Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00802

 

 

 

 

 

 

 

 

 

“Ххх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/00671 дугаар шийдвэртэй “Ххх” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ААА” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7 249 600 төгрөг, алдангид 3 624 800 төгрөг, нийт 10 874 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ААА” ХХК нь “Ххх” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр “ААА” ХХК нь өндөг, тахианы мах худалдан авч, гэрээнд зааснаар тухайн сарын эцэст төлбөрийг бүрэн төлж барагдуулдаг байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сараас эхлэн худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөөгүй хугацаа алдаж, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 7 249 600 төгрөгийг өр төлбөр үүссэн. Хариуцагч байгууллагад гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн.

Талууд гэрээний 5.11-д худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд бүтээгдэхүүний үнийг төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги худалдагч талд төлнө, 7.2-д худалдан авагч энэхүү гэрээгээр тогтоосон хугацааны дотор бараа, бүтээгдэхүүний үнийг төлөөгүй саатуулбал хожимдуулсан хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө гэж заасан.

“ААА” ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцоход 9 170 491 төгрөг болох бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид 3 654 800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Хариуцагч “ААА” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7 249 600 төгрөг, алданги 3 624 800 төгрөг, нийт 10 874 400 төгрөгийг гаргуулж “Ххх” ХХК-д олгуулж өгнө үү.

Хариуцагч гэрээ байгуулагдаагүй гэдгээ нотолсон ямар нэгэн нотлох баримт гаргаж мэтгэлцсэнгүй.

Хариуцагчийн зүгээс аудитын шалгалт орж ирэх болсонтой холбогдуулан сүүлд гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлах боловч уг тайлбарыг нотолсон баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэж байгаа боловч нотолж чадаагүй. Нэхэмжлэгч байгууллага 48 597 200 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн талаарх баримтыг шүүхэд өгсөн гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан мэт харагдах боловч уг гэрээг тухайн цаг хугацаанд хийгээгүй бөгөөд 2020 оны 09 сард аудитын шалгалт орох гэж байна гээд нэхэмжлэгчийн менежер залуу он, саргүй гэрээн дээр гарын үсэг, тамга даруулан авч явсан.

Тус компанитай бид 2019 оны 10, 11, 12 дугаар сард гэрээгүйгээр бэлэн мөнгөөр хориод сая төгрөгийн худалдан авалт хийж байсан ба үүний үлдэгдэл 7 249 600 төгрөг байгаа нь үнэн.

Тус компани нь гэрээгүй учир нэмэгдсэн өртгийн албан татварын баримт нэг ч шивж өгч байгаагүй. Мөн худлаа ярьж авч явсан гэрээн дээрээ хуурамч он, сар тавьж алданги болох 3 624 800 төгрөгийг нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна. 2019, 2020 онд хийсэн худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй байсан.

“Ххх” ХХК-тай алданги тооцох талаар тохиролцсон гэрээг байгуулаагүй тул алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019-2020 оны хооронд корона вирусийн халдвар дэгдсэн хүнд хэцүү цаг үе байсан. Энэ талаар “Ххх” ХХК-д удаа дараа хэлж байсан. Манай компани 48 000 000 төгрөгийн төлбөрийг төлж 7 249 600 төгрөгийн үлдэгдэлтэй, уг төлбөрийг төлөхөд хугацаа хэрэгтэй, цаашдаа сар тутамд төлөх төлбөрийн талаар ярилцсан боловч нэхэмжлэгч компани хүлээж аваагүй.

Худалдагч тал нэмэгдсэн өртгийн албан татварыг заавал төлөх ёстой. Гэтэл 2019-2020 оны бүх татварын мэдээллүүдийг шүүж үзэхэд бараа худалдаж авсан өдрүүдэд “Ххх” ХХК-иас төлсөн татвар байгаагүй. Иймд татвар төлөх үүргээ “Ххх” ХХК гүйцэтгэх байсан бөгөөд 48 000 000 төгрөгөөс 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татварын мөнгийг гаргуулахыг хүсэж байна. “Ххх” ХХК-аас авсан бараа материалын үнийг цаг тухай бүрт нь төлөөд явж байсан. 2019 оны 11, 12 дугаар сараас төлбөрийн асуудал үүссэн. 2019 оны 04 дүгээр сард байгуулаагүй гэрээнд алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч “ААА”  ХХК-аас 10 874 100 /арван сая найман зуун далан дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ххх” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300 /гурван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ААА” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 188 935 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ххх” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн утгад талууд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж харагдаж байгаа боловч тухайн нөхцөлд гэрээг байгуулаагүй, худалдааны төлөөлөгч нь 2020 оны 09 сард ирээд аудитын шалгалт орно, ажлаасаа чөлөөлөгдөх гээд байна гэж гуйгаад гарын үсэг зуруулж, гэрээг нөхөж байгуулсан. Тухайн үед гэрээнд гарын үсэг зурахад он сар бичигдээгүй байсан.

Манай компани тухайн жилд 40 000 000 гаруй төгрөгийн бэлэн мөнгөний худалдан авалт хийж цар тахлын улмаас сүүлийн худалдан авалтын мөнгийг хуваан хийж байсан. Нэхэмжлэгч байгууллага манай байгууллагын худалдан авалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй, мөн гэрээнд хүү алданги тооцож байгааг зөвшөөрөхгүй. Миний бие бие давхар, цар тахлын үед эмнэлэгт хэвтэж, гэрийн хяналтад байсан учраас сөрөг нэхэмжлэл болон хариу тайлбарыг хангалттай гаргаж чадаагүй. Уг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Ххх” ХХК нь хариуцагч “ААА” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 7 249 600 төгрөг, алданги 3 624 800 төгрөг, нийт 10 874 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 7 249 600 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, гэрээг нөхөж байгуулсан тул алданги төлөхгүй гэж маргажээ.

 

“Ххх” ХХК болон “ААА” ХХК-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01ий өдөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан гэх баримтыг нэхэмжлэгч гаргаж өгсөн. Уг гэрээг байгуулаагүй гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Гэрээгээр худалдагч нь “Ххх” ХХК нь чанар, стандартын шаардлага хангасан “Ххх” ХХК-ийн нэрийн өндөг, тахианы мах нийлүүлэх, худалдан авагч “ААА” ХХК бүтээгдэхүүнийг хүлээн авч харилцан тохиролцсон хугацаанд үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх8/

 

Талууд гэрээг байгуулах хүсэл зоригийг илэрхийлж гэрээний гол нөхцөлийг тохиролцсон, хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар “Ххх” ХХК нь “ААА” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01ий өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Гэрээнд хариуцагч нь нийт 48 597 200 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээн авч, төлбөрт нийт 41 347 800 төгрөгийг төлсөн, 7 249 600 төгрөгийн өр төлбөртэй байгаа талаар талууд маргаагүй, анхан шатны шүүх харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтыг үндэслэж “ААА” ХХК нь 2019 оны 04 сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 48 597 200 төгрөгийн бүтээгдэхүүн хүлээн авч, нийт 41 347 800 төгрөгийг төлж, төлбөрийн үлдэгдэл 7 249 400 төгрөгийн хэмжээгээр тодорхойлон тогтоосонд нэхэмжлэгч “Ххх” ХХК гомдол гаргаагүй байна.

 

Талууд гэрээний 5.11-д “худалдан авагч нь гэрээнд заасан графикт хугацаанд бүтээгдэхүүний үнийг төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувийн алданги худалдагч талд төлнө” гэж, 7.2-д “Худалдан авагч энэхүү гэрээгээр тогтоосон хугацааны дотор бараа, бүтээгдэхүүний үнийг төлөхгүй саатуулбал хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцсэн анзын гэрээг талууд бичгээр байгуулсан байна.

 

Талууд гэрээний 3.1-т нийлүүлсэн барааны төлбөр тооцоо тухайн сарынхаа эцэст 0 үлдэгдэлтэй байна гэж тохиролцсон боловч хариуцагч нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээний үүргээс 7 249 400 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаагаар алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн алдангид 3 624 700 /7 249 400 төгрөгийн 50 хувь/ төгрөг шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч “ААА” ХХК-иас гэрээний үүрэгт 7 249 400 төгрөг, алдангид 3 624 700 төгрөг нийт 10 874 100 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч “Ххх” ХХК олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.

 

Түүнчлэн хариуцагчаас гаргасан “манай байгууллагын худалдан авалтад нэхэмжлэгч нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөөгүй” гэх тайлбар нь алдангийн хэмжээг буруулах, алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч нь Ковид-19 цар тахалтай холбоотой орлого буурч 2019 оны 11, 12 дугаар сараас төлбөрийн асуудал үүссэн гэх тайлбар мөн үндэслэлгүй. Монгол улсад цар тахалтай холбоотой арга хэмжээг 2020 оны 01 дүгээр сараас авсан бөгөөд үүнээс өмнөх байдалд төлбөр төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/00671 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА