскаваторын түрээсийн үнэ 2.000.000 төгрөгийг хасаад нийт 5.988.000 төгрөгийг М.Б-оос авна” гэж маргажээ.  

           Хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр П.Т нь өөрийн эзэмшлийн Улаангом сумын 3-р баг, 7-11 тоот хашаагаа 35.000.000 төгрөгт тооцон М.Б-ийн барьж байгаа байрнаас м2-ыг нь 1.150.000 төгрөгөөр тохиролцон байр авахаар, мөн хашааны гэрчилгээ Хас банкны зээлийн барьцаанд байгаа ба 6 сарын зээлийн хүү болох 2.000.000 төгрөгийг М.Б байрны үнээс хасаж өгөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

           Улмаар мөн өдрөө буюу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эрх шилжүүлэгч П.Т, эрх хүлээн авагч Ж.Б нар нь газар эзэмших эрх шилжүүлэх тухай хэлцэл байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн ба 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэлцэлд өөрчлөлт оруулан эрх хүлээн авагчийг М.Б-оор сольжээ.

        Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газрыг бусдад шилжүүлэхдээ талууд  газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлж, мөн зүйлийн 38.2.1-38.3.3-т заасан баримт бичгийг хавсарган тухайн шатны Засаг даргад хүсэлтээ гаргах бөгөөд Засаг дарга нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргах ба уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр газар эзэмших эрх шилжүүлэх үйл ажиллагаа хүчин төгөлдөр болохоор зохицуулжээ.

        Гэвч П.Т, М.Б, Ж.Б нар нь газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн байх боловч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан бусад үйл ажиллагаа хийгдээгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” нь хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.

         П.Т-ын газар дээр М.Б нь 16 айлын орон сууц барьсан байх бөгөөд уг орон сууц нь ашиглалтад орсон, газрыг буцаан өгөх боломжгүй, иргэдийн өмчлөлийн газар дээр нийтийн зориулалттай орон сууц, барилга байгууламж баригдсан тохиолдолд газар өмчлөх эрх дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч П.Т нь хариуцагч М.Б, Ж.Б нараас газрын үнийг шаардах эрхтэй гэж үзэв.

            П.Т нь М.Б, Ж.Б нартай газар эзэмших                                                                                                                                                                                                                                  эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулан, гэрээний үнэд тодорхой хэмжээний төлбөр төлсөн энэхүү маргаан нь Д.А, М.Б нарын хооронд байгуулагдсан тоосго худалдах-худалдан авах гэрээтэй хамааралгүй.

        Мөн М.Б нь 1 ширхэг тоосго 170, 180 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарладаг, харин Д.А нь 200 төгрөгөөр худалдсан гэж маргаж байгаа боловч яг хэдэн төгрөгөөр худалдсан нь тодорхойгүй, хариуцагч М.Б-оос ирүүлсэн Е.Б-гийн гар нооргыг үндэслэн тоосгыг 180 төгрөг, хариуцагч Д.А-аас ирүүлсэн                                                                                                                                    2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр, 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай худалдах-худалдан авах гэрээнүүдийг үндэслэн 1 ширхэг тоосгоны үнийг 200 төгрөг гэж үзэх боломжгүй.

           Иймд хариуцагч М.Б нь Д.А-тай байгуулсан тоосго худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой маргаанаа тусад нь шийдвэрлүүлэх нь зүйтэй.

          Түүнчлэн нэхэмжлэгч П.Т нь М.Б, Ж.Б нарыг хариуцагчаар тодорхойлон зөвхөн тэднээс 6.065.000 төгрөг нэхэмжилж байх тул хариуцагч Д.А уг нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй байна.

          М.Б нь П.Тын газрын үнэ болон Д.А-аас зээлээр тоосго худалдаж авсны үнэд 53.8 м2 талбайтай байрыг 1 м2-ыг нь 1.150.000 төгрөгөөр тооцон нийт 61.870.000 төгрөгийн үнийн дүнтэй байрыг тэдний дунд өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул газрын үнээс 30.935.000 төгрөгийг төлсөн гэж үзнэ.

         Хариуцагч М.Б, Ж.Б нар нь “хашааны үнэд байрнаасаа 1 м2-ыг нь 1.200.000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон” гэж тайлбарладаг байх боловч тэдний энэхүү тайлбар нь П.Т, М.Б, Ж.Б нарын хооронд байгуулагдсан “Хашаагаа 35.000.000 төгрөгт тооцон М.Б-ийн барьж байгаа байрнаас 1 м2-ыг нь 1.150.000 төгрөгөөр тооцон байр авахаар тохиролцсон” гэрээгээр няцаагдаж байх тул тэдний тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

             Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч М.Б, Ж.Б нараас газрын үнийн үлдэгдэл 4.065.000 төгрөг, мөн зээлийн хүүнд төлөх 2.000.000 төгрөг, нийт 6.065.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Т-д олгож, хариуцагч Д.А-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б, Ж.Б нараас 111.990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Тад олгох нь зүйтэй байна.

          Хариуцагч Ж.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Б, Ж.Б нараас газрын үнийн үлдэгдэл 4.065.000 /дөрвөн сая жаран таван мянга/ төгрөг, мөн зээлийн хүүнд төлөх 2.000.000 /хоёр сая/ төгрөг, нийт 6.065.000 /зургаан сая жаран таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Т-д олгож, хариуцагч Д.А-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 111.990 /нэг зуун арван нэгэн мянга есөн зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б, Ж.Б нараас 111.990 /нэг зуун арван нэгэн мянга есөн зуун ер/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Т-д олгосугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ