Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/00671

 

 

 

 

 

 

 

 

2021 03 03

101/ШШ2021/00671

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х ХХК-д холбогдох,

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 7 249 600 төгрөг, алданги 3 624 800 төгрөг, нийт 10 874 400 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Х ХХК-ийг төлөөлж захирал Дондов овогтой Баярмаа нь Н т ХХК-тай 2019 оны 04 сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ байгуулснаар Х ХХК нь Н т ХХК-иас өндөг, тахианы мах худалдан авч, гэрээний 3.1, 3.3-д тус тус заасны дагуу үнийг тухайн сарынхаа эцэст бүрэн төлж буюу 0 үлдэгдэлтэй байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сараас эхлэн гэрээнд заасан хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөхгүй байсан бөгөөд 2020 оны 01 сарын 09-ний өдрийн байдлаар 7 249 600 төгрөгийг төлөөгүй байна. Бид гэрээний үүргээ биелүүлэхийг тус компаниийн захирал Д.Баярмаад Иргэний хуулийн 206.1-д заасны дагуу үүргээ тогтоосон хугацаанд шударгаар гүйцэтгэхийг удаа дараа урьдчилан сануулж шаардаж байсан ч утсаа авахгүй худалдан авсан бүтээгдэхүүний үнэ болох 7 249 600 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, манай компанид хохирол учруулж байна. Х ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр тахианы мах урьдчилан аваад үнийг гэрээний дагуу 3.1, 3.3-д Нийлүүлсэн барааны төлбөр тооцоо тухайн сарынхаа эцэст 0 үлдэгдэлтэй байна буюу төлнө гэж заасныг зөрчсөн. Худалдах, худалдан авах гэрээний 5.11-д Худалдан авагч нь гэрээнд заасан графикт хугацаанд бүтээгдэхүүний үнийг төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги худалдагч талд төлнө, 7.2-д Худалдан авагч энэхүү гэрээгээр тогтоосон хугацааны дотор бараа, бүтээгдэхүүний үнийг төлөөгүй саатуулбал хожимдуулсан хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж заасан. Үүний дагуу Х ХХК нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг 2020 оны 01 сарын 09-ний өдрөөс 2020 оны 09 сарын 22-ны өдрийг хүртэлх тооцоход 9 170 491 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.4-д Анз торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул 3 654 800 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6, 243 дугаар зүйлийн 243.1, 231.1.1, 232.6 дахь хэсэг, Худалдах, худалдан авах гэрээний 3.1, 3.3, 5.11, 7.-т заасны дагуу Х ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7 249 600 төгрөг, алданги 3 624 800 төгрөг, нийт 10 874 400 төгрөгийг гаргуулж Н т ХХК-д олгуулж өгнө үү. Хариуцагч гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлаж байна. Гэвч гэрээ байгуулагдаагүй гэдгийг нотолсон ямар нэгэн нотлох баримт гаргаж мэтгэлцсэнгүй. Нэхэмжлэгч талаас гэрээ байгуулагдсан гэдгийг нотолсон нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэрээ байгуулагдсан талаар тус хуулийн 196 дугаар зүйлд хөрөнгө шилжүүлэхээр заасан бол тухайн хөрөнгийг шилжүүлснээр, бичгээр байгуулахаар хуульд заасан бол гэрээ байгуулагдсан тухайн өдрөөр авч үзэхээр зохицуулсан. Тухайн гэрээ ямар нэгэн маргаангүй байгуулагдсан, гэрээ байгуулагдсан гэдгээ нотолсон. Н т ХХК-аас гаргаж өгсөн харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээны маягтад 2019 оны 04 сарын 04-ний өдрөөс эхлэн бараа худалдан авч үнийг төлж байсан, 2019 оны 10 дугаар сараас эхлээд барааны үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй, гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн гэдэг нь харагдана Үүнтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаж байгаа асуудал огт байхгүй. Харин худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелүүлэхтэй холбоотой асуудал яригдаж байгаа. Хариуцагчийн зүгээс аудитын шалгалт орж ирэх болсонтой холбогдуулан сүүлд гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байна. Гэвч энэ тайлбараа нотолсон нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Аудитын шалгалтанд орохын тулд гэрээ байгуулдаггүй. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсгэхийн тулд гэрээ байгуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэж байгаа боловч нотолж чадсангүй. Манай талаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байсан талаар нотолсон баримтыг е-баримт сайтаас татаж аваад нотлох баримтын шаардлага хангасан нийт 48,597,200 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тухайн баримтуудаас харах юм бол өдөр бүр биш сар бүрийн эцэст нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байсан болох нь харагдана. Хариуцагчийн алданги төлөхгүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй учраас үндсэн төлбөрөөс хасуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүйтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Өнөөдрийн маргаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн, төлөөгүйтэй холбоотой маргаан биш. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаан дээр нотлох баримтын шаардлага хангаагүй нэлээн олон нотлох баримт гаргаж өгсөн. Шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан баримт өгч татгалзаж байгаа үндэслэлээ нотлох ёстой байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн утгад манай компанитай 2019 оны 04 сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байгаа харагдаж байна. Уг гэрээг бид тухайн цаг нөхцөлд хийгээгүй бөгөөд 2020 оны 09 сард аудитын шалгалт орох гэж байна гээд менежер залуу он саргүй гэрээн дээр гарын үсэг, тамга даруулан авч явсан. Тус компанитай бид 2019 оны 10, 11, 12 дугаар сард гэрээгүйгээр бэлэн мөнгөөр хориод саяын худалдан авалт хийж байсан ба үүний үлдэгдэл 7 249 600 төгрөг байгаа нь үнэн бөгөөд тус компани нь гэрээгүй учир нэмэгдсэн өртгийн албан татварын баримт нэг ч шивж өгч байгаагүй. Мөн худлаа ярьж авч явсан гэрээн дээрээ хуурамч он сар тавьж алданги болох 3 624 800 төгрөгийг нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна. 2019, 2020 онд хийсэн худалдах худалдан авах гэрээ анхнаасаа хийгдээгүй байсан. Н т ХХК-ийн худалдааны төлөөлөгч ирээд би ажлаасаа халагдах гэж байна, манай компанид аудитын шалгалт орох гээд байгаа учраас та надад туслаач гээд гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч компаниас бараа худалдаж авахдаа алданги тооцно гэсэн гэрээ хийгээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019-2020 оны хооронд корона вирусийн халдвар дэгдсэн хүнд хэцүү цаг үе байсан. Манай компани 30 орчим ажилтантай байж байгаад одоо гуравхан ажилтантай болсон. Энэ нөхцөл байдлаа Н т ХХК-д удаа дараа хэлж байсан. Манай компани 48 сая төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсаар 7 сая төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Тийм учраас 7 сая төгрөгийг төлөхөд хугацаа өгөөч, цаашдаа сар тутамд төлөх төлбөрийн талаар ярилцсан боловч нэхэмжлэгч компани хүлээж аваагүй. Хоёр компанийн хооронд бараа худалдах, худалдан авах зарчмаар явагддаг. Худалдагч тал нэмэгдсэн өртгийн албан татварыг заавал төлөх ёстой. Гэтэл 2019-2020 оны бүх татварын мэдээллүүдийг шүүж үзэхэд бараа худалдаж авсан өдрүүдэд Н т ХХК-иас төлсөн татвар байгаагүй. Тийм учраас татвар төлөх үүргээ Н т ХХК гүйцэтгэх байж гэж үзэж 48 сая төгрөгөөс 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татварын мөнгийг гаргуулахыг хүсэж байна. Н т ХХК-аас авсан бараа материалын үнийг цаг тухай бүрт нь төлөөд явж байсан учраас гэрээ байгуулаагүй. 2019 оны 11, 12 дугаар сараас төлбөрийн асуудал үүссэн. Тухайн үед корона вирус гарч төрийн байгууллагаас шинэ жил хийнэ, хийхгүй гэсэн шийдвэрүүд гарч байсан нь манай компанийн орлогод асар их хэмжээгээр нөлөөлж байсан. Орлого тасалдаж, төлбөр төлөх боломж багасах үед тухайн гэрээг дараа нь нөхөж байгуулсан нь үнэн. 2019 оны 04 дүгээр сард анхнаасаа байгуулаагүй гэрээнд алданги тооцож байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н т ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 7 249 600 төгрөг, алданги 3 624 800 төгрөг, нийт 10 874 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Х ХХК нь бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 7 249 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги 3 624 800 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Н т ХХК болон Х ХХК-ийн хооронд 2019 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээнд худалдагч Н т ХХК нь нэрийн өндөг, тахианы мах нийлүүлэх, худалдан авагч Х ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг төлөх, гэрээний хугацаа 2019 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл, нийлүүлсэн барааны төлбөр тооцоо тухайн сарынхаа эцэст тэг үлдэгдэлтэй байх, худалдан авагч нь гэрээгээр тогтоосон хугацааны дотор бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутам төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заажээ. /хх-8-9/

 

Хариуцагч нь Н т ХХК-аас 2019 оны 04 сараас тус компанийн нэрийн бүтээгдэхүүн худалдан авч байсныг хүлээн зөвшөөрч байх боловч дээр дурдсан гэрээг тус гэрээнд заасан хугацаанд байгуулаагүй, 2019 оны 09 сард нөхөн байгуулсан гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Н т ХХК-аас 2019 оны 04 сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн нэрийн бүтээгдэхүүн /өндөг, тахианы мах/-ийг худалдан авч төлбөрийг төлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй бөгөөд хариуцагч нь бичгээр байгуулсан гэрээг нөхөн байгуулсан гэх тайлбарыг гаргаж байх боловч 2019 оны 04 сараас нэхэмжлэгч компаниас бүтээгдэхүүн худалдан авч, холбогдох төлбөр тооцоог хийж байсан үйл баримтаас талуудын хооронд 2019 оны 04 сараас худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Хариуцагч Х ХХК нь 2019 оны 04 сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 48 597 200 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээн авч, төлбөрт нийт 41 347 800 төгрөгийг төлж, төлбөрийн үлдэгдэл 7 249 400 төгрөг байгаа болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь төлбөрийн үлдэгдлийн талаар маргаагүй. /хх-12-13, 11, 10/ Хариуцагч Х ХХК-аас худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 7 249 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н т ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Х ХХК худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөлгүй хугацаа хожимдуулсан үндэслэлээр 7 249 600 төгрөгөөс алданги тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан алданги 3 624 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Зохигчдын хооронд бичгээр байгуулсан гэрээнд алданги тооцохоор тохиролцсон байх ба гэрээний 7.2-т худалдан авагч нь төлбөр төлөх хугацаа хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр заасан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 7 249 400 төгрөг байхад нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдлийг 7 249 600 төгрөг гэж тодорхойлон, алданги 3 624 800 төгрөгийг гаргуулахаар шаардсан байх бөгөөд төлбөрийн үлдэгдэл 7 249 400 төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцон алданги 3 624 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Хариуцагч нь талуудын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 09 сард нөхөн байгуулсан тул гэрээний дагуу алданги төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Х ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 7 249 400 төгрөг, алданги 3 624 700 төгрөг, нийт 10 874 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч Х ХХК нь худалдагч тал буюу нэхэмжлэгч Н т ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй тул худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт төлсөн 48 597 200 төгрөгөөс 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцон мөнгө гаргуулна гэх тайлбарыг гаргасан боловч уг асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 10 874 100 /арван сая найман зуун далан дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300 /гурван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 188,935 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР